Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/173

 

 

2023           08           28                                              2023/ШЦТ/173                              

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,                                                                                                                                                                                

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Б.Жамъяндорж

Шүүгдэгч Ө.Амарбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар ирүүлсэн Ө.Амарбатад холбогдох 2330000000173 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, ...оны ... дугаар сарын ....-ны өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл  ..эхнэр .. хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын ...... гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэлгүй, Ямаат ургийн овогт Өлзийсайханы Амарбат ....,

 

Холбогдсон хэргийн талаар / яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Ө.Амарбат нь 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 3 дугаар баг “Хөөвөр” гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас Г.Цэндтэй маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохиж мөн баруун гарын шуунд савар мэт зүйлээр цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний дээд доод зовхи, салстын цус хуралт, баруун шуунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ө.Амарбат нь 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 3 дугаар баг “Хөөвөр” гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас Г.Цэндтэй маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохиж мөн баруун гарын шуунд савар мэт зүйлээр цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний дээд доод зовхи, салстын цус хуралт, баруун шуунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч Г.Цэндийн мэдүүлэг /хх-ийн 07-08,10-11х/, Гэрч Г.Урнаагийн мэдүүлэг /хх-ийн 14-15 х/, гэрч Т.Өлзийбаярын мэдүүлэг /хх-ийн 18-19 х/  гэрч С.Нямцэрэнгийн мэдүүлэг /хх-ийн –22-23 х/, Хүний их эмч Б.Өлзий-Оршихын эмчийн тодорхойлолт /хх-ийн 27/, Б.Батбаатарын яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 29 х/  Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 250 дугаартай дүгнэлт /хх-ийн 28-29 х/ зэрэг баримтуудаар нотлогдон  тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд  эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Шүүгдэгч Ө.Амарбатын хохирогч Г.Цэндтэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, маргалдсаны улмаас нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохиж мөн баруун гарын шуунд савар мэт зүйлээр цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний дээд доод зовхи, салстын цус хуралт, баруун шуунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.  

 

Шүүгдэгч Ө.Амарбат нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогүй болно.

 

Энэ хэргийн улмаас хохирогч Г.Цэндийн эрүүл мэндэд хөнгөн хохирол  учирсан бөгөөд хохирогч Г.Цэнд нь хэргийн материал танилцуулсан баримтад “ гомдол байхгүй” гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хохирогч Г.Цэнд нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарахыг дурдъя. 

 

Харин хохирогч Г.Цэнд нь дээрх гэмтлийн улмаас аймгийн нэгдсэн эмнэлгээс анхны тусламж үйлчилгээ авч эмчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 207000 төгрөгийг зарцуулсан болох нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023.07.310-ний өдрийн 26/220 дугаартай албан бичиг, ЭМДЕГ-ын цахим системийн баримт зэргээр нотлогдох тул шүүгдэгч Ө.Амарбатаас 207000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын төрийн сангийн 100900020080 тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

 Прокуророос санал болгож, шүүгдэгч Ө.Амарбатын хүлээн зөвшөөрсөн 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 / таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Иймд Ө.Амарбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 / таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Бусад асуудлын талаар:

 

Тэрээр энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч Ө.Амарбатад шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ямаат овогт Өлзийсайхны Амарбатыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Ө.Амарбатыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ө.Амарбатад оногдуулсан торгох ялыг 90  хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Амарбат нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч Ө.Амарбатад таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Амарбатаас 207000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын төрийн сангийн 100900020080 тоот дансанд төлүүлсүгэй. 

 

7. Шүүгдэгч Ө.Амарбат энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч нь хохирогч Г.Цэндэд эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг төлсөн бөгөөд хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хэргийн талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР