| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Амаржаргалын Алтанхуяг |
| Хэргийн индекс | 106/2016/0061/э |
| Дугаар | 61А |
| Огноо | 2016-12-14 |
| Зүйл хэсэг | 096.1., |
| Улсын яллагч | Д.Эрдэнэчимэг |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 61А
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж, шүүгч Л.Оюун, шүүгч Ч.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй,
нарийн бичгийн дарга С.Буянхишиг,
иргэдийн төлөөлөгч О.Пүрэвдаш,
улсын яллагч Д.Эрдэнэчимэг,
шүүгдэгч М.Төгөлдөр түүний өмгөөлөгч Б.Тэнгис нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Дуутан овогт Мэнд-Амарын Төгөлдөрт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626020615 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Монгол Улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймаг Сант суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, сантехник засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, ээж, ахын хамтаар Улаанбаатар хот Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүн нарангийн 15-143 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Дуутан овогт Мэнд-Амарын Төгөлдөр. /РД:МЛ95031011/
Шүүгдэгч М.Төгөлдөр нь 2016 оны 02 дугаар сарын 29-нөөс 2016 оны 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 34 дүгээр байранд байрлах “Батвайнд” ХХК-ний оффисын байранд Б.Анхбаярыг “дүү байхаараа яадаг юм” хэмээн үл ялих зүйлээр шалтаглан, танхайн сэдэлтээр толгойн тус газарт нь 2 удаа алхаар цохиж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Төгөлдөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр Анхбаяр ах бид хоёр оффисын байрандаа заслын ажлаа хийж байгаад 21 цагийн үед Ууганбат ахын гэрт ороод амраад байж байсан. Тэгтэл Ууганбат ах гаднаас Гомбо, Батчимэг, Чимэдцэрэн нартай хамт орж ирсэн. Тэд нар ойрд уулзаагүй гээд Ууганбат ах дэлгүүрээс 2 шил архи авчирсан. Намайг “архи аягалаад өг” гэхээр нь би архийг нь аягалж өгсөн. Би архи аягалж өгөх зуураа кино үзэж байсан. Эхний нэг шил архи дуусахад тэд нар нилээн яриа орж эхэлсэн. Хоёр дах шилтэй архи дуусахад Гомбо гэдэг нь явсан. Анхбаяр, Батчимэг, Чимэдцэрэн нар нилээн согтсон байсан. Ууганбат ах намайг тамхинд явуулсан. Намайг тамхи аваад ирэхэд Ууганбат ах, Анхбаяр ах, Чимэдцэрэн эгч, Батчимэг эгч нар дахиад архи ууж байсан. Би дахин архийг нь аягалж өгч байхад Чимэдцэрэн эгч унтсан. Анхбаяр ах, Батчимэг эгч хоёр согтоод үүдний ойролцоо юм яриад унаад хөл дээрээ тогтож чадахгүй байсан. Ууганбат ах надтай заслын ажлын талаар “ахын дүү ажил арай удаад байна. Цагаан сар өнгөрчихлөө хурдан хийгээд дуусгачих” гэж ярьж байсан. Анхбаяр ах, Батчимэг эгч нар гарч яваад удалгүй эргээд ород ирсэн. Ууганбат ах тэд нарыг “та 2 явлаа гээд явсан. Яагаад орж гараад байгаа юм бэ” гэхэд тэд нар гараад явсан. Ууганбат ах “ах нь хавраас хамгаалалтын ажил эхэлнэ. Ах нь чамайг ажилд авна” шүү гэж ярьж байхад Анхбаяр ах, Батчимэг эгч хоёр дахиж орж үүдний ойролцоо унаж байгаад гарсан. Би оффисын байранд Ууганбат ахын өгсөн хөнжил гудсыг авч ороод амарсан. Шөнө 3 цагийн үед Анхбаяр ах, Батчимэг эгч хоёр согтуу нэг нь нөгөөгөө түшээд зогсож байсан. Батчимэг эгч хөл дээрээ тогтож чадахгүй байсан. Би Батчимэг эгчийг өөрийн унтаж байсан орондоо хэвтүүлсэн. Анхбаяр ах нилээн ууртай амандаа үглээд байсан. Би юу болсон талаар Анхбаяр ахаас асуухад тодорхой юм хариулаагүй. Тэгж байснаа “хамт архи ууя” гэхээр нь би “надад архи авах мөнгө байхгүй” гэхэд “ахдаа ганц шил архи аваад өгчих” гээд байсан. Тэгээд энэ талаар яриад над руу “ганц шил архи авч өгч чадахгүй байж ах аа гээд яахын пизда минь” гээд уурлаад байсан. Тэгээд Анхбаяр ах надаас эвгүй байдлаар асуугаад байхаар нь би айгаад аргадаад унтуулъя гэж бодоод “... Ууганбат ах та бид хоёрыг ажлаа хурдан хийж дуусга гэсэн. Одоо унтаж амрая. Та ингээд унтчих би унтаж амарлаа ...” гэж хэлээд Батчимэг эгчийн хажуугаар хэвтсэн. Тэгж байснаа Анхбаяр ах амандаа юм бувтнаж байгаад “чи яагаад наад хүүхнээ татаж чангаагаад байгаа юм бэ” гээд намайг янз бүрээр хараагаад байхаар нь “... ах аа би энэ эгчийг оролдоогүй. Та яагаад над руу орж ирээд уурлаад байгаа юм бэ...” гэхэд над руу хажуудаа байсан ус буцалгагчаа авч шидсэн. Би тэр үед гараараа хаагаад босоод “ах аа та яагаад байгаа юм бэ” гэхэд “чи муу яасан овоо муу хулгайч вэ” гээд хажуудаа байсан архины шилийг аваад босоод ирэх шиг санагдсан. Тэгэхээр нь би намайг цохих гэж байна гэж айгаад үүд рүү гарах гээд зугтаж байгаад бүдэрч унасан. Тэгээд цаашаа зугтаах гээд мөлхөж байтал гарт нэг саваа мод шиг зүйл таарсан. Тэр үед Анхбаяр ах миний ард талд ирж байгаа нь сонсогдсон. Би айсандаа гартаа таарсан юмаа Анхбаяр ах руу шидье гэж бодтол тэр миний дээрээс тулаад ирсэн. Тэгээд бид 2 давхралдаж унахад Анхбаяр ах “ёо ёо” гээд надаас холдсон. Би хаалгаар гарах гээд хаалганы дэргэд очиход Анхбаяр ах “за за болъё. Ахынх нь буруу” гэхээр нь би гайхаад яваад очсон. Намайг очиход Анхбаяр ах “цус гараад байх шиг байна” гээд ёолоод сууж байсан. Тэгээд намайг “та зүгээр үү” гэж асуухад “ах нь зүгээр, одоо харилаа” гээд гараад явсан. Би өөрийгөө юугаар цохьсон юм бол гээд унасан газраа очоод нөгөө барьсан зүйлээ аваад цонхны гэрэлд харахад алх байхаар нь Анхбаяр ахын араас гарахад гадаа байгаагүй. Би Анхбаяр ахыг өөрөө гайгүй гэж хэлсэн болохоор гайгүй юм байх гэж бодоод гэр рүүгээ явсан” гэв.
Шүүгдэгч М.Төгөлдөр нь 2016 оны 02 дугаар сарын 29-нөөс 2016 оны 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 34 дүгээр байранд байрлах “Батвайнд” ХХК-ний оффисын байранд Б.Анхбаярыг толгойн тус газарт нь 2 удаа алхаар цохиж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /хэргийн 15-18 дугаар хуудас/
Хохирогч Б.Анхбаярын...“2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр орой 22 цагийн орчим Ууганбатын гэрт нь Гомбо, Чимэдсүрэн, Батчимэг, Төгөлдөр, Ууганбат бид нар архи уусан юм. Тэгээд архиа ууж дуусчихаад Гомбо яваад өгсөн юм. Тэгээд Батчимэг бид хоёр хажуу талын оффисд байж байгаад буцаад Ууганбатынд орж бид нар нэг шил архи уусан юм. Буцаад оффис руу Батчимэг бид хоёр унтах гээд орсон юм. Тэр үед Төгөлдөрийг хамт орсон эсэхийг сайн санахгүй байна нэг мэдэхэд би газар хэвтэж байсан. Төгөлдөр хажууд явган суучихсан хашгираад байсан. Тэр үед Төгөлдөр хажууд алх барьсан хашгираад байсан. Тэгээд би зугтаагаад гараад явсан. Юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. Урд өмнө тэнд архи ууж байхад огт маргалдаж байгаагүй. Орчноо мэдрэх чадвартай байсан. Би цохиулахаасаа өмнөх явдлыг санаж байна. Тэрнээс хойшхи явдлыг санахгүй байна. Миний толгой руу 2 удаа алхаар цохисон. Мөн дух руу юугаар цохисныг мэдэхгүй байна. Батчимэг надад хэлэхдээ шил аваад шидсэн гэж байсан. Тархиндаа хоёр цөмрөлттэй байгаа” гэсэн мэдүүлэг. /хэргийн 23-24 дүгээр хуудас/
“Би М.Төгөлдөрөөс ямар нэгэн эд зүйл болон хохирлын мөнгө хүлээж аваагүй ээ. Би тархиндаа мэс засалд орсон. Мөн тархины артерын судсанд цус тогтоох тор тавиулсан. Мөн нөхөн сэргээгдэх эмчилгээнүүд хийгдсэн байгаа. Хагалгаанд орсоноос хойш 8 сарын дараа яс орлуулах зүйл тавиулна. ...Би гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. Би эмчилгээний зардалд нийт 3.000.000 төгрөг нэхэмжилж байна. Яс орлуулах хагалгаа хадаастайгаа нийлээд 1.500.000 төгрөг болно гэж байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 25 дугаар хуудас/
Гэрч А.Ууганбатын...”Би дунд зэргийн согтолттой байсан орчноо мэдрэх чадвартай байсан. Анхбаяр, Төгөлдөр хоёр нилээн согтсон байсан. Анхбаяр Төгөлдөрийг согтуу үедээ “бацаан, гөлөг” гэх зэргээр дуудсан байсан тэрнээс болоод Төгөлдөр жаахан гомдолтой байсан байх би Төгөлдөрт уг нь “иймэрхүү юман дээр битгий уурлаж бухимдаж бай, битгий тоо, Анхбаяр согтохоороо иймэрхүү ааш авир гаргаж байдаг юм” би Анхбаяртай урд нь 4-5 удаа ууж идэж байсан болохоор ааш авирыг нь мэднэ” гэсэн мэдүүлэг. /хэргийн 29 дүгээр хуудас/
Гэрч Д.Батчимэгийн...”Он, сар, өдрөө сайн санахгүй байна. Шөнийн 23 цаг орчимд Ууганбат, Жимбэрээ, би, Гомбо бид хорооллын Өргөө кино театрын хажууд пабад пиво ууж байсан юм. Тэгээд тэндээсээ гараад Ууганбатын гэрт очсон. Тэнд очиход Анхбаяр, Төгөлдөр хоёр байсан. Тэнд бид нар архи ууж байгаад Гомбо түрүүлээд яваад өгсөн. Би архи ууж байсан болохоор нэлээн муудаад” би явлаа” гэхэд Анхбаяр “ийм орой болсон байхад чи яаж явах гээд байгаа юм бэ эндээ амарчихаад яв” гэсэн юм. Тэгэхэд нь би “зүгээрээ” гээд Анхбаяр бид хоёр Ууганбатын засвар хийж байгаа оффисд цаг гаран юм ярьж сууж байгаад миний архи гараад гайгүй болоод буцаад Ууганбатын гэрт ороод тавуулаа архи уусан юм. ...Ууганбатын гэрээс дэвсгэр хөнжил аваад засвар хийж байсан оффис руу орж унтах гээд орсон. Тэгэхэд Төгөлдөр намайг татаад байхаар нь Анхбаяр “ахын дүү боль манай найз байгаа юм” гэхэд Төгөлдөр нь “дүү байхаараа яадаг юм” гээд үүдний тийшээ очингуутаа алх авч ирээд Анхбаярын толгой руу алхаар цохичихсон. Тэгэхэд Анхбаяр “яаж байнаа” гээд Төгөлдөртэй ноцолдоод байсан. Тэгээд Төгөлдөр дахиад Анхбаярын толгой руу нь хоёр дах удаагаа цохисон. Тэгэхэд Анхбаяр шууд газар хэвтээд өгсөн. Тэгэхээр нь би яг хажуу талын өрөөнд байсан Ууганбатад хэлэх гээд хаалгыг нь цохисон чинь хаалга тавьж өгөөгүй. Буцаад иртэл тэр хоёр байхгүй байсан. Анхбаяр, Төгөлдөр хоёрын хооронд болсон асуудлын талаар Ууганбат нь огт мэдээгүй. ...Тэр орой алхаар цохихоос өмнө бол муудалцаагүй байсан. Алхаар цохиулсныхаа дараа л “чамд яах гэж архи өгөв өө” гээд л байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 36-37 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 3152 дугаартай:
1. Б.Анхбаярын биед гавлын зүүн дух, зулай ясны цөмөрсөн ил хугарал, дагз ясны бяцарч цөмөрсөн ил хугарал, тархины эдийн няцрал, цусан хураа, дарагдал, толгойн хуйх, нүүр, их биеийн хэсгийн зөөлөн эдэд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар учрах үедээ амь биед аюултай хүнд зэргийн гэмтэлд хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэсэн дүгнэлт /хэргийн 46-47 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.
Шүүгдэгч М.Төгөлдөр нь Б.Анхбаяртай таарамжгүй харьцааны улмаас маргалдсан болох нь гэрч А.Ууганбатын “” ... Би дунд зэргийн согтолттой байсан орчноо мэдрэх чадвартай байсан. Анхбаяр, Төгөлдөр хоёр нилээн согтсон байсан. Анхбаяр Төгөлдөрийг согтуу үедээ “бацаан, гөлөг” гэх зэргээр дуудсан байсан тэрнээс болоод Төгөлдөр жаахан гомдолтой байсан байх би Төгөлдөрт уг нь “иймэрхүү юман дээр битгий уурлаж бухимдаж бай, битгий тоо, Анхбаяр согтохоороо иймэрхүү ааш авир гаргаж байдаг юм” би Анхбаяртай урд нь 4-5 удаа ууж идэж байсан болохоор ааш авирыг нь мэднэ” гэсэн мэдүүлгээр /хэргийн 29 дүгээр хуудас/ нотлогдож байх тул прокуророос М.Төгөлдөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийн хөнгөрүүлэн өөрчилж мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 болгох нь зүйтэй гэж үзэв.
Иймд М.Төгөлдөрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Төгөлдөрийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /хэргийн 75 дугаар хуудас/ Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл судалгааны төвийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдэж байгаагүй тул түүнийг анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэлээ.
Хохирогч Б.Анхбаяраас шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ “Болдбаатар овогтой Анхбаяр миний бие Мэнд-Амар овогтой Төгөлдөрийн талаас эмчилгээний зардал болгох 3 сая төгрөгийг авч хохиролгүй болсон буюу гомдол санал байхгүй” гэж дурдсан байх тул /хэргийн 134 дүгээр хуудас/ уг баримтыг үндэслэн шүүгдэгч М.Төгөлдөрөөс гаргуулах төлбөргүй байна гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн шар өнгөтэй алхыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Төгөлдөр нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг сайн дураараа төлж барагдуулсан, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдлуудыг харгалзан түүнд хуульд зааснаас доогуур ял оногдуулж, ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Прокуророос М.Төгөлдөрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 болгон өөрчилсүгэй.
2.Дуутан овогт Мэнд-Амарын Төгөлдөрийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар М.Төгөлдөрийг 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар М.Төгөлдөрт оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар М.Төгөлдөрийн цагдан хоригдсон 166 /нэг зуун жаран зургаа/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
6.Шүүгдэгч М.Төгөлдөр нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг шар өнгийн алхыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар М.Төгөлдөрт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дах хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Төгөлдөрт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ
ШҮҮГЧИД Л.ОЮУН
Ч.ОТГОНБАЯР