Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 00042

 


 

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 153/ШШ2020/00042

Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                      

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 8-47А тоотод оршин суух, Б овогт Д-ын Ц //ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 153/2020/00069/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгч Д.Ц нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Миний бие Д.Ц нь 1969 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн. 1986 онд Улаанбаатар хотын НААҮ-ний ТМС төгсөж Ховд аймгийн ахуй үйлчилгээний комбинатад хувиарлагдан ирж тус комбинатын даргын 1986 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 157 дугаартай тушаалаар 1986 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс эмэгтэй үсчингээр томилогдон ажилласан. 1987 онд байгууллагын нэршил өөрчлөгдөж Ховд аймгийн СХ-ийн нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газар болсон. 1992 онд өмч хувьчлал явагдаж байгууллага хувьчлагдах хүртэл Ховд аймгийн НААҮ-ний удирдах газар татан буугдах хүртэл үсчнээр ажиллаж байсан.

Миний бие ажилласан жил нөхөн тооцуулах тухай хуулийн дагуу 1990-2000 оныг дуустал ажиллаж байсан байдлаа нөхөн тооцуулсан.

Иймд намайг Ховд аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад 1986 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үсчингээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.

 

   Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Ц нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Д.Ц нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад 1986 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үсчингээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.Ц нь Ховд аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад 1986 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үсчингээр ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 63 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Ахуй үйлчилгээний комбинатын даргын 1986 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 157 дугаартай Ажилчин авах тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн СХ-ийн Нийтийн аж ахуй, Ахуй үйлчилгээг удирдах газрын даргын 1990 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 117 дугаартай Амралтын хуваарь батлах тухай тушаалын хуулбар, гэрч Ж.Энхжаргалын ....Би 1980 онд ОХУ-д үсчиний мэргэжлээр төгсөж ирээд Ховд аймгийн ахуй үйлчилгээний комбинатад үсчинээр ажилд орж 1992 он хүртэл ажилласан. Түүнээс хойш хувиараа үсчинээр одоог хүртэл ажиллаж байна.... Д.Ц нь 1986 оны 6 сард Улаанбаатар хотын техник мэргэжлийн сургуулийн үсчиний ангийг төгсөж ирээд Ховд аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад үсчинээр ажилд орж 1992 онд буюу Ховд аймгийн Ахуй үйлчилгээний комбинат тарах хүртэл ажилласан. Би Д.Цтай 1986 оноос 1992 он хүртэл хамт ажилласан. Түүнээс хойш тус тусдаа ажиллаж байна.... гэх мэдүүлэг, гэрч Ц.Сайнэрийн ....Би Улаанбаатар хотын техник мэргэжлийн сургуулийг 1977 он төгсөж ирээд Ховд аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад үсчинээр ажилд орж 1995 он хүртэл ажилласан....Д.Ц нь 1986 оны 6 сард Улаанбаатар хотын техник мэргэжлийн сургуулийг төгсөж ирээд Ховд аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад үсчинээр 1994 он хүртэл ажилласан. Ховд аймгийн Ахуй үйлчилгээний комбинат нь үйлчилгээний салбаруудтай байсан. Би ахуй үйлчилгээнд үсчин хийж байсан. Ц нь төв халуун усны газар үсчинээр ажиллаж байсан. Энхжаргал нь 2 дугаар халуун усны газарт үсчинээр ажиллаж байсан.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 4, 5, 6, 20-21, 22-23 дугаар тал/

Хавтаст хэргийн 11-12 дугаар хуудсанд авагдсан иргэн Ж.Энхжаргал, Ц.Сайнэр нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт Д-ын Ц / /-ийн Ховд аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад 1986 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үсчингээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Ц-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             С.ОЮУНЖАРГАЛ