Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржготовын Чанцалням |
Хэргийн индекс | 128/2021/0858/З |
Дугаар | 128/ШШ2022/0289 |
Огноо | 2022-04-18 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 128/ШШ2022/0289
2022 04 18 0289
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: И************* ХХК
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц*******
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц******* нарын хоорондын “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн А/286 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц*******, түүний өмгөөлөгч Ш.А**********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц*******, нарийн бичгийн даргаар Б.Мөнхсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч И************* ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн А/286 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.
2. Нэхэмжлэгч нь анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/87 дугаар тушаалаар дүүргийн 00 дүгээр хороо, аманд аялал жуулчлалын зориулалттай 0.44 га газар ашиглах зөвшөөрлийг авч, төслөө хэрэгжүүлэх явцад хариуцагчаас 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/407 тушаалаар газар ашиглах эрхийг хүчингүй болгож, тус шүүхийн 2020 оны 128/ШШ2020/0000 дүгээр шийдвэрээр уг тушаалыг хүчингүй болгосон ба уг шийдвэрийн дагуу баталгаажсан газар ашиглах эрхээ хэрэгжүүлж цар тахалын хязгаарлалтын дэглэм, хөл хорио тогтоогдож үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдалд дахин хариуцагчаас 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн А/286 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг цуцалж маргаан бүхий актыг гаргасан.
3. Нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн шуудангаар хүлээн авч, шүүхэд 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хандсан.
4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч компани нь 2009 оноос хойш аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 2016 оноос хойш Аялал жуулчлалын хөгжлийн төв барих зорилгоор Байгаль орчин аялал жуулчлалын яамтай хамтран ажилласан. Төслийг Байгаль орчин аялал жуулчлалын яаманд 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/87 дугаартай тушаалаар дүүрэг 00 дүгээр хороо аманд аялал жуулчлалын зориулалттайгаар 0,44 га газрыг ашиглах зөвшөөрлийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас авсан.
Хуулийн дагуу газар ашиглах эрх үүссэн, өөрийн төслөө хэрэгжүүлэх явцад Байгаль орчин аялал жуучлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/407 дугаартай тушаалаар газар ашиглах эрхийг хүчингүй болгосон. Энэ тушаалтай холбоотой маргаан гурван шатны шүүхээр шийдвэрлэгдэж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд эцэслэн шийдвэрлэгдсэн шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 000 дүгээр шийдвэрээр Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/407 тоот тушаалыг хүчингүй болгож нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг сэргээсэн. 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр газар ашиглах эрхийг шүүхийн шийдвэрийн дагуу сэргээсэн тухай тэмдэглэлийг газар ашиглах гэрчилгээний ард Тусгай хамгаалалтай газрын эрх бүхий албан тушаалтан тэмдэглэлийг хийсэн. Гэтэл сарын дараа газар ашиглах эрхийг хүчингүй болгож байгаад нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хоёрдугаарт: Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаал нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12, 17.3, Богдхан уулын хамгаалалтын захиргааны 1249 тоот саналыг үндэслэн маргаан бүхий акт гарсан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд Дархан цаазат газарт хориглох үйл ажиллагааг дурдаж өгсөн. Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт хязгаарлалтын бүсэд дараах үйл ажиллагааг явуулж болохоор заасан. Үүнд зөвшөөрөл бүхий бусад хүн ашиглах барилга байгууламжийг батлагдсан зураг, төсөл, зөвшөөрлийн дагуу барина гэсэн байдаг. Нэхэмжлэгч компанийг Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан хориглосон ямар үйл ажиллагааг явуулсан гэж үзэж байгаа нь тодорхойгүй, мөн үндэслэл болгож байгаа дээр хуулийн 17.3 дахь хэсэгт заасан батлагдсан зураг төсөл зөвшөөрлийн дагуу барих гэсэн хуулийн заалтыг удирдлага болгосон. Дээр дурдсанчлан бид шаардлагатай бүхий л зөвшөөрлийг авсан. Уг бичиг баримтуудад бүх зүйл байгаа. Эдгээр хуулийн заалтыг үндэслэж маргаан бүхий захиргааны актыг гаргаж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5 дахь хэсэгт заасан захиргааны акт зорилгодоо нийцсэн байх гэсэн зарчмыг зөрчсөн. Холбогдох хууль тогтоомжид Богдхан уулын хамгаалалтын захиргаа газар ашиглагчийн эрхийг хүчингүй болгох, хүчингүй болгох санал гаргах хуулийн зохицуулалт байхгүй.
Гуравдугаарт: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэсэн байдаг. Нэхэмжлэгч компанид анх газар ашиглах эрх олгосон А/87 тоот тушаал нь хууль бус байсан уу, анх бид газар ашиглах эрхийг авахдаа хууль ёсны дагуу авсан уу гэдэг асуудал нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон учир энэ хуралд дээр газар ашиглах эрх үүссэн талаар дурдах шаардлагагүй байх. Иймд дээрх үндэслэлээр Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн А/286 дугаартай тушаалыг хүчингүй болгож нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг сэргээж өгнө үү” гэв.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.А********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А/87 дугаартай тушаал нь хууль зөрчсөн, мөн тухай бүс нутагт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан дархан цаазат газарт хориглох үйл ажиллагаа буюу газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх гэх мэт үйл ажиллагаа явуулахыг хориглосон. А/87 дугаартай тушаалын талаар гаргасан шийдвэр нь Захиргааны хэргийн шүүхийн 347 дугаартай шийдвэрт дурдсан. Уг тушаалаар олгосон газарт 16 давхар барилга барихаар үйл ажиллагаа явуулж байсан учир бид үүнийг цуцлах шийдвэр гаргасан гэсэн тайлбарыг хэлж байна. А/87 дугаартай шийдвэрийг дүгнэсэн шүүхийн шийдвэр гарсан. Уг газарт 16 давхар барилга барихаар үйл ажиллагаа явуулж байсан учир газар эзэмших эрхийг цуцлах шийдвэр гаргасан гэж байна. Уг тушаал гарахаас өмнө 11 давхар барилга буюу Байгаль орчин аялал жуулчлалын яамтай хамтран аялал жуулчлалын үндэсний төв бариулахаар төслийг хүргүүлсэн. Энэ төсөлд шалгарсан компани нь нэхэмжлэгч компани юм.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэмжлэгтэй тухайн төсөл дэмжигдэж А/87 дугаартай тушаал гарах үндэслэл болсон. Байгаль орчин аялал жуулчлалын яамны санаачилгаар төсөл хэрэгжиж байгаа. Улаанбаатар ерөнхий төлөвлөгөөний газарт эскиз зураг батлуулж, Байгаль орчин аялал жуулчлалын яам болон Тусгай хамгаалалттай газар, манай компани нар 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр гурван талт гэрээ байгуулсан. Эдгээр нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт дурдагдсан. Уг барилын тодорхой хэсгийг Байгаль орчин аялал жуулчлалын яаманд шилжүүлэх нөхцөлтэй гэрээ хийсэн. Өмнөх шүүхийн шийдвэрт тусгагдсанаар 2 орчим тэрбум төгрөгийн зардлыг Байгаль орчин аялал жуулчлалын яамны шийдвэрийн улмаас гаргаж ажлаа хийгээд явж байсан. 2020 оны 340 дугаартай шүүхийн шийдвэр гарч газраа ашиглах эрхтэй болоход улсад Ковид-19 өвчин гарсантай холбоотой 2 жилийн хугацаанд хязгаарлалт хийсэн.
Шийдвэр хүчин төгөлдөр болох тухай 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 286 дугаартай албан бичгээр газар ашиглах эрхийг цуцалсан. Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны байгууллагын гаргасан шийдвэр бодит нөхцөлд тохирсон байх ба мөн хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар актын агуулга ойлгомжтой байх, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар бичгээр гарах шаардлага хангасан, 40.2.3 дахь хэсэгт зааснаар захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах гэсэн байдаг. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг цуцалсан А/286 дугаартай сайдын тушаал гараад 25-26 хоног болсон. Энэ хугацаанд ямар бодит нөхцөл бий болсон.
Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт зааснаар Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны ак тгаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана.Актыг харахад үндэслэсэн хууль нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийг дурдсан. Уг хуулийг заалт нь 11 зүйлтэй ба эдгээрийн алийг нь зөрчсөн болох нь тодорхойгүй байна. Мөн хуулийн 27 дугаар зүйл үүнд захиргааны байгууллагын эдлэх эрх байгаа. Нэхэмжлэгч компанийн эрх хууль ёсны ашиг сонирхолд дараах байдлаар халдах боломжтой гэсэн хуулийн зохицуулалт биш юм. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд дараах тохиолдолд газар эзэмших эрх хүчингүй болно гэж заасан эдгээр нөхцөлүүдийн аль нь болохыг заагаагүй. Төрийн захиргааны акт нь хуульд нийцэж байгаа эсэх нь тодорхойгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа хангагдах үндэслэлтэй байна” гэв.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч И************* ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/87 дугаартай тушаалаар аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх авсан. Газар ашиглах эрх олгосон тушаал нь Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7, 12 дугаар зүйлийг зөрчиж газар ашиглах эрх олгогдсон тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайд хуульд нийцүүлэн татгалзаж шийдвэрлэсэн. Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7 дахь хэсэгт аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах гэсэн зориулалтуудаар ашиглах боломжтой. Гэтэл нэхэмжлэгч нь тухайн газарт 11 давхар барилга барих архитектур төлөвлөлтийн даалгавар авсан буюу дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хориглосон үйл ажиллагаа явуулахаар баримт бичгийг бүрдүүлж, үйл ажиллагаа явуулж байсан тул газар ашиглах эрх олгосон тушаал нь аялал жуучлалын зориулалтаар буюу хуульд байгаагүй үндэслэлээр газар ашиглах эрх олгосон нь хууль зөрчиж байна. Захиргааны байгууллага буруу гаргасан шийдвэрээ хуульд нийцүүлэн зөвтгөн гаргах тохиолдол байдаг. Иймд Байгаль орчин, аялал жуучлалын сайд хуульд нийцүүлэн анх газар олгосон тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Энэ яамны бодлого, төлөвлөгөө нь Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуульд нийцэж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/87 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд Зайсангийн аманд 0.44 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар И************* ХХК-д ашиглуулахаар шийдвэрлэж, Улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах 0000 дугаар гэрчилгээг олгож, 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр газар ашиглах гурвалсан гэрээг тус компани болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон дүүргийн Засаг даргатай 5 жилийн хугацаатай байгуулсан байна.
3. Г******** ХХК нь И************* ХХК-д газар ашиглах эрх олгосон шийдвэрийг буюу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/87 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар шүүхэд маргаж, шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 144 дүгээр шийдвэрээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/87 дугаар тушаалыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаатайгаар түдгэлзүүлэн шийдвэрлэж, харин давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэх явцад Г******** ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзсан тул 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
4. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/407 дугаар тушаалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/ дүгээр шийдвэрийг үндэслэн 2017 оны А/87 дугаар тушаалаар И************* ХХК-д олгосон 0.44 га газар ашиглах эрхийг дуусгавар болгосныг тус шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2020/0344 дүгээр шийдвэрээр хүчингүй болгосон байна.
5. Хариуцагчаас дээрх шүүхийн шийдвэр гарснаас хойш 1 жил 4 сарын дараа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн А/286 дугаар тушаалаар И************* ХХК-д 2017 оны А/87 дугаар тушаалаар олгосон 0.44 га газар ашиглах эрхийг Богдхан уулын дархан цаазат газрын 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 1249 тоот саналын дагуу дуусгавар болгосон байна.
6. Ингэхдээ Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсгээр уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчин газар олгосон гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байна.
7. уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт хүргүүлсэн 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 1249 дүгээр саналаар “...И************* ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/87 дугаар тушаалаар Зайсангийн аманд 0.44 га талбайд газар ашиглах эрхийг аялал жуулчлалын зориулалтаар авсан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсгийг зөрчин тус хуулийн этгээдэд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах гэрчилгээ олгосон байх тул газар ашиглах эрхийг дуусгавар болгох саналыг уламжилж байна” гэжээ.
8. Дээрх албан бичигт И************* ХХК-д Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7-д “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах”, 17 дугаар зүйлийн 17.3-д “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн ашиглах барилга байгууламжийг батлагдсан зураг, төсөл, зөвшөөрлийн дагуу барих” гэж заасныг зөрчиж газар ашиглах эрхийг олгосон гэснээс үзвэл Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн, захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй, захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан тохиолдолд хүчингүй болгохоор заасныг зөрчсөн байна.
9. Нэхэмжлэгч компанид захиргааны байгууллагаас газар ашиглах эрх олгосон шийдвэрийг үндэслэн архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгажих талбайн схем зураг, мөн аялал жуулчлалын төвийн барилгын эскиз зургийг баталж, цахилгаан холболт хийх техникийн нөхцөл, барилгын ажлын зөвшөөрөл зэргийг холбогдох эрх бүхий байгууллагаас олгосон, тухайн газрын байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын яам хийж, мөн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталсан атлаа 4 жилийн дараа “хууль зөрчиж олгосон” гэх үндэслэлээр хүчингүй болгосон нь нэхэмжлэгч компанийн газар ашиглахтай холбоотой үйл ажиллагаа тасалдахад хүргэж, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн төдийгүй захиргааны үйл ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны итгэл хамгаалах зарчим алдагдахад хүргэжээ.
10. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэл тогтоогдвол мөн тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн тохиолдолд тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг дуусгавар болгохоор, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй, газар эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан, эзэмшигч газар эзэмших гэрээгээ цуцлах тухай хүсэлт гаргасан, газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон, газрыг тусгай хэрэгцээнд авч нөхөх олговорыг газар эзэмшигчид бүрэн төлсөн” тохиолдлуудад газар эзэмших эрх дуусгавар болохоор, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хуульд заасан тохиолдлуудад үүсвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор тусгайлан заасан байна.
11. Харин хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон үндэслэлээ “...дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчин олгосон” гэж тайлбарлан маргаж байгаа хэдий ч хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр “...Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-д эерэг нөлөөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох зохицуулалтыг зааж өгсөн, энэ үндэслэлд хамаарагдахгүй дээр сайдын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/87 дугаар тушаалыг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, ...нэхэмжлэгч И************* ХХК нь энэ газар дээр аялал жуулчлалын төвийг барихаар эрх бүхий захиргааны байгууллагуудаас холбогдох зөвшөөрлийг хуульд заасан журмын дагуу авч үйл ажиллагаа явуулж байсан, энэхүү төсөлд 1,319,751,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн нь тогтоогдож байна...” гэж үйл баримтуудыг дүгнэсэн тул хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй, шүүхээс дахин дүгнэх шаардлагагүй байна.
12. Захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг 2018 оноос эхлэн удаа дараа дуусгавар болгож байгаа нь шүүхийн шийдвэр бодитой биелэгдэх, захиргааны байгууллагын аливаа үйл ажиллагаа шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх зарчмыг алдагдуулж байгаа болохыг дурьдах нь зүйтэй.
13. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн А/286 дугаар тушаал дээрх хуулийн заалтууд болон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийг зөрчсөн байх тул хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 40 дүгээр зүйлийн 40.1, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч И************* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн А/286 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ