Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1023

 

   

                                                                                                                  

           

 

  2023         07          25                                       2023/ШЦТ/1023

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтанцэцэг,

Улсын яллагч А.Намдаг,

Шүүгдэгч Ц.Э, О.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********* ургийн овогт Ц.Э, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ургийн овогт О.Т нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай 1 хавтас хэргийг 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эцэг, дүүгийн хамт ************** оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

******** ургийн овогт Ц.Э /РД:**********/,

Монгол Улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Боомтын аюулгүй байдлын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, **************** оршин суух хаягтай, урьд

Дорнод аймгийн сум дундун Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан,

******** ургийн овогт О.Т /РД:********/,

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ц.Э нь 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 20 Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Скай” супер маркетын 00-ын өрөөнөөс иргэн Б.Арийн эзэмшлийн Самсунг-А52 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч 699,600 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч О.Т нь Ц.Эг 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах “Скай” хүнсний дэлгүүрийн бие засах өрөөнөөс байсан иргэн Б.Агийн эзэмшлийн “Самсунг-А52” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан буюу, Самсунг А52 маркийн гар утсыг гэмт хэргийн улмаас олсон эд зүйл болохыг мэдсээр байж иргэн Б.Агийн эзэмшлийн Самсунг А-52 маркийн гар утсыг Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өзөөд финанс барьцаалан зээлдүүлэх газарт 240,000 төгрөгийн барьцаанд тавьж ашигласан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэжээ.

Шүүгдэгч О.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэжээ.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ц.Э нь 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 20 Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Скай” супер маркетын 00-ын өрөөнөөс иргэн Б.Агийн эзэмшлийн Самсунг-А52 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч 699,600 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч О.Т нь Ц.Эг 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах “Скай” хүнсний дэлгүүрийн бие засах өрөөнөөс байсан иргэн Б.Агийн эзэмшлийн “Самсунг-А52” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан буюу, Самсунг А52 маркийн гар утсыг гэмт хэргийн улмаас олсон эд зүйл болохыг мэдсээр байж иргэн Б.Агийн эзэмшлийн Самсунг А-52 маркийн гар утсыг Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өзөөд финанс барьцаалан зээлдүүлэх газарт 240,000 төгрөгийн барьцаанд тавьж ашигласан талаар хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.Агийн “...2022 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 13 цагийн орчим цайндаа орох гээд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 225 дугаар байрны 1 тоотод байрлах Скай дэлгүүрээс гараад 9 тоот ажлын өрөө рүү явсан. Тэр өдөр Бабуул трейдээс яриад Бабуулаа авах уу гэхээр нь яриад утсаа 00-ын өрөөнд үлдээсэн байсан чинь “Бабуул трейд”-ээс ирсэн борлуулагч эмэгтэй нь танай 00 ормоор байна гээд 00 ороод гарч ирээд буцаад гар угаан гэж хэлээд 00 ороод шууд гарч явсан гэсэн. Би 20 минутын дараа цайгаа ууж ирээд 00 ороод утсаа үзсэн чинь байхгүй байсан. Би хяналтын камерын бичлэг үзэхэд 00-ийн өрөөнд хүргэлтийн эмэгтэй л орсон байсан. Миний утсыг манай нөхөр 2022 оны 02 дугаар сард 1,099,000 төгрөгөөр авч өгч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15/-р тал,

Гэрч Г.Нын “...тухайн гар утсыг 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Ж.М /РД:**********/ утас ******* гэх үйлчлүүлэгч 240,000 төгрөгөөр барьцаанд 10 хоногийн хугацаатай тавьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24/-р тал,

“Өзөөд финанс” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээ /хх-ийн 26/-р тал,

Гэрч Ж.Мийн “...2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр надтай хамт ажилладаг байсан Тэмүүлэн гэх залуу найзад нь бичиг баримт байхгүй байна. Чи бичиг баримтаараа гар утас ломбарданд тавиад өгөөч, манай хүүхдийн бие нь өвдөөд байна гэж хэлсэн. Тэгээд би Баянгол дүүргийн 25 дугаар эмийн сангийн автобусны хойд буудлын Тэлмэн дэлгүүр доторх ломбарданд 354704170823610 имей кодтой Самсунг А52 маркийн гар утсыг 240,000 төгрөгөөр барьцаанд тавьж өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 28/-р тал,

Яллагдагч Ц.Эгийн гэрчээр өгсөн “...эхний удаа нойл орохдоо Самсунг А52 маркийн гар утсыг аваад гарсан. Тэгээд би дэлгүүрээс гараад Бабуул трейд ХХК-ийн түгээлтийн жолоочоор ажиллаж байсан өөрийн нөхөр болох Тд “би сая дэлгүүрийн нойлоос Самсунг А52 маркийн гар утсыг олоод авчихлаа” гэж хэлсэн, тэр үед Тэмүүлэн “одоо олсон юм чинь надад өгчих” гэж хэлээд тухайн гар утсыг надаас авсан. Ингээд тухайн өдөр түгээлт хийж яваад цайндаа ороод явж байтал Скай дэлгүүрээс намайг гар утас авчихсан байна, гар утас аваад ир гэсэн утгатай мессеж бичсэн байсан. Тэр өдөр Тэмүүлэн Самсунг А52 маркийн гар утсыг надаас авсан түүнээс хойш, хэзээ хаана, хэдэн төгрөгөөр ломбарданд тавьсан болохыг хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 30/-р тал,

2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Дамно ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ гаргасан тайлан /хх-ийн 39/-р тал зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгч Ц.Э, О.Т нар нь тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.Эгийн тухайд

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн хувийн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогддог.

Хулгайлах гэмт хэрэг нь өмчлөх эрхийн бусад хэлбэрээс ялгагдах нэг онцлог нь хулгайлагдсан эд юмс нь гэмт халдлагад өртөгдөх үед иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, эзэмшигч тэдгээрийн эд хариуцагч хүмүүс, албан тушаалтны мэдэлд байх бөгөөд гэмт этгээд түүнтэй харьцах хууль ёсны эрх, үүрэггүй учир нууц, далд аргаар авч өөрийн эзэмшил болгодгоороо онцлог.

Шүүгдэгч Ц.Эгийн тухайд дээр дурдагдсанчлан бусдын эд хөрөнгийг хувийн ашиг олох гэсэн шунахайн сэдэлтээр нууцаар, хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэж үзэж прокуророос түүний үйлдэлд холбогдуулан Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэж заажээ.

Шүүгдэгч Ц.Э нь тухайн эд зүйл буюу Самсунг А52 маркийн гар утсыг 00-ийн өрөөнд үлдээсэн байхад нь олж авсан болох нь хэрэгт авагдсан шүүгдэгч болон хохирогч нарын мэдүүлгээр нотлогддог.

Иймд шүүгдэгч Ц.Эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ц.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч О.Тгийн тухайд

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч О.Т холбогдуулан Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн.

Мөнгө угаах гэмт хэрэг гэдэг нь “санхүүгийн системийн тогтвортой байдлыг эвдээд зогсохгүй эдийн засгийн хямралд хүргэдэг нийгэм аюултай, гэм буруутай үйлдэл” гэж тодорхойлсон.

Шүүгдэгч О.Тгийн үйлдэл нь уг гэмт хэргийн шинжийг агуулаагүй, санхүүгийн системийн тогтвортой байдлыг хэрхэн эвдсэн нь тодорхойгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн шинжгүй” бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заажээ.

Иймд шүүгдэгч О.Тг Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдохгүй байна гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч Ц.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч О.Тд Эрүүгийн хуулийн тусгай хуулийн ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулах...” саналыг гаргасан бол,

Шүүгдэгч нарын зүгээс “...хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэсэн саналыг гаргасан болно.

Шүүгдэгч Ц.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ...” гэж заажээ.

Шүүгдэгч Ц.Эгийн тухайд бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон эх болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Шүүхээс шүүгдэгч Ц.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.

Гурав. Бусад

Шүүгдэгч Ц.Эгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч “Өзөөд финанс” ХХК-д 240,000 төгрөг, “Дамно” ХХК-д 19,800 төгрөг нийт 259,800 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Ц.Эгээс гаргуулан олгох нь зүйтэй.

-хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг СД-г хэрэгт хавсаргаж үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч О.Тд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Ц.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

3. Шүүгдэгч ********** ургийн овогт Ц.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас шүүгдэгч Ц.Эг чөлөөлсүгэй.

5.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эгээс хохирогч “Өзөөд финанс” ХХК-д 240,000 төгрөг, “Дамно” ХХК-д 19,800 төгрөг нийт 259,800 төгрөгийг гаргуулан тус тус олгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э, О.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.БЭЭЖИН