| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 111/2025/0022/З |
| Дугаар | 221/ма2025/0731 |
| Огноо | 2025-11-19 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 221/ма2025/0731
О.М-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга
Илтгэсэн шүүгч Б.Адъяасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч О.М
Нэхэмжлэгч О.М
Хариуцагч: Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Н.Ж
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Н.Э
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага: “Багийн иргэдийн Нийтийн Хурлаар олонхын санал авч багийн Засаг даргаар нэр дэвшсэн байхад тогтоолын төслийг албажуулж, сумын Засаг даргад уламжлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай тогтоол гаргаж, томилуулахаар сумын Засаг даргад уламжлахыг даалгах тухай”
Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: “Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Жанжин 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх, томилуулахаар санал уламжлах тухай” асуудлыг хэлэлцсэн хуралдааныг хүчингүйд тооцох, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Жанжин 4 дүгээр багийн “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх, томилуулахаар санал уламжлах тухай” асуудлыг хэлэлцэх хуралдааныг дахин явуулахыг даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 31 дүгээр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ш
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цэрэндаваа
Хэргийн индекс: 111/2025/0022/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч О.М-оос Баянхонгор аймгийн 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын даргад холбогдуулан “Багийн иргэдийн Нийтийн Хурлаар олонхын санал авч багийн Засаг даргаар нэр дэвшсэн байхад тогтоолын төслийг албажуулж, сумын Засаг даргад уламжлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай тогтоол гаргаж, томилуулахаар сумын Засаг даргад уламжлахыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс “Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Жанжин 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх, томилуулахаар санал уламжлах тухай” асуудлыг хэлэлцсэн хуралдааныг хүчингүйд тооцох, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Жанжин 4 дүгээр багийн “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх, томилуулахаар санал уламжлах тухай” асуудлыг хэлэлцэх хуралдааныг дахин явуулахыг даалгах тухай” шаардлага гаргажээ.
2. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 31 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, 56 дугаар зүйлийн 56.2, 56.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.Мын “Багийн иргэдийн Нийтийн Хурлаар олонхын санал авч багийн Засаг даргаар нэр дэвшсэн байхад тогтоолын төслийг албажуулж, сумын Засаг даргад уламжлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай тогтоол гаргаж, томилуулахаар сумын Засаг даргад уламжлахыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.Э-ын “Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Жанжин 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх, томилуулахаар санал уламжлах тухай” асуудлыг хэлэлцсэн хуралдааныг хүчингүйд тооцох” шаардлагыг хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.Э-ын “Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Жанжин 4 дүгээр багийн “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх, томилуулахаар санал уламжлах тухай” асуудлыг хэлэлцэх хуралдааныг дахин явуулахыг даалгах” тухай шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга:
3.1. “...анхан шатны шүүхийн шийдвэрээр Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.2, 56.5.3 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тус шийдвэрийг эс зөвшөөрч, ... давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
3.2. Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 01 дугаартай шийдвэрийн дагуу багийн иргэдийн Нийтийн Хуралдаан 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хуралдаж, тус хуралдаанаар ... багийн Засаг даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцсэн.
Багийн Засаг даргад О.М миний бие, Н.Э бид 2 нэр дэвшин өрсөлдөж, хуралдаанд оролцсон 284 иргэн санал өгснөөс нууц санал хураалтын дүнгээр нийт /хуралдааны тэмдэглэлд бичигдсэнээр/ 9 санал нь нэр дэвшигчийн овгийн үсгийг дугуйлсан гэх үндэслэлээр хүчингүй болсон. Хүчингүй болсон 9 саналын 7 нь О.М надад өгсөн байсан. Хүчинтэй нийт 275 саналаас О.М 140 санал буюу 51.6 хувь Н.Э 135 саналыг тус тус авсан.
3.3. Гэтэл анхан шатны шүүхээс Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.2-т “энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх” гэж хуульчилж өгсөн. Олонхын санал гэдэг нь нийт санал хураалтад оролцсон иргэдийн 50 хувь+1 гэсэн саналыг авахаар заасан заалт юм. Нэхэмжлэгч өөрөө санал хураалтад нийт 284 иргэн оролцож би 140 иргэний саналыг авсан гэж маргаж байгаа учир нэхэмжлэгч нь хуульд зааснаар олонхын саналыг аваагүй байна гэж үзлээ гэж дүгнэсэн. Гэтэл шүүх нийт хүчинтэй саналаас 50 хувь+1 гэж тооцох ёстой байтал хүчингүй 9 саналыг давхар оруулаад 143 иргэний санал авч байж олонхын санал авах байж гэж дүгнэсэн нь өөрөө хуулийг буруу тайлбарлаж нэхэмжлэгч миний сонгогдох эрхийг зөрчиж байна.
3.4. Нэхэмжлэгч бол хуралдааны тэмдэглэлд 284 хүн санал өгсөн гэж бичсэний дагуу нэхэмжлэлээ гаргасан. Гэтэл шүүхээс санал өгсөн иргэдийг тодруулахад тооллогын комиссын санал өгөх нэрсийг гараар бичиж тэмдэглэсэн тэмдэглэгээн дээр 275 хүний нэр бичигдсэн, хариуцагч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нар мөн 275 иргэн санал өгсөн гэх зүйлийг ярьсаар байхад шүүхээс хуралдаанд нийт хэдэн хүн оролцож хэдэн хүн санал өгснийг нарийн тогтоох боломжгүй гэсэн атлаа “нэхэмжлэгч мэтгэлцэхдээ 284 хүн санал өгсөн гэж маргаж байгаа тул 284 иргэний 50 хувь 142 байх бөгөөд 50 хувь+1 нь 143 иргэний санал авч байж олонхийн санал авах байжээ гэж үзлээ” гэж шийдэж байгаа нь нотлох баримтуудыг хууль ёсны дагуу үнэлээгүй, хэт нэг талыг барьж шийдэж байна гэж үзэхээр байна. /нотлогдохгүй тогтоох боломжгүй тохиолдолд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанаар шийдвэрлэнэ гэдэг зүйл байхгүй/
Захиргааны хэргийн шүүхийн зорилго нь захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж, хамгаалахад чиглэгддэг. Гэтэл бусад оролцогч хуралдаанд нийт 275 иргэн санал өгсөн гэж мэдүүлсээр байхад 284 иргэн гэж үзсэн.
3.5. Шүүхээс “мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.3-д “хэрэв санал хураалтаар хэн ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хураалт явуулж олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарыг дахин нэр дэвшүүлж, хамгийн олон санал авсан иргэнийг Засаг даргад уламжлах байсан гэж үзлээ” гэж дүгнэсэн нь мөн хуулийг буруу тайлбарласан гэж үзэхээр байна. Учир нь дээрх заалт нь 3 буюу түүнээс дээш нэр дэвшигч өрсөлдсөн үед хэрэглэгдэх заалт юм. Өөрөөр хэлбэл, 3 эсвэл 4 нэр дэвшигчийн аль нь ч олонхын санал аваагүй тохиолдолд, хамгийн олон санал авсан 2 хүний хооронд дахин санал хураалт явуулна. Маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд тухайн хуралдаанд оролцож санал өгсөн иргэдээс хүчинтэй санал өгсөн нийт иргэдийг ойлгох бөгөөд хүчингүй саналын хуудсыг нийт санал хураалтад оруулан тооцохгүй. Хүчингүй 9 саналын хуудсыг нийт иргэдийн тоонд оруулан тооцсоноор нэр дэвшигчийн хэн аль нь олонхын санал авч чадаагүй гэх үр дагавар үүссэн.
Тиймээс хуулийг нэг мөр ойлгож, нэг мөр хэрэглэх шаардлагатай байна. Шүүх дээрх асуудалд хууль зүйн зөв тайлбар өгөөсэй гэж хүсэж байна” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч О.М-оос Баянхонгор аймгийн 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын даргад холбогдуулан “Багийн иргэдийн Нийтийн Хурлаар олонхын санал авч багийн Засаг даргаар нэр дэвшсэн байхад тогтоолын төслийг албажуулж, сумын Засаг даргад уламжлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай тогтоол гаргаж, томилуулахаар сумын Засаг даргад уламжлахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.Э-аас “Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Жанжин 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх, томилуулахаар санал уламжлах тухай” асуудлыг хэлэлцсэн хуралдааныг хүчингүйд тооцох, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Жанжин 4 дүгээр багийн “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх, томилуулахаар санал уламжлах тухай” асуудлыг хэлэлцэх хуралдааныг дахин явуулахыг даалгах” тухай шаардлага тус тус гарган маргажээ.
3. Хэргийн үйл баримтын тухайд:
3.1. Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Жанжин 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлыг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хийхээр товлосны дагуу тус өдөр Жанжин 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн хурал хуралдаж, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн байна.
3.2. Тухайн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тэмдэглэлд нийт 284 иргэн санал өгснөөс нэр дэвшигч О.М-д 140 иргэн, нэр дэвшигч Н.Э-т 135 иргэн санал өгч, 9 саналын хуудас хүчингүй гэж тэмдэглэгдсэн хэрэгт нотлох баримтаар авахад О.Мод өгсөн саналын хуудас 138, Н.Эт өгсөн саналын хуудас 135, хүчингүй саналын хуудас 9 хуудас байна. Тооллогын комисс 275 иргэдийн нэрсийг гараар бичиж тэмдэглэсэн байна. Нэхэмжлэгч нийт 284 иргэн санал өгсөн, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд, хариуцагч нар 275 иргэн санал өгсөн гэж маргадаг ба гэрчээр оролцсон тооллогын комиссын дарга Н.Э нийт 283 хүн санал өгсөн гэжээ.
3.3. Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 13/569 дугаар албан бичгээр “2024 оны 12 дугаар сарын 02-ны байдлаар уг багт сонгуулийн насны 464 иргэн байна” гэж, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 4 дүгээр багийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 9 дүгээр албан бичгээр “тус сумын Жанжин 4 дүгээр баг нь 2025 оны 06 дугаар сарын 25-ны байдлаар 203 өрх, 722 хүн амтай нь үнэн...” гэж тус тус ирүүлсэн байна. Хэргийн оролцогчдоос хуралдаанд оролцсон иргэдийн ирцийн талаар маргаагүй.
4. Тус багийн иргэдийн Нийтийн Хурлаар багийн Засаг даргад О.М, Н.Э нарын нэрийг дэвшүүлж, хуралдааны тэмдэглэлд авагдсаны дагуу 284 иргэд санал өгснөөс 9 санал хүчингүй болж, О.М 140 иргэн, Н.Э 135 иргэний саналыг тус тус авсан нь нийт санал хураалтад оролцсон 284 иргэнээс 50+1 гэж тооцон 142+1 хүний санал авч байж дээрх хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзнэ.
5.Өөрөөр хэлбэл, нэр дэвшигч О.М нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг дараах журмаар явуулна”, 56.5.1-д “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болон ..., түүнчлэн иргэдийн Нийтийн Хуралд оролцогч дангаараа буюу хамтарч энэ хуулийн 56.3, 56.4-т заасан шаардлага хангасан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэхээр санал гаргана”, 56.5.2-т “энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх”, 56.5.3-т “хэрэв санал хураалтаар хэн ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хураалт явуулж олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх” гэж тус тус заасан шаардлагыг хангахгүй байна.
6. Мөн багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн О.М, Н.Э нарын хэн аль нь нийт хуралд оролцсон иргэдийн олонхын саналыг аваагүй учир хамгийн олон санал авсан 2 хүнийг буюу О.М, Н.Э нарын дунд дахин санал хураалт явуулахаар хуульд тусгагдсан атал О.М-ыг 140 иргэний санал авснаар олонхын санал авсан гэж үзэн багийн Засаг даргад нэр дэвшүүлэхээр тогтоолын төслийг танилцуулсан нь хуульд нийцэхгүй талаар анхан шатны шүүхээс зөв дүгнэжээ.
7. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.Э-ын “Жанжин 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх, томилуулахаар санал уламжлах тухай” асуудлыг хэлэлцсэн хуралдааныг хүчингүйд тооцох, уг асуудлыг хэлэлцэх хуралдааныг дахин явуулахыг даалгах” шаардлагын тухайд:
7.1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д “Иргэдийн Нийтийн Хурлын оролцогч дараах эрх, үүрэгтэй байна”, 32.5.2-т “асуудал шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох”, 32.8-д “Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал дараах нийтлэг бүрэн эрхтэй”, 32.8.4-д “баг, хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх”, 48 дугаар зүйлийн 48.1-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн ..., баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална” гэж тус тус заасан.
7.2. Багийн иргэдийн Нийтийн Хурлаар багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн О.М, Н.Э нарын хэн аль нь нийт хуралд оролцсон иргэдийн олонхын саналыг аваагүй учир дахин санал хураах зохицуулалтыг хэрэгжүүлээгүй, уг хурлаар хэлэлцэх асуудлыг шийдвэрлээгүй тул хурлаас хүчин төгөлдөр тогтоол гарч баталгаажаагүй байна.
7.3. Анхан шатны шүүх бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн “Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Жанжин 4 дүгээр багийн “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх, томилуулахаар санал уламжлах тухай” асуудлыг хэлэлцэх хуралдааныг дахин явуулахыг даалгах” тухай шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй хэдий ч “Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Жанжин 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх, томилуулахаар санал уламжлах тухай” асуудлыг хэлэлцсэн хуралдааныг хүчингүйд тооцох” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь агуулгын хувьд зөрчилдөөнтэй болжээ.
7.4. Тодруулбал, гуравдагч этгээдийн бие даасан шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасан “даалгах” нэхэмжлэлийн шаардлагын төрөл бөгөөд шүүх энэхүү шаардлагын хүрээнд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасан “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, ...;” нөхцөл хангагдсан тохиолдолд тухайн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой талаар тусгажээ. Өөрөөр хэлбэл, “захиргааны акт гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага хангагдах урьдчилсан нөхцөл нь “хууль бус үйлдэл, үйл ажиллагаа” бөгөөд “үр дагавар нь хуулийн болон бодит нөхцөл байдлын хувьд боломжтой байх” хоёр нөхцөл зэрэг хангагдсан байх учиртай.
7.5. Нэхэмжлэгч О.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон энэ тохиолдолд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн “Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Жанжин 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх, томилуулахаар санал уламжлах тухай” асуудлыг хэлэлцсэн хуралдааныг хүчингүйд тооцох” шаардлага буюу бие даасан шаардлагыг бүхэлд нь хангасны үндсэн дээр тухайн багийн иргэдийн Нийтийн хурлын хуралдаан дахин явагдаж, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх, томилуулахаар санал уламжлах тухай асуудал шийдвэрлэгдэх боломжтой.
8. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 31 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.5.1, 56.5.2, 56.5.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч О.Мын “Багийн иргэдийн Нийтийн Хурлаар олонхын санал авч багийн Засаг даргад нэр дэвшсэн байхад тогтоолын төслийг албажуулж, сумын Засаг даргад уламжлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай тогтоол гаргаж, томилуулахаар сумын Засаг даргад уламжлахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
2 дахь заалтыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.8, 32.8.4, 48 дугаар зүйлийн 48.1-т бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.Э-ын “Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Жанжин 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх, томилуулахаар санал уламжлах тухай” асуудлыг хэлэлцсэн хуралдааныг хүчингүйд тооцох, ... хуралдааныг дахин явуулахыг даалгах” шаардлагыг бүхэлд нь хангасугай.” гэж,
2 дахь заалтын дугаарыг 3 болгон өөрчилж, 3 дахь заалтын дугаар 4 болгон тус тус өөрчилж, бусад хэсгийг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээснийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН