Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 00062

 

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 153/ШШ2020/00062

Жаргалант сум

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багт байрлах, Голомт банк ХХК-ийн //-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багт оршин суух, О овогт А-ны Б //-д холбогдох,

үндсэн зээл 61,522,115.38 төгрөг, зээлийн хүү 11,325,432.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 222,280.81 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 523,299 төгрөг, нийт 73,593,127.55 /далан гурван сая таван зуун ерэн гурван мянга нэг зуун хорин долоон төгрөг тавин таван мөнгө/ төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 153/2020/00030/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч нь 2017 оны 02-р сарын 05-ний өдөр ЗГ5605108803 тоот зээлийн гэрээг байгуулсан. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин зээлийн төлбөрөө төлөхгүй банкыг хохироож байгаа тул А.Б холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Анх авсан нийт зээлийн хэмжээ : 80 000 000 /Наян сая/ төгрөг. 2019 оны 12 сарын 12-ны өдрийн зээлийн үлдэгдэл дараах байдалтай байна.

Үндсэн зээл - 61 522 115.38 төгрөг

1.Үндсэн хүүгийн үлдэгдэл төлбөр 11,325,432.36 төгрөг

2. Нэмэгдүүлсэн хүүний төлбөр 222,280.81 төгрөг

3.Зээлийн нийт дүн - 73,069,828.55 (Далан гурван сая жаран есөн мянга найман зуун хорин найман төгрөг тавин таван мөнгө)-г УТХ-нд төлсөн 523,299 /таван зуун хорин гурван мянга хоёр зуун ерэн есөн/ төгрөгийн хамт гаргуулж өгнө үү.

Нийт нэхэмжилж буй дүн - 73,593,127.55 (далан гурван сая ерэн есөн мянга найман зуун хорин найман төгрөг тавин таван мөнгө)

Маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд уг зээлийг барьцаа хөрөнгөөр хангуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие А.Б нь Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багт оршин суудаг. Ам бүл 4. Манхан сумын гурван замын уулзварт байрлах Өгөөж нэртэй цайны газрыг барьж 2016 оноос хойш ажиллуулж байгаа билээ. Цааш нь үйл ажиллагаагаа өргөжүүлэх үүднээс 2017 оны 02 дугаар сарын 5-ны өдөр Голомт банкнаас 80,000,000 төгрөгийн зээл авсан болно. Тогтмол хуваарийн дагуу төлж яваад 2019 онд төлж чадалгүй зогсоосон. Ийнхүү банкинд төлж дуусгах ёстой нийт дүн нь 73,069,828.55 төгрөгийн зээл байгаа. Энэ дүн бүхийн зээлийг төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь А.Б-д холбогдуулан үндсэн зээл 61,522,115.38 төгрөг, зээлийн хүү 11,325,432.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 222,280.81 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 523,299 төгрөг, нийт 73,593,127.55 /далан гурван сая таван зуун ерэн гурван мянга нэг зуун хорин долоон төгрөг тавин таван мөнгө/ төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 73,069,828.55 /далан гурван сая таван зуун ерэн гурван мянга нэг зуун хорин долоон төгрөг тавин таван мөнгө/ төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн Төрийн сангийн 100160000945 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 523,299 төгрөгийн тал хувь болох 261,649.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 261,649.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч А.Б-гээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 261,649.5 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Голомт банк ХХК-д  олгохоор тогтов.

Хариуцагч А.Б нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Б-д холбогдох, үндсэн зээл 61,522,115.38 төгрөг, зээлийн хүү 11,325,432.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 222,280.81 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 523,299 төгрөг, нийт 73,593,127.55 /далан гурван сая таван зуун ерэн гурван мянга нэг зуун хорин долоон төгрөг тавин таван мөнгө/ төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч А.Б нь 73,069,828.55 /далан гурван сая жаран есөн мянга найман зуун хорин найман төгрөг тавин таван мөнгө/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 523,299 төгрөгийн тал хувь болох 261,649.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 261,649.5 /хоёр зуун жаран нэгэн мянга зургаан зуун дөчин есэн төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч А.Б-гээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 261,649.5 /хоёр зуун жаран нэгэн мянга зургаан зуун дөчин есэн төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч А.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

 

ШҮҮГЧ                              С.ОЮУНЖАРГАЛ