Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1041

 

 

 

 

 

 

 

 

  2023        07           31                                 2023/ШЦТ/1041

                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,

улсын яллагч Ж.Бүрэнжаргал,

шүүгдэгч Ж.Г түүний өмгөөлөгч Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт ****** ургийн овогт Ж.Г-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ************** дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, ганц бие, ***************** бүртгэлтэй, одоогоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 433 дугаар хаалттай хорих ангид ял эдэлж байгаа, ял шийтгэл: Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар тодорхой баривчлах ял, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 191 дугаартай шийтгэх тогтоолоор 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар 06 жил 01 сарын хорих ялаар шийтгэгдэн одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 433 дугаар хаалттай хорих ангид ял эдэлж байгаа, ******* ургийн овогт Ж.Г /РД:*******/.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ж.Г нь 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Этай үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэн түүний толгой хэсэгт цохиж зүүн зулай ясны цөмөрсөн хугарал, тархины хатуу бүрхүүл дээрх цусан хураа, тархины эдийн няцрал, зүүн чамархайн зулайн хуйханд шарх, баруун бугалганд цус хуралт, тархи доргилт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.    

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүх доорх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул уг нотлох баримтуудыг үнэн зөвд тооцон эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ж.Гад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийг яллагдагчаар байцаахдаа болон насанд хүрээгүй хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байна.

 

 Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ж.Г нь 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Этай үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэн түүний толгой хэсэгт цохиж зүүн зулай ясны цөмөрсөн хугарал, тархины хатуу бүрхүүл дээрх цусан хураа, тархины эдийн няцрал, зүүн чамархайн зулайн хуйханд шарх, баруун бугалганд цус хуралт, тархи доргилт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:  

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 13/-р тал,

Хохирогч Д.Эын “...Нэг мэдсэн 03 цагийн орчимд гэртээ ганцаараа хэвтэж байсан бөгөөд миний толгойноос цус гараад ор дэр нул цус болсон байхаар нь Энхбатын гэрт нь ороод ээжийнх нь утсаар эмнэлэг дуудсан юм. Эмнэлэг намайг авч явна гэхээр нь би согтуурхаад маргааш очиж үзүүлнэ гээд үлдсэн. Тэгээд гэртээ ороод унтаад өглөө нь би Энхбатын гэрт нь очоод хамт Галбадрахын эгчийнд очиход Галбадрах босчихсон халамцуу байхаар нь Энхбат, Галбадрахад чи яагаад дүүг минь зодож байгаа юм найз нөхөд байж гэж хэлсэн чинь би зодоогүй гэж байснаа хэдүүлээ доошоо дэлгүүрт орж ганц шил архи авч уучихъя гэхээр нь бид үг алдуулах гээд хамт дэлгүүр явж байсан чинь хойноос Галбадрахын эгч нь дуудаад гэртээ аваад орсон. Бидэнтэй дайралдахад халамцуу байсан. Бидэнтэй 0,75 граммын нэг шил архи уугаад, манай гэрт ороод үлдсэн би дахин нэг шил архи нэмж уугаад согтсон байсан. Уул нь Галбадрах надтай хамт манайх хонох гэж байснаа гэнэт алга болчихсон байсан. Галбадрахын өмсөж явсан бор сандаал нь хашаанд үлдсэн байсан. Их сандруу байдалтай хашаанаас гарсан байсан. Би Энхбатын гэрээс 24 цагийн орчимд гараад шууд гэртээ орсон гэж ээж нь хэлсэн. Галбадрах миний биед гэмтэл учруулсан байх учир нь Галбадрах л манайд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16/ тал,

Хохирогч Д.Эын дахин өгсөн “...энэ хэрэг болсноос хойш 2018 оны 09 дүгээр сарын өдрийг нь мэдэхгүй байна ************ дугаарын утас руу Г танихгүй юнителийн дугаараас залгаад би чамайг цохисон нь үнэн, цалингаа буухаар яваад очиж уулзъя гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17/-р тал,

Гэрч Д.Эын “...Э, Г 2 Эын гэр рүү яваад Зоригоо бид хоёр үлдсэн. Зоригоо бид 2 дэлгүүр орж дахин нэг шил архи аваад гэр рүү явж байхад Э өөдөөс ирж хамт манай гэрт орж тэр архиа хуваан уусан. Би согтоод унтаад өгсөн. Э, Зоригоо хоёрыг хэзээ гарсныг мэдээгүй. Нэг сэрсэн Эт толгой нь хагарчихсан манай гэрт орж ирээд түргэн дуудаад өгөөч гээд манай ээж түргэн дуудаж өгсөн. Зоригоогийн гэрт ууж байхад Э Галбадрахын хацар руу алгадаад байсан. Хоёр удаа алгадаж байсан. Хоорондоо тоглож байгаад тэгсэн юм болов уу гэж бодсон. Галбадрахтай уулзаад чи яагаад Эыг цохисон юм гэхэд би тэгээгүй харин Э намайг зурагт үзээд хэвтэж байхад орж ирээд алгадаад байхаар нь арга ядаад цонхоор зугтааж гарч ирсэн гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/-р тал,

Гэрч Ж.Должинсүрэнгийн “...Эын өмнө Зоригоо гэрээс гараад явсан Энхбат унтаад өгсөн. Хамгийн сүүлд нь Э ганцаараа манайхаас гараад яг манай чанх урд гудамжинд байдаг гэр рүүгээ явсан. Э нэлээн их согтсон байсан хашаагаа гараараа цохиод байснаа хашаагаа давсан. Би Эыг хашаагаа давж байхыг хараад ямар ч байсан гэртээ орчихсон гэж бодоод эргээд гэртээ орсон. Өглөө хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна. Э толгойноос цус болчихсон манайд орж ирсэн. Би яасан юу болсон гэхэд мэдэхгүй байна гэж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25/-р тал,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 8774 дугаартай “...Д.Эын биед зүүн зулай ясны цөмөрсөн хугарал, тархины хатуу бүрхүүл дээрх цусан хураа, тархины эдийн няцрал, зүүн чамархайн зулай хуйханд шарх, баруун бугалгад цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 33/-р тал,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Чимэд-Очирын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Шинжээчийн дүгнэлтийн эхний нүүрэн дээр он сар өдрийг бичихдээ 2017 он гэж техникийн шинжтэй алдаа гаргасан байсан. Уг шинжээчийн дүгнэлт нь 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гарсан дүгнэлт...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэм буруугийн асуудлаар:

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын фактын 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Амьд явах эрх бол хүн бүрийн салшгүй эрх мөн” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй” гэж хүний амьд явах эрхийг баталгаажуулсан.

Хүний бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, түүний аюулгүй байдалд халдсан хамгийн хүнд гэмт хэрэг юм.

Хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл, шүүгдэгч Ж.Г нь өөрийн танил найз болох хохирогч Д.Эын бие махбодид  халдаж, зодсон болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хүнд гэмтэл учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хохирол учруулах санаа зорилготойгоор хийгдсэн нийгэмд аюултай үйлдэл юм. 

Шүүгдэгч Ж.Гын хохирогч руу чиглэсэн, хүч хэрэглэсэн, идэвхтэй үйлдлийн улмаас хохирогчийн биед хүнд гэмтэл учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Ж.Г нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатайгаар учруулж хор уршигт зориуд хүргэсэн үйлдлийг дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Учир нь шүүгдэгч хохирогчийн биеийг хутгаар хатгах нь гэмтэл учирч болох аюултай шинж чанарыг өөрөө ухамсарлаж байсан ч хүсэж үйлдсэнээрээ уг хохиролд хүргэсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг шууд заасан байх бөгөөд шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлтээр амь насанд аюултай хүнд гэмтэл болох нь тогтоогдсон байх учир гэмт хэргийн шинж бүрэн хангагджээ.

 

Хүнд зэргийн гэмтэл гэж гэмтэх үед амь нас хохирч болох амь тэнссэн байдалд хүргэсэн, ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх амь насанд аюултай гэмтэл, гэмтлээс үүссэн үлдэц, уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр алдагдсан гэмтлийг хэлнэ.

Амь насанд аюултай гэмтэл нь цээж, хэвлий, аарцгийн хөндий болон хэвлийн гялтангийн гаднах эрхтэн бяцрах, няцрах, тасрах, урагдах, задрах, үүний улмаас цээж, үнхэлцэг, хэвлийн хөндийд цус, хий, агаар хуралдсан битүү гэмтэл хамаардаг.

 

Шүүгдэгч Ж.Гыг мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар дүгнэхэд шүүгдэгч болон хохирогч нар нь согтууруулах ундааны зүйлийг тодорхой хэмжээгээр хэрэглэсэн боловч шүүгдэгч нь болж байгаа үйл явдлыг мэдэж байсан болох нь тогтоогдож, тухайн үйл явдалд дүгнэлт хийх, нөхцөл байдлыг тодорхойлж үнэлэх чадвартай байсан байна.

Шүүгдэгч Ж.Г нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Ж.Гыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон, хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд шүүгдэгч Ж.Гын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргах зүйлгүй болохоо илэрхийлж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч шүүх хуралдаанд оролцсон болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.

 

Хохирогч Д.Э нь баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй учир шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Харин хохирогч Д.Э нь цаашид өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлж, түүний эдлээгүй үлдсэн 1 жил 15 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 1 сар 15 хоногийн хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн баривчлагдсан 42 хоногийг түүнийг эдлэх ялаас хасуулан тооцуулах саналтай байна...” гэсэн саналыг гаргасан бол

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналдаа “...шүүгдэгч Ж.Г нь гэм буруу дээрээ маргадаггүй. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй байхаа илэрхийлж байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас доогуур ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргажээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг,

5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болголоо.

Шүүгдэгч Ж.Гын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байдал тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

2015 онд батлагдсан 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Эрүүгийн хуулиар “ялтай байдал” байхгүй болсон түүнийг анх удаа гэмт хэрэг хийсэн гэж үзлээ.

Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тусгайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” гэх нөхцөл байдлууд тогтоогдсон болно.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Ж.Гад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн гэмт хэрийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл байдал, санаа сэдэл, арга хэрэгсэл, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөр нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, түүний хувийн байдал, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог учир шүүхээс оногдуулсан ял, шийтгэл нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэсэн болно.

Шүүгдэгч Ж.Г нь энэ хэргийн учир 42 хоног баривчлагдсан байх тул түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******** ургийн овогт Ж.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гад оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гын цагдан хоригдсон 42 /дөчин хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гын Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 06 /зургаа/ жил 01 /нэг/ сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 /нэг/ жил 15 /арван тав/ хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн 02 /хоёр/ жил 15 /арван тав/ хоногоор тогтоосугай.

 

6. Шүүгдэгч Ж.Г нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хохирогч Д.Э нь цаашид өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Ж.Гаас иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Ж.Гад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.БЭЭЖИН