Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/131

 

 

 

 

 

 

   2023               07              18                                             2023/ШЦТ/131

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав,

Улсын яллагч Б.Жамъяндорж,

Шүүгдэгч Б.Сүхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Сүхбаатарт холбогдох эрүүгийн 2330000000103 дугаартай  хэргийг  2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, .......оны ... дугаар сарын ...-ны өдөр ..... аймгийн ...... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл ..., эцэг, эх дүү нарын хамт ... аймгийн .....сумын 1 дүгээр баг, “Өрнө Дэрс” гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэлгүй, /......../, Өндөр Чилаа ургийн овогт Баясгалангийн Сүхбаатар.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Б.Сүхбаатар нь ,,,, оны ,,,дүгээр сарын 14-ний оройн 21 цаг 30 минутын орчим Сүхбаатар аймгийн Дарьганга сумын “Модон” дэлгүүрийн урд  насанд хүрээгүй хохирогч Б.Эрхэмбилэгийг зодож түүний биед тархи доргилт, хамар ясны зөрүүтэй хугарал, 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух 2 хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Сүхбаатар шүүхийн хуралдаанд мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн учир нэмж ярих зүйлгүй гэв.

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Эрхэмбилэгийн өгсөн “...Би 2023 оны 04 дүгээр сарын 14-ний орой 22 цаг 30 минутын үед найз Дашцэрэнгийн хамт урд байдаг Төмөрчулуун ахын хашааны хаалгыг нь хааж өгчхөөд Миеэгомбо ахын гэрт хонох гээд Дашцэрэнтэй явж байтал Будка гэж охин утас руу залгаад “согтуу хүмүүс хаалга тогшоод байна, ирээд хөөгөөд өг” гэхээр нь найз Дашцэрэнтэй цуг очтол Будка гэх охины хашаан дотор манай сумын Сүхбаатар гэх ахтай таарсан. Тэгээд Сүхбаатар ах бид хоёрыг харангуутаа “Та хоёр хэн бэ, би та хоёрыг ална шүү гээд” намайг бариад авсан тэгтэл найз Дашцэрэн хажуугаас орж ирээд шанаанд нь гараараа нэг цохисон. Гэтэл араас нь машинтай баахан хүмүүс бууж ирээд бид хоёр луу хүрч ирэхээр нь бид хоёр айсандаа зугтаасан. Зугтаж яваад хашаа давах гэтэл Сүхбаатар ах миний ханцуйнаас барьж аваад үлдээчихсэн. Тэгээд намайг хашаан дээрээс татаад бид хоёр газар цуг унаад Сүхбаатар ах намайг гараараа нүүрэн дээр цохиод, гараараа нүүрээ хамгаалж байтал гарыг минь татаад нүүр лүү жийчихсэн. Арай гэж бид хоёр салаад тэгээд би тэнд байсан Ренчин гэх ахыг “Та наадхаа барьж бай” гэж хэлээд зугтаачихсан. Тэгээд би Миеэгомбо ахынд очиж хоносон..”  гэх мэдүүлэг /хэргийн 5-6-р хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч Т.Дашцэрэнгийн өгсөн “...Тэгээд би хашаа давж зугтаад сумын төв хэсэгт “Петровис” колонкын хажууд Эрхэмбилэгтэй уулзахад зодуулсан байдалтай хамар нь хавдчихсан 2 нүд нь хоёулаа доод талдаа хөхөрсөн байсан. Тэгээд би Эрхэмбилэгээс юу болсон талаар асуухад зугтаж байгаад Сүхбаатарт баригдаад зодуулсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 8-9-р хуудас/,

 

Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 147 дугаартай “...Б.Эрхэмбилэгийн биед тархи доргилт, хамар ясны зөрүүтэй хугарал, 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух 2 хацарт зулгаралт бүхий гэмтэл учирсан байна. Учирсан гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хэргийн 13-14-р хуудас /,

 

Шүүгдэгч Б.Сүхбаатарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хэргийн 31-р хуудас/

 

Шүүгдэгч Б.Сүхбаатарын иргэний үнэмлэхийн хуулбар / хэргийн 35-р хуудас/

 

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2023.03.10-ны өдрийн 10/94 дугаартай тодорхойлолт / хэргийн 36-р хуудас/

 

Тээврийн хэрэгслийн лавлагаа / хэргийн 37-р хуудас/

 

Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа / хэргийн 38-р хуудас/

 

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт / хэргийн 39-р хуудас/

 

Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023.05.30-ны өдрийн 26/109 дугаартай албан бичиг / хэргийн 40-р хуудас/ зэрэг болно.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч Б.Сүхбаатар нь 2023 оны 04 дүгээр сарын 14-ний оройн 21 цаг 30 минутын орчим Сүхбаатар аймгийн Дарьганга сумын “Модон” дэлгүүрийн урд  насанд хүрээгүй хохирогч Б.Эрхэмбилэгийг зодож түүний биед тархи доргилт, хамар ясны зөрүүтэй хугарал, 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух 2 хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

 

          Дээрх үйл баримт нь яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

          насанд хүрээгүй хохирогч Б.Эрхэмбилэгийн өгсөн “...Би 2023 оны 04 дүгээр сарын 14-ний орой 22 цаг 30 минутын үед найз Дашцэрэнгийн хамт урд байдаг Төмөрчулуун ахын хашааны хаалгыг нь хааж өгчхөөд Миеэгомбо ахын гэрт хонох гээд Дашцэрэнтэй явж байтал Будка гэж охин утас руу залгаад “согтуу хүмүүс хаалга тогшоод байна, ирээд хөөгөөд өг” гэхээр нь найз Дашцэрэнтэй цуг очтол Будка гэх охины хашаан дотор манай сумын Сүхбаатар гэх ахтай таарсан. Тэгээд Сүхбаатар ах бид хоёрыг харангуутаа “Та хоёр хэн бэ, би та хоёрыг ална шүү гээд” намайг бариад авсан тэгтэл найз Дашцэрэн хажуугаас орж ирээд шанаанд нь гараараа нэг цохисон. Гэтэл араас нь машинтай баахан хүмүүс бууж ирээд бид хоёр луу хүрч ирэхээр нь бид хоёр айсандаа зугтаасан. Зугтаж яваад хашаа давах гэтэл Сүхбаатар ах миний ханцуйнаас барьж аваад үлдээчихсэн. Тэгээд намайг хашаан дээрээс татаад бид хоёр газар цуг унаад Сүхбаатар ах намайг гараараа нүүрэн дээр цохиод, гараараа нүүрээ хамгаалж байтал гарыг минь татаад нүүр лүү жийчихсэн. Арай гэж бид хоёр салаад тэгээд би тэнд байсан Ренчин гэх ахыг “Та наадхаа барьж бай” гэж хэлээд зугтаачихсан. Тэгээд би Миеэгомбо ахынд очиж хоносон..”  гэх,

          насанд хүрээгүй гэрч Т.Дашцэрэнгийн өгсөн “...Тэгээд би хашаа давж зугтаад сумын төв хэсэгт “Петровис” колонкын хажууд Эрхэмбилэгтэй уулзахад зодуулсан байдалтай хамар нь хавдчихсан 2 нүд нь хоёулаа доод талдаа хөхөрсөн байсан. Тэгээд би Эрхэмбилэгээс юу болсон талаар асуухад зугтаж байгаад Сүхбаатарт баригдаад зодуулсан гэж хэлсэн...” гэх мэдүүлгүүд

       Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 147 дугаартай “...Б.Эрхэмбилэгийн биед тархи доргилт, хамар ясны зөрүүтэй хугарал, 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух 2 хацарт зулгаралт бүхий гэмтэл учирсан байна. Учирсан гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Б.Сүхбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

1.2. Талуудын гаргасан дүгнэлт

 

Улсын яллагчаас: “...Б.Сүхбаатар нь 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 21 цаг 30 минутын орчим Сүхбаатар аймгийн Дарьганга сумын “Модон” дэлгүүрийн урд  насанд хүрээгүй хохирогч Б.Эрхэмбилэгийг зодож түүний биед тархи доргилт, хамар ясны зөрүүтэй хугарал, 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух 2 хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, хавтаст хэрэгт бэхжүүлсэн, түүнчлэн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Сүхбаатар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзэх үндэслэлтэй байна. Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Эрхэмбилэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд Б.Эрхэмбилэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирол нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.

Шүүгдэгч Б.Сүхбаатар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Сүхбаатар нь Б.Эрхэмбилэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хохирогчийн эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атал хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зориуд хохирол учруулсан гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хэргийг үйлдсэн. Мөн тухайн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл, хохирол хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.Сүхбаатар нь хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна. Шүүгдэгч Б.Сүхбаатарын үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Сүхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай. Хэрэгт хохирогч Б.Эрхэмбилэг нь өөрийн биед учирсан дээрх гэмтлийг Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг  үзүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд түүний биед учирсан гэмтлийг эмчлэн эмчилгээ, тусламж, үйлчилгээ үзүүлсний төлбөр 192,000 төгрөгийг шүүгдэгч Б.Сүхбаатар нь нөхөн төлөөгүй байна...” гэх дүгнэлтийг гаргав.

 

1.3. Хууль зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

Шүүгдэгч Б.Сүхбаатар нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж түлхэж унагах, хөлөөрөө өшиглөж зодоход гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа насанд хүрээгүй хохирогч Б.Эрхэмбилэгийг зодон түүний биед тархи доргилт, хамар ясны зөрүүтэй хугарал, 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух 2 хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулжээ.

 

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Б.Сүхбаатар нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Сүхбаатарыг  “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

2.1. Талуудын гаргасан санал,

 

Улсын яллагч: “...Шүүхээс шүүгдэгч Б.Сүхбаатарыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.Сүхбаатар нь хохирогчоос уучлалт гуйж сайн дураараа эвлэрсэн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай.  Хохирогч Б.Эрхэмбилэг болон түүний хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо Иргэний шүүхэд нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх. Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх гэсэн...” саналыг гаргав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, гэрчүүдийн мэдүүлэг, бусад баримтаар тогтоогдсон хувиараа мал маллаж амьдардаг зэрэг нь баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Сүхбаатарт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Сүхбаатарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй зэргийг харгалзан шүүх шүүгдэгч Б.Сүхбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Сүхбаатарын хөрөнгө, цалин хөлс, орлого олох бусад боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.

 

2.3  Хохирол, хор уршгийн талаар

 

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Сүхбаатарын үйлдлийн улмаас хохирогч Б.Эрхэмбилэгийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч гомдолгүй гэж хэрэгт мэдүүлжээ.

Хохирогч Б.Эрхэмбилэг нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарах юм.

 

Харин хохирогч Б.Эрхэмбилэг нь дээрх гэмтлийн улмаас аймгийн нэгдсэн эмнэлгээс анхны тусламж үйлчилгээ авч эмчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 192000 төгрөгийг зарцуулсан болох нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023.05.30-ны өдрийн 26/109 дугаартай албан бичиг, ЭМДЕГ-ын цахим системийн баримт зэргээр нотлогдох тул шүүгдэгч Б.Сүхбаатараас 192000 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 100900020080 тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

2.4. Бусад асуудлаар

 

Шүүгдэгч Б.Сүхбаатар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй болно. Шүүгдэгч Б.Сүхбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Өндөр Чилаа овогт Баясгалангийн Сүхбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Б.Сүхбаатарыг 500  /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга /төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Сүхбаатарт оногдуулсан торгох ялыг 90  хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сүхбаатар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч Б.Сүхбаатарт авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Б.Сүхбаатараас 192,000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч Б.Эрхэмбилэг, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирол буюу эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Шүүгдэгч Б.Сүхбаатар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР