Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржготовын Чанцалням |
Хэргийн индекс | 128/2022/0045/З |
Дугаар | 128/ШШ2022/0257 |
Огноо | 2022-04-05 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 128/ШШ2022/0257
2022 04 05 0257
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Гомдол гаргагч: Д*** ХХК
Хариуцагч: * дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Х.Ж***
Гомдлын шаардлага: “* дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ****** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э***, хариуцагч Х.Ж***, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч Д*** ХХК нь “* дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ****** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар гомдол гаргасан.
2. Хариуцагч Татварын ерөнхий газрын хуулийн хэрэгжилтийг хангах газраас 2021 оны 10 дугаар сард ирүүлсэн удирдамжийн дагуу 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуусталх хугацаанд * дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Вьетнам авто засварын газруудад шалгалт хийхэд Д*** ХХК-ийг үйлчлүүлэгч нарт НӨАТ-ын баримт өгөхгүй байгаа гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д “энэ хуулийн 8.1, 8.2-т заасан өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогыг тодорхойлох боломжгүй бол төлбөрийн баримт олгоогүй, эсхүл төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон хүнийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар 15000 нэгжээр торгох шийтгэл ногдуулжээ.
3. Зөрчлийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нээж, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна. Гомдол гаргагч 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд хандсан байна.
4. Гомдол гаргагч * дүүргийн Татварын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ******тоот шийтгэлийн хуудсыг дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж байна. Үүнд:
4.1 Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн,
4.2 Нэг зөрчилд давхардуулан шийтгэл ногдуулсан,
4.3 Эрх бүхий албан тушаалтаныг оролцуулахгүйгээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн гэжээ.
4.4 Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ * дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчаас хялбаршуулсан журмаар зөрчилд шийтгэл ногдуулах тухай ******дугаартай шийтгэлийн хуудсыг нэхэмжлэгч компанид ногдуулсан.
Уг шийтгэлийн хуудас нь татварын улсын байцаагчийн хувиар Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна. Тухайлбал татварын улсын байцаагч нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т заасан захиргааны байгууллагад тооцогддог. Иймд Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг баримтлах ёстой байтал нотлох баримт цуглуулах, нөхцөл байдал тогтоох, оролцогчийг сонсох журмыг баримтлаагүй шийдвэр гаргах ажиллагааг зөрчсөн шийдвэр гаргасан байна. Татварын улсын байцаагч уг шийдвэрээрээ хариуцлага ногдуулах зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зарчмыг зөрчиж шийтгэл ногдуулсан.
Тухайлбал Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.5 дахь заалтад тухайн зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл ногдуулах эрх бүхий албан тушаалтны, эсвэл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр бол зөрчлийн хэрэг нээхгүй байхаар зохицуулсан байдаг. Энэ нь нэг зөрчилд нэг хариуцлага ногдуулах зарчмыг хууль тогтоогч нар хуульчилсан. Гэтэл Б дүүргийн татварын улсын байцаагч н.Ө нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн зөрчилд шийтгэл ногдуулах тухай ****** дугаартай шийтгэлийн хуудсаар төлбөрийн баримт олгоогүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1 дэх заалтад заасны дагуу 11626 төгрөгөөр нэхэмжлэгч компанийг торгосон байдаг. Энэ нь хариуцагч улсын байцаагчийн маргаан бүхий акт болох шийтгэлийн хуудастай адилхан зөрчил буюу төлбөрийн баримт олгоогүй гэх үндэслэлтэй байгаа. 11626 төгрөгийг манай компани барагдуулсан байдаг.
Гэтэл хариуцагч улсын байцаагч ижил үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.3 дахь заалтын дагуу 15,000,000 төгрөгөөр торгосон. Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т заасны дагуу захиргааны актыг энэ хуульд заасны дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болдог буюу тухайн холбогдогч этгээд болох Д*** ХХК мэдсэнээр хүчин төгөлдөр болох ёстой байсан. Энэ шийтгэлийн хуудсыг өмнөх н.Ө шийтгэлийн хуудсын дараа мэдсэн учир маргаан бүхий акт болох шийтгэлийн хуудас нь Э.Ө**** шийтгэлийн хуудсын дараа хүчин төгөлдөр болсон гэж үзэхээр байна. Энэ үндэслэлээр хариуцлага хүлээсэн байхад дараа нь хариуцлага ногдуулсан гэж үзэж байна. Эрх бүхий албан тушаалтан болох Х.Ж*** зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх тухай зохицуулсан байдаг.
Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-д зөрчил үйлдсэн нь илт тодорхой учирсан хохирлыг нотлох зорилгоор зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй, эсвэл холбогдогч өөрөө сайн дураар зөвшөөрсөн, зөрчил үйлдсэн нь стандартаар баталгаажсан хяналтын төхөөрөмжөөр тогтоогдсон бол гэж заасан байдаг. Э.Ө****шийтгэлийн нэхэмжлэгч компани хүлээн зөвшөөрч хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн байдаг бөгөөд 8.1-т заасныг үндэслэл болгосон нь өмнөх оны тайлан байсан гэж үзсэн. Гэтэл Зөрчлийн тухай хуулийн 8.3 буюу шууд 15 сая төгрөгөөр Х.Ж*** нь торгох шийтгэл ногдуулсан байдаг. Яг ижил зөрчил гаргасан өмнө ногдуулсан шийтгэлийн хуудаст өмнөх оны тайлан байна гэж үзээд 2%-иар торгож байхад өмнөх оны тайлан байхгүй гэж үзээд өндөр торгосон. Зөрчил үйлдсэн нь илт тодорхой зөрчил, учирсан хохирлыг нөхөх талаар хэрэг бүртгэлтийн үйл ажиллагаа явуулах шаардлагатай байтал ингэж шалгаагүй учир ийм зөрүү гарсан гэж үзэж байна.
Иймд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Энэ үндэслэлээр маргаан бүхий актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир хүчингүй болгож өгнө үү” гэв.
5. Хариуцагч Х.Ж*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Б.Б*** нь цалин хөлсний тайланг 2019 онд өгсөн байдаг. Энэ аж ахуй нэгжтэй ямар ч хамааралгүй хүн биш. Ажлын байран дээр нь очиход Вьетнамууд нь энэ манай захирал гээд утасны дугаарыг нь өгсөн бөгөөд би залгахад “тийм би захирал нь байна” гэж хэлсэн. Би ирээд ярилцлагын тэмдэглэл хийхэд “би төлөөлөх эрх бүхий этгээд мөн би хариуцлагыг нь даах болно” гэж хэлж байсан. “Цаашид и-баримттай холбоотой асуудлаа зөв хийх болно манай байгууллагын буруу” гээд буруугаа хүлээсэн. Нийтлэг Вьетнам засварын зөрчил нь их үнэ хэлээд и-баримт өгдөггүй. Зөрчил нь тодорхой байсан учир Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.3-т заасны дагуу шийтгэл ногдуулсан. Би 8.1-т заасныг баримтлахын тулд борлуулалт нь тодорхойгүй байсан. Өмнөх сарын борлуулалт байхгүй байсан учир орлого тодорхойгүй гэдэг үндэслэлээр энэ шийтгэлийг ногдуулсан. Байнга үйл ажиллагаа явуулж байдаг байсан” гэв.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н**** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчээс “татварын улсын байцаагч нь манай компанийг төлөөлөх эрх бүхий этгээдэд уг шийдвэрт холбоотой сонсох ажиллагаа хийгээгүй” гэж үзсэн байна. Сонсох ажиллагаа гэдэг нь Захиргааны ерөнхий хуулийн дагуу захиргааны акт гаргахыг хэлдэг. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд сонсох ажиллагааг хийдэггүй энэ ажиллагаа нь зөвхөн Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зохицуулагддаг ажиллагаа юм. 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Татварын ерөнхий газрын хуулийн хэрэгжилтийг хангах газраас ирүүлсэн удирдамжийн дагуу * дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Вьетнам авто засваруудад шалгалт хийхэд Д*** ХХК нь үйлчлүүлэгчдэд НӨАТ-ын баримт өгөхгүй байгаа зөрчлийг илрүүлж татварын удирдлагын нэгдсэн системд захирлаар бүртгэлтэй Б.Б*** гэх хүнийг дуудан ирүүлж холбогдогчоор тайлбар авсан байдаг. Гаргаж өгсөн тайлбар нь гар бичмэлээр бичсэн байдаг. Энэ тайлбарыг авснаар Татварын ерөнхий газар руу бүх шалгалтын материалыг авч явсан.
Хяналт шалгалт оруулах үндэслэлээр эрсдэлийн удирдлагын газар руу авч яваад 12 дугаар сарын 01-ний өдөр “энэ асуудлыг Зөрчлийн тухай хуулийн дагуу шийдвэрлэ” гэсэн хариулт ирүүлсэн учир манай байцаагч нар бүх аж ахуй нэгжүүдийг дуудаж Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авахаар дуудсан. Тэр үед Б.Б*** холбогдож утсаар дуудсан. Мөн албан ёсны и-мэйл хаягаар нь татварын албаны мэдэгдлийг хүргүүлсэн. Утсаар нь Б.Б*** холбогдоход ирэхгүй гэж хэлсэн. Би энэ хүнтэй хоёр удаа холбогдсон. Гэтэл Б.Б*** нь та нар дарамталж байна шалгаж байна би та нарыг Авлигатай тэмцэх газарт өгнө гэх хариуг өгсөн. Би “танд зөрчлийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа учир та ирнэ үү” гэхэд ирдэггүй байсан.
Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйл 1.1.1 дэх хэсгийг удирдлага болгож Татварын удирдлагын нэгдсэн системд баримтаа шивээгүй нотлох баримтыг үндэслэж зөрчил үйлдсэн нь тодорхой байгаа учир 11.19 дүгээр зүйлийн 8.1-д заасны дагуу зөрчлийн хэрэг нээж шалгаж үзсэн. 11.19 дүгээр зүйлийн 8.1-т тайлант сарын өмнөх сарын борлуулалтын орлогын 2%-иар торгоно гэсэн байдаг гэтэл нэхэмжлэгч нь нэгч баримт шивээгүй байсан учир борлуулалтыг тооцох боломжгүй гэж үзэж 11.19 дүгээр зүйлийн 8.3 дахь заалтад заасны дагуу тайлант хугацаанд олсон орлогыг тодорхойлох боломжгүй учир хуулийн этгээдийг 15000 нэгжээр торгоно гэсэн заалтын дагуу 15000 нэгжээр торгох шийтгэл ногдуулсан байдаг.
Татварын ерөнхий хуулийн 28-р зүйлийн 28.5-д “Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт хэвлэж өгөх ,эсхүл цахимаар илгээх үүрэгтэй” , Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17-р зүйлийн 17.3.2 дахь заалт “Бараа ажил үйлчилгээг борлуулсан тухай бүрд төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно”. 17-р зүйлийн 17.3.3 дахь заалт “Хэрэглэгчийн системд бүртгэгдсэн төлбөрийн баримтын мэдээллийг гурав хоногийн дотор багтаан борлуулалтын нэгдсэн системд илгээнэ” гэх мэт заалтуудыг зөрчиж төлбөрийн баримт олгохгүйгээр татвар төлөхөөс зайлсхийсэн татвар ногдох орлогоо нуун дарагдуулсан үйлдэл гэж үзэж байна.
Нэг зөрчилд нэг хариуцлага ногдуулах зарчим зөрчигдсөн гэж үзжээ. Д*** ХХК нь *, * дүүргүүдэд хоёр салбартаа авто засварын үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд салбар тус бүр дээр үйлдэгдсэн зөрчил нь тус тусдаа зөрчилд тооцогдоно. Газар нутгийн зарчмын дагуу манай газар нутаг дээр үйлдэгдсэн зөрчилд хариуцлага тооцож Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг уг зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэр энэ хуульд заасан харьяаллын дагуу явуулна гэж заасны дагуу * дүүргийн **-р хороонд үйл ажиллагаа явуулж буй авто засварын газрын зөрчлийг * дүүргийн татварын хэлтэс шалган шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй үйлдэл юм.
Нэхэмжлэлд “үйл ажиллагаа явуулаагүй байхад үүнийг шалгахгүйгээр шийтгэл оногдуулж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн” гэж үзжээ. Удирдамжийн дагуу ажлын хэсэг бүрэлдэхүүнтэй очиж шалгахад хүмүүс нь цайны нь цаг нь болсон цайгаа ууж байсан. Манай ажилтны дарсан зургаар баталгааждаг. Шалгалт хийхээр очиход үйл ажиллагаа явуулж байсан гэдэг нь зураг болон бусад зүйлсээр баталгаажиж байгаа учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй гэж үзэж байна. Б.Б*** нь татварын нэгдсэн системд нэхэмжлэгч компанийн захирлаар бүртгэгдсэн байдаг бөгөөд утасны дугаар нь байдаг. Татвар төлөгчийг бүртгэх нийтлэн журам гэж Татварын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан байдаг. Уг журамд татвар төлөгч нь бүртгэл мэдээлэл болон өөрчлөлтийг 26 дугаар зүйлд заасны дагуу 7 хоногийн дотор татварын нэгдсэн системд өөрөө оруулах эсвэл мөн хугацаанд баталгаажуулах үүргийг хүлээж татвар төлөгчийн гэрчилгээнд тэмдэглүүлнэ гэж заасан байдаг.
Татвар төлөгчийн хувийн мэдээллийн тухай татвар төлөгчид нээлттэй байхаар мэдээллийн үнэн зөвийг татвар төлөгч хариуцна гэж заасан байдаг. Энэ заалтуудыг үндэслэж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6-д заасны дагуу хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэж 6.6 дугаар зүйлийн 1-д дараах үндэслэлүүдийн нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь эсвэл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж болно гэж заасны дагуу учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулах шаардлага байхгүй бол” гэж заасны дагуу нэхэмжлэгч компани нь нэг ч баримт шивээгүй атлаа үйл ажиллагаагаа явуулж байдаг учир зөрчил үйлдэгдсэн нь тодорхой байна гэж үзэж байна. Иймд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулах шаардлагагүйгээр Б.Б***гийн өгч байсан мэдүүлэг дээр нь үндэслэж хэргийг шийдвэрлэж прокурорт шилжүүлсэн. Шалгалт очсоноос хойш 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл аж ахуй нэгж нь баримтыг шивсэн байдаг. Үүнээс өмнө ямар ч баримт шивээгүй үйл ажиллагаа нь явж байдаг байсан” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Гомдол гаргагч гомдлын шаардлагаа: “* дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ******дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гэж тодорхойлжээ.
2. Татварын ерөнхий газрын хуулийн хэрэгжилтийг хангах газраас 2021 оны 10 дугаар сард нийслэлийн *, *, *, *, *, * дүүргүүдэд авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдэд 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуусталх хугацаанд татварын хууль тогтоомж зөрчсөн үйлдлийг илрүүлэх, уг зөрчилд хариуцлага оногдуулах, холбогдох зөрчлийг арилгуулах ажлын удирдамжийг нийслэлийн татварын газар зохион байгуулж, харъяалах дүүргийн татварын хэлтэс гүйцэтгүүлэхээр төлбөрийн баримт олголтод хяналт тавих ажлын төлөвлөгөөг хүргүүлсэн байх бөгөөд * дүүргийн уг үйл ажиллагааг хэрэгжүүлэх арга хэмжээнд оролцох байцаагчийн нэрсийн жагсаалтын 3 дахь хэсэгт хариуцагч Х.Ж***амъяншаравын нэр оржээ.
3. Хариуцагчаас “...удирдамжийн хүрээнд * дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Вьетнам авто засварын газруудад шалгалт хийхэд Д*** ХХК нь үйлчлүүлэгч нарт НӨАТ-ын баримт өгөхгүй байгаа зөрчлийг илрүүлсэн” гэж, нэхэмжлэгчээс “...захиргааны байгууллага үйл ажиллагаа хэрэгжүүлэхдээ захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримтлаагүй, компанийн төлөөлөх эрх бүхий этгээдийг оролцуулж, сонсох ажиллагаа хийгээгүй, нэг зөрчилд нэг хариуцлага хүлээлгэх зарчим зөрчигдсөн” гэж маргажээ.
4. Маргаан бүхий 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ******дугаартай Шийтгэлийн хуудсаар Д*** ХХК-ийг үйлчлүүлэгчид НӨАТ-ын баримт олгоогүй нь татварын удирдлагын нэгдсэн сангийн мэдээлэл болон ажлын байран дээрх шалгалтаар нотлогдсон гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.3-д заасны дагуу 15000 нэгжээр торгосон нь Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-д “Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ” гэснийг зөрчөөгүй байна.
5. Хариуцагч 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй илрүүлэн, тэмдэглэл үйлдэж, 2021 оны 12 дугаар сарын 3-ны өдөр хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол” гэсэн үндэслэлээр эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн нь зөв байна.
6. Учир нь Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д “Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй” гэж заасныг тухайн тохиолдолд холбогдуулан үзвэл нэхэмжлэгч компанийн 2021.01.01-2021.10.18-ны өдрийг хүртэлх татварын удирдлагын нэгдсэн системд и-баримт шивэгдсэн байдлыг шалгахад шивэгдээгүй харин, шалгалт явагдсанаас хойш буюу 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс хойш 8 и-баримт шивэгдсэнээс үзвэл шалгалтын үеэр дээрх хуулийн заалтыг зөрчсөн болох нь тогтоогдож байна.
7. Мөн шалгалтаар нэхэмжлэгч компанийг үйл ажиллагаа явуулж байгаа болохыг улсын байцаагч тогтоож баримтжуулсан байх тул “хэзээний зураг болох нь тодорхойгүй” гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар хүлээн авах боломжгүй байна.
8. Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх материалд эрх бүхий албан тушаалтнаас тайлбар авсан тэмдэглэл байх бөгөөд холбогдогчоор Б.Б*** асууж, эрх үүргийг нь тайлбарлаж гарын үсэг зуруулсан байх бөгөөд үүнийг нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... тус компанийн эрх бүхий албан тушаалтан биш” гэж байгаа боловч татварын нэгдсэн системийн хуулийн этгээдийн бүртгэлийн үндсэн бүртгэл, холбоо барих мэдээллийн бүртгэлд захирал Б.Б*** гээд холбогдох утасны дугаарыг бүртгэсэн байх бөгөөд энэхүү мэдээллийг татвар төлөгч компаниас хүргүүлдэг тул холбогдогчоор Батааг татсаныг буруутгах боломжгүй байна.
9. Нэхэмжлэгч Д*** ХХК-иас “...Б дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Ө****2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай ****** дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1-д зааснаар 11626 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байхад нэг зөрчилд давхар хариуцлага тооцсон” гэж тайлбарлаж байна.
10. Гэвч татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын удирдамж болон үйл ажиллагаа хэрэгжүүлэх арга хэмжээнд оролцох байцаагчийн нэрсийн Б дүүрэгт холбогдох хэсэгт татварын улсын байцаагч Э.Ө**** байхгүй мөн зөрчил хоёр өөр дүүрэгт үйлдэгдсэн тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1-д “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг уг зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэр, энэ хуульд заасан харьяаллын дагуу явуулна” гэж заасантай нийцэж байна.
11. Зөрчлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар хянан шийдвэрлэх бөгөөд Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримтлахгүй бөгөөд хариуцагчийг Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.3-д “энэ хуулийн 8.1, 8.2-т заасан өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогыг тодорхойлох боломжгүй бол төлбөрийн баримт олгоогүй, эсхүл төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон хүнийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэснийг зөрчөөгүй гэж харин нэхэмжлэгч Д*** ХХК-ийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2-д “бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно” гэж заасныг зөрчсөн гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5, 41 дүгээр зүйлийн 41.2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.3-д заасныг тус тус баримтлан “* дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ******дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 133.2-т зааснаар гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ