Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 43

 

                          

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Н.Мөнхцэцэг,

шүүгдэгч Л.Цэцэгмаа түүний өмгөөлөгч Д.Өлзийхишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигон овогт Лувсанчоймболын Цэцэгмаад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201526022325 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Лувсанчоймболын Цэцэгмаа, /РД:УБ59112400/ 1959 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эмэгтэй, дээд боловсролтой, мал зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2 нөхрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Жаргалант тосгон 335 дугаар өртөө 2 дугаар гудамжны 1 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Баянгол дүүргийн шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 639 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дах хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан.

 

          Шүүгдэгч Л.Цэцэгмаа нь Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Тээврийн дээд сургуульд оруулж өгнө” гэж хуурч мэхлэн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 20-ны хооронд С.Ариунмөнхөөс нийт 500.000 төгрөг авсан,

          Мөн Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Төмөр замд ажилд оруулж өгнө” гэж хуурч мэхлэн 2015 оны 09 дүгээр сарын 03-наас 2015 оны 12 дугаар сарын 21-ний хооронд А.Ичинноровоос 2.545.000 төгрөг авч бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг давтан үйлдэж бусдад нийт 3.045.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Л.Цэцэгмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2015 оны 7 дугаар сард вагонд явж байтал Ариунмөнхийн ээж Эрдэнэцэцэгтэй тааралдсан. Тэгээд надад “хүүгээ төмөр замын сургуульд оруулаад өгөөч, чи 2, 3 хүүхэд оруулсан байсан” гэж хэлсэн. Би төмөр зам ойрдоо их ачаалалтай байгаа гээд өнгөрсөн. Тэрнээс хойш над руу байнга залгаад “би хүүгээ чамтай уулзуулъя, 2 нялх хүүхэдтэй гэр бүлээ тэжээх гэсэн юм. Дүүтэй маань уулзаад учраа олоодох. Чи дүү нарынхаа хүүхдийг оруулаад өгсөн юм чинь манай хүүг төмөр замын сургуульд оруулаад өг” гэж хэлдэг байсан. Тэгээд би төмөр замын дээд сургуулийн жижүүрээс нь ойрдоо курс хичээллэж байгаа юу гэж асуухад мэдэхгүй байна зарим нь хичээллээд зарим нь хичээллэхгүй байгаа гэж надад хариулсан. Тэгээд Ариунмөнхтэй уулзтал надад 250.000 төгрөг өгье гэхээр  нь би эгч нь дараа болъё гэж хэлээд аваагүй. Нөгөөдөр нь Ариунмөнх надтай “Гранд плаза”-ийн дэргэд уулзаад 250.000 төгрөг надад өгсөн. Дараа нь дахиад 250.000 төгрөг надад өгсөн. Ичинноровын хувьд суурин кассирын ажилд оруулахаар хүнтэй ярьсан байсан. Гэтэл төмөр зам тэр чигээрээ хямралтай байгаа. Замын даргын тушаалаар амралттай болон жирэмсэний амралттай хүний оронд түр ажилтан авахаас шинээр хүн нэмж ажилд авахгүй гэсэн тушаал гарсан. Ичинноров зун надад 2.000.000 төгрөг өгсөн. Мэндээ гэдэг хүн 500.000 төгрөг өгсөн байсан. Би хүний мөнгийг үрж болохгүй гээд дансандаа байлгаж байсан. Би тэрэнд 5 дугаар сарын сүүлчээр сургууль төгсөхөөс өмнө орон тоо гарах байх гэж хэлсэн. Тэгээд хүлээх юм уу, хүлээхгүй бол яах вэ гэхэд Ичинноров намайг дандаа худлаа ярих юм гээд утсаа тасалсан. Би орой нь эргээд залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд удалгүй намайг Баянгол дүүргийн цагдаагаас Гантулга гэдэг хүн дуудсан. Намайг очиход залилангийн хэргээр эрүү үүсгэсэн шалгах болсныг хэлсэн. Байцаагч намайг авсан мөнгөө аваад ир гэхээр нь би бүгдийг нь аваачиж өгсөн. Би Ичинноровын мөнгийг огт үрээгүй буцаагаад өгсөн. Ариунмөнхийн мөнгийг хуваагаад төлсөн. Би Атарчимэг байцаагч дээр байцаагдаж “Уучлаарай би та нарт туслах гэж яваад 56 настайдаа шүүхийн ширээнд суух боллоо. Би улсад 33 жил 8 сар ажил хийсэн, олон гавъяа шагналтай хүн. Надад харамсалтай байна. Та нар надаас өөрсдөө гуйчихаад яаж байгаа юм бэ гэж хэлэхэд Ичинноров авсан нь үнэн юм чинь буцааж өгөх ёстой шүү дээ. Хэрэгтэйгээ сайн танилц би шүүх хуралдаанд оролцохгүй гээд бичсэн байгаа. Одоо чи бид хоёрын дунд ярих юм байхгүй. Битгий над руу залгаарай гээд намайг хараасан. Ариунмөнхтэй яриагүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад хүмүүсийн мөнгийг залилаад авах сэтгэл байгаагүй. Би тэтгэврийн мөнгө 500.000 төгрөг авдаг, нөхөр маань 680.000 төгрөг авдаг. Төмөр замын байгууллагаас тэтгэвэртээ гарсан. 2 хүүхэд маань төмөр замд ажилладаг. Амьдрал маань боломжтой. Би хүмүүст туслах гэж яваад ийм байдалд орлоо. Би тэр мөнгийг аваагүй бол ийм юм болохгүй байх байсан. Дахиж хэзээ ч ийм асуудалд оролцохгүй гэв.

 

Шүүгдэгч Л.Цэцэгмаа нь Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Тээврийн дээд сургуульд оруулж өгнө” гэж хуурч мэхлэн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 20-ны хооронд С.Ариунмөнхнөөс нийт 500.000 төгрөг авсан,

Мөн Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Төмөр замд ажилд оруулж өгнө” гэж хуурч мэхлэн 2015 оны 09 дүгээр сарын 03-наас 2015 оны 12 дугаар сарын 21-ний хооронд А.Ичинноровоос 2.545.000 төгрөг авч бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг давтан үйлдэж бусдад нийт 3.045.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хаан банкны депозит дэлгэрэнгүй хуулга. /хэргийн 125-127 дугаар хуудас/

Хохирогч С.Ариунмөнхийн “2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Цэцэгмаа гэх хүнтэй утсаар ярихад тэр хүн надтай яаралтай уулзая гэхээр нь Гранд плаза төв дотор уулзахад Цэцэгмаа нь ярихдаа “төмөр замын тээврийн сургуулийн машинистын туслах ангид оруулж чадна, тухайн сургуулийн сурах хүүхдийн тоо батлахаас өмнө чиний нэрийг оруулах хэрэгтэй байна” гэхээр нь би одоо яах ёстой вэ гэхэд сургуульд орохын тулд урьдчилгаа 1.500.000 төгрөг хэрэгтэй гэхээр нь надад мөнгө байхгүй гэж хэлсэн чинь урьдчилгаа 200.000-300.000 төгрөг надад өгөх хэрэгтэй байна гэхээр нь би гэртээ хариад эмээ Галсанжаваас  мөнгө гуйж аваад Цэцэгмаад Төмөр замын тээврийн сургуулийн гадна бэлнээр өгсөн. Цэцэгмаа нь надад хэлэхдээ 11 сарын эхээр хичээл эхэлнэ гээд надаас цахим үнэмлэхний хуулга, мэргэжлийн үнэмлэхний хуулга, 11 сардаа багтаагаад мөнгөө өгөх ёстой гэсэн. Тэгээд 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр над руу залгаад юмнууд чинь бэлэн болчихлоо, мөнгөө аваад ир гэхээр нь би мөнгө байхгүй гэж хэлсэн чинь чадлаараа мөнгөө олоод ир гэхээр нь хадам ээж Баясгалангаас 200.000 төгрөг зээлж аваад дээр нь 50.000 төгрөг нэмээд ТБД андуудын автобусны буудал дээр Цэцэгмаад 250.000 төгрөг бэлнээр өгсөн. Цэцэгмаа нь намайг хоёулаа тээврийн дээд сургууль руу цуг орж уулзъя гэж хэлээд чамд цээж зураг байна уу гэхээр нь байхгүй гэж хэлсэн чинь чи хурдан цээж зургаа аваад ир би энд хүлээж байна гэхээр нь гэр рүүгээ очиж цээж зургаа авчихаад Цэцэгмаагийн  88053824 гэсэн дугаар руу залгасан чинь хуралтай байна, байж бай, би өөрөө тэр хүмүүстэй уулзаадхая, чи ажилтай бол ажлаа  амжуулж бай гэж хэлсэн. Тэгээд хэд хоног алга болчихоод байгаа юм. Тэгээд би цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөний дараа  миний данс руу 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 250.000 төгрөг хийсэн. Одоо үлдэгдэл 250.000 төгрөг өгөх ёстой” гэсэн мэдүүлэг. /хэргийн 8 дугаар хуудас/

“...Цэцэгмаа эгчээс мөнгөө нэхэхээр удахгүй ажилд оруулна хүлээж бай гэдэг ба сүүлдээ мөнгийг чинь өгнө. Ажилд оруулж чадахгүй юм байна гэдэг байсан. Тэгээд сүүлдээ мөнгө өгөхгүй утас нь холбогдохгүй алга болчихсон юмаа. ...Манай ээж надад утсаар Цэцэгмаа гэж хүний утасны дугаарыг өгөөд би өөрөө ярьж холбогдож мөнгөө өгсөн. Намайг Цэцэгмаад мөнгө өгсөн гэдгийг манай ээж мэдээгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 80 дугаар хуудас/

Хохирогч А.Ичинноровын “2015 оны 08 дугаар сарын үед манай дүүгийн найзынх нь аав надад Төв вокзалд суурин кассираар ажилд оруулж өгдөг хүн байна гээд дугаарыг нь өгч байсан. Тэгээд намайг өөрөө учир явдлаа хэлээд уулзчих гэхээр нь Мэндсайхан гэх хүний юнителын 88923773 гэх  дугаар луу нь 2015 оны 08 дугаар сарын сүүлээр холбоо барьж Баруун 4 замын Гранд плазагийн нотариатад орж урьдчилгаа болох 500.000 төгрөг өгсөнөө баталгаажуулаад салсан. Тэгээд миний ажлыг бүтээж байгаа байх гэж бодоод 3 сар бараг холбоо бариагүй байж байгаад 11 сарын эхээр Мэндсайхан луу залгатал Цэцэгмаа гэх хүний 88053924 гэсэн дугаарыг өгөөд энэ хүн лүү холбогдоод очиж уулзаадах энэ хүн ажилд оруулж өгдөг  хүн байгаа юм гэсэн. Тэгээд 2015 оны 11 дүгээр сарын 10-ны хавьцаа Төмөр замын Моносын эмийн сангийн хажууд Цэцэгмаа эгчтэй уулзсан. Тэрээр 2016 он  гарахаас өмнө Төв вокзалд суурин кассираар  ажилд оруулж өгье гээд тэгээд би 2015 оны 12 дугаар сарын 10-нд хавьцаа  Цэцэгмаатай дахиж уулзан баруун 4 замын Гранд плазагийн нотариат ороод 2.000.000 төгрөг  бэлэн тоолж өгөөд нотариатаар баталгаажуулсан. Түүнээс хойш 10 хоногийн дараа  дансаар 45.000 төгрөг явуулчих, эрүүл мэндийн үзлэг, бусад зүйлсэд шаардлагатай байна гэхээр нь 13 дугаар хорооллын Хас банкнаас Цэцэгмаагийн Хаан банкын 5755006019 гэх данс руу нь 45.000 төгрөгөө шилжүүлсэн. Түүнээс хойш дахиж уулзаагүй. Утас руу нь залгахаар утсаа авахгүй, хааяа авахаараа ажлыг чинь хөөцөлдөөд явж байна, эсвэл хугацаа хэлээд тэдэнд тэнд уулзая гээд худлаа яриад байсан. ...Нийт 2.545.000 төгрөгний хохирол учирсан байна. 2.545.000 төгрөгөө эргүүлж авмаар байна байна.” гэсэн мэдүүлэг. /хэргийн 57 дугаар хуудас/

“...Би мөнгөө авмаар байна гээд цагдаад хандсан. Тэгээд  цагдаад хандсан чинь 14 хоногийн дараа миний мөнгийг өгсөн. Гомдолгүй. Шүүх хуралд орохгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 79 дүгээр хуудас/

Гэрч З.Маш-Эрдэнийн “...2014 онд тэтгэвэрт гарсан. Үүнээс хойш тодорхой ажил төрөл эрхлээгүй. Би Цэцэгмаатай 1980 онд танилцаад гэр бүл болоод гэр бүлээ батлуулсан. Одоо 32-34 насны хүү, охинтой юмаа. ...Би Цэцэгмааг ямар хэрэгт шалгагдаж байгааг сайн мэдэж байнаа. Би ийм үйлдэл битгий хийж байгаарай гэж өчнөөн хэлсэн.  ...Надаа дахиж ийм үйлдэл хийхгүй гэдгээ амласан. ...Цэцэгмааг Улаанбаатар төмөр замд хүн ажилд оруулж өгч байсныг сайн мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 81-82 дугаар хуудас/

Л.Цэцэгмаагийн яллагдагчаар өгсөн “Надад сонсгож буй ялыг би хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй. Би Ичинноровоос 2.520.000 төгрөг, Ариунмөнхөөс 500.000 төгрөг залилсан үйлдлүүдээ хүлээн зөвшөөрч байна. Тиймд надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Би дахин ийм төрлийн гэмт хэрэг үйлдэхгүй. Би өөртөө байлгаж байгаад ажлыг нь бүтээж өгье гэсэн боловч үнэхээр таньж мэдэх хүн олдоогүй болохоор таних хүн олдож магадгүй гээд л өөртөө хадгалж байсан. Тэрнээс би ямар нэгэн зүйлд ашиглаж зарцуулаагүй байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 84-85 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Л.Цэцэгмааг бусдыг сургууль, ажилд оруулж өгнө гэж итгэл төрүүлэн мөнгийг нь авч удаа дараа залилан мэхэлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.Цэцэгмаа нь С.Ариунмөнх, А.Ичинноров нарт учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь А.Ичинноровын мөрдөн байцаалтад өгсөн “... Би мөнгөө авмаар байна гээд цагдаад хандсан. Тэгээд  цагдаад хандсан чинь 14 хоногийн дараа миний мөнгийг өгсөн. Гомдолгүй. Шүүх хуралд орохгүй” гэсэн мэдүүлэг, /хэргийн 79 дүгээр хуудас/

Л.Цэцэгмаагаас С.Ариунмөнхийн дансанд “249.000, 250.000 төгрөг тус тус шилжүүлсэн баримт” /хэргийн 6 дугаар хуудас/ зэргээр  нотлогдож байх тул түүнийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Л.Цэцэгмаагийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /хэргийн  65 дугаар хуудас/ Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд Баянгол дүүргийн шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 639 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дах хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2 жилийн хугацагаар тэнсэж хянан харгалзаж байжээ.

 

Шүүгдэгч Л.Цэцэгмаа нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг барагдуулсан, мөн түүний хувийн байдлыг харгалзан түүнд шүүхээс оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Лувсанчоймболын Цэцэгмааг бусдын эд хөрөнгийг итгэл эвдэх аргаар залилан мэхлэн авч  бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг  давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дах хэсэгт зааснаар Л.Цэцэгмааг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар Л.Цэцэгмаад оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

            4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2 дах хэсэгт зааснаар Л.Цэцэгмаа нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Л.Цэцэгмаад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, энэ хугацаанд түүнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.         

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5 дах хэсэгт зааснаар Л.Цэцэгмаа нь хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл, захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг сануулсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дах хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Л.Цэцэгмаад урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                                                                                                                                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ