| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2023/0201/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/320 |
| Огноо | 2023-08-31 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ж.Б |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 2023/ШЦТ/320
2023 08 31 2023/ШЦТ/320
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга Д.У
Улсын яллагч Ж.Б
Хохирогч Г.З
Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н-т холбогдох эрүүгийн 2325000000214 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Б овгийн Б-гийн Н
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Б.Н нь 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт Г.З ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, өөрийгөө хянах чадваргүй байхад нь түүний эзэмшлийн Хаан банкны ******** дугаартай харилцах дансны виза карт, нууц үгийг авч, улмаар виза картыг ашиглан Баян-Өндөр сумын Наран үйл ажиллагаа явуулдаг Вансэмбэрүү дэлгүүрт байрлах Хаан банкны АТМ-с 150 000 төгрөг, Согоот багт байрлах Хаан банкны АТМ-с 500 000 төгрөг, Цагаанчулуут багт үйл ажиллагаа явуулдаг Сансар худалдааны төвийн Хаан банкны АТМ-с 500 000 төгрөгийг авч нийт 1 450 000 төгрөг,
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Огторгуйн одод” хүнсний дэлгүүрт 39 900 төгрөгөөр, Баянтал хүнсний дэлгүүрт 64 800 төгрөгөөр, Баярхайрхан хүнсний дэлгүүрт 16 000 төгрөгөөр, Баян-Өндөр сумын Яргуйт багт үйл ажиллагаа явуулдаг Доктор хүнсний дэлгүүрт 210 700 төгрөгөөр архи, хүнсний зүйл болон гэр ахуйн бараа бүтээгдэхүүнийг худалдан авч Г.З ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, өөрийгөө хянах чадваргүй байхад нь түүний эзэмшлийн Хаан банкны ******** дугаартай харилцах дансны виза картыг пос машинд уншуулан төлбөрийг төлж, 331 400 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч нийт 1 781 400 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Н-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлнө.” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Г.З мэдүүлэхдээ “Тухайн үед найзындаа очиж архи уугаад согтчихсон байсан болохоор сайн санахгүй байгаа юм. Нэг эмэгтэйтэй таарсанаа санаж байна. Орцонд орж пиво уусан зүйл байхгүй байх. Бичлэгээс үзэхэд Вансэмбэрүү дэлгүүрт байрлах Хаан банкны АТМ-с 150 000 төгрөг авахад би хажууд нь байсан байна. Иймд бусад мөнгийг нэхэмжлэнэ. Хохирлоо төлүүлж авах хүсэлтэй байна.” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хяналтын камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хавтаст хэргийн 10-20-р тал/
2. Хохирогч Г.З ын “Би 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн орой 16 цагийн үед найз И-тай гэрт нь очиж уулзсан. Найз И-ны гэр нь Их хаадын цуваа хотхонд байдаг, И бид хоёр 0.75 литрийн хэмжээтэй нэг шил архи, 0.33 литрийн хэмжээтэй нэг архи уусан. Би найз И-ны гэрээс орой 18 цагийн үед ганцаараа гараад Бүрэнбүст багт байрлах гэрлүүгээ алхаж явсан. Би байрныхаа ойролцоо явж байгаад үл таних нэг эмэгтэйтэй юм ярьж зогсож байгаад уг эмэгтэйг дагаад явсан байсан. Тухайн эмэгтэй нь намайг дагуулж яваад Вансэмбэрүү дэлгүүрийн АТМ ороод миний картнаас 150,000 төгрөг авхуулсан байсан, дараа нь үл таних нэг айл руу дагуулж явсныг санаж байна, тухайн айлд танихгүй хүмүүс байсан. Түүнээс хойш болсон асуудлын талаар огт санахгүй байна. Тухайн өдрөө гэртээ харьж хоносон байсан. Намайг орой гэрт ирэх үед миний виза карт байхгүй байсан энэ үед эхнэр Э Хаан банк руу залгаж миний виза картыг хаалгасан байсан. Маргааш нь дансны хуулгаа гаргаж харах үед миний данснаас 150.000, 22.000, 42.800, 16.000, 500.500, 39.900, 500.000, 145.700, 65.000, 300.000 зэрэг гүйлгээнүүд тус тус гарсан байсан. Намайг согтуу байгааг далимдуулж миний виза картыг авч миний данснаас мөнгө авсан гэх хүнд гомдолтой байна. Надад учруулсан 1.781.400 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 30, 32-р тал/
3. Гэрч Б.Э гийн “2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр миний бие ажилтай байсан. Орой 16 цагийн үед гэртээ ирэх үед нөхөр З байгаагүй, ингээд орой 22 цаг 30 минутын үед манай гэрийн хаалга шөргөөх чимээ гарахаар нь хаалга онгойлгосон чинь нөхөр З согтуу гэрийнхээ хаалтыг налчихсан зогсож байсан. З ыг түшиж гэрт оруулах үед хөл дээрээ зогсох боломжгүй газар унаад ёо ёо гээд байсан. Биеийн байдлыг үзэхэд уруул нь урагдсан, хувцаснууд нь шавар, шороо болсон байсан. Нөхөр З гартаа гар утсаа барьсан байхаар нь түүний гар утсыг нь шалгаж хэнтэй архи уусан талаар мэдэх гэхэд түүний гар утсанд 16 цагаас хойш ямар нэгэн дуудлага байхгүй, мобайл банкны мессежнүүд устсан, утасны хавтсанд байсан Хаан банкны виза карт байхгүй байсан мөн гэрийн түлхүүр байхгүй байсан. Энэ үед би нөхөр З ын хаан банкны ******** дугаартай данс руу мобайл банкаар нэвтэрч ороод хуулгыг нь үзэхэд их хэмжээний мөнгө гарсан байсан. Энэ үед нөхрийнхөө гар утсаар Хаан банкны лавлах руу залгаж виза картыг нь хаагаад өгөөч гэж хүсэлт тавьж хаалгасан. Маргааш өглөө нь Хаан банкны Хүрэнбулаг салбарт очиж урд өдрийн зарлагын гүйлгээг киоск машинаас гаргуулж Хаан банкны ажилтантай уулзаж зөвлөгөө авах үед цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байж хяналтын камерын бичлэгийг шүүнэ, би танд үйлчлүүлсэн дэлгүүрийн хаягийг өгье гэж хэлээд хаягийг өгсөн. Тухайн өгсөн хаягийн дагуу “Вансэмбэрүү” дэлгүүрт очиж худалдагчтай уулзах үед “энэ ах өчигдөр нэг эмэгтэйгийн хамт орж ирсэн би охин нь гэж бодсон, уг эмэгтэй түрэмгий зангаар энэ ахаас пин кодоо хэлээ, алив хурдал, татаж чангаасан байдалтай байсан, уг эмэгтэй АТМ-ээс мөнгө авч байсан, охин нь аавтайгаа явж байгаа гэж бодсон, ингээд гараад явсан гэж хэлсэн, дараа нь “доктор” хүнс дэлгүүрт очиж худалдагчтай уулзах үед хяналтын камер байгаагүй, худалдагч эмэгтэй манай нөхрийг хараад “энэ ах орж ирээгүй гэхээр нь танай дэлгүүрт өчигдөр 145.700, 65.000 төгрөгний худалдан авалт хийж манай нөхрийн виза картыг уншуулсан байна, хэн уншуулсан юм бэ гэхэд Н гэх эмэгтэй орж ирээд уг картыг уншуулж ахуйн хэрэглээний зүйлс, архи зэрэг эд зүйлсийг худалдаж авсан гэж хэлээд гэрийг нь зааж өгсөн, энэ эмэгтэй маргааш хөдөө явна, хүүхэд дээрээ очно гэж байсан гэж хэлсэн. Ингээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 34-р тал/
4. Гэрч П.Ш-н “2023 оны 03 дугаар сарын 27-ны орой 21 цагийн үед манай дэлгүүрийн ойролцоо гэр нь байдаг З гэх залуу үл таних нэг эмэгтэйгийн хамт орж ирээд 4 шил 0.75 литрийн хэмжээтэй “Стандарт” нэртэй архи, нэг шил 0.75 литрийн “X” нэртэй архи, “даублес” нэртэй тамхи 4 хайрцаг, “шонхор” нэртэй тамхи, 4 ширхэг, “алтан навчис” нэртэй тамхинаас 4 ширхэг, аяга угаадаг парлоноос 4 боодол, набор шоколад 4 хайрцаг, саван, угаалгын нунтаг, том савтай ундаа, хоолны гоймон, 00 цаас, асаагуур, давс, цайны идээ, будаа, гурил зэрэг эд зүйлсийг худалдаж авсан талаар санаж байна, тухайн эд зүйлсийн тооцоог нь З гэх залуутай хамт явсан үл таних эмэгтэй картаар тооцоог нь хийсэн уг эмэгтэй “манай нөхрийн карт, нөхрийн цалин орсон, манай нөхрийн утас мэдээлэл нь надад ирдэг, хэр зэрэг мөнгө үрсэн байна, гайгүй үрсэн байна, бэлэн мөнгө гаргаад өгөөч” гэх мэт зүйл ярьсан бэлэн мөнгө гаргаад өгөөч гэхээр нь гаргаж өгөөгүй, тооцоогоо хоёр хувааж хийгээд худалдаж авсан эд зүйлсээ аваад гараад явсан. 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр З гэх залуугийн хамт манай дэлгүүрт ирсэн гэх эмэгтэй мөн байна. З гэх залуугийн гэр нь манай дэлгүүрийн ойролцоо байдаг, манай дэлгүүрээр хааяа үйлчлүүлдэг, түүнтэй хамт явсан гэх эмэгтэйг анх удаа харсан урд өмнө нь ирж байгаагүй. Тухайн цагаас хойш дахиж манай дэлгүүрээр орж ирээгүй” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 36-р тал/
5. Гэрч Д.Л-н “машинд суусан эмэгтэй хороолол явъя, Хаан банкны АТМ оръё гэж хэлсэн. Ингээд явсаар хорооллын эцэст байх Вансэмбэрүү дэлгүүрийн гадна талд очиж зогсоод машинд суусан эмэгтэй, эрэгтэй нар машинаас буугаад Вансэмбэрүү дэлгүүр рүү АТМ-ээс мөнгө аваад ирье гэж хэлээд орсон. Хэсэг хугацааны дараа уг эмэгтэй, эрэгтэй хоёр гарч ирээд машинд суугаад урд Хабитат руу явсан, урд Хабитатын ойролцоо явж байтал миний машинд суусан эмэгтэй “ахаа дэлгүүр ороод ус авъя” гэж хэлээд Эрдэнэ багт байх Баянтал нэртэй хүнсний дэлгүүр орсон. Хэсэг хугацааны дараа гарч ирэхдээ тортой зүйл авч гарч ирээд машинд суусан, цааш нь явж байгаад машинд суусан эмэгтэй түлээ нүүрсний зах оръё гэж хэлээд Баянхайрхан нэртэй түлээ нүүрсний захын хажууд очиж зогсоод нэг шуудай нүүрс, нэг шуудай мод авсан, тооцоог нь эмэгтэй карт уншуулж хийсэн. Машинд суусан эмэгтэй л надтай ийшээ явна, тийшээ явна дэлгүүр орно гэж ярьж байсан, хамт явсан эрэгтэй нь согтуу байсан. Анх миний машинд суугаад хорооллын эцэст байх Вансэмбэрүү дэлгүүрийн гадна талд очоод машинд суусан эмэгтэй хамт явсан эрэгтэйдээ хандаж “одоо хоёулаа АТМ орно, мөнгө авна, хоёулаа орно, карт чинь хаана байна” гэсэн чинь уг эрэгтэй энгэрийн халааснаас ямар нэг зүйл авах гэж гараараа оролдож байтал хамт явсан эмэгтэй нь гараа халаас руу нь хийгээд гар утсыг нь аваад дагуулаад орсон” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 38-р тал/
6. Гэрч Ж.З ын “Н-тэй хамт настай нэг ах ирсэн, уг ах архи уусан бололтой согтуу байсан. Н хамт дэлгүүр яваад ирье гэж хэлээд намайг дагуулаад манай гэрээс гарсан. Н бид хоёр манай гэрийн ойролцоо байх Доктор нэртэй хүнсний дэлгүүр ороод архи, ундаа, шар айраг, өөр зөндөө олон зүйлсийг авсан. Н-тэй хамт ирсэн ах маш их согтож манай гэрт унтсан. Ямар нэгэн зүйл хэлээгүй, суугаад л байсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 41-р тал/
7. Яллагдагч Б.Н-ийн “үл таних нэг ах ирж байхаар нь уг ахыг та гар утсаараа нэг яриулаач гэж хэлсэн чинь утас байхгүй чи юу хийж яваа юм бэ гэж надаас асуухаар нь би хүнээс гар утсаа авах гэж байна гэсэн чинь хоёулаа энэ шар айраг хамт ууя гэж хэлэхээр нь за гэж хэлсэн. Ингээд уг үл таних ахтай хамт 5-7 дугаар байрны 9 дүгээр давхарт гараад том савтай Нийслэл нэртэй шар айргийг нэг удаагийн аягаар уусан. Ингээд шар айргаа ууж дуусаад уг ахыг та гэртээ ор гэсэн чинь хоёулаа буудал орж дахиж шар айраг ууя гэж хэлэхээр нь хоёулаа согтуу юм чинь буудал оруулахгүй гэж хэлсэн чинь ах нь гэртээ орвол эхнэр хүүхдүүд уурлаад хөөгөөд гаргачхаж магадгүй гэж хэлэхээр нь хоёулаа тэгвэл миний таньдаг айлд очъё гэж хэлээд 5-7 дугаар байрнаас дагуулж гараад “Мэнд амар” үйлчилгээний төвийн урд талд очиж такси бариад таксинд явж байх үедээ уг ах таксины мөнгө хэрэгтэй гэж хэлэхээр нь би Вансэмбэрүү дэлгүүрийн АТМ орж мөнгө авъя гэж хэлсэн, ингээд Вансэмбэрүү дэлгүүрийн гадна талд очиж зогсоод дэлгүүрт ороод уг ах надад картаа өгөөд 1024 гэх кодоо хэлсэн хэдэн төгрөг авах юм бэ? гэж асуусан чинь 150,000 төгрөг авчих гэж хэлэхээр нь би 150,000 төгрөг аваад Вансэмбэрүү дэлгүүрээс гараад Эрдэнэ багт байх Б гэх эгчийн гэрт очсон, замаараа үл таних ахын хамт “Баян тал” нэртэй дэлгүүр ороод архи, ундаа, идэж уух юм авсан нийт 64,800 төгрөг болсон тооцоог нь би үл таних ахын картаар хийсэн дараа нь “Баян хайрхан” нэртэй нүүрс, түлээний захаас Б эгчийн гэрт нүүрс болон мод авсан, уг нүүрс модны тооцооны мөнгө болох 16,000 төгрөгийг тухайн үл таних ахын картаар тооцоог нь хийсэн, ингээд Болроо эгчийн гэрт очих үед Б эгч, З ах, Г ах, У эгч, болон үл таних 2-3 хүн байсан. Би У эгчийн гэрт орчхоод буцаж гараад Дуурга нэртэй дэлгүүр ороод Дуурга дэлгүүрийн хажууд байх бэлэн мөнгөний машинаас 500,000 төгрөг аваад, Дуурга дэлгүүрээс гурил, будаа, 00-ын цаас, хоол амтлагч гэх мэт зүйл аваад үлдсэн мөнгийг нь өөрөө авсан, буцаж гарч яваад “Огторгуйн одод” нэртэй дэлгүүрт очоод дэлгүүрээс 39,900 төгрөгөөр худалдан авалт хийсэн юу авсан талаар сайн санахгүй байна. Дараа нь такси бариад төв рүү ороод Согоот багт байрлах Хаан банкны бэлэн мөнгөний машинаас 500,000 төгрөг авсан, Ингээд буцаад Б эгчийн гэрт ирсэн чинь үл таних ах согтуу унтаж байсан ба үл таних ах бид хоёрын авч ирсэн архийг ууж дууссан болохоор З ах, У эгч хоёртой цуг яваад Докгор хүнсний дэлгүүрт очоод У эгч дэлгүүрийн гадна талд үлдээд З ах бид хоёр ороод хэд хэдэн шил архи, шар айраг, тамхи, ундаа, гоймон, гурил, будаа, зэрэг зүйлсийг Б эгчийн гэрт авсан зарим нэг авсан зүйлүүдээ санахгүй байна, нийт 210,700 төгрөгөөр худалдан авалт хийсэн. Ингээд буцаад Б эгчийн гэрт очоод авсан архи болон шар айргаа уусан. Ингээд байж байтал үл таних ах сэрээд гэртээ харья хүргээд өг гэхээр нь уг ахыг дагуулаад такси бариад гэр лүү нь явсан, замаараа Сансар худалдааны төвийн бэлэн мөнгөний машинаас 300,000 төгрөг аваад уг мөнгийг өөрөө аваад уг ахыг 5-7 дугаар байрны гадна талд буулгаад гар утас, картыг нь өгөөд буулгасан. Ингээд би буцаад Б эгчийн гэр лүү явсан. Тухайн үед би үл таних ахын картаас мөнгө авах болон дэлгүүрээс худалдан авалт хийх үед уг үл таних ахын гар утсанд дансны мэдээлэл ирж байсан би уг мэдээллийг нь устгачихсан. Анх Вансэмбэрүү дэлгүүрт очиж мөнгө авах үед би нууц үгийг нь мэдсэн. Би тухайн хүнээс надад мөнгө хэрэгтэй байна би мөнгө авчих уу гэж анх асуусан тэр үед тэг тэг гэж хэлсэн, хэдэн төгрөг авах талаар асуугаагүй, худалдан авалт хийх талаар асуугаагүй, тухайн ах өөрөө, архи, шар айраг аваад ир миний дансанд 10,000,000 төгрөг байгаа гэж хэлээд байсан. Зарим нэг зүйлсийг нь миний бие өөрөө мэдэж худалдан авалт хийсэн. Би ямар зүйлд зарцуулсан талаар санахгүй байна. Тухайн өдөр би согтуу байсан болохоор зарим нэг зүйлсийг санахгүй байна. Нэлээн их согтуу байсан, Б эгчийн гэрт очоод унтчихсан байсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 53-54-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ж.Б дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Н нь 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт Г.З ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, өөрийгөө хянах чадваргүй байхад нь түүний эзэмшлийн Хаан банкны ******** дугаартай харилцах дансны виза карт, нууц үгийг авч, улмаар виза картыг ашиглан Баян-Өндөр сумын Наран үйл ажиллагаа явуулдаг Вансэмбэрүү дэлгүүрт байрлах Хаан банкны АТМ-с 150 000 төгрөг, Согоот багт байрлах Хаан банкны АТМ-с 500 000 төгрөг, Цагаанчулуут багт үйл ажиллагаа явуулдаг Сансар худалдааны төвийн Хаан банкны АТМ-с 500 000 төгрөг, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Огторгуйн одод” хүнсний дэлгүүрт 39 900 төгрөгөөр, Баянтал хүнсний дэлгүүрт 64 800 төгрөгөөр, Баярхайрхан хүнсний дэлгүүрт 16 000 төгрөгөөр, Баян-Өндөр сумын Яргуйт багт үйл ажиллагаа явуулдаг Доктор хүнсний дэлгүүрт 210 700 төгрөгөөр архи, хүнсний зүйл болон гэр ахуйн бараа бүтээгдэхүүнийг худалдан авсан, Г.З ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, өөрийгөө хянах чадваргүй байхад нь түүний эзэмшлийн Хаан банкны ******** дугаартай харилцах дансны виза картыг пос машинд уншуулан төлбөрийг төлж 331 400 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч нийт 1 781 400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, хяналтын камерийн бичлэг, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм брууутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Хохирогч зарим хохирлоо нэхэмжлэхээс татгалзаж байх тул түүнийг хасч үлдэх хэсгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй, мөн шүүгдэгч 1 сар 12 хоног цагдан хоригдсон байх тул эдлэх ялаас хасч тооцох нь зүйтэй” гэв.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хяналтын камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Г.З ын “Тухайн эмэгтэй нь намайг дагуулж яваад Вансэмбэрүү дэлгүүрийн АТМ ороод миний картнаас 150,000 төгрөг авхуулсан байсан. Түүнээс хойш болсон асуудлын талаар огт санахгүй байна. Маргааш нь дансны хуулгаа гаргаж харах үед миний данснаас 150.000, 22.000, 42.800, 16.000, 500.500, 39.900, 500.000, 145.700, 65.000, 300.000 зэрэг гүйлгээнүүд тус тус гарсан байсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Э гийн “Тухайн өгсөн хаягийн дагуу “Вансэмбэрүү” дэлгүүрт очиж худалдагчтай уулзах үед “энэ ах өчигдөр нэг эмэгтэйгийн хамт орж ирсэн. Би охин нь гэж бодсон, уг эмэгтэй түрэмгий зангаар энэ ахаас пин кодоо хэлээ, алив хурдал гээд татаж чангаасан байдалтай байсан, уг эмэгтэй АТМ-ээс мөнгө авч байсан, охин нь аавтайгаа явж байгаа гэж бодсон, ингээд гараад явсан гэж хэлсэн, дараа нь “доктор” хүнс дэлгүүрт очиж худалдагчтай уулзах үед хяналтын камер байгаагүй, худалдагч эмэгтэй манай нөхрийг хараад “энэ ах орж ирээгүй гэхээр нь танай дэлгүүрт өчигдөр 145.700, 65.000 төгрөгний худалдан авалт хийж манай нөхрийн виза картыг уншуулсан байна, хэн уншуулсан юм бэ гэхэд Н гэх эмэгтэй орж ирээд уг картыг уншуулж ахуйн хэрэглээний зүйлс, архи зэрэг эд зүйлсийг худалдаж авсан гэж хэлээд гэрийг нь зааж өгсөн” гэх мэдүүлэг, гэрч П.Ш-н “2023 оны 03 дугаар сарын 27-ны орой 21 цагийн үед манай дэлгүүрийн ойролцоо гэр нь байдаг З гэх залуу үл таних нэг эмэгтэйгийн хамт орж ирээд 4 шил 0.75 литрийн хэмжээтэй “Стандарт” нэртэй архи, нэг шил 0.75 литрийн “X” нэртэй архи, “даублес” нэртэй тамхи 4 хайрцаг, “шонхор” нэртэй тамхи, 4 ширхэг, “алтан навчис” нэртэй тамхинаас 4 ширхэг, аяга угаадаг парлоноос 4 боодол, набор шоколад 4 хайрцаг, саван, угаалгын нунтаг, том савтай ундаа, хоолны гоймон, 00 цаас, асаагуур, давс, цайны идээ, будаа, гурил зэрэг эд зүйлсийг худалдаж авсан талаар санаж байна, тухайн эд зүйлсийн тооцоог нь З гэх залуутай хамт явсан үл таних эмэгтэй картаар тооцоог нь хийсэн” гэх мэдүүлэг, гэрч Д.Л-н “машинд суусан эмэгтэй хороолол явъя, Хаан банкны АТМ оръё гэж хэлсэн. Миний машинд суусан эмэгтэй “ахаа дэлгүүр ороод ус авъя” гэж хэлээд Эрдэнэ багт байх Баянтал нэртэй хүнсний дэлгүүр орсон. Хэсэг хугацааны дараа гарч ирэхдээ тортой зүйл авч гарч ирээд машинд суусан, цааш нь явж байгаад машинд суусан эмэгтэй түлээ нүүрсний зах оръё гэж хэлээд Баянхайрхан нэртэй түлээ нүүрсний захын хажууд очиж зогсоод нэг шуудай нүүрс, нэг шуудай мод авсан, тооцоог нь эмэгтэй карт уншуулж хийсэн. Машинд суусан эмэгтэй хамт явсан эрэгтэйдээ хандаж одоо хоёулаа АТМ орно, мөнгө авна, хоёулаа орно, карт чинь хаана байна” гэсэн чинь уг эрэгтэй энгэрийн халааснаас ямар нэг зүйл авах гэж гараараа оролдож байтал хамт явсан эмэгтэй нь гараа халаас руу нь хийгээд гар утсыг нь аваад дагуулаад орсон” гэх мэдүүлэг, гэрч Ж.З ын “Н бид хоёр манай гэрийн ойролцоо байх Доктор нэртэй хүнсний дэлгүүр ороод архи, ундаа, шар айраг, өөр зөндөө олон зүйлсийг авсан” гэх мэдүүлэг, яллагдагч Б.Нийн “Вансэмбэрүү дэлгүүрийн гадна талд очиж зогсоод дэлгүүрт ороод уг ах надад картаа өгөөд 1024 гэх кодоо хэлсэн хэдэн төгрөг авах юм бэ гэж асуусан чинь 150,000 төгрөг авчих гэж хэлэхээр нь би 150,000 төгрөг аваад “Баян тал” нэртэй дэлгүүр ороод архи, ундаа, идэж уух юм авсан нийт 64,800 төгрөг болсон тооцоог нь би үл таних ахын картаар хийсэн дараа нь “Баян хайрхан” нэртэй нүүрс, түлээний захаас Б эгчийн гэрт нүүрс болон мод авсан, уг нүүрс модны тооцооны мөнгө болох 16,000 төгрөгийг тухайн үл таних ахын картаар тооцоог нь хийсэн. Дуурга нэртэй дэлгүүр ороод Дуурга дэлгүүрийн хажууд байх бэлэн мөнгөний машинаас 500,000 төгрөг аваад, Дуурга дэлгүүрээс гурил, будаа, 00-ын цаас, хоол амтлагч гэх мэт зүйл аваад үлдсэн мөнгийг нь өөрөө авсан, буцаж гарч яваад “Огторгуйн одод” нэртэй дэлгүүрт очоод дэлгүүрээс 39,900 төгрөгөөр худалдан авалт хийсэн юу авсан талаар сайн санахгүй байна. Дараа нь такси бариад төв рүү ороод Согоот багт байрлах Хаан банкны бэлэн мөнгөний машинаас 500,000 төгрөг авсан. Докгор хүнсний дэлгүүрт очоод У эгч дэлгүүрийн гадна талд үлдээд З ах бид хоёр ороод хэд хэдэн шил архи, шар айраг, тамхи, ундаа, гоймон, гурил, будаа, зэрэг зүйлсийг Б эгчийн гэрт авсан зарим нэг авсан зүйлүүдээ санахгүй байна, нийт 210,700 төгрөгөөр худалдан авалт хийсэн. Сансар худалдааны төвийн бэлэн мөнгөний машинаас 300,000 төгрөг аваад уг мөнгийг өөрөө аваад уг ахыг 5-7 дугаар байрны гадна талд буулгаад гар утас, картыг нь өгөөд буулгасан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Н нь 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт Г.З той тааралдаж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, өөрийгөө хянах чадваргүй байдлыг далимдуулан түүний эзэмшлийн Хаан банкны ******** дугаартай харилцах дансны виза карт, нууц үгийг авч, виза картыг ашиглан Баян-Өндөр сумын Наран үйл ажиллагаа явуулдаг Вансэмбэрүү дэлгүүрт байрлах Хаан банкны АТМ-с 150 000 төгрөг, Согоот багт байрлах Хаан банкны АТМ-с 500 000 төгрөг, Цагаанчулуут багт үйл ажиллагаа явуулдаг Сансар худалдааны төвийн Хаан банкны АТМ-с 500 000 төгрөг авсан, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Огторгуйн одод” хүнсний дэлгүүрээс 39 900 төгрөгөөр, Баянтал хүнсний дэлгүүрээс 64 800 төгрөгөөр, Баярхайрхан хүнсний дэлгүүрт 16 000 төгрөгөөр, Баян-Өндөр сумын Яргуйт багт үйл ажиллагаа явуулдаг Доктор хүнсний дэлгүүрээс 210 700 төгрөгөөр архи, хүнсний зүйл болон гэр ахуйн бараа бүтээгдэхүүнийг худалдан авч нийт 1 781 400 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Н нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй, нууцаар, хууль бусаар авч 1 781 400 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Б.Нийн үйлдлийн улмаас хохирогч Г.З од 1 781 400 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь 150 000 төгрөгөөс бусад хохирлоо нэхэмжлэнэ гэж байх тул шүүгдэгчээс 1 631 400 төгрөг гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Н-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамааралтай бүхий бусад зүйлсийн талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Н-т оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулав.
Шүүгдэгч Б.Н нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 42 хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялаас хасч тооцох нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Б-гийн Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-г 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ийн цагдан хоригдсон 42 хоногийг түүний эдлэх ялаас хасч, нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сар 18 /арван найм/ хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тогтоосугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-т оногдуулсан 1 жил 4 сар 18 хоногийн зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нээс 1 631 400 /нэг сая зургаан зуун гучин нэгэн мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулан хохирогч Г.З /Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн 5-7-46 тоотод оршин суух, РД: ФА65102433, утас 94351937/-д олгосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС