Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
Хэргийн индекс | 153/2020/00068/и |
Дугаар | 00041 |
Огноо | 2020-01-30 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 00041
2020 оны 01 сарын 30 өдөр | Дугаар 153/ШШ2020/00041 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* аяга багт оршин суух, Т овогт Ц-ийн Т //-ийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 153/2020/00068/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М******* нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Т итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Ц.Т нь Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг 1984 оны 06 дугаар сард төгсөөд тус сумынхаа ******* аяга бригадад эцэг, эх дээрээ мал дээр гарсан. Бид нар 1989 онд гэр бүл болсноос хойш одоог хүртэл мал маллаж байгаа. Хамт амьдарч байх хугацаандаа 3 хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд 1 хүүхэд маань гэр бүл болоод тусдаа гарсан.
....Ховд аймгийн ******* сумын Сутайн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн учир шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.
Иймд Ц.Тийг Ховд аймгийн ******* сумын Сутайн хөгжил нэгдлийн ******* аяга буюу 4 дүгээр бригадад 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М******* нь нэхэмжлэгч Ц.Тийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М******* нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг Ц.Тийн Ховд аймгийн ******* сумын Сутайн хөгжил нэгдлийн 4 дүгээр бригадад 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ц.Т нь Ховд аймгийн ******* сумын Сутайн хөгжил нэгдлийн 4 дүгээр бригадад 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 36 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын Сутайн хөгжил нэгдлийн ******* аяга бригадын 1985-1987, 1989 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, гэрч М.Баасандоржийн ....Би 1980 онд Ховд аймгийн ******* сумын 8 жилийн сургуулийг төгсөөд илгээлтээр хөдөө гарч Ховд аймгийн ******* сумын Сутайн хөгжил нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажилд орж 1990 он хүртэл ажилласан....Ц.Т нь Ховд аймгийн ******* сумын 8 жилийн сургуулийг төгсөөд Ховд аймгийн ******* сумын Сутайн хөгжил нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар 1990 он хүртэл ажилласан....Эцэг, эхийн хамт нэгдлийн бог мал маллаж байсан....Тийн аавынх нь нэрийг Цэрэн, ээжийнх нь нэрийг Норов гэдэг.... гэх мэдүүлэг, гэрч Ч.Долгормаагийн ....Би Ховд аймгийн ******* сумын 8 жилийн сургуулийг 1981 онд төгсөөд Ховд аймгийн ******* сумын Сутайн хөгжил нэгдлийн 4 дүгээр бригадад илгээлтээр малчин болж гарсан. Сутайн нэгдэл тартал малчин байсан....Ц.Т нь 1984 онд Ховд аймгийн ******* сумын 8 жилийн сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд Ховд аймгийн ******* сумын Сутайн хөгжил нэгдлийн 4 дүгээр бригад буюу ******* аяга бригадад саальчнаар ажилд орж 1992 он хүртэл ажилласан....Эцэг, эхийн хамт нэгдлийн хонь, ямаа маллаж байсан....Тийн аавынх нь нэрийг Цэрэн, ээжийнх нь нэрийг Норов гэдэг.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 6, 8-11, 32-33, 34-35 дугаар тал/
Хавтаст хэргийн 12-13 дугаар хуудсанд авагдсан иргэн Ч.Долгормаа, М.Баасандорж нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 16-20 дугаар хуудсанд авагдсан журналын хуулбар нь бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Т / /-ийн Ховд аймгийн ******* сумын Сутайн хөгжил нэгдлийн 4 дүгээр бригадад 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ