Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 00106

 

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 153/ШШ2020/00106

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Жаргалант сум, Бугат багийн 21-.. тоотод оршин суух, .. дугаарын регистртэй, Хн овогт П-ийн Э-ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч П.Э нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хорхон овогт Пунцагийн Э миний бие нь 1965 оны 04 сарын 17-ны өдөр Ховд аймгийн Мөнххайрхан суманд төрсөн. Бага насаа аав, ээжийн гар дээр өнгөрөөж 1973 онд Ховд аймгийн Мөнххайрхан сумын 8 жилийн дунд сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж, 1981 онд 8 дугаар анги төгссөн. 8 дугаар ангиа төгсөөд Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн 1 дүгээр бригад буюу Алаг бригадад аав М.Пунцагийн суурьт туслах мачнаар ажиллаж эхэлсэн. Миний бие нь 1981 оны 06 сарын 15-ны өдрөөс эхлэн нэгдэлд мал маллаж байгаад 1983 оны 06 сарын 22-нд цэргийн албанд татагдаж Эрдэнэт хотод Ардын армийн 186 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж, 1986 оны 06 сарын 26-ны өдөр халагдаж ирээд мөн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлдээ мал малласан. Ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуулийн дагуу надад улсаас 1991 оноос 2000 оныг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож өгсөн. Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэл нь өмч хувьчлалаар татан буугдаж, 1992 оны 02 сарын 20-нд Мөнх-Оргил ББХК болж өөрчлөн байгуулагдсан.

Иймд Хорхон овогт Пунцагийн Э намайг 1981 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд, 1986 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн 1-р бригад буюу Алаг бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг нь үззх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Хүсэлт гаргагч нь 1981 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд, 1986 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн 1-р бригад буюу Алаг бригадад малчнаар ажиллаж байсан. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч П.Эийн 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл, 1986 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн 1 дүгээр бригад буюу Алаг бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч П.Э нь 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл, 1986 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн 1 дүгээр бригад буюу Алаг бригадад малчнаар ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 91 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Алаг бригадын 1981 оноос 1983 он, 1988 оноос 1989 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс

Хүсэлт гаргагчийн 009 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 407353, 547314 дугаартай цэргийн батлахуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 000082500 дугаартай 2010 оны 05 дугаар сарын 10-ны өдөр нээлгэсэн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1986 оны намар цэргээс халагдаж ирсний дараа Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд ажиллаж байхдаа авахуулав гэх тайлбар бухий гэрэл зураг,

Гэрч П.Самбуугийн ...Тамгат овогт Пагаагийн Самбуу миний бие 1953 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн Мөнххайрхан суманд төрсөн. Миний бие нь бага наснаасаа өдийг хүртэл төрсөн нутаг Ховд аймгийн Мөнххайрхан сумандаа 67 жил мал маллаж амьдарч байгаагаас 50 гаруй жил нэгдлийн болон хувийн мал маллаж амьдарч байна. Миний бие нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Алаг бригадад тоо бүртгэгч, аж ахуйн нярав, агент хийж байсны хувьд П.Эийг тус бригадад малчнаар ажиллаж байсныг гэрчилж байна ... гэх тодорхойлолт,

Гэрч Д.Баяраагийн ... Төнхөн овогт Дэмбэрэлдоржийн Баяраа миний бие 1968 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Ховд аймгийн Мөнххайрхан суманд төрсөн. Миний бие Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Алаг бригадад төрж өсч, мал маллаж байсны хувьд П.Эийг тус бригадад малчнаар ажиллаж байсныг гэрчилж байна... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болон зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан П.Эийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Хорхон овогт Пунцагийн Эийг 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл, 1986 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн 1 дүгээр бригад буюу Алаг бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар П.Эийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ц.ОЮУН-ЭРДЭНЭ