Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/112

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал  даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: **********,

Улсын яллагч: М.Мөнхтайван,

Шүүгдэгчийн өмгөөлөгч ************,

Шүүгдэгч ********* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********* овгийн ********* *********-д холбогдох 2326001180112 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны **дугаар сарын **-ны өдөр Өвөрхангай аймгийн ********** суманд төрсөн, **** настай, ********, ********, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл **, эхнэр 2 хүүхдийн хамт, Өвөрхангай аймгийн ************ сумын *** дугаар баг ***** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ********* овогт ********* ******** /РД:**************/.

              Холбогдсон хэргийн талаар:

              Шүүгдэгч ********* нь 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн ************* сумын 6 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулах зориулалттай уурын зуухны амралтын өрөөнөөс хохирогч *************-н эзэмшлийн 510,000 төгрөгийн үнэ бүхий “Айпоне 8 плас” маркийн гар утсыг авч 510,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Шүүгдэгч ********* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт:.. Би золголтоор яваад айлд ороод жаахан архи уусан байсан. ******** гэдэг ах уурын зууханд ажилладаг байсан. Тэр ахтай уулзах гээд орсон. Ийм хэрэг үйлдсэн нь миний буруу гэв.

Хохирогч ************* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн болон дахин өгсөн мэдүүлэгтээ:... 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 17 цагийн үед ********** уурхайгаас уурын зууханд нүүрс ирсэн юм. Би нүүрсний машины жолооч **********-тэй цуг нүүрс хадгалах хашаанд нүүрс буулгаж байхад цэнхэр дээлтэй үл таних хүн ажлын өрөө рүү орсон өрөөнд ороод 5 орчим минут болоод ажлын өрөөнөөс гараад явсан. Би нүүрсээ хашаанд буулгаж дуусчихаад ********** машинтайгаа ********** рүү явсан. Би нүүрс буулгахын өмнө уурын зуухны амралтын өрөөний орон дээр гар утсаа орхичихсон байсан. Би хүнтэй ярих гээд утсаа хайхад миний гар утас алга болчихсон байхаар нь кармадаа болон орны ойр хавиар үзээд байхгүй болохоор нь түрүүний цэнхэр дээлтэй хүн авсан байх гээд тэр хүний араас гүйхэд тэр цэнхэр дээлтэй хүн хаан банкны урд алхаад явж байхаар нь араас очоод миний утсыг өг гэхэд тэр хүн би аваагүй гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би уурын зуух руу танаас өөр хүн ороогүй миний утсыг өгөхгүй бол цагдаа дуудлаа шүү гэж хэлэхэд тэр хүн өврөө ухаж байгаад цамцныхаа энгэрийн кармагаасаа миний утсыг гаргаж ирээд энэ үү гээд надад өгсөн. Тэгээд би утсаа аваад ажил руугаа явсан тэр хүн цааш яваад өгсөн. Би өөрийн хулгайд алдсан утсаа 2022 оны 5 дугаар сард хотоос хүмүүс ирж утас зарахад лизингээр 950,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Миний хулгайд алдсан гар утас “Айпоне 8 плас” загварын цагаан өнгөтэй гар утас байсан юм. Тухайн өдөр **********-н хамт ээлжид гарч байсан. Яг утас хулгайд алдах үед ********** цайндаа явсан байсан. /хх-ийн 6-7-р тал/,

            Гэрч А.********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:... 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр би *************-н хамт уурын зууханд ээлжид гарч байсан 17 цагийн үед цайгаа уух гээд гэр лүгээ явсан. Гэртээ очоод 1 цаг орчим болсон. Тэр хойгуур ************* уурын зуухаа хараад ганцаараа үлдсэн намайг цайндаа явсан хойгуур ********* уурхайгаас нүүрс ачаад ********** ирсэн. Нүүрсний хашаанд нөгөө нүүрсээ буулгасан байсан. Би цайндаа яваад ирэхэд ************* миний гар утсыг цэнхэр дээлтэй танихгүй хүн амралтын өрөөнөөс авсан. Би буцаагаад утсаа авсан гэж надад ярьсан. Би өөр зүйл мэдэхгүй байна. /хх-ийн 9-р тал/,

                  Гэрч *******-********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:... Би 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн ******** сумын 2 дугаар багийн ************* уурхайгаас Хово маркийн ******** улсын дугаартай машинаар Өвөрхангай аймгийн ************* сумын 6 дугаар багийн уурын зууханд ирээд нүүрс буулгаж байсан. Нүүрсний хашаа руу ухарч байхад цэнхэр дээлтэй хүн машины хажуугаар зөрөөд өнгөрсөн. Би яг тэр хүнийг уурын зуух руу орж байхыг нь хараагүй. Би нүүрсээ буулгах гээд зогсож байхад ************* цэнхэр дээлтэй хүний араас гүйгээд явсан. Тэр хүний араас очоод гудамжны үзүүр дээр тэр хоёр юм яриад зогсоод байсан. Би тухайн үед *************-н таньдаг хүн байх гэж бодсон. Тэгээд ************* над дээр буцаж ирээд “Уурын зуух руу орсон чинь утас байдаггүй. Цэнхэр дээлтэй хүн уурын зуух руу орсон юм. Миний утсыг аваад өвөртөө хийчихсэн байна. Би утсаа аваад ирлээ” гэж надад хэлсэн. /хх-ий- 11-р тал/,

                  Монгол Улсын хөрөнгө үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 59 дугаартай хөрөнгийг “510,000 төгрөгөөр үнэлсэн” гэсэн хөрөнгө үнэлсэн тухай тайлан /хх-ийн 17-19-р тал/,

2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн хохирогч *************-н **********-г таньж олсон ажиллагааны “Миний утсыг хулгайлсан ********* гэх хүнийг би нүүр царай, гадна төрхөөр нь танина” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 25-27-р тал/,

 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 44-46-р тал/,

2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн шүүгдэгч **********-н иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 39-р тал/,

2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн шүүгдэгч **********-н байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 40-р тал/,

2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн шүүгдэгч **********-н эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 41-р тал/,

2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн шүүгдэгч **********-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43-р тал/,

2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2326001180112 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 29-30-р тал/ зэрэг болно.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Улсын яллагч М.Мөнхтайван шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлтэндээ:... ********* нь 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр үйл ажиллагаа явуулах зорилготой орон байранд Өвөрхангай аймгийн ************* сумын 6 багийн нутаг дэвсгэрт байрлах байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай уурын зуухны амралтын өрөөнд хууль бусаар нэвтрэн орж иргэн ***********-н эзэмшлийн 510000 төгрөгийн үнэ бүхий Айфон 8 плас маркийн гар утсыг нууцаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Лувсанчимэдийн мэдүүлэг, гэрч **********-н мэдүүлэг, гэрч **************-н мэдүүлэг, Монгол улсын хөрөнгийн үнэлгээчин Дагвасүрэнгийн тайлан, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэлээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хамааруулан үзэх үндэслэлтэй гэж дүгнэлээ. Иймд Ш.********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч ************ шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлтэндээ:... Улсын яллагчаас зүйлчилсэн эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж болох объектив талын нөхцөл байдал уг хэргийн зүйлчлэл дээр хангагдахгүй байна. Өөрөөр хэлбэл тухайн уурын зуух нь нэвтрэхдээ нэвтрэхийг зөвшөөрөөгүй арга хэрэгслээр ороогүй. Тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байгаагүй хаалга онгорхой байсан. Хашааны болон амралтын өрөөний хаалга онгорхой байсан нь мэдүүлгүүдээр нотлогдож байгаа. Мөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл дээрээс харахад хориглосон орон зай, саад, хамгаалалтын бүс байхгүй. Энэ нь хэрэгт авагдаагүй учир хамгаалалт, саадтай байсан гэж үзэх боломжгүй байгаа. Мөн орохыг хориглосон, анхааруулсан тэмдэг байсан эсэх нь тодорхойгүй, ойлгомжгүй хэрэгт авагдаагүй учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан зүйлчлэлийн бүрэлдэхүүний объектив нөхцөл байдал хангагдахгүй байна гэж үзэж байна. Мөн шүүгдэгч орохдоо түлхүүр тааруулсан, цоожийг эвдсэн, цонхоор орсон гэх мэт хууль бус арга хэрэглээгүй, хууль бус нэвтрэлт байсан гэж үзэх үндэслэлгүй байгаа. Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь тогтоогдож байгаа учир эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна гэж үзэж байна. Энэ талаар заасан Улсын дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 570 дугаартай тогтоолоор тухайн үйлдлийн талаар тайлбар гаргасан байдаг. Хууль бусаар нэвтрэхэд ямар ямар арга орох вэ, ямар аргыг хүндрүүлэх шинжээр зүйлчлэх вэ гэдгийг тайлбарласан байдаг. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хх-ийн 44-47 хуудсанд авагдсан мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл мөн бусад нотлох баримтуудаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн байна гэж үзэх үндэслэлтэй байгаа учир хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар хавтаст хэргийн хүрээнд улсын яллагчаас зүйлчилсэн эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж нотлогдохгүй байна гэж үзээд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүгдэгч ********* нь гэм буруугаа ойлгож байна. Дахиж ийм үйлдэл хийхгүй гэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгч Ш.*********-д холбогдох эрүүгийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

            Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгоно. 

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт
хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглож, хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүйгээс гадна, иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаалахаар хуульчилж өгсөн байдаг.

Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсхүл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байхыг ойлгоно.

            Шүүгдэгч Ш.*********-д холбогдох эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч ********* нь 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу Өвөрхангай аймгийн ************* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай уурын зуухны амралтын өрөөнд хууль бусаар нэвтрэн орж хохирогч *************-н эзэмшлийн 510,000 төгрөгийн үнэ бүхий “Айпоне 8 плас” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Харин шүүгдэгч ********* нь 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хохирогч *************-н эзэмшлийн 510,000 төгрөгийн үнэ бүхий “Айпоне 8 плас” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 510,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан хохирогч *************-н2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 17 цагийн үед ************** уурхайгаас уурын зууханд нүүрс ирсэн юм. Би нүүрсний машины жолооч **********-тэй цуг нүүрс хадгалах хашаанд нүүрс буулгаж байхад цэнхэр дээлтэй үл таних хүн ажлын өрөө рүү орсон өрөөнд ороод 5 орчим минут болоод ажлын өрөөнөөс гараад явсан. Би нүүрсээ хашаанд буулгаж дуусчихаад ********** машинтайгаа ********** рүү явсан. Уурын зуухны амралтын өрөөний орон дээр гар утсаа орхичихсон байсан. Би хүнтэй ярих гээд утсаа хайхад өрөөнд орон дээр байсан миний гар утас алга болчихсон байхаар нь кармадаа болон орны ойр хавиар үзээд байхгүй болохоор нь түрүүний цэнхэр дээлтэй хүн авсан байх гээд тэр хүний араас гүйхэд тэр цэнхэр дээлтэй хүн хаан банкны урд алхаад явж байхаар нь араас очоод миний утсыг өг гэхэд тэр хүн би аваагүй гэж надад хэлсэн. Миний утсыг өгөхгүй бол цагдаа дуудлаа шүү гэж хэлэхэд тэр хүн өврөө ухаж байгаад цамцныхаа энгэрийн кармагаасаа миний утсыг гаргаж ирээд энэ үү гээд надад өгсөн. Миний хулгайд алдсан гар утас “Айпоне 8 плас” загварын цагаан өнгөтэй гар утас байсан юм” гэсэн мэдүүлэг, гэрч А.**********-н “2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр би *************-н хамт уурын зууханд ээлжид гарч байсан 17 цагийн үед цайгаа уух гээд гэр лүгээ явсан. Би цайндаа яваад ирэхэд ************* миний гар утсыг цэнхэр дээлтэй танихгүй хүн амралтын өрөөнөөс авсан. Би буцаагаад утсаа авсан гэж надад ярьсан” гэсэн мэдүүлэг, гэрч *********************-н “Би 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 2 дугаар багийн ************** уурхайгаас Хово маркийн ********* улсын дугаартай машинаар Өвөрхангай аймгийн ************* сумын 6 дугаар багийн уурын зууханд ирээд нүүрс буулгаж байсан. Нүүрсний хашаа руу ухарч байхад цэнхэр дээлтэй хүн машины хажуугаар зөрөөд өнгөрсөн. Би яг тэр хүнийг уурын зуух руу орж байхыг нь хараагүй. Би нүүрсээ буулгах гээд зогсож байхад ************* цэнхэр дээлтэй хүний араас гүйгээд явсан. Тэр хүний араас очоод гудамжны үзүүр дээр тэр хоёр юм яриад зогсоод байсан. Би тухайн үед *************-н таньдаг хүн байх гэж бодсон. Тэгээд ************* над дээр буцаж ирээд “Уурын зуух руу орсон чинь утас байдаггүй. Цэнхэр дээлтэй хүн уурын зуух руу орсон юм. Миний утсыг аваад өвөртөө хийчихсэн байна. Би утсаа аваад ирлээ” гэж надад хэлсэн” гэсэн мэдүүлэг, Монгол Улсын хөрөнгө үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 59 дугаартай хөрөнгийг “510,000 төгрөгөөр үнэлсэн” гэсэн хөрөнгө үнэлсэн тухай тайлан, 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн хохирогч таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч **********-н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн  мэдүүлэг, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч ************-ын гаргасан:... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж болох объектив талын нөхцөл байдал уг хэргийн зүйлчлэл дээр хангагдахгүй байна. Өөрөөр хэлбэл тухайн уурын зуух нь нэвтрэхдээ нэвтрэхийг зөвшөөрөөгүй арга хэрэгслээр ороогүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан зүйлчлэлийн бүрэлдэхүүний объектив нөхцөл байдал хангагдахгүй байна гэж үзэж байна гэсэн  дүгнэлт үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлахад эргэлзээ гарвал сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн 2-т “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж тус тус хуульчилсан байх тул Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч Ш.*********-д холбогдох эрүүгийн хэргийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ********* нь 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хохирогч *************-н эзэмшлийн 510,000 төгрөгийн үнэ бүхий “Айпоне 8 плас” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 510,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан хэрэг мөн байна.

 Иймд шүүгдэгч **********-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч ********* нь хохирогч *************-д 510,000 төгрөгийн үнэ бүхий “Айпоне 8 плас” маркийн гар утсыг буцаан өгсөн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч *************-н мэдүүлэг болон шүүхэд гаргасан гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн хүсэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч **********-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлтэндээ:.... Шүүгдэгч **********-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ш.********* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаанд хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд заасан нээлттэй хорих ангид эдлүүлэх, хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ш.********* 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдуулах гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч ************ шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлтэндээ:.... Шүүгдэгч **********-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хохирогч гомдол саналгүй болон тухайн гар утсыг хохирогчид буцаан өгсөн. Шүүгдэгч **********-н хувийн байдал, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа байдал, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Хохирогчид төлөх төлбөргүй. Хохирлыг бүрэн барагдуулсан. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдуулах гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүгдэгч ********* нь саналгүй гэсэн.

Шүүгдэгч Ш.*********-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”гэж,

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж тус тус заажээ.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “ хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

            Шүүгдэгч ********* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдлыг тус тус харгалзан үзэж шүүгдэгч Ш.********* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр зургаан сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ш.********* тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ тус тус авч,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдаж,

Шүүгдэгч ********* нь Өвөрхангай аймгийн ******** сумын ** дугаар багийн **** тоот хаягт оршин суудаг болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Ш.********* хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр зургаан сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх,  согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ тус тус авсан шүүхийн шийдвэрийг буюу түүнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдаж,

Шүүгдэгч ********* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ***********-д  гар утсыг буцаан өгсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичгийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.*********-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.*********-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 1,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4,  36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Ш.*********-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч *********овгийн ********* ********-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *********овгийн ********* ***********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр зургаан сарын хугацаагаар тэнссүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ш.********* тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдсугай.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч Ш.********* тэнссэн хугацаанд болон үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгасугай.

7. Шүүгдэгч ********* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч **************-д гар утсыг буцаан өгсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичгийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.********* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                        9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.********* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ            Х.ОТГОНЖАРГАЛ