| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2019/00667/И |
| Дугаар | 00107 |
| Огноо | 2020-03-20 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 00107
| 2020 оны 03 сарын 20 өдөр | Дугаар 153/ШШ2020/00107 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, .. дугаарын регистртэй, Х овогт А-ийн Оы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын Бугат багийн 13-.. тоотод оршин суух, дугаарын регистртэй, З овогт Б-ийн Ц-д холбогдох, эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2017 онд Б.Цтой танилцаж, гэр бүлийн харьцаатай байсан. Бидний дундаас 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүү Мөнхдалай төрсөн. Б.Ц нь бичиг баримтны зөрчилтэй байсан учраас гэрлэлтээ батлуулаагүй. Өөрийн гэсэн орон гэргүй тусдаа амьдарч байсан. Тэрээр хүүгээ 8 сар хүрсний дараагаас биднийг эргэж тойрох нь багасаж гэр бүлээс гадуурх харилцаатай болсон. Одоо хүү маань 2 нас 1 сартай. Хүү О.Мөнхдалайгийн төрсөн эцэг Б.Ц болохыг тогтоож, хүү Мөнхдалайг ээж А.Оы асрамжинд үлдээж, эцэг Б.Цгоос хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзаяа нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Б.Ц нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн О.Мөнхдалайг өөрийн төрсөн хүүхэд мөн болохыг хүлээн зөвшөөрч байна. Хүү О.Мөнхдалайг төрсөн ээж болох А.Оы асрамжинд үлдээхийг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд Б.Ц нь эрүүл мэндийн шалтгааны улмаас байнгын эмчилгээнд байх шаардлагатай болсон бөгөөд одоогоор биеийн хүчний ажил эрхлэх боломжгүй байгаа тодорхой эрхэлсэн ажил мэргэжилгүй том оврын авто машин жолоодож орлого олдог байсан боловч энэхүү ажлаа цаашид үргэлжлүүлэн хийх боломжгүй болсон. Одоогоор бүдүүн гэдэсний шархалаа гэсэн оноштойгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Хүү О.Мөнхдалайд хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байгаа боловч хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь дээр нэхэмжлэгчтэй харилцан тохиролцох саналтай байна гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.О нь хариуцагч Б.Цд холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэгч А.*******, хариуцагч Б.Ц нар нь 2017 онд танилцаж 2017 оны 11 дүгээр сарын 10-нд хүү О.Мөнхдалай төрсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар болон зохигчийн талбараар тогтоогдож байна.
Хүүхдийн нас, биеийн онцлог, эцэг эхийн ёс суртахууны байдал, хүмүүжил, анхаарал халамж зэргийг харгалзан 2017 оны 11 дүгээр сарын 10-нд төрсөн хүү О.Мөнхдалайг эх А.Оы асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2017 оны 11 дүгээр сарын 10-нд төрсөн хүү О.Мөнхдалайг тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас/ суралцаж байгаа бол 16 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Батбуянгийн Цгоор тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй гэж заасны дагуу зохигчид 2017 оны 11 дүгээр сарын 10-нд төрсөн хүү О.Мөнхдалайтай уулзах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэхэд оролцох зэрэг эцгийн эрх үүргээ хэрэгжүүлэхэд нь эх А.О, эцэг Б.Ц нарын зүгээс саад учруулахгүй байхыг даалгаж шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т ...хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх; хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх; хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох; хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, эцэг Б.Ц нь 2017 оны 11 дүгээр сарын 10-нд төрсөн хүү О.Мөнхдалайг эх А.Оы асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасан байна. Иймд хариуцагч Б.Цг оролцуулахгүйгээр, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулан хэргийг шийдвэрлэсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Оы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102,212 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Цгоос 102,212 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Од олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар 2017 оны 11 дүгээр сарын 10-нд төрсөн хүү О.******* төрсөн эцэг Батбуян овогтой Ц мөн болохыг тогтоосугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2017 оны 11 дүгээр сарын 10-нд төрсөн хүү О.Мөнхдалайг эх А.Оы асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2017 оны 11 дүгээр сарын 10-нд төрсөн хүү О.Мөнхдалайг тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас/ суралцаж байгаа бол 16 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Батбуяны Цгоор тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг Б.Ц нь 2017 оны 11 дүгээр сарын 10-нд төрсөн хүү О.Мөнхдалайг эх А.Оы асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурьдсугай.
5. Эцэг Б.Ц нь 2017 оны 11 дүгээр сарын 10-нд төрсөн хүү О.Мөнхдалайтай уулзах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэхэд оролцох зэрэг эцгийн эрх үүргээ хэрэгжүүлэхэд нь эх А.Оы зүгээс саад учруулахгүй байхыг даалгасугай.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Оы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102,212 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Цгоос 102,212 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Од олгосугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ