Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/130

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав,

Улсын яллагч Г.Бат-Оргил,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох 2309000001141 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

            Монгол Улсын иргэн, 1997 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...., аав, ээж, дүүгийн хамт Сүхбаатар аймаг Баруун-Урт сум ....дугаар баг, ............... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ******* регистрийн дугаартай, *******  овогт ******* *******.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь ******* ухааны их сургуулийн багш, гадаад хэлний боловсрол-Англи хэл мэргэжлээр суралцсан боловч сургуулиас хасагдсан төгсөөгүй байж 2018 онд төгссөн гэх .............. дугаартай “БОЛОВСРОЛЫН БАКЛАВАР” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2021 оноос Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын ерөнхий боловсролын сургуулийн Англи хэлний багшаар ажилд орохдоо ашигласан  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2014 онд ******* ухааны их сургуулийн Англи хэлний багш, орчуулагчийн ангид элсэн орсон юм. Ингээд 2017 оны намар 4 дүгээр курстээ ороод 2 дугаар семестр эхлэх үе буюу 2018 оны 01 дүгээр сард сургалтын төлбөрөө төлөөгүй байсан тул сургуулиасаа хасагдсан. Ингээд би сургуулиа төгсөж чадаагүй байж байтал 2018 оны 12 дугаар сард шиг санаж байна нэг хүн над руу утсаар яриад "эгч нь ******* ухааны сургуулиас ярьж байна, эгчийн дүү дипломын шивэлтэд орчихсон юм байна, төлбөрөө төлөөд дипломоо авах уу" гэж ярьсан. Тэгээд би тухайн үедээ итгээгүй юм. Тэгтэл 2019 оны 01 дүгээр сард билүү 02 дугаар сард дахиж тэр хүн яриад “Дипломоо авахгүй юм уу" гээд байхаар нь би тухайн хүнтэй хотын төвд нэг ресторанд уулзахад надад хэлэхдээ шивэлтэд орчихсон болохоор асуудалгүй байдаг юм гэж байсан. Тэгээд би төгсөлтийн шалгалтаа өгөөгүй шүү дээ гэсэн чинь чиний диплом гарах боломжтой гэхээр нь тухайн хүнтэй холбогдож байгаад 2019 оны 08 дугаар сард тухайн хүнд бэлнээр 2.600.000 төгрөг өгсөн. Тэгээд тэр хүн хэлэхдээ энийг чинь сургууль руу чинь тушаана гэж байсан. Тэгээд мөнгө өгсний маргааш нь миний диплом гарсан гэхээр нь хотын төвд очиж дипломоо авсан. Ингээд 2021 оны 08 дугаар сард Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Ерөнхий боловсролын сургуульд Англи хэлний багшаар ажилд орсон юм. Би тухайн дипломыг авахдаа ямар нэгэн улсын шалгалт өгөөгүй. Манай сургууль нь диплом олгохдоо голчоосоо хамаараад улсын шалгалт өгөх диплом хамгаалах гэсэн 2 сонголттойгоор төгсдөг. Би тухайн 2 шалгалтын аль алиныг нь өгөөгүй. Би тухайн дипломыг мөнгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг /хэргийн 169-170-р хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажилладаг ба манай сургууль 2021 оны 08 дугаар сард Англи хэлний багш ажилд авах зарыг сум аймаг улсын хэмжээнд нээлттэй зар тавьсан. Ингээд сонгон шалгаруулалтад оролцохоор ******* ******* гэх хүн бүртгүүлсэн. Тухайн хүнийг би танихгүй байсан ба тухайн үед анх удаа харсан. Тухайн хүний баримт бичигтэй танилцахад ******* ухааны Их сургуулийн Англи хэлний багш мэргэжилтэй боловсролын бакалавр зэрэгтэй хүн байсан. Тэгээд ажлын хэсэг *******ээс шалгалт авахад шалгалтад тэнцсэн учраас сургуульдаа Англи хэлний багшаар ажилд авсан. ******* нь 2021 оны 08 дугаар сарын 25-наас эхэлж ажилласан. ******* нь манай сургуульд Англи хэлний багшаар 2021 оны 08 дугаар сараас одоог хүртэл ажиллаж байгаа ба 2023 оны 05 дугаар сард ******* нь өөрөө ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн өргөдөл өгсөн ба хичээлийн жилийн төгсөлтийн үйл ажиллагаатай давхацсан тул ажлаас чөлөөлөх тушаал нь гарч байгаа... ******* нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан, сарын үндсэн цалин 1,050,000 төгрөгийн цалинтай үүнээс шимтгэлүүд нь суутгагдаж гарт 800,000-900,000 орчим төгрөг авдаг байсан... Надад гаргах гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 162-163-р хуудас/,

 

Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн “...Ерөнхийдөө шалгалт 2021 оны 12 дугаар сарын сүүлээр эхэлсэн ба эхний ээлжид шалгалтын бэлтгэл ажлыг хангах 2 сарын хугацаа шаардагдсан ба түүнд боловсролын мэдээллийн системд байгаа багш нарын мэдээллийг татаж авах, Багш нарын дипломыг pdf файлаар татаж авах архивын ерөнхий газраас мэдээлэл гаргуулж авах зэрэг мэдээлэл цуглуулах ажилд маш их хугацаа орсон. Тухайн хяналт, шалгалтыг явуулах туршлагатай мэргэжилтэн шаардлагатай байсан тул мэргэжлийн хяналтын байцаагч, боловсролын ерөнхий газраас мэргэжилтэн татан оролцуулж тушаалд өөрчлөлт оруулж уг ажлыг эхэлсэн. Мөн ажлын хэсгээ дотор нь 2 болгож хуваасан ба хувь хүний нууцлалтай хэсэг дээр бол мэргэжлийн хяналтын байцаагч боловсролын ерөнхий газрын мэргэжилтэн, манай газрын ахлах шинжээч нарыг оруулж тэдгээр хүмүүстэй нууцлалын баталгаа гаргуулж шалгалтын үндсэн ажлыг дээрх хүмүүс 2022 оны 03 сараас эхэлж 08 дугаар сарыг дуустал хийж гүйцэтгэсэн харин бусад ажлын хэсэгт орсон хүмүүс нь бол дээрх хүмүүсийг ажиллах нөхцлийг хангаж мэдээллийг цэгцлэх, цуглуулах хэлбэрээр ажилласан юм. Дээрх шалгалтын үр дүнгийн тайланд бусад шалгалтаар тогтоогдсон дэлгэрэнгүй мэдээллийг тусгасан байгаа. Би яг системийг хэзээнээс эхлэн ашигласныг бол сайн мэдэхгүй байна гэхдээ манай байгууллагад ESIS, HEMIS гэсэн үндсэн 2 программ ашиглагддаг юм. Тухайн HЕMІЅ программд бүх их, дээд сургуулиуд төгсөгчдийн мэдээллийг оруулдаг ба түүнийг боловсролын ерөнхий газар баталгаажуулдаг байсан харин ЕЅІЅ программд Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль сурагчдын дэлгэрэнгүй мэдээлэл байдаг юм. ESIS систем нь Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй бүхий л мэдээлэл багтдаг юм. Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем гэдэг нь HЕMIS программ буюу их дээд сургууль төгсөгчдийн дипломын мэдээлэл юм. Ерөнхийдөө шалгалтаар системд бүртгэлгүй, дугаар давхардсан гэх зөрчлүүд гарч байсан гэхдээ шалгалтын явцад бол цагдаагийн байгууллагад шилжүүлсэн хүмүүсийн мэдээлэл нь 4-5 өөр баримт бичиг дээр үндэслэн зөрчилтэй диплом баталгаажсан мэдээллийг үндэслэж хүргүүлсэн юм тэрнээс биш 1-2 эх үүсвэр дээр зөрчилтэй мэдээллийг цагдаагийн байгууллагад хүргүүлээгүй. Хувь хүнээс санаатайгаар хуурамчаар үйлдсэн байж болзошгүй дипломын тамга, тэмдэг, гарын үсэг, дипломын дугаар, мэргэжлийн индекс буруу, өөр хүний овог нэр, регистрийн дугаар ашигласан зэрэг маш олон зөрчлүүдийг ойлгож байгаа юм. Эдгээр 4-өөс 5 баримт бичгийг тулгаж тогтоогдсон дипломуудыг хуурамч байж болзошгүй гэж үзээд бидний зүгээс зөрчилтэй дипломын тоонд оруулж цагдаагийн байгууллагад шалгуулахаар хүргүүлсэн юм. Их дээд сургуулиудын хүчингүй болгосон дипломын дугаар ашигласан, Бүртгэлгүй дипломын дугаар ашигласан, Их дээд сургуулийн нэр зөрүүтэй, төгсөгчдийн диплом алдаатай бичиглэл хийсэн, дипломын дугаарыг зөрүүлэн олгосон ер сургуулийн дипломын дугаар/Архивын бүрдэлд өгөөгүй, дугаар давхардуулан олгосон зэрэг зөрчлүүд байсан юм...” гэх мэдүүлэг /хэргийн 128-130-р хуудас/,

 

Гэрч мөрдөн байцаалтад өгсөн “...Тухайн шалгалтыг Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг сургуулийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авч, бүртгэлжүүлэх дээд боловсролын удирдлага мэдээллийн системд тулгалт хийж, үндэсний архивын газраас ирүүлсэн мэдээлэл, төгсөгчдийн дээд боловсролын мэдээний маягт зэргүүдээс шүүлт хийж боловсролын баримт бичгийг бүртгэл, тулгалт хийж ажилласан... Уг дипломыг хаана ямар байдлаар үйлдвэрлэж олгосон гэдгийг тогтоох боломжгүй байна. Ажлын хэсэг нь хуурамч дипломтой багш, удирдах ажилтантай холбогдож уулзаагүй тайлбар өгөөгүй байгаа мөн Боловсролын мэдээллийн сангийн бүртгэлд /Esis программ/ боловсролын баримт бичгийг оруулсан боловч цахимаар буюу pdf файлаар материалаа ирүүлээгүй зөрчлүүд байгаа...” гэх мэдүүлэг /хэргийн 102-104-р хуудас/,

 

Гэрч мөрдөн байцаалтад өгсөн “...Яамны сайд Л.Энх-Амгалангийн тушаалын дагуу 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд Миний хувьд бол өөрийн ажил, боловсролын баримт бичгийн үзлэг, шалгалтын ажлын хэсэгт Номинцэцэг, Доржхуяг Батхангай, Солонгоо нарын хамт ажилласан юм... Үүргийн дагуу дипломын хуурамч мөн эсэх болон үндэсний архивын газрын лавлагаанаас хайлт, EЅІЅ программд дипломын дугаараар хайлт тус тус хийсэн юм. Зарим багш нарын хуурамч дипломыг системд бүртгүүлж, баталгаажуулсан зөрчил бол илэрсэн... Зөрчилтэй диплом бүхий багш нарын төгссөн эсэхийг тухайн сургуулиудаас нь тодруулж лавлагаа аваагүй. Зөвхөн дээрх бүртгэл, мэдээллүүдээс шүүлт хийх замаар зөрчилтэй дипломыг тодруулсан... Ангилсан кодыг уншихдаа 1.1 Дипломын дугаар давхацсан, Бусдын дипломын дугаарыг ашигласан, 1.2 Дипломын дугаар огт байхгүй буюу тийм дугаар тухайн жилд олгогдоогүй, илтэд хуурамчаар үйлдсэн, 1.3 Тухайн сургуулийн буруутай үйл ажиллагаанаас /Сургуулиуд өөрсдөө төгсөгчдийн дипломын дугаарыг давхцуулж олгосон/, 1.4 Дээд шатны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас /Яамнаас тухайн жилд олгогдсон дипломын дугаарыг сургуулиудад давхцуулан олгосон/, 1.5 Дараагийн шатанд зөрчилтэй диплом ашиглан суралцсан зэрэг зөрчлүүд илэрснийг тус тус ангилсан юм... Дээрх зөрчлүүдээс 1.1, 1.2 кодтой зөрчил илэрсэн мэдээллийг танай байгууллагад хүргүүлж байгаа юм...” гэх мэдүүлэг /хэргийн 131-133-р хуудас/,

 

Гэрч мөрдөн байцаалтад өгсөн “...Тухайн хяналт шалгалтыг хийхдээ Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйл, 28 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Боловсрол, шинжлэх ухааны яамны бүтэц, чиг үүргийг заасан Засгийн газрын тогтоолын дагуу тус тус хяналт, шалгалтыг явуулсан юм. Миний хувьд тухайн ажлын хэсгийн нарийн бичгийн Даргаар ажиллаж байсан..., Ерөнхийдөө манай яамны дотооддоо ашиглаж байгаа цахим, мэдээллийн бааз дээр тулгуурлан мөн өөрсдийн архивын нэгжтэй тулгалт хийх, Архивын ерөнхий газраас төгсөгчидтэй холбоотой лавлагааг мөн давхардуулан тулгах замаар дээрх зөрчлүүдийг илрүүлсэн юм. Дээрх он, цаг үеийн өөрчлөлтөөр курс төгсөж багш болсон хүмүүсийг дипломын зөрчилтэйд тооцсон боловч цагдаагийн хүргүүлсэн жагсаалт дунд оруулаагүй... Ерөнхийдөө илтэд хуурамч дипломтой, бусдын дипломыг хуурамчаар авч ашигласан гэх зөрчилтэй 600 гаруй иргэдийн мэдээллийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар хүргүүлсэн байгаа... Эдгээр хүмүүс хуурамч диплом ашиглаж гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж байгаа учраас үүнийг хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагад шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг /хэргийн 123-125-р хуудас/,

 

Гэрч мөрдөн байцаалтад өгсөн “.../Боловсрол, шинжлэх ухааны яамны Цахим бодлого статистикийн хэлтэст шинжээч/ “...Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/265 дугаар тушаалаар батлагдсан боловсролын салбарын мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах журмын 2.2.9, 3.2, 3.3, 3.4, 3,10.1-ээс 3.10.3 хүртэлх заалтуудын дагуу тухайн сургууль мэдээллийн санг баяжуулж мэдээлэлд хяналт тавьж үнэн зөв бодит байдлыг бүрэн хариуцах зохицуулалттай байдаг. Тийм болохоор программ дээр байгаа иргэний үнэн зөв байгаа эсэхийг систем нотлохгүй тухайн сургуулийн захирлын тушаал, сургуулиас ирүүлсэн төгсөгчдийн статистик мэдээ болон бусад баримтад үндэслэн /Hemis/ программ дээр оруулдаг. Программ дээр буруу шивсэн байвал хариуцлагыг тухайн их, дээд сургууль хариуцахаар сайдын тушаал, статистикийн тухай хуулиар зохицуулж өгсөн байдаг...” гэх мэдүүлэг /хэргийн 117-120-р хуудас/,

 

Гэрч мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2016 онд “Сити” их сургуулийн менежментийн ангид элсэн орж 2018 онд тус сургуулийг төгсөж дээд боловсрол эзэмшиж байсан. Миний дээд боловсрол эзэмшсэн дипломын дугаар дугаартай мэдүүлэг өгсний дараа тус дипломын хуулбарыг гаргаж өгнө...” гэх мэдүүлэг /хэргийн 165-р хуудас/,

 

Боловсрол шинжлэх ухааны яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын ХШҮДАГ-22-05-16 дугаартай танилцуулга, танилцуулгын хавсралт /хэргийн 12-60-р хуудас/,

 

Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Ерөнхий боловсролын 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Б/22 дугаартай ажилд томилох тухай захирлын тушаал /хэргийн 140-р хуудас/,

 

******* ухааны их сургуулийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 3/3293 дугаартай Бусад 4 иргэний хувьд тус сургуульд суралцаж байсан түүх байгаа боловч, бүгд хасагдсан тушаалтай байна...” гэх албан бичиг /хэргийн 141-р хуудас/,

 

******* ухааны их сургуулийн 3/3293 дугаартай албан бичгийн хавсралтад дурдагдсан “...Тухайн дипломын дугаар нь тухайн жил ******* ухааны их сургуульд олгосон дипломын дугаарын жагсаалтаас эрс зөрүүтэй, дараалалд байх боломжгүй...” гэх хавсралт судалгаа /хэргийн 142-р хуудас/,

 

дугаартай Монгол улсын иргэн Очхүүгийн Төгөлдөрийн бакалаврын дипломын хуулбар /хэргийн 179-р хуудас/,

 

Хөдөлмөрийн гэрээ /хэргийн 182-186-р хуудас/,

 

Түвшинширээ сумын Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын байрны тодорхойлолт /хэргийн 187-189-р хуудас/,

 

Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Б/51 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал /хэргийн 190-р хуудас/,

 

2021 оноос 2023 он хүртэлх цалингийн хүснэгт /хэргийн 191-193-р хуудас/, зэрэг болно.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь ******* ухааны их сургуулийн багш, гадаад хэлний боловсрол-Англи хэл мэргэжлээр суралцсан боловч сургуулиас хасагдсан төгсөөгүй байж 2018 онд төгссөн гэх дугаартай “БОЛОВСРОЛЫН БАКЛАВАР” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын ерөнхий боловсролын сургуулийн Англи хэлний багшаар ажилд орохдоо ашигласан үйл баримт нь дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруу хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

1.2. Талуудын гаргасан дүгнэлт

 

Улсын яллагчаас: Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, хавтаст хэрэгт бэхжүүлсэн, түүнчлэн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь хуурамч диплом ашиглан ажилд орсон үйлдэл нь гэмт буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч ******* нь хуурамч диплом ашиглан Англи хэлний багшаар ажиллаж, төрд 22,405,819 төгрөгийн хохирол учирсан. Шүүгдэгч ******* нь дугаартай “БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж түүнийг ашиглан ажилд орсон үйлдэл нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд мөн шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байна. Хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэргийн халдлагын зүйл болох дараах баримт бичиг буюу тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт зэрэг хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан үйлдэл хийсэн үеэс төгс үйлдэгдсэнд тооцогддог хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.Шүүгдэгч ******* нь “Боловсролын Бакалавр” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж хууль бус үйлдэл хийж байгаагаа ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн гэм буруугийн шууд санаатай, тухайн баримт бичгийг ашиглах зорилго бүхий шунахай буюу хувийн сэдэлттэй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцохоор байна. Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг, 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэнгээс: Шүүгдэгчийн гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргах зүйл байхгүй. Улсын яллагч байгууллагад учирсан хохирол гэж ярьж байна. Иргэний нэхэмжлэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэсэн байгаа. Дараа нь иргэний журмаар нэхэмжлэх эрх нээлттэй гэх дүгнэлтийг тус тус гаргав. 

 

1.3. Хууль зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх” гэмт хэргийн хувьд уг баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тухайн цаг хугацаанд гэмт хэрэг төгсдөг бол “Хуурамч баримт бичиг ашиглах” гэмт хэрэг нь удааширсан үйлдэлтэй байх боломжтой.

 

“Хуурамч баримт бичиг ашиглах” үйлдлийн хувьд тухайн баримт бичгийг ашиглан тодорхой үр дүнд хүрсэн нэг удаагийн үйлдэлтэй, эсхүл удаан хугацаанд тасралтгүй хэрэглэж, дараа дараагийн үр дүнд хүрсээр байдаг удааширсан үйлдэлтэй гэмт хэргийн шинжийн аль алийг агуулдаг бөгөөд удааширсан үйлдлийн хувьд уг баримт бичгийг ашиглах, хэрэглэх боломжгүй болсон цаг хугацаа буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг төгссөн цаг хугацаа гэж үзэхээр хууль тогтоогч хэм хэмжээ тогтоосон.

 

Шүүгдэгч *******гийн гэмт үйлдэл нь 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс хойш удааширсан үйлдэл бөгөөд 2022 оны 09 дүгээр сард цагдаагийн байгууллагад мэдээлэл ирж, энэхүү мэдээллийн дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж ******* нь хуурамч диплом ашиглаж Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын ерөнхий боловсролын сургуулийн Англи хэлний багшаар ажиллаж байсан нь нотлох баримтуудаар тогтоогдож, 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэсэн прокурорын тогтоол гарснаар ажил олгогч хуурамч диплом гэдгийг мэдэх боломж бүрдсэн, таслан зогсоох боломжтой болсон цаг хугацааг гэмт хэрэг төгссөн цаг хугацаа гэж үзэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч ******* нь дипломыг хуурамч болохыг мэдсээр байж, ашиглан хууль бус үйлдлээ үргэлжлүүлж буй нь тухайн албан тушаалд шударгаар өрсөлдөж томилогдох боломжтой байсан иргэний эрхийг зөрчин, хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулсанд тооцогдох үндэслэлтэй болно.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч ******* нь хуурамч диплом ашиглан төрийн үйлчилгээний албан тушаалд үргэлжлүүлэн ажиллаж, цалин хөлс авах шунахайн сэдэлтээр өөрийн үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.

 

 Шүүгдэгч *******гийн хуурамч баримт бичиг ашигласан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

2.1. Талуудын гаргасан санал,

 

Улсын яллагч: Шүүгдэгч *******ий үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэх нь зүйтэй. Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого болох 22,405,819 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулах,  Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар дугаартай “БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР” зэргийн дипломыг хэрэгт хавсарган хадгалах саналтай.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэнгээс: *******гийн хувьд өөрийн гэсэн орлого байхгүй, эд, хөрөнгө байхгүй. Өнөөдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд өвөө, эмээгийн хамт амьдардаг. Иймд *******д 450 нэгжээр торгож, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай ял оногдуулж өгнө үү гэх саналыг тус тус гаргав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг нь бусад баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч ******* ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүх шүүгдэгч *******г хуурамч баримт бичиг ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгийн торгох ял шийтгэл оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, түүнд оногдуулсан торгох ялын хэмжээ зэргийг харгалзан 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдэнэ.

 

2.3  Хохирол, хор уршгийн талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.”, мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.”, 2. “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж хуульчилжээ.

 

Хэргийн баримтаас үзэхэд шүүгдэгч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл  хугацаанд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын ерөнхий боловсролын сургуулийн Англи хэлний багшаар ажиллахдаа хуурамч диплом гэдгийг мэдсээр байж ашиглан гэмт санаагаа хэрэгжүүлсээр байсан тул түүний энэхүү хууль бус үйлдлийн улмаас олсон ашгийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэрэг үйлдэж, эрхлэх ёсгүй албан тушаалыг хашиж, олгогдох учиргүй 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 22,405,819 /хорин хоёр сая дөрвөн зуун таван мянга найман зуун арван ес/ төгрөгийн орлого олсон байх бөгөөд энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг бүрэн хангасан тул мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 22,405,819 төгрөгийг ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.4. Бусад асуудлаар

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн *******гийн нэр бүхий, ******* ухааны их сургуулийн багш, гадаад хэлний боловсрол-Англи хэл мэргэжлээр 2018 онд төгссөн гэх дугаартай, 1 ширхэг хуурамч бакалаврын дипломыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргахыг тус шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисст даалгав.

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй. Шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэг заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******г хуурамч баримт бичиг ашиглах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 500  /таван зуун мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 / таван зуун  мянга /төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг 90  хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч *******д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого 22,405,819 /хорин хоёр сая дөрвөн зуун таван мянга найман зуун арван ес/ төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн *******гийн нэр бүхий, ******* ухааны их сургуулийн багш, гадаад хэлний боловсрол-Англи хэл мэргэжлээр 2018 онд төгссөн гэх дугаартай, 1 ширхэг хуурамч бакалаврын дипломыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргахыг тус шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисст даалгасугай.

 

8. Шүүгдэгч *******  нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.БАЯРБААТАР