| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2023/0160/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/155 |
| Огноо | 2023-09-11 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | А.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 2023/ШЦТ/155
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Д даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,
Улсын яллагч А.Д,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А,
Шүүгдэгч Ц.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор А.Дорждэрэмээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Адай иргит овогт Цгийн Гт холбогдох эрүүгийн 2313001770212 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, буудагч мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 331 дүгээр ангид уулын хүнд ротын салааны ахлагч, тасгийн захирагч албан тушаалтай, ам бүл-6, эхнэр, 4 хүүхдийн хамт Баян- Өлгий аймгийн Өлгий сумын .... дугаар /Жана ауыл/ багийн 40 айлын орон сууцны 2 дугаар орцны 26 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овгийн Цгийн Г, регистрийн дугаар .,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Г нь 2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар /Ховд гол/ багийн нутаг дэвсгэрт байрлах “Тирлик” зах дотор үйл ажиллагаа явуулдаг “Арман” төвд байршилтай АТМ-ээс насанд хүрээгүй Н.Айсулуг ашиглан хохирогч Ц.Бын Хаан банкны 5021113469 тоот данснаас 1,000,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар гаргуулан хулгайлан авч 1.000,000 /нэг сая/ төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал, дүгнэлт:
1. Улсын яллагч А.Д шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ц.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай саналтай байна” гэв.
2. Шүүгдэгч Ц.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна.” гэв.
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ц.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй. Шүүгдэгч Ц.Гт 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү. Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах юм бол Ц.Гын гэр нь Өлгийд байдаг, ажлын газар нь Сагсай суманд байдаг учраас зорчих эрх хязгаарлах ял оногдуулах боломжгүй байх. Тиймээс нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгөхийг хүсэж байна.” гэв.
Эрүүгийн 2313001770212 дугаартай хэргээс, улсын яллагч болон хэргийн оролцогч нараас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:
4. Иргэн Ц.Боос гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 04-05 дахь тал/,
5. Хяналтын камерын бичлэг бүхий СД-нд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 07-09 дэх тал/,
6. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 11-13 дахь тал/,
7. Хохирогч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 17, 18, 21 дэх тал/,
8. Насанд хүрээгүй гэрч Н.Айсулугийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,
9. Шүүгдэгч Ц.Гын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 82-84 дэх тал/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
10. Шүүгдэгч Ц.Г, түүний өмгөөлөгч Д.Айбек нараас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
11. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
12. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Гт холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
Хэргийн үйл баримт:
13. Шүүгдэгч Ц.Г нь 2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар /Ховд гол/ багийн нутаг дэвсгэрт байрлах “Тирлик” зах дотор үйл ажиллагаа явуулдаг “Арман” төвд байршилтай АТМ-ээс насанд хүрээгүй Н.Айсулуг ашиглан хохирогч Ц.Бын Хаан банкны 5021113469 тоот данснаас 1,000,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар гаргуулан хулгайлан авч 1.000,000 /нэг сая/ төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
14. Иргэн Ц.Боос гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 04-05 дахь тал/,
15. Хяналтын камерын бичлэг бүхий СД-нд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 07-09 дэх тал/,
16. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 11-13 дахь тал/,
17. Хохирогч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Миний бие 2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр тус аймгийн Ногооннуур суманд цэрэг татлагын ажлаар явж байтал миний 5021113469 тоот данснаас 14 цаг 42 минутанд 1,000,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн талаар миний 80110331 дугаарын утсанд мэдээлэл ирсэн. Дансны үлдэгдэл 782,000 төгрөг үлдсэн. Тухайн үед би эхнэр болох Ц.Баттуяа нь ахуйн хэрэгцээнд авсан байна, түүнд миний Хаан банкны виза карт байна гэж ойлгосон юм. Орой 18 цагийн орчимд гэртээ буцаж ирээд чи данснаас 1,000,000 төгрөг авсан уу гэж эхнэрээсээ асуухад үгүй би чиний данснаас мөнгө аваагүй, чиний карт надад байхгүй шүү дээ гэхэд миний Хаан банкны виза картыг хэн нэгэн авч, мөнгө гаргаж авсныг мэдсэн юм. Миний данснаас мөнгө гарахаас 20 орчим хоногийн өмнө картаа хайгаад олохгүй байгаад байсан. Би интернэт банктай тул картны хэрэгцээ нэг их гараагүй, картаа гэрт нэг газар байгаа байх гэж бодоод нэг их хайгаагүй юм. Гэтэл хэн нэгэн миний картыг авч, миний зөвшөөрөлгүй 1,000,000 төгрөгийг АТМ-ээс гаргаж авсан байна. Би картаа зарим нэг тохиолдолд өөрийн жолооч н.Амарбаясгалан, Ц.Г, н.Нурболат нарт өгч дэлгүүрээс юм авхуулдаг байсан. Миний данснаас 2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 1000000 төгрөгийг зөвшөөрөлгүй авсан этгээдийг олж тогтоон учирсан хохирлыг барагдуулж, холбогдох этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэж өгнө үү. .2023 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Ц.Г нь надруу яриад би тантай уулзах гэсэн юм гээд залгасан бөгөөд удалгүй миний албан өрөөнд ирж, би таны картнаас 2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 1,000,000 төгрөгийг гаргаад авчихсан юмаа, уучлаарай гээд миний данс руу 900,000 төгрөгийг бэлнээр, үлдэгдэл 100,000 төгрөгийг удахгүй танд өгье гэсэн бөгөөд өнөөдөр 100000 төгрөгийг миний 5021113469 тоот дансруу Г гэсэн утгатайгаар шилжүүлсэн байна. ...Миний хохирлыг Ц.Г 100 хувь барагдуулсан” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 17-18, 21 дэх тал/,
18. Насанд хүрээгүй гэрч Н.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн өглөө 12 цагийн орчимд Сагсай сумын таксигаар аймгийн төвд ирж “Тирлик” зах дээр очиж ээжийн захисан зүйлсийг цуглуулаад явж байсан. Тэгээд “Тирлик” зах дотор үйл ажиллагаа явуулдаг “Арман” нэртэй гоо сайхны дэлгүүр лүү орох гэж байтал үл таних бор царайтай, 175 см-ээс дээш өндөр нуруутай, хэвийн жинтэй, хар нүдний шилтэй, хар хөх өнгийн майк /иргэдийн хэлж заншсанаар 100 гр куртик гэх/, дотор талдаа цайвар цэнхэр өнгийн цамц, хөх жинсэн өмд, саравчтай саарал өнгийн малгай, хар өнгийн ботинк өмссөн, 35 орчим настай, эрэгтэй ирээд Хаан банкны виза карт өгөөд энэ картнаас АТМ-ээс мөнгө аваад өгөөч би картнаас мөнгө авч чаддаггүй юм гэж хэлэхээр нь “Арман” дэлгүүрийн ертөнцийн зүгээр урд талд нь байрлах АТМ-рүү мөнгийг нь авч өгөхөөр ороход нөгөө эрэгтэй хүн АТМ-ын гадаа нь үлдсэн. Тухайн үед тэр эрэгтэй картны нууц үгийг нь 0205 гэж хэлээд 1,000,000 төгрөг аваарай гэж хэлсэн, тэгээд би АТМ- ээс картнаас нь 1,000,000 төгрөгийг авч гарч ирэхэд АТМ-ын үүдэнд нөгөө хүн зогсож байсан бөгөөд мөнгө болон картыг нь өгөхөд баярлалаа миний дүү гээд надад 30,000 төгрөг өгсөн. Би түүний өгсөн мөнгийг авахгүй гэсэн боловч 10,000 төгрөгийг нь хүч өгөлгүй надад өгсөн юм. Тэгээд дээрх эрэгтэй “Тирлик” захын дотор талруу яваад орчихсон..., ...түүнийг дахиж харвал танина” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,
19. Хаан банкны 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 5180/239 дугаартай албан бичиг, хавсралт Ц.Быг 5021113469 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 82-84 дэх тал/,
20. Шүүгдэгч Ц.Гын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...намайг яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа, тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй..., ...2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Ц.Быг картыг дахиад төв Хаан банкны дотор байх баруун талаасаа 2 дахь АТМ-д хийж шалгаж үзэхэд 1,700,000 төгрөг байсан. Тухайн үед надад мөнгөний асуудал үүсээд байсан тул “Тирлик” зах дотор явж байгаад үл таних эмэгтэй хүүхдэд чи ахдаа энэ картнаас мөнгөө аваад өгөөч гэж хэлээд картаа өгөөд нууц үгийг нь хэлж “Тирлик” захын Хаан банкны АТМ руу оруулж 1,000,000 төгрөг авхуулж, би нөгөө охинд баярлалаа гээд 10,000 төгрөг өгч, өөрөө зах руу орсон юм. Би тухайн мөнгөөр гэртээ хоол хүнс авсан, 86-95 УНГ улсын дугаартай Тоёотай приус 20 машиндаа засвар хийсэн мөн хувийн хэрэгцээндээ зарцуулж дуусгасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 69-70 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг баримтуудаар шүүгдэгч Ц.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь бүрэн нотлогдож тогтоогдсон байна.
Эрх зүйн дүгнэлт:
21. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх бүрэлдэхүүн үнэллээ.
22. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заажээ.
23. Шүүгдэгч Ц.Г нь амар хялбар аргаар мөнгөтэй болж өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор, шунахайн сэдэлттэйгээр, шууд санаатайгаар үйлдэж, бусдын эд хөрөнгийг, хэн нэгэн хүнд хүч хэрэглэлгүй өмчийн эзэн нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй байхад бусдын өмчлөх эрхэд халдаж бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдож байна.
24. Шүүгдэгч Ц.Гын үйлдсэн хулгайн гэмт хэргийн улмаас буюу хүний эд хөрөнгийн халдашгүй байх эрхэд халдаж хохирогч Ц.Бын Хаан банкны 5021113469 тоот данснаас 1,000,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар гаргуулан хулгайлан авч 1.000,000 /нэг сая/ төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогчийн өгсөн мэдүүлэг, дансны дэлгэрэнгүй хуулга болон бусад баримтаар нотлогдож байх бөгөөд хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
25. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
26. Шүүгдэгч Ц.Гын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Бод 1.000.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогчийн өгсөн мэдүүлэг, дансны дэлгэрэнгүй хуулга”-аар /хавтаст хэргийн 69-70, 82-84 дэх тал/-ээр тогтоогджээ.
27. Шүүгдэгч Ц.Гын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Бод 1.000.000 төгрөгийн хохирол учирсан ба учирсан бодит хохирол болох 1.000.000 төгрөгийг төлж өгсөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
28. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгч Ц.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” дүгнэлтийг,
29. Шүүгдэгч Ц.Гаас “хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлгийг,
30. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Айбекээс “Шүүгдэгч Ц.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү гэсэн” дүгнэлтийг гаргаж эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцсэн болно.
31. Шүүгдэгч Ц.Г нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
32. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
33. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, харин хүндрүүлэх нөхцөл байдалгүй болохыг харгалзан үзлээ.
34. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлжээ.
35. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүгдэгчийг гэм буруутай болохыг үндэслэл болгосон нотлох баримтууд болон хэрэгт авагдсан шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон бусад баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулахаар шийдвэрлэв.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гт Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Засаг даргын Тамгын газарт газар шороо болон мод тарих 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.
36. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт зургаан цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.
37. Шүүгдэгч Ц.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
38. Шүүгдэгч Ц.Гт хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, СД дискийг хэргийн хамт хадгалах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овгийн Цэндсүрэнгийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гыг 300 /гурван зуун / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ц.Гт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Засаг даргын газарт газар шорооны ажил болон мод тарих ажил хийлгэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт зургаан цагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
6. Шүүгдэгч Ц.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СД диск 1 ширхгийг хэргийн хамт хадгалсугай.
7. Шүүгдэгч Ц.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.Д