Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
Хэргийн индекс | 153/2020/00040/и |
Дугаар | 00049 |
Огноо | 2020-01-30 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 00049
2020 оны 01 сарын 30 өдөр | Дугаар 153/ШШ2020/00049 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 01-04 тоотод оршин суух, Б овогт Ч-ийн Д //-ийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 153/2020/00040/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгч Ч.Д нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 1980 оны 6 сард Ховд аймгийн 10 жилийн 1 дүгээр сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд 1980-1982 онд Хөвсгөл аймгийн Ойн техник мэргэжлийн сургуулийг ойжуулагчаар төгссөн. 1982-1983 онд Говь-Алтай аймгийн Гуулингийн мод үржүүлгийн газарт ойжуулагчаар ажиллаж байгаад 1984 оны 4 сараас 1987 он хүртэл Ховд аймгийн Ой агнуурын аж ахуйд ойжуулагчаар ажилласан. 1988-1990 оныг дуустал Ховд аймгийн Байгаль орчныг хамгаалах газарт ойжуулагчаар ажиллаж байсан. 1991 оноос хойш Ховд аймгийн Үр жимс хоршоонд ойжуулагчаар ажиллаж байна. 1984 оны Ой агнуурын аж ахуйд орсон тушаал засвартай, 1987 онд ажлаас гарсан тушаал архивт байгаа боловч бүдэг байгаа.
Иймд намайг Ховд аймгийн Ой агнуурын аж ахуйд 1984 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ойжуулагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү...гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Д нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ч.Д нь Ховд аймгийн Ой агнуурын аж ахуйд 1984 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ойжуулагчаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1890 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Ой агнуурын аж ахуйн даргын 1987 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 121 дугаартай Ажилчид чөлөөлж шилжүүлэх тухай тушаалын хуулбар, 1982 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Ойн техник мэргэжлийн сургуулийн захиргаанаас олгосон 005664 дугаартай хөдөлмөрийн дэвтрийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдөр олгосон Баярын бичиг, 1986 оны төлөвлөгөөг биелүүлсэн талаарх бичилттэй Баярын бичиг, гэрч Д.Оюунбилэгийн ....Би 1978 онд Хөвсгөл аймгийн ойн техник мэргэжлийн сургуулийн ойжуулагчийн ангийг төгсөөд Ховд аймгийн ой ангид ойжуулагчаар хуваирлагдан ирж 1997 он хүртэл ажилласан. 1978 онд намайг ажилд ороход Ховд аймгийн ой анги гэж байсан. 1983 он билүү 1984 онд байх Ой агнуурын аж ахуй гэсэн нэртэй болсон. 1997 он Ховд аймгийн ой агнуурын аж ахуй хувьчлагдсан юм....Ч.Д нь Хөвсгөл аймгийн ойн техник мэргэжлийн сургуулийн ойжуулагчийн мэргэжлээр төгссөн юм билээ. Говь-Алтай аймгийн Гуулингийн мод үржүүлгийн газарт ойжуулагчаар ажиллаж байгаад 1984 оны хавар Ховд аймгийн Ой ангид ойжуулагчаар шилжин ирж ойжуулагчаар ой анги хувьчлагдах хүртэл ажилласан. Одоо ч гэсэн Үр жимс хоршоонд ойжуулагчаар ажиллаж байгаа... гэх мэдүүлэг, гэрч С.Дашхүүгийн ...Би 1979 оны 6 сард Хөвсгөл аймгийн ойн техник мэргэжлийн сургуулийг ойжуулагч мэргэжлээр төгсөөд Ховд аймгийн Ой агнуурын аж ахуйд ойжуулагчаар ажилд орж 1997 оны 10 сар хүртэл ажилласан. Намайг ажилд орохоос өмнө ой анги гэдэг нэртэй байсан. Намайг ажилд ороход ой агнуурын аж ахуй гэж байсан. Дотроо 3 салбартай ойжуулагчийн бригад, аж ахуйн бригад, анчдын бригад гэсэн 3 салбартай 50-аад ажилтантай нилээн том байгууллага байсан. Ой агнуурын аж ахуйн дарга нь Бадрах гэж хүн байсан....Ч.Д нь Говь-Алтай аймгийн Гуулингийн мод үржүүлгийн газарт ойжуулагчаар ажиллаж байгаад 1984 оны 3 сарын үед Ховд аймгийн Ой агнуурын аж ахуйд ойжуулагчаар ирж ажилд ороод 1997 он буюу ой агнуурын аж ахуй тарах хүртэл ажилласан юм.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 5-6, 7, 11, 12, 20-21, 22-23 дугаар тал/
Хавтаст хэргийн 8, 10 дугаар хуудсанд авагдсан иргэн С.Дашхүү, Д.Оюунбилэг нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Б овогт Ч-ийн Д //-ийн Ховд аймгийн Ой агнуурын аж ахуйд 1984 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ойжуулагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Д-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ