Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 00039

 

 

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 153/ШШ2020/00039

Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                      

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Ховд аймгийн Зэрэг сумын Бураа багт оршин суух, Л овогт Я-ийн Н //-ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 153/2020/00045/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Даваажаргал, нэхэмжлэгч Я.ННнар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Я.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Миний бие 1967 онд Ховд аймгийн Манхан суманд төрсөн. 1975 онд Ховд аймгийн Манхан сумын 8 жилийн сургуульд элсэн орж суралцан 1983 онд 8 дугаар ангиа төгсөөд аав ээжийн хамт мал маллаж байгаад Мөнхөө овогтой Бямбахүүтэй гэр бүл болж Ховд аймгийн Зэрэг суманд одоог хүртэл малчнаар ажиллаж амьдарч байна. Өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн юм. Тэгээд шүүхээр ажилласан жилээ тогтоолгох гэж хандсан.

Иймд намайг Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд 1985 оны 3 дугаар сарын 01-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл малчнаар, Хөдөлмөр ХК-д 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1993 оны 02 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....Намайг хүмүүс Нараа гэж дууддаг....гэв.

 

   Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Я.Н ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Я.Н нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд 1985 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл малчнаар, Хөдөлмөр ХК-д 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1993 оны 2 дугаар сарыг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Я.Н нь Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд 1985 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл малчнаар, Хөдөлмөр ХК-д 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1993 оны 2 дугаар сарыг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 245 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 1985-1992 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, нэхэмжлэгч Я.Н, Мөнхөөгийн Бямбахүү нарын 126/000169 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 6 дугаартай Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэл нь 1991 оны 12 сарын 26-нд Хөдөлмөр хувьцаат компани болж улсын бүртгэлд бүртгэгдсэн байна гэх бичвэртэй лавлагаа, гэрч Я.Эрдэнэчимэгийн ....Миний төрсөн дүү Я.Н нь 1983 оны 6 дугаар сард Ховд аймгийн Манхан сумын ерөнхий боловсролын сургуулийг 8 дугаар анги төгсөөд, уг Манхан сумын сургуульд 9 дүгээр ангид суралцаж байгаад сургуулиас гарсан. 1984 оны намар сургуулиасаа гараад Мөнхөөгийн Бямбахүү гэх хүнтэй гэр болсон. Энэ үеэсээ Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж эхэлсэн. Тус нэгдэлдээ тартал ажилласан....Я.Н нь дандаа бог мал малладаг байсан....Манайхан Я.Нийг Нараа гэж дууддаг.... гэх мэдүүлэг, гэрч М.Гантөмөрийн ....Я.Н нь Ховд аймгийн Манхан сумын хүн байгаа юм. 1984 оны 12 сард миний төрсөн ах Бямбахүүтэй хуримаа хийж гэр бүл болсон. Манай ах Бямбахүү нь Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 3 дугаар бригадад малчин байсан. Манай ахтай суугаад нэгдлийн мал малласан....Манай ах эгч нар Нараа гэж дууддаг. Би бэргэн гэж дууддаг. Ер нь Нараа гэж дууддаг.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 4, 7-14, 19, 20, 30-31, 32-33 дугаар тал/

Хавтаст хэргийн 15-16 дугаар хуудсанд авагдсан иргэн М.Гантөмөр, Я.Эрдэнэчимэг нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Л овогт Я-ийн Н //-ийн Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд 1985 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл малчнаар, Хөдөлмөр ХК-д 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1993 оны 2 дугаар сарыг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Я.Нийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             С.ОЮУНЖАРГАЛ