Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 00048

 

 

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 153/ШШ2020/00048

Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                            

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Ховд аймгийн Дуут сумын Цагаан бургас багт оршин суух, Х овогт Д-н П //-ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 153/2020/00032/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгч Д.П нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.П нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1965 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Ховд аймгийн Дуут суманд төрсөн. Ховд аймгийн Дуут сумын 8-н жилийн дунд сургуульд 1973 онд 1 дүгээр ангид орж 1981 онд 8-р анги төгсөөд илгээлтээр малчин болсон. Аав Долдой ээж Жавзан нарын хамт малчин болон ажиллаж байгаад 1983 оны 6 дугаар сарын 3-ны өдөр цэрэгт татагдаж ХЦ-ийн 0214 дүгээр ангид алба хаагаад 1986 оны 6 дугаар сарын 4-ний өдөр халагдаж ирээд дахин Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн Цагаан бургас бригадад аав Долдой ээж Жавзан нарын хамт туслах малчнаар ажиллаж 1994 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Цэвээндорж овогтой Долгортой гэр бүл болж малчнаар ажилласан. 1991 онд нэгдэл тарж Таван-Эрдэнэ компани болоход бас мапчнаар ажилласан.

Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр, зарим бичиг баримт сумын архивт байхгүй учраас ажиллаж байсан байдлаа тогтоох шаардлагатай болсон. Би 1990-2000 он хүртэл ажиллаж байснаа тогтоолгох гэсэн боловч 1995 оноос хойш тогтоохгүй гэсэн.

....Иймд намайг Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 3 дугаар бригадад 1981 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл, 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.

 

   Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.П нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Д.П нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 3 дугаар бригадад 1981 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл, 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.П нь Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 3 дугаар бригадад 1981 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл, 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны  өдрийн 1890 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 3 дугаар бригадын 1981-1983, 1986-1987, 1989-1990 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, гэрч Д.Баярхүүгийн ....Би 1981 оны 6 сард цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 3 дугаар бригадад малчаанр 1991 он хүртэл ажилласан....Д.П нь 1981 оны 6 сард Ховд аймгийн Дуут сумын 8 жилийн сургуулийг төгсөөд Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажилд орж 1991 он хүртэл ажилласан....Д.П нь эцэг, эхийн хамт өсвөр насны мал малладаг байсан....Пгийн аавынх нь нэрийг Мухаршарын Долдой, ээжийнх нь нэрийг Мууцагааны Жавзан гэдэг. Эцэг эхээс хоёулаа. Ахынх нь нэрийг Бямбацогт гэдэг.... гэх мэдүүлэг, гэрч А.Эрдэнэбаярын ....Би 1976 оноос 1991 он хүртэл Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажилласан. Би цэрэгт яваагүй....П-гийн аавынх нь нэрийг Долдой, ээжийнх нь нэрийг Жавзан гэдэг.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 5, 6-12, 25-26, 27-28 дугаар тал/

Д.П  нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1991-2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1600001674 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, БХЯ-ны сайдын 1983 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 516 дугаартай тушаалаар цэрэгт татагдаж, мөн сайдын 1986 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 170 дугаар тушаалаар халагдсан талаарх Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 02/1552 дугаартай лавлагааны хуулбар зэрэг нь хэрэгт авагдсан болно. /хх-ийн 17, 32 дугаар тал/

Хавтаст хэргийн 13-16 дугаар хуудсанд авагдсан иргэн Д.Баярхүү, А.Эрдэнэбаяр нарын иргэний үнэмлэхний хуулбар нь хэрэгт хамааралгүй, тэдгээрийн тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Ховогт Д-н П //-ийн Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 3 дугаар бригадад 1981 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл, 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.П-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         С.ОЮУНЖАРГАЛ