Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 00059

 

 

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 153/ШШ2020/00059

Жаргалант сум

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

  

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 18-11 тоотод оршин суух, Х овогт Д-ийн Т //-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 4/30 айлын 2 давхарын 10 тоотод оршин суух, А овогт Б-ын Н //-д холбогдох,

600,000 /зургаан зуун мянга/ төгрөг гаргуулах, нэр төр сэргээлгэх тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 153/2020/00066/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Т нь   шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Доноо овогт Т миний бие 20 гаруй жил оёдол хийсэн. Сүүлийн 6 жил Их Буян зах дээр оёдол хийж байна. Б.Н нь 2016 ооос хойш зөвхөн өвлийн улиралд гар оёдол хийж туслахаар ажиллаж байсан. Би хийсэн ажлын хөлсийг тухайн үед нь өгдөг байсан. 2018 оны 10 сард ирж ажиллаж байгаад охин Ууганзаяагийнхаа хуриманд зориулж :

1. Улаан цоохор хурган дотортой дээлний оёдлын хөлс 250.000 50.000=200.000

2.Булган хос эмжээртэй хар эрээн торгон дээл 60.000-5000=55.000

3. Ногоон эрээн загварын дээл 70.000

4.Хүргэний саарал дээр мөн дотор наалтын хамт 55.000-5000=50.000

5. Ногоон эрээн дээлний өнгө 25.000

6. 2018 оны 09-р сарын сүүлчлээр авсан хөх магнаг торгон дээл 250.000 төгрөгний үнэ бүхий дээлүүдийг оюулсан ба худалдан авсан.

7.Цалингийн үлдэгдэл 45.000 төгрөгийг би энэ хүнд өгнө.

Тухайн үед мөнгө байхгүй бол мал өгнө гэж нөхөр Хүрэлбаатбар хоёулаа хэлсэн боловч хоёулаа өгөөгүй. Би өгнө гэж маш их хүлээсэн боловч 2019 оны 12-р сарын эхээр Н нь өгөхгүй гэж олон нийтийн газар, утасаар болон олон нийтийн газар хэл амаар удаа дараа доромжилсон. Тэр ч байтугай чи хүнээс хулгай хийж зарсан би тэр дээлийг чинь жинхэнэ эзэнд нь аваачиж өгнө гээд маш олон хүмүүс болон албан байгууллага дээр ирээд чанга чангаар орилж хашгираад явсан ба 3-4 хоногийн дараа хулгайч чи хүрээд ир би нөгөө дээлийг чинь эзэнд нь аваад ирсэн гэж дуудахаар нь Оюунчимэгийн ажлын газар дээр би яваад очсон. Гэтэл Оюунчимэг нь энэ миний дээл мөн гэж нийлж хүн залилан худал хэлж хоёулаа мөнгө өгөхөөс зайлсхийсэн.Мөн Оюунчимэг нь надаас авсан мөнгөнийхөө 220,000 төгрөгийг өгөөгүй байгаа. Н нь намайг хулгайлсан гээд байгаа магнаг торгон дээлийг миний нөхөр Бямбажавын ээж Бондоо Улаанбаатар хотоос авчирч өгснийг манай хадам ээж болох Шуумай гээд 91 настай хөгшин мэдэж байгаа.

Иймээс Н-аас 600,000 төгрөг гаргуулан нэр төрийг сэргээж өгнө үү гэжээ.

Зохигчоос тус шүүхэд 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Д.Тийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Н нэр төр сэргээлгэх, 600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч хариуцагч нар дараах нөхцөлтэйгөөр эвлэрч байна. Үүнд:

1.Нэхэмжлэгч Д.Т нь 600,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа багасган 450,000 төгрөг болгож түүнээсээ 300,000 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 5-ны өдрийн дотор бэлнээр авах, 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор 150,000 төгрөгт эр хонь авахаар харилцан тохиролцлоо.

2.Нэхэмжлэгч Д.Т нь нэхэмжлэлийн шаардлага болох нэр төр сэргээлгэх шаардлагаасаа татгалзлаа.

3.Хариуцагч Б.Н нь нэхэмжлэгч Д.Тт 2020 оны 02 дугаар сарын 5-ны өдрийн дотор 300,000 төгрөг бэлнээр өгөх, 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор 150,000 төгрөгт эр хонь өгөхөөр

4.Энэхүү гэрээнд зохигч нар харилцан ярилцаж сайн дурын үндсэн дээр эвлэрч, энэ маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг ойлгож, зохигчид эврэлийн гэрээнээс гарах үр дагаврыг ойлгож, гадны ямар нэгэн дарамт, шахалтгүйгээр сайн дураараа эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Т нь Б.Н-д холбогдуулан 600,000 /зургаан зуун мянга/ төгрөг гаргуулах, нэр төр сэргээлгэх тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Т нь 600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 450,000 төгрөг болгон багасгажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Н нь 450,000 төгрөгөөс 300,000 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дотор бэлнээр, 150,000 төгрөгт эр хонийг 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор тус тус нэхэмжлэгч Д.Тт өгөхөөр, нэхэмжлэгч Д.Т нь нэр төр сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзан нэхэмжлэгч Д.Т, хариуцагч Б.Н нар нь эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар  нэхэмжлэгч  Д.Тийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төрийн сангийн 100160000941 дугаартай дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88,850 төгрөгийн тал хувь болох 44,425 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 44,425 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Н-аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 44,425 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Д.Тт олгохоор тогтов.

Энэхүү захирамжийг хариуцагч Б.Н нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

 

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Т-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Нд холбогдох, 600,000 /зургаан зуун мянга/ төгрөг гаргуулах, нэр төр сэргээлгэх тухай үндсэн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч Б.Н нь 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөс 300,000 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дотор бэлнээр, 150,000 төгрөгт эр хонийг 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор тус тус нэхэмжлэгч Д.Тт өгөхөөр, нэхэмжлэгч Д.Т нь нэр төр сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзан нэхэмжлэгч Д.Т, хариуцагч Б.Н нар нь эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Т-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88,850 төгрөгийн тал хувь болох 44,425 /дөчин дөрвөн мянга дөрвөн зуун хорин тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 44,425 /дөчин дөрвөн мянга дөрвөн зуун хорин тав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Н-аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 44,425 /дөчин дөрвөн мянга дөрвөн зуун хорин тав/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Д.Т-т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Н нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                С.ОЮУНЖАРГАЛ