Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/157

 

 

 

 

      Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Д даргалж,

      Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,

      Орчуулагч, хэлмэрч Б.Ж,

      Улсын яллагч Х.Ө,

      шүүгдэгчийн өмгөөлөгчид Д.А, С.Т,

      шүүгдэгч К.Н, А.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Өээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Ан С, Н овогт Кны Н нарт  холбогдох эрүүгийн 2213003480006 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

     

      Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

             1.1 Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 06-нд Баян-Өлгий аймгийн Баяннуур сумд төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс Казах, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын ... дүгээр баг, Цэцэгтэд оршин суух хаягтай, Улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 142 дугаартай шийтгэх тогтоолоор 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, О овогт Ан С, регистрийн дугаар:..........

 

    1.2. Монгол Улсын иргэн, 1975 оны 09 дүгээр сарын 15-нд Баян-Өлгий аймгийн Өлгий сумд төрсөн, 48 настай, эрэгтэй, яс үндэс Казах, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ...дүгээр баг, Их булангийн 13 дугаар гудамж, 6 тоотод оршин суух хаягтай, Улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Н овогт Кы Н, регистрийн дугаар: ....

 

 

     Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

     1. Шүүгдэгч А.С, К.Н нар бүлэглэн 2022 оны 11 дүгээр сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт байрлах иргэн О.Тгийн эзэмшлийн байшингийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтрэн орж, 50 кг-ын савлагаатай “Ургац” нэртэй 1 шуудайтай /задлаагүй/ гурилыг хулгайлан авч, 93,000 төгрөгийн хохирол буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч Х.Ө шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч А.С, К.Н нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнийг “Байнгын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна.” гэв.

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Сийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэхдээ: “...Хохирлоо бүрэн төлүүлж авсан, надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

3. Шүүгдэгч А.С мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.”  гэв.

4. Шүүгдэгч К.Н мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.”  гэв.

5. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тилеуберди шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч К.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй. Шүүгдэгч нь нь гэмт  хэргийн  улмаас  учирсан  хохирлыг  мөнгөн  дүнгээр  100  хувь төлж барагдуулсан”  гэв.

6. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ак шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч А.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй”  гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2213003480006 дугаартай хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:

7. Иргэн С.Саас 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр амаар гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтас хэргийн -ийн 01 дэх тал/,

8.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 3-8 дахь тал/,

9. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 9-14 дэх тал/,

10.Прокурорын зөвшөөрлөөр мөрдөгчийн эд мөрийн баримтыг хураан авсан тухай тэмдэглэл, прокурорын зөвшөөрлүүд /хавтаст хэргийн 15-26 дахь тал/,

11. Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хавтаст хэргийн 29 дэх тал/

12.Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 20 дахь тал/

13. Хохирогч О.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,

14. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Сарантуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг / хавтаст хэргийн 46-47 дахь тал/,

15. Гэрч А.Тийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 54 дэх тал/,

16. Насанд хүрээгүй гэрч Т.Нур-Исламын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дахь тал/,

17. “Ашид Билгүүн” ХХК-ний 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн БӨА-22-0338 дугаартай үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 60-63 дахь тал/,

18. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 22/61 дугаартай шинжээчийн дүгнэлт / хавтаст хэргийн 70-72 дахь тал/,

19. Шүүгдэгч А.Сы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг / хавтаст хэргийн 111 дэх тал/,  

20. Шүүгдэгч К.Нын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг / хавтаст хэргийн 95-96 дахь тал/  зэргийг,

21. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч  нараас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас нотлох баримт шинжлэн судлуулаагүй.

 

            Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

22.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

23. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч А.С, К.Н нарт холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

Хэргийн үйл баримт:

24. Шүүгдэгч А.С, К.Н нар бүлэглэн 2022 оны 11 дүгээр сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт байрлах иргэн О.Танангийн эзэмшлийн байшингийн хаалганы цоожийг нь эвдэн хууль бусаар нэвтрэн 50 кг-ын савлагаатай “Ургац” нэртэй 1 шуудайтай /задлаагүй/ гурилыг хулгайлан авч, 93000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

25. Иргэн С.Сарантуяагаас 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр амаар гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтас хэргийн -ийн 01 дэх тал/,

26.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 3-8 дахь тал/,

27. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 9-14 дэх тал/,

28.Прокурорын зөвшөөрлөөр мөрдөгчийн эд мөрийн баримтыг хураан авсан тухай тэмдэглэл, прокурорын зөвшөөрлүүд /хавтаст хэргийн 15-26 дахь тал/,

29. Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хавтаст хэргийн 29 дэх тал/

30.Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 20 дахь тал/

31. Хохирогч О.Тийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний тэтгэврийн мөнгөөр 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тус аймгийн “Тирлик” захаас 50 кг шуудайтай /гурилын нэрийг сайн санахгүй байна гэв/ гурилыг охин С.С авч ирж, хүнсэндээ хэрэглэхээр хадгалж байсныг өчигдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 21-ээс 22-нд шилжих шөнө зуны байшингийн хаалганы 2 давхар цоожийг эвдэлж ороод хулгайлаад авч явсан байна. Уг гурил хулгайлсан хүнийг олуулж авахаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан билээ. Энэ хэрэгт дэлгэрэнгүй мэдээллийг манай охин Сарантуяа өгөх байх. Миний бие өндөр настай, даралт ихэсдэг, бөөр, толгой өвддөг шалтгааны улмаас энэ хэрэгт миний төрсөн охин С.С хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулж надад учирсан хохирлыг охин Сарантуяа нэхэмжлэн хэрэгт оролцох боломжтой бол миний хүсэлтийг хангаж шийдвэрлэж өгнө үү. Өөр надад хэлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хх- /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,

32. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Сийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай гэрт 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хулгай орж Ургац нэртэй 50 кг гурил бүтнээрээ алдагдсан мөн тухайн хулгай орсон дуудлага мэдээлэлд цагдаагийн байгууллагад ирж очиход машинд 10,000 төгрөгийн бензин хийсэн. Ашид билгүүн ХХК-ний үнэлгээгээр гурилыг зах зээлийн ханшаар 93000 төгрөгөөр үнэлсэн мөн байшингийн 2 ширхэг дунд зэргийн цоожийг 5000 төгрөг 2 ширхэг нь 10,000 төгрөг, дээрх үнэлгээг гаргуулахад шинжээчийн дүгнэлтийн төлбөрт 10,000 төгрөг төлсөн. Үүнээс 50 кг гурилыг бүтнээр нь хүлээж авсан. Үлдсэн хохирол болох 30,000 төгрөгийг өнөөдөр буюу 2023 оны 01 дүгээр сарын 16-ны орой 17 цагийн үед К.Н гэх нэртэй залуу надаас уучлалт гуйж бэлнээр өгсөн. Тухайн мөнгийг өөрөө ажил хийгээд олсон гэж хэлсэн. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 52 дахь тал/,

33. Гэрч А.Тийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн өгсөн “...Миний бие Өлгий сумын 4 дүгээр багт гэрийнхээ ойролцоо "Айдын” хүнсний дэлгүүрийн эзэд идэш ээ гаргаж байхаар нь тэдний идшийг гаргахад тусалж байхад хүү Нурислам “Айдын” дэлгүүрийн эзэн Хурметбекийнд 21 цагийн орчимд хүрч ирээд манай гэрт Н, С хоёр 50 кг шуудайтай гурил авч ирлээ, Н ах мөнгө хэрэгтэй байна, гурил аваад мөнгө өгчхөөч гэж байна яах уу? гэж асууж ирэхээр нь тэр гурилыг зах дээр хэдэн төгрөгөөр худалдаж байна тэр үнээр нь худалдаад авчих гэхдээ гурилын мөнгийг бүгдийг нь өгч болохгүй шүү гэдгийг хүү Нмд хэлээд явуулсан ба Н нь манайд туслах ажил хийдэг байсан Н, С нарт 50.000 төгрөгийн бэлнээр өгөөд гурилыг гэртээ авч үлдсэн байсан. Энэ гурилыг хулгайлах төрлийн гэмт хэргийн улмаас олсон гурил гэдгийг мэдэхгүй. Н, С нарыг сайн танина, манай гэрт ирж хөлсөөр ажил хийгээд цалин хөлсөө авч явдаг залуучууд байсан. Манай хүү ч тэр хоёрыг сайн таних болохоор уг гурилыг авсан. Харин тухайн үед би байгаагүй, оройхон гэртээ хариад гурилыг харахад “Ургац” нэртэй, 50 кг жинтэй, цэнхэр өнгийн шуудаатай гурил байсан. Тэр гурилыг зуны амбаартаа хадгалж байгаад тэр чигээр нь Цагдаагийн байгууллагад хураалгасан...” гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 54 дэх тал/,

34. Насанд хүрээгүй гэрч Т.Нур-Исламын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...Би 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гэртээ ганцаараа байсан. Аав А.Тк, ээж И.М нар нь хөрш айл болох Хурметбекийн идэш гаргахад нь туслахаар явсан. Орой 21 цагийн үед байх манай гэрт хар ажил хийж өгдөг К.Н ах хажуудаа нэг ахтай хамт хоёулангаас нь архи үнэртчихсэн ирсэн. Ирэхдээ 1 бүтэн 50 кг цэнхэр өнгийн ууттай гурил авч ирсэн бөгөөд тэр гурилыг худалдаж авсан, өөрөө хэрэглэж дуусахгүй болохоор нь зарах гэсэн юм гэсэн юм ахад нь 50.000 төгрөг хэрэг болоод байна гэхээр нь аав А.Ткт очиж хэлэхэд тэрээр гэрт байгаа мөнгөнөөс 50,000 төгрөгийг өгөөд гурилыг нь амбаарт оруулчих гэж хэлсэн. Би буцаж гэрт ирээд аавын мөнгө хадгалдаг газраас 50,000 төгрөгийг К.Н ахад өгсөн тэгээд хамт явсан хүнтэйгээ цуг манайхаас гараад явсан. Хаашаа явсныг би сайн мэдэхгүй байна. К.Н хар өнгийн казах дээлтэй /чапан/ өмд гутлыг нь сайн санахгүй байна хажууд нь явсан хүн нь шар царайтай казах эрэгтэй хүн байсан. К.Н нь гурилыг захаас худалдаж авсан өөрөө хэрэглэж дуусахгүй мөнгөний хэрэг гараад зарах гээд байна гэж хэлсэн. Надад 50.000 төгрөг л хэрэгтэй гэж хэлээд тэр мөнгийг нь өгөөд явуулсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дахь тал/,

35. “Ашид Билгүүн” ХХК-ний 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн БӨА-22-0338 дугаартай үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 60-63 дахь тал/,

36. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 22/61 дугаартай шинжээчийн дүгнэлт / хавтаст хэргийн 70-72 дахь тал/,

37. Шүүгдэгч А.Сы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би К.Н нь шөнийн 21 цагийн үед Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт ганцаараа нэг шуудай гурил өргөөд явж байхад нь таарсан. Тэрээр надад хөдөөнөөс хүн мөнгө явуулаад гурил захисан тэрийг Тийн гэрт хэргээд өгөөч гэхээр нь хамт өргөлцөөд Тйн гэрт хүргэж өгчхөөд яваад өгсөн. Би тухайн өдөр нь К.Нтой уулзахаас өмнө өөрөө ганцаараа 1 шил архи уучихсан согтуу байсан. К.Нтой хамт гурилыг нь хүргэж өгсний дараагаар тэрээр өөрийн халаасанд байсан тал шил архи гаргаж өгснөөс 1-2 балгачхаад гэр рүүгээ харьсан болсон явдал энэ юм...” / хавтаст хэргийн 111 дэх тал/, 

38. Шүүгдэгч К.Нын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр орой цагийг нь сайн санахгүй байна нэлээд орой болчихсон байхад танил болох А.С манай гэрт ирсэн. Тэрээр ирэхдээ архи уучихсан ирсэн байсан ба би ч бас өдөр нь зах дээр хар ажил хийж байгаад хэдэн төгрөг олсон тэр төгрөгөөсөө 3 шил Сэржим нэртэй архийг хамт ажил хийсэн танихгүй залуустай уугаад гэртээ унтаж амарч байсан. А.С манай гэрт ирээд надаас нэг шил архи байна уу гэж асуухаар нь би өдөр мөнгөөрөө архи аваад уучихсан одоо надад мөнгө ч байхгүй, архи ч байхгүй гэж хэлсэн. Тэгэхэд А.С тэгвэл хоёулаа нэг шил архи олж ууя гээд намайг дагуулаад гэрээс гарсан. А.С хуучин хамт архи уудаг байсан Октябрь гэх залуугийн гэрт очиж тэндээс архи ууна гээд намайг дагуулаад Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хашаагүй нэг давхар блокон байшинтай айлд очсон. Тухайн байшин нь цоожтой байсан ба А.С хаалгыг гараараа татаж онгойлгосон уг хаалгаар дотогш ороход ахиад байшингийн хаалга цоожтой байхад тухайн хаалгыг мөн А.С гараараа татаж онгойлгосон. Тэгээд тухайн байшин дотор ороод галын хажууд байсан бүтэн шуудайтай 50 кг-ийн гурил байхаар нь тэрийг зараад мөнгөөр нь архи авч ууя гээд А.С бид хоёр уг гурилыг авч гарсан. Байшингийн цоожийг яасан талаар би сайн мэдэхгүй байна А.С нэг газарт хаясан уу тухайн газарт үлдээснийг мэдэхгүй байна. Бид хоёр уг хулгайлсан гурилыг явган дамжиж өргөсөөр байгаад Өлгий сумын 4 дүгээр багт байдаг А.Т гэх хүний гэрт очсон. А.Тийн гэрт А.С бид хоёр хар ажил хийж өгдөг байсан учраас сайн танина. Тэдний гэрт очиход А.Т гэртээ байхгүй хүүхэд нь байхаар түүнийг аавтай нь утсаар яриулж байгаад гурилыг 50,000 төгрөг худалдсан. Уг мөнгөөрөө А.С бид хоёр архи аваад манай гэрт уугаад орой хоол хийх гэж байхад цагдаа нарт баригдсан, болсон явдал энэ юм. Тухайн өдөр бүх мөнгөөрөө архи аваад уучихсан юм... Бид хоёр тухайн байшингийн хаалгыг онгойлгохдоо ямар нэгэн эвдлэгч багаж ашиглаагүй, хаалгыг зөвхөн А.С онгойлгосон. Би хохирогчийн хохиролд ямар нэгэн мөнгө төгрөг төлөөлгүй, харин намайг зах дээр явж байхад А.Т уулзаад нөгөө гурил авсан мөнгөнийхөө оронд гэрийн хар бор ажил хийгээд өрөө цайруулж болно мөнгө нэхэмжлэхгүй гэж хэлсэн...”мэдүүлэг / хавтаст хэргийн 95-96 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

 

Хууль зүйн дүгнэлт.

39. Шүүгдэгч А.С, К.Н нар нь амар хялбар аргаар мөнгөтэй болж өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор, шунахайн сэдэлттэйгээр, шууд санаатайгаар үйлдэж, бусдад мэдэгдэлгүй бусдын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар орсон, хэн нэгэн хүнд хүч хэрэглээгүй, хулгайлагдсан өмчийн эзэд нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй, бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх аргаар бусдын өмчлөх эрхэд халдаж бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд хэлэлцүүлсэн дээрх баримтуудаар нотлогдож байна.

40. Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд зүйлийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр өөрийн эзэмшилдээ авч, захиран зарцуулах боломжтой болсноор уг хэрэг үйлдэгдэж төгссөнд тооцдог.

41. Шүүгдэгч нь хууль бусаар олсон эд зүйлсийг өөрийн дураар захиран зарцуулж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул дээрх хууль бус  үйлдэл нь төгссөн гэмт хэргийн шинжийг агуулж байна.

42. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч нар нь өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан ч энэ гэмт хэргийг хүсэж, шунахайн сэдэлтээр, санаатай үйлдсэнээр хохирогч О.Тананд хохирол учирсан байна гэж үзлээ.

43. Шүүгдэгч нар иргэн О.Тгийн эзэмшлийн байшингийн хаалганы цоожийг нь эвдэн хууль бусаар нэвтрэн орж “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн баримтуудаар тогтоогдсон бөгөөд уг байр нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хамаарна.

44. Шүүгдэгч А.С, К.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

45. Мөн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэмт хэргийн тайлбараас үзвэл орон байранд орж, машин механизм ашиглаж үйлдсэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хохирлын хэмжээ хэд байхаас үл хамаарч хүндрүүлэх нөхцөл байдалтай хулгай хийсэн гэж үзнэ.

46. Иймд шүүгдэгч А.С, К.Н нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Байнгын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул  дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

47. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар, ёс суртахууны хүмүүжил дутмаг байдал, архи согтууруулах ундааны  зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

48. Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

49. Шүүгдэгч А.С, К.Н нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.Тананд 93000 төгрөгийн хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нар нь дээрх хохирлуудыг төлж барагдуулсан байх тул тэднийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

50. Шүүгдэгч А.С, К.Н нар нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

51. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч А.С, К.Н нарт үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

52. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ” хэмээн хуульчилсан бөгөөд шүүгдэгч А.С, К.Н нарын үйлдсэн гэмт хэрэг нь хүнд гэмт хэргийн ангилалд хамаарна.

53. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

54. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.С, К.Н нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т  заасан хүндрүүлэх нөхцөл байдалыг харгалзан үзэв.

 

55. Шүүгдэгч А.С нь урьд хулгайлах төрлийн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 127 дахь тал/, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/142 дугаар шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 129-131 дэх тал/,тогтоогдож байна. Харин шүүгдэгч К.Н нь  урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 126 дахь тал/-аар тогтоогдож байна.

56. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлжээ.

57. Шүүгдэгч К.Нын үйлдсэн гэмт хэргийн шинж, сэдэлт, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон хувийн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жил, 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч А.Сы урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ба гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлснээс хойш нэг жил өнгөрөөгүй байхад дахин энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон байдал болон  хувийн байдал зэргийг харгалзан 2 /хоёр/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэв.

58. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасныг удирдлага болгон дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

59. Шүүгдэгч А.С нь 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЗ/210 дугаар захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж заасныг үндэслэн шүүгдэгч А.Сы цагдан хоригдсон 18 /арван найм/, шүүг дэгч К.Нын цагдан хоригдсон 54 /тавин дөрөв/ хоногийг тус тус эдлэх хорих ялаас хасаж тооцох нь зүйтэй.

60. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч К.Нын 1 хос пүүзэн гутлыг шүүгдэгч К.Нд буцаан олгох нь зүйтэй.

61. Энэ хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний хувийн бичиг баримт ирээгүй, энэ хэрэгт тусгаарласан болон нэгтгэсэн хэрэг байхгүй болохыг дурдаж байна.

62. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгч нарын авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О овогт Айн С, Н овогт Кы Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч А.Сыг 2 /хоёр/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч К.Ныг 1 /нэг/ жил, 4 /дөрвөн/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сд оногдуулсан 2/хоёр/ жил 10 /арав/ хоногийн, шүүгдэгч К.Нд оногдуулсан 1 /нэг/ жил, 4 /дөрөв/ сарын хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ хэргийн улмаас цагдан хоригдсон шүүгдэгч А.Сы 18 арван найм/, шүүгдэгч К.Нын 54 /тавин дөрөв/ хоногийг тэдний эдлэх хорих ялд оруулан тус тус тооцсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 хос пүүзэн гутлыг шүүгдэгч К.Нд буцаан олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгч А.С, К.Н нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, тэдний эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 А.Д