Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 00047

 

 

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 153/ШШ2020/00047

Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                             

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багт оршин суух, Х овогт Х К //-ийн нэхэмжлэлтэй,

хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 153/2020/00073/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгч Х.К нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.К  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би Ховд аймгийн Буянт сумын 8 жилийн сургуульд 1975 онд 1 дүгээр ангид элсэн ороод 1983 онд 8 дугаар ангиа төгсөөд, Ховд аймгийн Хөдөө аж ахуйн техниккумын Агротехникийн ангид 1983 онд элсэн орж суралцаад 1986 онд төгссөн. Хөдөө аж ахуйн удирдах газрын мэдэлд 1986 оны 7 дугаар сарын 02-ны өдөр очиж хуваарилагдаад Ховд аймгийн Буянтын сумын жимс турших станцад очиход агротехникчийн орон тоо байхгүй байсан учраас цэцэрлэгчийн орон тоо дээр авч ажиллуулсан. Тус газар нь 1988 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүрээлэн болж өөрчлөгдөөд агротехникийн орон тоо гарсан учраас туслах ажилтнаар 1993 оны 12 сарыг дуустал ажилласан. Би тэтгэвэрт гарах гэсэн боловч ажилласан жил хүрэхгүй буюу хөдөлмөрийн дэвтрээс шалтгаалаад шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлага гарсан. Манай байгууллага 20-иод агротехникчтэй байсан. Би ажиллаж байсан нь үнэн.

Иймд 169916 дугаартай, Хозайн Кулаш нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Харакас овогт Хозайн К мөн болохыг тогтоож өгнө үү. Мөн намайг Ховд аймгийн Буятын Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний туршлага станцад 1986 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 1988 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл цэцэрлэгчнээр, Ховд аймгийн Алтайн бүсийн Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд 1988 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал туслах ажилтнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.К нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.К нь нэхэмжлэлийн шаардлагаа 169916 дугаартай, Хозайн Кулаш нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Харакас овогт Хозайн К мөн болохыг тогтоолгох гэж, Ховд аймгийн Буятын Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний туршлага станцад 1986 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 1988 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл цэцэрлэгчнээр, Ховд аймгийн Алтайн бүсийн Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд 1988 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал туслах ажилтнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тус тус тодруулав.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Хавтаст хэргийн 11-39 дүгээр хуудсанд авагдсан 169916 дугаартай хөдөлмөрийн дэвтэр нь норсны улмаас эхний хуудсанд байх тухайн овог, нэр, төрсөн он, боловсрол, мэргэжил, хөдөлмөрийн дэвтэр олгосон байгууллага, тухайн дэвтрийг нээсэн огноо зэрэгт бичигдсэн бичвэр арилсан, уншигдахгүй байх тул тухайн хөдөлмөрийн дэвтэр нь нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтэр мөн эсэх нь тодорхойгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан 169916 дугаартай, Хозайн Кулаш нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Харакас овогт Хозайн К мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Х.К нь Ховд аймгийн Буятын Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний туршлага станцад 1986 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 1988 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл цэцэрлэгчнээр, Ховд аймгийн Алтайн бүсийн Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд 1988 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал туслах ажилтнаар тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 140 дугаартай албан бичгээр ирүүлсэн Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Хөдөө аж ауйн коллежийн захирлын хамтарсан 1993 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 52/54 дугаартай Ажлын хэсэг байгуулах тухай тушаалын хуулбар, гэрч М.Даваадоржийн ....Би 1991 онд ХААИС-ийн агрономийн ангийг төгсөж Ховд аймгийн Алтайн бүсийн хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажилд орж 1994 он хүртэл ажилласан....Намайг 1991 оны 11 сард Ховд аймгийн Алтайн бүсийн хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ороход Х.К нь ажиллаж байсан ба миний туслах ажилтнаар Х.К нь ажиллаж байсан....Х.К Ховд аймгийн Хөдөө аж ахуйн техникумыг төгсөөд Ховд аймгийн Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд туслах ажилтнаар ажиллаж байсан юм билээ....Х.К нь намайг ажилд орохоос өмнө тус байгууллагад туслах ажилтан хийж байсан. Тэгээд миний туслах ажилтан болсон.... гэх мэдүүлэг, гэрч Ж.Хартолгойн ....Би 1981 оны 7 сард Ховд аймгийн Хөдөө аж ахуйн техникумыг агротехникч мэргэжлээр төгсөөд Ховд аймгийн Буянт сумын эрдэм шинжилгээний станцад туслах ажилтнаар ажилд орсон....Х.К нь 1986 оны 7 сард Ховд аймгийн Хөдөө аж ахуйн техникумыг төгсөөд Ховд аймгийн Буянт сумын Эрдэм шинжилгээний станцад туслах ажилтнаар ажилд орж байсан. Х.К нь энэ байгууллагадаа тасралтгүй ажиллаж байгаад 1993 оны 12 сард жирэмсэний амралтаа авч байсан....Бид нар хавар ногоогоо тариад зун нь хураах хүртлээ туршилтаа хийдэг байсан. Энэ хооронд хадлан руу ордог. Хавар мал төлөлтийн үеийн мал төлүүлдэг. Бид нар туслах ажилтан гэдэг албан тушаалтай мөртлөө ийм ажлуудыг хийж байсан....Х.К анх ажилд ороходоо цэцэрлэгч хийдэг байсан. Цэцэрлэгчээр ажиллаад удаагүй туслах ажилтан болсон....Тэр үед анх ажилд орж байгаа хүмүүсийг цэцэрлэгчээр ажиллуулж байгаад туслах ажилтнаар томилдог байсан.... гэх мэдүүлэг, Алтайн бүсийн ХАА-н сургалт эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирлын 1994 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 44 дугаартай Тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Буянтын Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний туршлага станцын даргын 1986 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 21 дугаартай Ажилд авах ба ажлаас халах тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Хөдөө аж ахуйг удирдах газрын даргын 1986 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 75 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 6, 8, 47-48, 49-50, 51, 52, 53 дугаар тал/

Х.К нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1994 оноос 2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1603000655 дугаартай баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хэрэгт авагдсан болно. /хх-ийн 13 дугаар тал/

Хавтаст хэргийн 9-12 дугаар хуудсанд авагдсан иргэн М.Даваадорж, Ж.Хартолгой нарын иргэний үнэмлэхний хуулбар нь хэрэгт хамааралгүй, тэдгээрийн тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар 169916 дугаартай, Хозайн Кулаш нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Х овогт Х К мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х овогт Х- К / /-ийн Ховд аймгийн Буятын Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний туршлага станцад 1986 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 1988 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл цэцэрлэгчнээр, Ховд аймгийн Алтайн бүсийн Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд 1988 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал туслах ажилтнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х.К-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ