Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
Хэргийн индекс | 153/2020/00071/и |
Дугаар | 00044 |
Огноо | 2019-01-30 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 00044
2020 оны 01 сарын 30 өдөр | Дугаар 153/ШШ2020/00044 | ******* сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, Д овогт Х-ийн Д //-ын нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 153/2020/00071/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Даваажаргал, нэхэмжлэгч Х.Д нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1977 онд Ховд аймгийн Мөст сумын 10-н жилийн дунд сургуульд 1 дүгээр ангид орж, 1985 онд 8 дугаар ангид орж төгсөөд Увс аймгийн хөдөө аж ахуйн техник мэргэжпийн сургуульд элсэн орж 2 жил сурч төгссөн.Би 1987 онд Увс аймгийн Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийг сүү, сүүн бүтээгдэхүүн мэргэжлээр төгсөөд Ховд аймгийн *******ын *******ийн аж ахуйд илгээлтээр ирсэн. 1987 онд 108 саалийн механик ферм дээр саальчнаар ажилласан. Би Ховд аймгийн *******ын *******ийн аж ахуйд саальчнаар 1987 оноос 1996 он хүртэл ажилласан. Ажиллаж байх хугацаанд *******ийн аж ахуйн нэр нь өөрчлөгдөж Бүтээл хувьцаат компани болох хүртэл бид нар ажилласан. Ажилд орсон тушаал байгаа, ажлаас гарсан тушаал байхгүй байна. Иймд намайг Ховд аймгийн *******ын *******ийн аж ахуйд 1987 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Д нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
.Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Д нь нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн *******ын *******ийн аж ахуйд 1987 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох гэж тодруулав.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Х.Д нь Ховд аймгийн *******ын *******ийн аж ахуйд 1987 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 165 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн ******* *******ийн аж ахуйн даргын 1987 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 69 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн ******* *******ийн аж ахуйн даргын 1990 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 104 дугаартай Тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаалын хуулбар, гэрч Т.Нямаахүүгийн ...Би 1982 оны 10 сараас 1990 он хүртэл Ховд аймгийн ******* сумын тэжээлийн аж ахуйд үнээний фермд саальчнаар ажиллаж байсан. *******ийн аж ахуйн ферм 1990 онд тараад алга болсон....Намайг Ховд аймгийн ******* сумын тэжээлийн аж ахуйн цагаан үнээний фермд саальчнаар ажиллаж байхад 1987 оны хавар Х.Д нь хэдэн хүүхдийн хамт манай ферм дээр илгээлтээр ирж байсан. Илгээлээр ирж байгаа хүүхдүүдийг гэр барьж хүлээж аваад оруулдаг байсан. Ховд аймгийн ******* сумын тэжээлийн аж ахуйн цагаан үнээний ферм дээр бид хоёр 1990 он хүртэл хамт ажиллаж байсан.... гэх мэдүүлэг, гэрч Д.Ундрахын ....Би 1985 оны 6 сард Ховд аймгийн ХАА-н техниккумыг төгсөөд Ховд аймгийн ******* сумын тэжээлийн аж ахуйд зоотехникчээр ажилд орж 1991 он хүртэл ажиллаж байгаад 1991 онд жирэмсний амралтаа аваад аймгийн төв рүү шилжсэн....Х.Д нь 1987 онд Увс аймгийн ТМС төгсөж ирээд 1987 оны 7 сараас Ховд аймгийн ******* сумын *******ийн аж ахуйд саальчнаар ажилд орж намайг явах хүртэл ажилласан. Түүнээс хойш би сайн мэдэхгүй. Х.Д бид хоёр 1987-1991 он хүртэл Ховд аймгийн ******* сумын тэжээлийн аж ахуйн цагаан үнээний фермд хамт ажиллаж байсан.... гэх мэдүүлэг зэрэг баримтаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 4, 5, 6, 28-29, 30-31 дүгээр тал /
Х.Д нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990-2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх лавлагаа тус хэрэгт авагдсан болно. /хх-ийн 16 дугаар тал/
Хавтаст хэргийн 7-9 дүгээр хуудсанд авагдсан гэрэл зургуудийг хэзээ авхуулсан талаар огноо тодорхойгүй, хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудсанд авагдсан иргэн Т.Нямаахүү, Д.Ундрах нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Д овогт Х-ийн Д //-ын Ховд аймгийн *******ын *******ийн аж ахуйд 1987 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х.Д-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ