Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 00061

 

 

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 153/ШШ2020/00061

Жаргалант сум

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Ховд аймаг Жаргалант сумын Магсаржав багийн Тэгш стандарт ХХК-ийн  ..дугаар байрны  ..айлын орон сууцны .. тоотод оршин суух, Б овогт Ш-ийн Э //-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн .... тоотод оршин суух, Ч овогт Г-ийн Б //-д холбогдох

7,382,500 /долоон сая гурван зуун наян хоёр мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 153/2020/00063/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Э нь   шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ш.Э нь Г.Б-ай 2019 оноос эхлэн мах худалдах худалдан авч, өгдөг бизнесийн байнгын харилцаатай байсан. Г.Б нь тухай бүр мах зээлээр худалдан авч 15 хоногийн дараа дахин дараагийнхаа махыг худалдан авахдаа өмнөх тооцоогоо хийж дуусгадаг байсан.

Гэтэл Г.Б нь 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр мах худалдан авахдаа өмнөх тооцооноос 2.992.000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн тооцооноос 9.976.500 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн тооцооноос 2.404.500 төгрөгийн махны үнэ, нийт 15.373.000 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй болсон.

Үүнээс Г.Б нь цувуулж өгсөөр одоо 7.382.500 төгрөгийн үлдэгдэл тооцоогоо хийгээгүй байна.

Г.Б нь өөрийн эзэмшлийн ХААН банкны 5863018330 тоот данснаас Ш.Э миний эзэмшлийн Хаан банкны 5863126888 тоот дансанд махныхаа үниийг шилжүүлдэг байсан.

Иймд Г.Б-аас мах худалдан худалдан авах гэрээний үүрэг 7.382.500 төгрөгийг гаргуулж Ш.Э надад олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ш.Э-гийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ш.Э-гийн нэхэмжилж байгаа 7,382,500 төгрөгийг төлнө татгалзах зүйлгүй звшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Э нь Г.Б-д холбогдуулан 7,382,500 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 7,382,500 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Э-гийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Төрийн сангийн 100160000945 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133,070 төгрөгийн тал хувь болох 66,535 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 66,535 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.Б-аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 66,535 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Ш.Э-д олгохоор тогтов.

Хариуцагч Г.Б нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ш.Э-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Б-д холбогдох, 7,382,500 /долоон сая гурван зуун наян хоёр мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 7,382,500 /долоон сая гурван зуун наян хоёр мянга таван зуу/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Э-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133,070 төгрөгийн тал хувь болох 66,535 /жаран зургаан мянга таван зуун гучин тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 66,535 /жаран зургаан мянга таван зуун гучин тав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.Б-аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 66,535 /жаран зургаан мянга таван зуун гучин тав/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Ш.Э-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

  

ШҮҮГЧ                               С.ОЮУНЖАРГАЛ