| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 126/2025/0021/З |
| Дугаар | 221/МА2025/0750 |
| Огноо | 2025-12-02 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2025/0750
Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын
Засаг даргын Тамгын газрын дарга М.Бын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 126/ШШ2025/0019 дүгээр шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Б
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Б
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.До
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чг
Хэргийн индекс: 126/2025/0021/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 126/ШШ2025/0019 дүгээр шийдвэрээр “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.3, 47.1.6, 47.2, 47.3, Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Бын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 08-33-04/155/11 тоот албан шаардлага, 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн шийтгэлээс чөлөөлөх хуудас, 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай албан даалгавар, Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 1/206 тоот албан бичгийг тус тус илт хууль бус болохыг тогтоон” шийдвэрлэжээ.
2. Хариуцагч Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:
2.1. Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хяналтын хэлтсийн мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний хяналтын улсын байцаагч Ц.Э нь Төрийн хяналт шалгалтын тухай, Малын генетик нөөцийн тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиуд, түүнд нийцүүлэн захиргааны актуудын хүрээнд бүрэн эрхийн хүрээнд хяналт шалгалтыг зохион байгуулсан байхад түүний үйл ажиллагааг илт үгүйсгэн хууль, албан тушаалын тодорхойлолтод нийцүүлэн гаргасан илэрсэн зөрчлийг арилгуулах хугацаатай албан шаардлага, албан тушаалтан албан шаардлагыг биелүүлээгүйтэй холбоотой хийгдсэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг шүүхээс үндэслэлгүйгээр илт хууль бусд тооцсонд гомдолтой байна.
2.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.4 дэх хэсэгт “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9-д 10.9.8-д гэж тус тус заасны дагуу хэдийгээр улсын байцаагч нь албан шаардлага гаргах эрх хэмжээтэй боловч албан шаардлагын агуулгад дурдаж буй асуудал нь түүний чиг үүрэгт хамаарахгүй асуудал байна.” гэж шүүхээс илт хуульд нийцээгүй, үндэслэлгүй дүгнэлтийг хийжээ. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хяналтын хэлтсийн мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний хяналтын улсын байцаагч нь ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу салбарын хууль болох Малын генетик нөөцийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны актын хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах замаар салбарын хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах эрх, үүрэгтэй байхад дээрх дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Албан шаардлагын гол агуулга бол улсын байцаагчийн зүгээс хяналт тавин ажиллаж байгаа Малын генетик нөөцийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6 дахь заалтыг хэрэгжилтийг хангуулах буюу Улаан-Уул сумын хөдөө аж ахуйн тасагт хуулийн дагуу мал зүйч, улсын байцаагч ажиллуулж, илэрсэн зөрчлийг арилгуулан хуулийн хэрэгжилтийг хангуулах явдал байсан.
2.3. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэлийн 3.5 дахь хэсэгт “Тодруулбал, маргаан бүхий албан тушаал болох сумын Малын үржил, бүртгэл, мэдээллийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалын ангилал нь төрийн захиргааны албан тушаал буюу төрийн жинхэнэ албан хаагч болох нь уг албан тушаалын тодорхойлолтоор тогтоогдож байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2-т тус тус зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийг томилох үйл ажиллагаанд Төрийн албаны төв байгууллага хяналт тавихаар зохицуулжээ”, 3.6 дахь хэсэгт “Гэтэл хариуцагч нь өөрийн чиг үүрэгт хамааралгүй асуудлаар хяналт шалгалт хийн улмаар албан шаардлага гаргаж нэхэмжлэгчид хүргүүлсэн нь дээрх хуулийн заалтад нийцэхгүй байна.” гэж дүгнэсэн байна.
Төрийн албаны зөвлөл Малын генетик нөөцийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6 дахь заалтыг хэрэгжүүлж ажиллах болон хэрэгжилтийн байдалд хяналт тавих үүрэг хүлээдэггүй. Хэрвээ үүрэг хүлээсэн байдаг бол салбарын хууль, тогтоомж хэрэгжилт хангалтгүй байгаагийн улмаас Хөвсгөл аймгийн 11 сумын хөдөө аж ахуйн тасаг мал зүйч, улсын байцаагчгүй байх боломжгүй, хуулийн дагуу мал зүйч мэргэжилтэн ажиллах боломжтой байсан. Харин салбарын хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилтийн байдалд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын эрх бүхий мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний хяналтын улсын байцаагч хяналт шалгалт хийдэг. Нэхэмжлэгч М.Бын нэхэмжлэлтэй холбоотой маргаан нь төрийн жинхэнэ албан хаагчтай холбоотой маргаан биш, тэтгэвэрт гарсан хүний оронд сул орон тоонд дээр мэргэжлийн дагуу ажиллаж, тусгай шалгалт зарлахыг хүлээгээд түр томилогдон ажиллаж байсан хүний гомдолтой холбоотой байсан. Төрийн албаны зөвлөл гомдол гаргагчийг төрийн жинхэнэ албан хаагч биш учраас тухайн асуудлыг манай харьяаллын маргаан биш гэж үзэн шийдвэрлээгүй учраас гомдол гаргагчийн зүгээс өөрийн эрх ашгийг хамгаалах үүднээс Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Б түүнийг ажлаас чөлөөлж тухайн албан тушаалд мэргэжлийн шаардлага хангахгүй өөрийн бэрийг томилж хууль зөрчсөн гэх гомдлыг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт ирүүлсэн тул улсын байцаагч нь гомдлын мөрөөр Төрийн хяналт шалгалтын хуульд заасан үндэслэлээр хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, Малын генетик нөөцийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6 дахь заалт зөрчигдсөн зөрчлийг илрүүлэн түүнийг арилгуулах талаар албан шаардлагыг нэхэмжлэгч М.Бод өгсөн байдаг. Хэрвээ иргэнээс ирүүлсэн гомдлын мөрөөр Төрийн хяналт шалгалтын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан журмын хүрээнд улсын байцаагч хууль, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн дагуу салбарын хууль, тогтоомжийн хэрэгжилтэд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийгээгүй бол Төрийн албаны салбар зөвлөл уг зөрчлийг илрүүлэн арилгуулж, гомдол гаргагчийн эрхийг хамгаалах талаар арга хэмжээ авахгүй байх нь тодорхой байхад шүүхээс улсын байцаагчийн хуульд нийцсэн үйл ажиллагааг Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлд хамааруулж дүгнэж, албан шаардлагыг бүхэлд нь илт хууль бус гэж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.
2.4. Түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.6 дахь хэсэгт .хариуцагч нь өөрийн чиг үүрэгт хамааралгүй асуудлаар хяналт шалгалт хийн улмаар албан шаардлага гаргаж нэхэмжлэгчид хүргүүлсэн...” 3.8 дахь хэсэгт “...энэ талаар хяналт шалгалт явуулах, цаашлаад албан шаардлага гаргах эрх хууль болон албан тушаалын тодорхойлолтоор олгогдоогүй...” гэж шүүхээс улсын байцаагчийн хуулиар олгосон эрхэнд халдсан дүгнэлт хийж, эрх зүйн байдлыг дордуулсан нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан болохыг харуулж байна.
2.5. Нэхэмжлэгч М.Б нь улсын ахлах байцаагчийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 08-33-04/155/11 дугаартай албан шаардлагыг хүлээн зөвшөөрөн хүлээн авч, албан шаардлагын хариуг хугацаанаас нь өмнө буюу 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ирүүлсэн, тухайн албан шаардлагад Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргаагүй, тус нэхэмжлэлийн албан шаардлагатай холбоотой хэсэг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй, түүний хувьд сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт биш байхад шүүхээс түүний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзалгүйгээр шийдвэрлэснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Улсын байцаагч бүрэн эрхийн хүрээнд захиргааны зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч, түүний биелэлттэй холбоотойгоор зөрчлийг албадан арилгуулах арга хэмжээ авч хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсныг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасан "Тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан" 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд цаашид улсын байцаагчийн зүгээс хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж ажиллах боломжгүй болгож байна.
2.6. Иймд Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 126/ШШ2025/0019 дугаартай шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.6.3 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3. Хариуцагч Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Таас гомдолд нэмж ирүүлсэн тайлбартаа: “... 3.1. Эрх бүхий албан тушаалтан болох улсын байцаагч нь иргэнээс ирүүлсэн гомдлыг хүлээн авч, түүнийг үндэслэлтэй гэж үзэн хуульд заасны дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохион байгуулан зөрчлийг шалган тогтоож, зохих хариуцлагыг оногдуулснаар шударга ёсны зарчмыг хэрэгжүүлсэн гэж ойлгож байна. Гэтэл шүүхээс улсын байцаагчийг тухайн ажлыг хийх эрхгүй гэж үзэж, харин хуулиар хүлээсэн эрх, үүргийн дагуу төрийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгаж, хууль, тогтоомжийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн, өөрийн бэрээ хууль бусаар ажилд томилохоор улайрч байгаа нэхэмжлэгч М.Бын эрх ашгийг зөрчигдсөн гэж шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг үүсгэн шийдвэрлэх боломжгүй байсан.
3.2. Нэхэмжлэгч М.Б нь Б.С-ийг томилсон захиргааны акт гаргахдаа хуульд үндэслээгүй, бусдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж шийдвэр гаргасан нь төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар тогтоогдсон учраас улсын байцаагч эрх, үүргийн хүрээнд албан шаардлага гаргасан, тухайн албан шаардлагын илт хууль бус талаар нэхэмжлэгч Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны байгууллагад хандаагүй байхад шүүхээс тухайн харилцааг тусгай ажиллагааны журмаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна,
3.3. Нэхэмжлэгч М.Б нь томилох эрх бүхий албан тушаалтны хувьд хууль дээдлэх зарчмыг удирдлага болгон орон нутагт хууль, тогтоомжийг буюу Малын генетик нөөцийн тухай хууль, түүнтэй уялдан гарсан захиргааны актыг хэрэгжүүлэх ёстой байтал Малын генетик нөөцийн тухай хуульд үндэслээгүй захиргааны акт гарган, улмаар улсын байцаагчийн бүрэн эрхийн хүрээнд өгсөн тухайн зөрчлийг арилгуулах албан шаардлагыг биелүүлээгүй, тухайн албан шаардлагаас болж түүний эрх ашиг биш хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах ёстой төрийн эрх ашиг зөрчигдсөн байхад шүүхээс албан шаардлагыг сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж үзсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн заалтад нийцээгүй байна.
3.4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн үндсэн зорилго нь зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ёстой атал улсын байцаагчийн албан шаардлагыг илт хууль бус гэж үзсэн нь аливаа эрх бүхий томилох эрх бүхий албан тушаалтан Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль, тогтоомжийг хэрэгжүүлэхгүй.төрийн албаны мэргэшсэн байх зарчмыг алдагдуулж, дураараа дургин юу хүссэнээ хийж байх, харин салбарын хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах үндсэн үүрэгтэй эрх бүхий улсын байцаагч нар хариуцсан ажлаа хуульд нийцүүлэн хийхээс татгалзах жишиг нөхцөлийг анхан шатны шүүхээс бүрдүүлснийг анхааралдаа авахыг хүсэж байна” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
3. Маргаж буй Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 08-33-04/155/11 тоот албан шаардлагаар Улаан-Уул сумын Засаг даргын Тамгын газрын Хөдөө аж ахуйн тасагт Малын үржил, бүртгэл, мэдээллийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоон дээр мал зүйч мэргэжилтнийг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн томилж ажиллуулах, дээрх мэргэжилтний томилгоог хийхдээ Малын генетик нөөцийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6, Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 70 дугаар тогтоолын дагуу холбогдох арга хэмжээ авч илэрсэн зөрчлийг арилгахыг нэхэмжлэгч сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Боос шаардсан,
2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Шийтгэлээс чөлөөлөх хуудсаар нэхэмжлэгчийг Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан албан шаардлагыг биелүүлээгүй буюу төрийн албан тушаалтны тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй зөрчлийг үйлдсэн нь тогтоогдсон боловч Тамгын газрын даргаар ажиллаж байгаатай холбоотой шийтгэлээс чөлөөлөхөөр шийдвэрлэж,
мөн өдрийн эрх бүхий албан тушаалтны даалгавраар зөрчлийн үр дагаврыг арилгахыг нэхэмжлэгчид даалгаж, улмаар Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 1/206 тоот албан бичгээр Улаан-Уул сумын Засаг дарга Д.Б-д “... даалгаврын хэрэгжилтийг хангуулан ... М.Бод хариуцлага тооцон хариу мэдэгдэнэ үү” гэж хүргүүлжээ.
4. Анхан шатны шүүх “... Хариуцагч нь өөрийн чиг үүрэгт хамааралгүй асуудлаар хяналт шалгалт хийн улмаар албан шаардлага гаргаж нэхэмжлэгчид хүргүүлсэн нь хуульд нийцэхгүй байна. ... Малын үржил, бүртгэл, мэдээллийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалын ангилал нь төрийн захиргааны албан тушаал буюу төрийн жинхэнэ албан хаагч болох нь уг албан тушаалын тодорхойлолтоор тогтоогдож байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2-т тус тус зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийг томилох үйл ажиллагаанд Төрийн албаны төв байгууллага хяналт тавихаар зохицуулжээ...” гэж дүгнэн, маргаан бүхий актуудыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “... Төрийн албаны салбар зөвлөл уг зөрчлийг илрүүлэн арилгуулж, гомдол гаргагчийн эрхийг хамгаалах талаар арга хэмжээ авахгүй байх нь тодорхой байхад шүүхээс улсын байцаагчийн хуульд нийцсэн үйл ажиллагааг Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлд хамааруулж дүгнэж, албан шаардлагыг бүхэлд нь илт хууль бус гэж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна...” гэснийг хангах үндэслэлгүй.
5.1. Учир нь хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл иргэн Н.Н-раас гаргасан “... Тамгын газрын дарга М.Б нь миний ажиллаж байсан мал аж ахуйн үйлдвэрийн төлөвлөлт, менежмент, малын бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоонд тусгай шалгалт зарлалгүй, мэргэжлийн бус, өөрийн бэрийг өөр сумаас шилжүүлэн томилж, намайг ажлаас гэнэт халж албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосноос мэргэжилтэн миний эрх ашиг зөрчигдсөн тул Хөдөө аж ахуйн тасгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж дүгнэлт гаргаж өгнө үү” гэх гомдлын дагуу хариуцагч Мал үржүүлэг, технологийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.Э нь төрийн албан хаагчийг албан тушаалд томилсон үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулж, тус сумын засаг даргын Тамгын газрын дарга М.Бод 2025 оны 03 дугаар сарын 31-ний 08-33-04/155/11 дугаар албан шаардлага хүргүүлжээ.
5.2. Хариуцагч нь уг хяналт шалгалтыг явуулахдаа Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д “... хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулахаар ... шаардлага тавьж, хугацаатай үүрэг өгч биелэлтийг хангуулна” гэж заасны дагуу Албан шаардлага гаргасан байх боловч тухайн хяналт шалгалтын үйл ажиллагаа нь мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “хяналт шалгалтыг зөвхөн хууль болон нийтээр дагаж мөрдөхөөр бүртгэгдсэн эрх зүйн актыг үндэслэн явуулах ба гагцхүү хуулиар эрх олгосон хяналт шалгалтын байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэх;” гэж заасан зарчимд нийцээгүй, өөрт нь хуулиар эрх олгогдоогүй “төрийн жинхэнэ албан хаагчийг томилох буюу төрийн албанаас халсантай холбоотой” төрийн албаны хөдөлмөрийн харилцааны хүрээнд явуулсан үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулж, тухайн албан шаардлагыг гаргасан байна.
5.3. Хариуцагч нь “Малын генетикийн нөөцийн тухай хуулийг хэрэгжүүлэх, хяналт шалгалт хийх эрхийн хүрээнд мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.6-д “Сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасагт мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, малын генетик нөөцийн бүртгэл, үржил, селекцийн асуудал хариуцсан мал зүйч улсын байцаагч ажиллана.” гэж заасан асуудлыг шалгасан нь хуулиар эрх олгосон асуудал гэж тайлбарлах боловч мөн зүйлийн 16.12-д “Мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний хяналтын улсын байцаагч доор дурдсан үйл ажиллагааны хяналтыг хэрэгжүүлнэ:
16.12.1.энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5.5, 5.6 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн 6.2, 6.6, 6.7, 6.8 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 8.4, 8.5 дахь хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.3, 9.4, 9.6, 9.7, 9.8, 9.9, 9.11, 9.12 дахь хэсэг, 10 дугаар зүйлийн 10.1, 10.2, 10.3, 10.4, 10.6, 10.8 дахь хэсэг, 11 дүгээр зүйл, 12 дугаар зүйлийн 12.2, 12.3, 12.4 дэх хэсэг, 15 дугаар зүйлийн 15.2, 15.3, 15.4 дэх хэсэг, 18 дугаар зүйлийн хэрэгжилт;
16.12.2.мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээ, малын үржил, селекцийн стратеги, үржүүлгийн хөтөлбөр, генийн санг хамгаалах чиглэлээр мөрдөж байгаа захиргааны хэм хэмжээний акт, үндэсний стандартын шаардлагын хэрэгжилт;
16.12.3.хууль тогтоомжид заасан бусад эрх” гэж тодорхой зохицуулсны дотор төрийн жинхэнэ албан хаагчийн томилгоо, хөдөлмөрийн эрх зүйн асуудал хамааралгүй байна.
6. Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийн томилгоотой холбоотой, эсвэл төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргааныг Төрийн албаны төв байгууллага шийдвэрлэхээр зохицуулсан байх тул анхан шатны шүүх энэ талаар дүгнэж, албан шаардлагыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д зааснаар “илт хууль бус” болохыг тогтоож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
7. Мөн хариуцагч улсын ахлах байцаагч Ц.Э нь Тамгын газрын дарга М.Быг уг албан шаардлагаар өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1-д заасан зөрчил үйлдсэн гэж үзсэн боловч Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4-д “… Төрийн албан хаагчийн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоогүй зөрчилд энэ хуульд заасан нийтлэг журмаар шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.” гэж заасныг баримтлан Шийтгэлээс чөлөөлөх хуудас гаргаж, Сумын Засаг даргад зөрчлийн үр дагаврыг арилгаж, М.Бод арга хэмжээ авхуулахаар албан бичгийг хүргүүлснийг анхан шатны шүүхээс нэгэнт хуулиар эрх олгоогүй асуудалд хяналт шалгалт хийж, албан шаардлага гаргасан нь илт хууль бус буюу анхнаасаа гарах ёсгүй албан шаардлагаар албан тушаалтанд үүрэг даалгавар өгч, үүнийг биелүүлээгүй гэх зөрчилд буруутгах эрх зүйн үндэслэлгүй тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн нь зөв болжээ.
7.1. Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6-д “Дараахь эрх бүхий албан тушаалтан доор дурдсан харьяаллын дагуу зөрчлийг шалган шийдвэрлэнэ:” гэж эрх бүхий албан тушаалтан тус бүрийн шалган шийдвэрлэх зөрчил тус бүрийг зүйлчлэн заахтай хамт Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тухай бүр заасан байна.
Тухайлбал, “6.43.мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 10.25, 10.27, 10.29, 11.2 дугаар зүйл, 13.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 7, 8, 9, 10, 11, 12 дахь хэсэг, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 13.11 дүгээр зүйлд заасан зөрчил;” гэж зааснаас үзвэл хариуцагч мал үржүүлэг, технологийн хяналтын улсын байцаагчийн хувьд малын үржүүлэг, генийн санг хамгаалахтай холбоотой гарсан зөрчилд хяналт хэрэгжүүлж, улмаар тухайн зөрчилтэй холбоотой тавьсан шаардлагыг биелүүлээгүй бол 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчилд шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахаар байна.
8. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль буруу хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 126/ШШ2025/0019 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авснаас хойш таван хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ