Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 17

 

 

 

 

 

 

 

                                                    

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч Б.Батхишиг,

Шүүгдэгч Г.Төрмандах, түүний өмгөөлөгч Д.Баттөмөр /ҮД-0018/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүүд овогт Гочоогийн Төрмандах-д холбогдох 201624000920 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1969 оны 8 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, эрэгтэй, яс үндэс халх, 47 настай, дээд боловсролтой, авто механикч мэргэжилтэй, “Монбэт” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Грийн Вилла 206-205 тоотод оршин суух,, ял шийтгэлгүй, ЧЖ69080814 регистрийн дугаартай, Бэсүүд овогт Гочоогийн Төрмандах.

 

Шүүгдэгч Г.Төрмандах нь 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 12 цагийн орчимд Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Телевизийн 112 тоот хашааны зүүн талын замд Ниссан сапари маркийн 00-44 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг зүүн хойноос урагш чиглэлд жолоодож явахдаа, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.7. “Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө” /“Гарц” - ойролцоох зогсоол, шатахуун түгээгүүр, үйлдвэр, албан байгууллага, хашаа, хороолол зэрэг рүү орох, тэдгээрээс гарахад зориулагдсан зорчих хэсэг замтай огтлолцсон бэлчир;/, мөн дүрмийн 1 дүгээр хавсралтын “25. 7.2 тэмдэглэлийг жолооч зогсохын тулд давахаас бусад тохиолдолд 7.1-7.3, 7.14, 7.16.а,б,в тэмдэглэлүүдийг давахыг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчин, явган зорчигч Ө.Өлзийбадрахыг мөргөж ,,, суурь ясны баруун зүүн дэлбэн чамархайн хүрсэн шугаман хугарал, суурийн хөндийд цус хуралт ,,, бүхий хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Г.Төрмандах мэдүүлэхдээ:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Осол болсоны дараа түргэн тусламж дуудсан. Хохирогчийг эмнэлэгт хэвтэх хугацаанд бүх эмчилгээний зардлыг нь төлсөн. Мөн 3.000.000 төгрөг нэхэмжилснийг төлсөн. 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хохирогчийг 3 дугаар шатлалын нарийн мэргэжлийн эмчид үзүүлсэн. Томографийн зураг авахуулахад эрүүл мэндийн байдал хэвийн болсон гэж байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Өөрийн хайхрамжгүй байдлаас болоод хүн мөргөж гэмтээсэн. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтад шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Г.Төрмандахын өгсөн:

            “... 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 12 цаг 15 минутын орчим Баянгол дүүргийн нутаг МҮОН-н телевизийн хуучин эцсийн гэр хорооллын гудамжаар өөрийн Ниссан Сапари маркийн 00-44 УНК дугаартай автомашинаар явж байгаад, төв зам руу нийлэхээр зүүн гар тийш эргэхэд замын голд 2 хүн гэнэт харагдаад, тоормосоо гишгээд л зогсоход эрэгтэй эмэгтэй 2 хүн мөргөгдөж унасан. Машинаасаа буугаад ирэхэд машины урд талаас залуухан эмэгтэй хүн газраас босоод ирсэн. Ахимаг насны эрэгтэй хүн газарт дээшээ харсан хэвтэж байсан. Мөн машины урд талд хоосон сав тавьсан усны тэрэг байсан. ... Би анх эргэхээсээ өмнө зам орчноо харахад замын баруун гар талаас нэлээн зайтай газарт автобус ирж байгаа харагдсан. Тэгээд замын гол руу орж явахад гэнэт нүдний буланд хүн харагдаад л тоормосоо гишгээд зогсоход тэр 2 хүн машины урд талын куперт мөргүүлээд унасан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58-р хуудас/

 

           Мөрдөн байцаалтад хохирогч Ө.Өлзийбадрахын өгсөн:

           “... Би 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 12 цагийн үед гэрээсээ охин Ононгийн хамт усанд явахаар гарсан. Бид 2 зам хөндпөн гарч худаг уруу явсан. Зам гарахаасаа өмнө зам руу хартал дээд урсгалаас нэлээн зайтай автобус ирж байгаа харагдсан, өөр зам дээр машин байхгүй байсан. Тэгэхээр нь бид 2 зам хөндлөн баруунаас зүүн тийшээ гарч, эхний замаа гараад, дараагийн урсгал руу ороод, машин ирж байгааг харахад машин байхгүй байсан. Би замаар байхдаа аюулгүй байдлаа хангаад л замаар машин ирж байгаа эсэхийг хараад л явж байгаад, дараагийн буюу доод талаас буюу урдаас ирэх урсгал руу ороод, явж байтал гэнэт л миний биеийн зүүн талаас машин орж ирээд л мөргөсөн. Тэгээд л ухаан алдсан, нэг сэргэсэн хүн амьтан шавсан байсан, удалгүй 103 эмч ирээд намайг гэмтэл эмнэлэг аваад явсан. ... Жолоочийн зүгээс туслалцаа үзүүлсэн. Гэмтэл эмнэлэгт хэвтэж байхад эмнэлэгт байхгүй эм тариаг авч өгсөн, тархины зураг авхуулж өгсөн, гэмтэл эмнэлэгт 7 хоног хэвтсэн. Жолоочийн зүгээс өөр туслалцаа үзүүлээгүй, одоогоор бол гомдолтой байна, зүгээр байж байсан биеийг гэмтээсэнд гомдолтой байна, настай хүн гэмтэл аваад удаан эдгэрдэг юм байна. ... Бэлнээр 3 000 000 төгрөг хүлээн авсан. Гомдол саналгүй, шүүх хуралд суухгүй ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 19-20, 82, 86-р хуудас/

 

           Мөрдөн байцаалтад гэрч Н.Ононгийн өгсөн:

           “... 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 12 цагийн орчим гэрээсээ аав Өлзийбадрахын хамт ундны усанд явахаар гарсан. Бид 2 зам хөндлөн баруунаас зүүн тийшээ гарч байтал эсрэг урсгалаас буюу өөдөөс машин орж ирээд, аав бид 2-ыг мөргөсөн. Бид 2 мөргүүлээд газарт унасан. Аав хэсэг хугацаанд ухаангүй байсан. Хэсэг хугацааны дараа аав сэргэсэн, 20 минутын дараа 103 машин ирээд аавыг аваад явсан. Түүний дараа замын цагдаагийн бүрэлдэхүүн ирж ослын газарт үзлэг, хэмжилт хийсэн. Цагдаагийн алба хаагчид би аав болон өөрийнхөө мөргүүлсэн болон унасан газрыг зааж өгсөн. Дараа нь би жолооч эрэгтэйтэй хамт гэмтэл эмнэлэг явсан. ... Би аавын зүүн хойд талд нь, аав миний урд талд усны тэргээ чирээд, цуваад явж байхад, намайг эхлээд тэр машин эргэж орж ирээд, баруун урд хэсгээрээ миний зүүн талаас, мөн тэр машин урд хэсгээрээ аавын зүүн талаас мөргөсөн. Би өөрийн шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан, санал хүсэлт байхгүй”... гэх мэдүүлэг,/хх-ийн 34-р хуудас/

 

           Мөрдөн байцаалтад гэрч Ж.Зэдрагчаагийн  өгсөн:

 “... 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 12 цаг үед нөхөр Төрмандахын хамт телевизийн хуучин эцсийн гудамжинд байх айлаас юм авчихаад, манай нөхөр машинаа бариад, би хажууд явж байсан. Тухайн үед төм зам руу нийлэх гэж байхад замын хойд талаас нэлээн зайтай газарт автобус ирж байгаа харагдсан. Өөр хүн машин надад харагдаагүй. Манай нөхөр эргээд л ортол урдуур хүн орж ирээд, машины урд талд мөргөгдсөн. Би машинаас буухад залуухан эмэгтэй хүн машины урд зогсож байсан. Газарт настай эрэгтэй хүн хэвтэж байсан. Хажууд нь хоосон савтай усны түрдэг тэрэг байсан” ...  гэх мэдүүлэг, /хх-ийн 37-р хуудас/

 

Мөрдөн байцаалтад шинжээч Д.Батзоригийн өгсөн:

“... Хавтаст хэргийн материал, материалын схем зураг, фото зураг зэрэг бусад хэргийн материалтай танилцахад Ниссан Сапари маркийн 00-44 УНК дугаартай автомашины жолооч Г.Төрмандах нь гарцаар замд нийлэхдээ, тэр замаар яваа явган зорчигчид зам тавьж өгнө гэсэн Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.7-д заасан заалтыг, мөн жолооч нь Замын хөдөлгөөний дүрмийн хавсралтын 25-ийн 7.2 тэмдэгийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Ө.Өлзийбадрах, Н.Онон нар нь зам хөндлөн гарсан гэх газарт үзэгдэх хүрээнд явган хүний гарц гэсэн тэмдэг тэмдэглэгээ байхгүй, гарч байсан газраас нь 53 метрт “явган хүний гарц гарам байгааг анхууруулсан” анхааруулах тэмдэг байв. Мөн явган зорчигч Ө.Өлзийбадрах, Н.Онон нар баруунаас зүүн чигт зам хөндлөн гарсан байдаг. Ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа явах чиглэлийн замыг тулааж гараад урдаасаа хойшоо явах чиглэлийн замаар гарч эхэлж байхад нь гарцнаас Ниссан Сапари маркийн 00-44 УНК дугаартай автомашин үргэлжилсэн цагаан шугам давах гэж эргэх үйлдэл хийж байхдаа явган зорчигч нарыг мөргөж байгаа нь явган зорчигч хойноосоо урагшаа явах чиглэлийн замыг туулаад гарчихсан учраас автомашин эргээд ороод ирэхийг мэдэх бололцоогүй буюу автомашин зорчих ёстой чиглэлээсээ хөдөлгөөнд оролцоогүй учраас явган зорчигчийг замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй гэж дүгнэлт гаргасан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/

 

              Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 13914 дугаартай:

              1. Ө.Өлзийбадрахын биед суурь ясны баруун зүүн дэлбэн чамархайн хүрсэн шугаман хугарал, суурийн хөндийд цус хуралт, 2 нүдний дээд доод зовхи, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт, зүүн ташаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

              2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

              3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

              4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт, /хх-ийн 41-р хуудас/

 

              Техникийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 632 дугаартай:

              1. “... Ниссан Сапарри маркийн 00-44 УНК улсын дугаартай автомашиныг жолоодон явсан жолооч  Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.7. “Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө” /“Гарц” - ойролцоох зогсоол, шатахуун түгээгүүр, үйлдвэр, албан байгууллага, хашаа, хороолол зэрэг рүү орох, тэдгээрээс гарахад зориулагдсан зорчих хэсэг замтай огтлолцсон бэлчир;/, мөн дүрмийн 1 дүгээр хавсралтын “25. 7.2 тэмдэглэлийг жолооч зогсохын тулд давахаас бусад тохиолдолд 7.1-7.3, 7.14, 7.16.а,б,в тэмдэглэлүүдийг давахыг хориглоно.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

              2. Явган зорчигч Ө.Өлзийбадрах, Н.Онон нар нь Монгол Улсын замын хөдөлгөөний ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

              3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас нөлөөлөөгүй байна …” гэх дүгнэлт /хх-ийн 47-48-р хуудас/,

 

            - Зам тээврийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 4-8, 14-р хуудас/

- Жолооч, явган зорчигч нарын согтуурал шалгасан магадлагаа /хх-ийн 9-11-р хуудас/

- Хохирол нөхөн төлсөн баримт /хх-н 84-85-р хуудас/

- Хохирогч Ө.Өлзийбадрахын өвчний түүхийн хуулбар /хх-ийн 24-32/,

- ЦЕГ-ын Мэдээлэл, Шуурхай Удирдлагын Төвийн Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 79-р хуудас/

- Хохирогчийн хохирлын баримтууд /хх-ийн 95-98-р хуудас/

- Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, лавлагаа /хх-ийн 74-75-р хуудас/ зэрэг болон,

 

шүүгдэгч Г.Төрмандахын хувийн байдалтай холбоотой:

             Мөрдөн байцаалтад гэрч Ж.Зэдрагчаагийн  өгсөн:

   “... Г.Төрмандах нь миний нөхөр юм. Бид хоёр 25 жил хамт амьдарч байна. 2 хүүхэдтэй, гэр бүлээрээ хувьдаа бизнэс хийдэг. Миний нөхөр зан төлөвийн хувьд ажилсаг, хүнд тусархуу, халамжтай, хүнтэй найрсаг харьцдаг сайн хүн юм” ...  гэх мэдүүлэг, /хх-ийн 35-р хуудас/

 

             Мөрдөн байцаалтад гэрч Т.Адъяагийн  өгсөн:

“... Миний аав зан төлөвийн хувьд ажилсаг, хичээнгүй, шургуу, няхуур нөхөрсөг, сайн аав юм. Хорт муу зуршилгүй ...” гэх мэлдүүлэг /хх-ийн 38-р хуудас/

             

              - Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 68-р хуудас/,

 - Жолоочийн лавлагаа, жолооны үнэмлэхийн хуулбар /хх-ийн 64, 93-94-р хуудас/

  - Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69-р хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Шүүгдэгч Г.Төрмандах нь 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 12 цагийн орчимд Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Телевизийн 112 тоот хашааны зүүн талын замд Ниссан сапари маркийн 00-44 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг зүүн хойноос урагш чиглэлд жолоодож явахдаа, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.7. “Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө” /“Гарц” - ойролцоох зогсоол, шатахуун түгээгүүр, үйлдвэр, албан байгууллага, хашаа, хороолол зэрэг рүү орох, тэдгээрээс гарахад зориулагдсан зорчих хэсэг замтай огтлолцсон бэлчир;/, мөн дүрмийн 1 дүгээр хавсралтын “25. 7.2 тэмдэглэлийг жолооч зогсохын тулд давахаас бусад тохиолдолд 7.1-7.3, 7.14, 7.16.а,б,в тэмдэглэлүүдийг давахыг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчин, явган зорчигч Ө.Өлзийбадрахыг мөргөж,  суурь ясны баруун зүүн дэлбэн чамархайн хүрсэн шугаман хугарал, суурийн хөндийд цус хуралт, 2 нүдний дээд доод зовхи, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт, зүүн ташаанд зулгаралт бүхий хүнд гэмтэл учруулсан болох нь:

мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Г.Төрмандахын “... 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 12 цаг 15 минутын орчим Баянгол дүүргийн нутаг МҮОН-н телевизийн хуучин эцсийн гэр хорооллын гудамжаар өөрийн Ниссан Сапари маркийн 00-44 УНК дугаартай автомашинаар явж байгаад, төв зам руу нийлэхээр зүүн гар тийш эргэхэд замын голд 2 хүн гэнэт харагдаад, тоормосоо гишгээд л зогсоход эрэгтэй эмэгтэй 2 хүн мөргөгдөж унасан. Хохирогчийг эмнэлэгт хэвтэх хугацаанд бүх эмчилгээний зардлыг нь төлсөн. Мөн 3.000.000 төгрөг нэхэмжилснийг төлсөн. 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хохирогчийг 3 дугаар шатлалын нарийн мэргэжлийн эмчид үзүүлсэн ...” гэх мэдүүлэг,

мөрдөн байцаалтад хохирогч Ө.Өлзийбадрахын өгсөн “... Би 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ... дараагийн урсгал руу ороод, машин ирж байгааг харахад машин байхгүй байсан. Би замаар гарахдаа аюулгүй байдлаа хангаад л замаар машин ирж байгаа эсэхийг хараад л явж байгаад, дараагийн буюу доод талаас буюу урдаас ирэх урсгал руу ороод явж байтал гэнэт л миний биеийн зүүн талаас машин орж ирээд л мөргөсөн ... гэх,

           гэрч Н.Ононгийн “... 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 12 цагийн орчим гэрээсээ аав Өлзийбадрахын хамт ундны усанд явахаар гарсан. Бид 2 зам хөндлөн баруунаас зүүн тийшээ гарч байтал эсрэг урсгалаас буюу өөдөөс машин орж ирээд, аав бид 2-ыг мөргөсөн. Бид 2 мөргүүлээд газарт унасан. Аав хэсэг хугацаанд ухаангүй байсан. Хэсэг хугацааны дараа аав сэргэсэн, 20 минутын дараа 103 машин ирээд аавыг аваад явсан...” гэх,

            гэрч Ж.Зэдрагчаагийн өгсөн “... 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 12 цаг үед нөхөр Төрмандахын хамт телевизийн хуучин эцсийн гудамжинд байх айлаас юм авчихаад, манай нөхөр машинаа бариад, би хажууд явж байсан. ... Манай нөхөр эргээд л ортол урдуур хүн орж ирээд, машины урд талд мөргөгдсөн. Би машинаас буухад залуухан эмэгтэй хүн машины урд зогсож байсан. Газарт настай эрэгтэй хүн хэвтэж байсан ...” гэх мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 13914 дугаар дүгнэлт, Техникийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 632 дугаар дүгнэлт, Зам тээврийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хохирогч Ө.Өлзийбадрахын өвчний түүхийн хуулбар, ЦЕГ-ын Мэдээлэл, Шуурхай Удирдлагын Төвийн Дуудлагын лавлагааны хуудас зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх учир шүүгдэгч Г.Төрмандахыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Ө.Өлзийбадрах нь “Г.Төрмандахаас 3 000 000 төгрөгийг бэлнээр хүлээн авлаа, Гомдол саналгүй” /хх-н 86/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Г.Төрмандах нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасны дагуу тэнсэж хянан харгалзах боломжтой гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч Г.Төрмандах цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 290, 294, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.3-р зүйлүүдийг  удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ :

 

1. Шүүгдэгч Бэсүүд овогт Гочоогийн Төрмандахыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Төрмандах-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Г.Төрмандах-д оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Г.Төрмандах нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Г.Төрмандах-д оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн, захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

 

            7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Г.Төрмандахын 16239 дугаартай В, С, D ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоолын хувийн хамт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Аззаяад даалгасугай.  

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Г.Төрмандах-д урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Төрмандах-д авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.МӨНХ-ЭРДЭНЭ