Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/189

 

 

 

 

   2023              09             14                                              2023/ШЦТ/189                                        

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Д.Сүрэнхорлоо,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Сүрэнхорлоогоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2330000000079 дугаартай хэргийг Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр ирүүлснийг 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ...оны ... дүгээр сарын ...-ний өдөр ... аймгийн ... суманд төрсөн, ...настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ....хамт Сүхбаатар аймгийн .... сумын 4 дүгээр баг “..... задгай тоотод оршин суух,

урьд Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгийн торгох ялаар,

мөн Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/128 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, /....../, ******* овогт *******.  

  

Холбогдсон хэргийн талаар / яллах дүгнэлтээр /:

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 03 дугаар сарын 08-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Дүүрэн бадрах” дэлгүүрийн урд талын гудамжинд хамтран амьдрагч болох хохирогч ******* гэдэс хэвлий хэсэгт өшиглөн эрүүл мэндэд “хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний цоорол, наалдац үрэвсэл” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би  хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн. Одоо гомдол санал байхгүй гэсэн. Би ээжийгээ хараад ажил хийж амьдардаг. Ээж минь 60 гаруй настай хүн байдаг. Өөр хэлэх зүйлгүй” гэв.

 

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “Бид хоёр “Дүүрэн бадрах” дэлгүүрийн урд эгнээнд явж байхад ******* нь надад “хүмүүс намайг дайлах гэж байхад чи намайг явуулсангүй” гэж уурлаад буцаад баар луу явахаар нь миний уур хүрээд Ууганчимэгийг гараараа 2 удаа алгадсан. Ууганчимэг газар унахдаа арагшаа дагз хэсгээрээ унасан. Тэгээд босохгүй байхаар нь “чи тэнэг юм уу, архи уух гээд байгаа бол гэрт авсан архи бэлэн байгаа”  гэхэд “чамтай явахгүй” гэсэн. Миний уур хүрээд “гэр лүүгээ явъя” гээд газар хэвтээд байхаар нь “босолдоо” гээд хөлөөрөө хэвлий хэсэг рүү өшиглөхөд *******  гэнэт “ёо ёо” гээд орилоод байсан. Тэгэхээр нь би газраас өргөж босгож үүрээд гэр лүүгээ авч явсан. Гэрт ороход ээж “чи хүүхэд яасан юм” гэхээр нь “уур хүрээд зодчихлоо” гэхэд ээж “яах гээд хүүхэд зодоод байдаг юм” гээд намайг загнасан.” гэх / хх 47-50 дугаар хуудас /,

 

Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2023 оны 03 дугаар сарын 08-ны орой 20 цагийн үед хамтран амьдрагч ******* бид хоёр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг “Төмөртэй”-н задгай тоотод байх гэрт нь хоёулхнаа 2.5 литрийн “Нийслэл” пиво, 0.5 литрийн “Хараа” архийг хувааж уусан. Тэгээд бид хоёр “Billion” бааранд очоод бүжиглэнгээ 2, 2 лааз пиво уугаад шөнийн 23 цагийн үед баарнаас гарсан. Баарны гадаа ******* миний гар утсыг аваад өгөхгүй, хүмүүстэй утсаар яриулахгүй байсан. Тэгээд уг асуудлаас болж хоорондоо хэрэлдэж, маргалдаж муудаад бид хоёр *******гийн гэр лүү явсан. Харанхуй гудамжинд явж байхад ******* надад уурлаад миний үснээс зулгааж байгаад газар унагаад хөлөөрөө миний хэвлий хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд би алхаж гишгэж чадахгүй болоод ******* намайг өргөөд гэр лүүгээ оруулсан.” гэх / хх 13-15 дугаар хуудас /,

 

Гэрч ******* “Өчигдөр би 15 цаг гээд гэрээсээ гараад оройны 22 цаг нэлээн өнгөрч байхад гэртээ очиход хүү, хүүгийн хамтран амьдрагч хоёр гэртээ байхгүй байсан. Хэсэг хугацааны дараа гэрийн гадаа хүмүүс муудаад байхаар нь гэрээс гарахад хүү *******, ******* хоёр байхаар нь загнаад гэрт оруулаад цаг харахад шөнийн 00 цаг 30 минут өнгөрч байсан. Тэгэхээр нь хүүгээс “та хоёр юундаа муудаад байгаа юм бэ” гэж асуухад ******* нь “******* гэр лүүгээ явахгүй байхаар нь уур хүрээд зодчихлоо” гэсэн. Тэгэхээр нь “чи айлын хүүхэд зоддог нь яаж байгаа юм” гээд загнасан. Тухайн үед ******* гадуур өмсөж явсан хувцас нь нэлэнхийдээ шороо болсон байсан. ******* унтахаасаа өмнө нь 2 удаа бөөлжсөн. Өнөөдөр өглөө ******* “миний гэдэс, хэвлийгээр өвдөөд байна” гээд гэдсээ бариад эвхрэлдээд байсан учраас эмнэлэгт дуудлага өгч үзүүлсэн. ******* биед ил харагдах шарх, хөхөрсөн зүйл байхгүй байсан.” гэх / хх 20-21 дүгээр хуудас/,

 

Гэрч ******* “******* нь манайд амьдрах болсон шалтгаан нь 2023 оны 03 дугаар сарын 09-ний шөнө 01 цагийн үед хамтран амьдрагч *******д зодуулж биедээ хүнд зэргийн гэмтэл авсан учраас хагалгаанд ороод манайд байж байна. *******ийг ******* нь дахиж зодож магадгүй гээд би өөрийнхөө хажууд байлгаж байна. Би *******ээс “танай нөхөр Баатархүү нь яагаад чамайг цохиж, зодоод байдаг юм бэ” гэж асуухад “намайг өөр хүмүүстэй хардаж сэрдээд зодож цохиод байдаг, мөн би шоронд ороод гарч ирээд чамайг ална” гэж айлган сүрдүүлээд байдаг талаар хэлсэн.” гэх / хх 27-28 дугаар хуудас / гэх мэдүүлэг,

 

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл / хх 3-4 дүгээр хуудас /,

 

Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 26/76 дугаартай “******* нь аймгийн Нэгдсэн эмнэлгээс тусламж үйлчилгээ авч, эрүүл мэндийн даатгалын сангаас зардал 2,730,700 төгрөг гаргуулсан” гэх албан тоот, эмчилгээний зардлын баримт / 7-8 дугаар хуудас /,

 

Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 91 дугаартай “1.******* биед “хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний цоорол, наалдац үрэвсэл” бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна.

4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт       / хх 32-33 дугаар хуудас /,

 

Шүүгдэгч *******гийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан шийтгэх тогтоолын хуулбар / хх 61-67 дугаар хуудас /,

 

Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 01/283 дугаартай “2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялын эдлээгүй үлдсэн 4 сар 9 хоногийг Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 14 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон, одоо тус газрын хяналтад байгаа.” гэх  хариу хүргүүлэх тухай албан бичиг / хх 69 дүгээр хуудас /,

 

Шүүгдэгч *******д холбогдох Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл / хх 71-73 дугаар хуудас /,

 

Хохирогч ******* “Амбулаториор эмчлүүлэгсдийн карт”-ын хуулбар / хх 75-80 дугаар хуудас /,

 

Хохирогч *******ээс гаргаж өгсөн эмчилгээний зардлын баримтууд / хх 81-84 дүгээр хуудас / зэрэг болно.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 03 дугаар сарын 08-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Дүүрэн бадрах” дэлгүүрийн урд талын гудамжинд хамтран амьдрагч болох хохирогч ******* гэдэс хэвлий хэсэгт өшиглөн эрүүл мэндэд “хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний цоорол, наалдац үрэвсэл” бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Үүнд: хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2023 оны 03 дугаар сарын 08-ны орой 20 цагийн үед хамтран амьдрагч ******* бид хоёр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг “Төмөртэй”-н задгай тоотод байх гэрт нь хоёулхнаа 2.5 литрийн “Нийслэл” пиво, 0.5 литрийн “Хараа” архийг хувааж уусан. Тэгээд бид хоёр “Billion” бааранд очоод бүжиглэнгээ 2, 2 лааз пиво уугаад шөнийн 23 цагийн үед баарнаас гарсан. Баарны гадаа ******* миний гар утсыг аваад өгөхгүй, хүмүүстэй утсаар яриулахгүй байсан. Тэгээд уг асуудлаас болж хоорондоо хэрэлдэж, маргалдаж муудаад бид хоёр *******гийн гэр лүү явсан. Харанхуй гудамжинд явж байхад ******* надад уурлаад миний үснээс зулгааж байгаад газар унагаад хөлөөрөө миний хэвлий хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд би алхаж гишгэж чадахгүй болоод ******* намайг өргөөд гэр лүүгээ оруулсан.” гэх,

гэрч ******* “Өчигдөр би 15 цаг гээд гэрээсээ гараад оройны 22 цаг нэлээн өнгөрч байхад гэртээ очиход хүү, хүүгийн хамтран амьдрагч хоёр гэртээ байхгүй байсан. Хэсэг хугацааны дараа гэрийн гадаа хүмүүс муудаад байхаар нь гэрээс гарахад хүү *******, ******* хоёр байхаар нь загнаад гэрт оруулаад цаг харахад шөнийн 00 цаг 30 минут өнгөрч байсан. Тэгэхээр нь хүүгээс “та хоёр юундаа муудаад байгаа юм бэ” гэж асуухад ******* нь “******* гэр лүүгээ явахгүй байхаар нь уур хүрээд зодчихлоо” гэсэн. Тэгэхээр нь “чи айлын хүүхэд зоддог нь яаж байгаа юм” гээд загнасан. Тухайн үед ******* гадуур өмсөж явсан хувцас нь нэлэнхийдээ шороо болсон байсан. ******* унтахаасаа өмнө нь 2 удаа бөөлжсөн. Өнөөдөр өглөө ******* “миний гэдэс, хэвлийгээр өвдөөд байна” гээд гэдсээ бариад эвхрэлдээд байсан учраас эмнэлэгт дуудлага өгч үзүүлсэн. ******* биед ил харагдах шарх, хөхөрсөн зүйл байхгүй байсан.” гэх,

гэрч ******* “******* нь манайд амьдрах болсон шалтгаан нь 2023 оны 03 дугаар сарын 09-ний шөнө 01 цагийн үед хамтран амьдрагч *******д зодуулж биедээ хүнд зэргийн гэмтэл авсан учраас хагалгаанд ороод манайд байж байна. *******ийг ******* нь дахиж зодож магадгүй гээд би өөрийнхөө хажууд байлгаж байна. Би *******ээс “танай нөхөр Баатархүү нь яагаад чамайг цохиж, зодоод байдаг юм бэ” гэж асуухад “намайг өөр хүмүүстэй хардаж сэрдээд зодож цохиод байдаг, мөн би шоронд ороод гарч ирээд чамайг ална” гэж айлган сүрдүүлээд байдаг талаар хэлсэн.” гэх / мэдүүлгүүд,

Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 91 дугаартай “1.******* биед “хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний цоорол, наалдац үрэвсэл” бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. 4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт       / хх 32-33 дугаар хуудас / зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

1.2. Талуудын гаргасан дүгнэлт:

 

Улсын яллагч: “...Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 08-ны орой Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг “Дүүрэн бадрах” дэлгүүрийн урд талын гудамжинд хамтран амьдрагч болох хохирогч ******* гэдэс хэвлий хэсэгт өшиглөн хохирогч ******* эрүүл мэндэд хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний цоорол, наалдац үрэвсэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болон нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, хавтаст хэрэгт бэхжүүлсэн, түүнчлэн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай. Хохирогч ******* нь өөрийн биед учирсан дээрх гэмтлийн улмаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд түүний биед учирсан гэмтлийг эмчлэн эмчилгээ, тусламж, үйлчилгээ үзүүлсний төлбөр 2,730,700 төгрөгийг шүүгдэгч *******гээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх. Шүүгдэгч ******* нь хохирогчийн эмчилгээнд 400,000 төгрөгийг төлсөн. Хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна...” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг: “...Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Гэм буруугийн тал дээр ямар нэгэн маргаан байхгүй. Хохирогчид төлөх төлбөр байхгүй. Хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Шүүгдэгчийн зүгээс хохирогчид 400.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан мөнгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэв...” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

1.3. Хууль зүйн дүгнэлт

 

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт: бусдын бие махбодод хүнд гэмтэл санаатай учруулах нь амь тэнссэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл, гэмтлээс үүссэн үлдэц, уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр тогтонги алдагдуулах, эсхүл энэ хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэж буй үйлдлийг ойлгохоор хуульчилсан.

Тодруулбал, шүүгдэгч ******* нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч *******тэй маргалдан, түүнийг цохиж, зодон эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан нь хор уршиг бүхий гэмт үйлдлийн болон үр дагаврын хоорондох шалтгаант холбоог бүрдүүлж байна.

 

Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр байж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын биед халдаж, эрүүл мэндэд нь “хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний цоорол, наалдац үрэвсэл” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Прокуророос шүүгдэгч *******гийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

           2.1. Талуудын гаргасан санал,

 

Улсын яллагч: “...Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай. Шүүгдэгчид өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 4 сар 9 хоногийг нэмж нэгтгэн 2 жил 5 сар 9 хоногийн ялыг нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлэх саналтай...” гэх саналыг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлд зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаардаг. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч *******д ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Хохирогчид эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлсэн. Хохирогчоос уучлалт гуйж тодорхой хэмжээний харилцаа холбоотой байгаа, хохирогч гомдол тэмцэлгүй гэж илэрхийлсэн мөн энэ хэрэг болоход миний буруутай үйлдэл байсан гэж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгсөн зэрэг байдлыг харгалзан үзэж ялын доод хэмжээ буюу 2 жилийн хорих ял оногдуулж, шүүгдэгчид өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 4 сар 9 хоногийг нэмж нэгтгэхэд татгалзах зүйлгүй.  Мөн шүүгдэгчийн цагдан хоригдсон 83 хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах саналтай...” гэх саналыг тус тус гаргав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд хүлээн мэдүүлж байгаа зэрэг нь гэрчүүдийн мэдүүлэг, бусад баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахад гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.

 

          Шүүгдэгч *******д Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/128 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жил, 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан бөгөөд уг ялын эдлээгүй үлдсэн 4 сар 9 хоногийн хорих ялыг Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 14 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоосон байна.

          Шүүгдэгч ******* нь Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/128 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 сар 9 хоногийг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан энэ тогтоолоор оногдуулсан 2 жил, 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг 2 жил, 5 сар, 9 хоногийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

2.3 Хохирол, хор уршгийн талаар

 

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохиролд 2,062,700 төгрөг нэхэмжилж, эрүүл мэндийн эмчилгээний зардлын 1,044,350 төгрөгийн баримтыг хэрэгт ирүүлсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт “гэмт хэрэг үйлдэгдэхэд миний буруутай үйлдэл байгаа тиймээс ээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй”  гэж мэдүүлсэн болно.

 

Шүүгдэгч ******* нь хохирогчид 400,000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдаж, хохирогч ******* нь өөрт учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний төлбөр, бусад хохирол, зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирогч ******* өөрт учирсан гэмтэлтэй холбоотойгоор эмнэлгээс 2,730,700 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж зааснаар Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс 2,730,700 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгчээс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.

 

 Бусад асуудлаар:

 

Шүүгдэгч *******гийн хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт хавсаргагдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.5, 36.6 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил, 1 сарын хорих ялд Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/128 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 сар 9 хоногийг хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 2 /хоёр/ жил, 5 /тав/ сар, 9 /ес/ хоногийн хугацаагаар  тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2 жил, 5 сар, 9 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,  түүний эдлэх ялыг 2023 оны 09 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гээс 2,730,700 төгрөгийг гаргуулж, Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан ялтан ******* энэ хэргийн улмаас 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс цагдан хоригдсон бөгөөд цагдан хоригдсон 83 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсоныг дурдсугай.

 

8. Хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч ******* гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын эмчилгээний зардалд 2,062,700 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч 400,000 төгрөгийг нөхөн төлсөн ба хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурдсугай.

 

9. Хохирогч ******* гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.БАЯРБААТАР