| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00653/и |
| Дугаар | 00065 |
| Огноо | 2020-02-23 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 00065
| 2020 оны 02 сарын 13 өдөр | Дугаар 153/ШШ2020/00065 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн .... тоотод оршин суух, Э овогт Д-ийн С //-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багт байрлах, Ховд аймгийн Нийтийн номын сан //-д холбогдох,
Ховд аймгийн Нийтийн номын сангийн захирлын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/12 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ахлах номын санч, аргазүйчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай 153/2019/00653/и дугаар индекстэй иргэний хэргийг 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн төлөөлөгч Т.Э, хариуцагчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, гэрч О.Ч, Б.А, П.Б, Б.О, Ц.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэлийн нийт 4 шаардлага гаргасан.
1.Ховд аймгийн Нийтийн номын сангийн захирлын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/12 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын хувьд тайлбараа хэлнэ. Ажил олгогчийн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 43 дугаар зүйлийн 43.2, 40 дүгээр зүйлийн 40.1.3-т тус тус заасныг баримтлан Ховд аймгийн Нийтийн номын сангийн ахлах номын санч, арга зүйчээр ажиллаж байсан Д.С-ийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тушаал гаргасан. Нэхэмжлэгч Д.С хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар буюу ажилтны санаачилгаар цуцлах өргөдлийг ажил олгогч байгууллагад гаргаагүй. Өргөдөл гаргаагүй байхад өөрийнхөө санаачилгаар гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлаж байгааг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэдэг үндэслэл байгаа. Нэхэмжлэгч Д.С нь 1960 оны 3 дугаар сарын 18-ны өдөр төрсөн бөгөөд 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 60 насанд хүрэх бөгөөд өмнө нь 60 насанд хүрсэн гэдэг байдлаар ажлаас нь чөлөөлж байгаа хуулийн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан заалттай нийцэхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана гэсэн заалт тусгагдаагүй байна.
Түүнчлэн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдсөн Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан тушаалтанд нэгэн адил тэтгэвэрт гарахад нь буцалтгүй тусламж авах эрх нээгдсэн....Төрийн албаны тухай хуулиар өндөр насны тэтгэмж тогтоолгосон тохиолдолд нэг удаа төрөөс буцалтгүй тусламж олгох харилцааг Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 7 дугаар тогтоолоор баталсан. Энэ журмын 5 дугаар зүйлийн 5.6-д Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т заасан Төрийн үйлчилгээний албан хаагчдад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох зохицуулалтыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заасан. Нэхэмжлэгч Д.С-ийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажлаас чөлөөлсөн учраас энэ журмын зохицуулалтанд хамаарахгүй болж байна. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэлээр нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх нь үгүйсгэгдэж, иргэний эрхээ эдлэх эрхгүй болсон. Энэ нь ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан ажилтан тэтгэвэр тэтгэмж тогтоолгох, тэтгэмж авах эрхийг зөрчиж байна. Эдгээр 4 үндэслэлээр нэхэмжлэлийнхээ шаардлага гаргасан. Нэгэнт ажил олгогчийн тушаал үндэслэлгүй гэж үзсэн тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2-т зааснаар Д.С-ийг урьд эрхэлж байсан Ховд аймгийн Нийтийн номын сангийн ахлах номын санч, арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоолгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа. Мөн ажил олгогчийн тушаал, шийдвэр гарсан буюу 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн өнөөдрийг шүүх хуралдааныг дуусах хүртэл хугацаа буюу 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор, мөн хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөөд нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж байна.
....Өндөр насны тэтгэвэрт гарах өргөдөл, хүсэлтээ өгсөн гэсэн агуулгатай тайлбарыг харицагчийн төлөөлөгчийн зүгээс гаргасан байсан. Хавтаст хэрэгт авагдсан хоёр удаагийн нэхэмжлэгчийн өргөдөл байдаг. Гэтэл тус өргөдлийн агуулга нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасан өргөдөл мөн эсэхэд няцаалт хийж байна. Тухайн гаргасан өргөдлийн нэг нь 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн, нөгөө өргөдөл нь 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр тус тус гаргасан. Ажил олгогчийн тушаал, шийдвэр гарахаас өмнө нэг нь 2 жил, нөгөө нь 3 жилийн өмнөх хоёр янзын өргөдөл бөгөөд өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтээ гаргасан тул хууль журмын дагуу нэг удаагийн буцалтгүй тэтгэмжийг олгож өгнө үү, улсад ажилласан жил тэтгэвэрт гарах болзол журам хангагдсан тул Соёлын тухай хуульд зааснаар тэтгэмжийг олгож өгнө үү гэсэн агуулгатай. Харин хөдөлмөрийн гэрээг цуцлуулах талаар гаргасан өргөдөл биш юм. Ингэхээр ажил олгогчоос гаргасан тушаал, шийдвэр нь бодит байдалтай нийцэхгүй байна....Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэрт тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т өөрийн хүсэлтээр тэтгэвэртээ тогтоолгож авч болно гэсэн зохицуулалт юм. Энэ нь ажилтны эрхийн асуудал юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. Бусад нэхэмжлэлийн шаардлагын хувьд хариуцагчийн тайлбартай холбогдуулан хэлэх боломжтой....Анх Ховд аймгийн Нийтийн номын санд ном зүйчээр 1981 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр томилогдон ажиллаж байсан. 2006 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ахлах номын санч, арга зүйчээр ажилласан....3,362,730 төгрөгийг Ховд аймгийн Нийтийн номын сангаас гаргуулахаар нэхэмжилж байгаа....Д.С нь ажлаас чөлөөлсөн тушаалыг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гардаж аваад шүүхэд нэхэмжлэлээ гаргасан....Д.С нь тэтгэвэртээ гарах хүсэлтээ тус байгууллагадаа өгөөгүй....Нэхэмжлэгч нь 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ажлаа хүлээлгэж өгсөн....Соёлын тухай хуульд заасан тэтгэлгийг Д.С нь хоёр таслаад 2016, 2017 онуудад авсан....Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлд үйлдвэрчний эвлэлийн түүний сонгуульт ажилтны эрхийн баталгааг заасан. Энэ хуулийн 6 дугаар зүйлийн 2-т үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг өөрийн болон сонгосон хамт олных нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачлагаар ажлаас халах, түүнд сонгуульт үүрэгтэй нь холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулахыг хориглоно гэж заасан.Энэ хуулийн зохицуулалт зөрчигдсөн ойлголт байгаа....гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Т.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасан заалтыг тушаалдаа ямар үндэслэлээр баримталсан болон ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаагүй талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тайлбарлаж байна. Өргөдлийн агуулгыг уншиж үзэх юм бол Д.С-ийн зүгээс би тэтгэвэрт гарах хүсэлтэй байгаа тул миний тэтгэмжийг олгож өгнө үү гээд өөрийнхөө хүсэлтийг хоёр удаа гаргаад тэтгэмжээ 2 хувааж авсан байгаа. Соёлын тухай хуульд соёлын салбарт ажиллаж байгаа хүн 12 сарын буцалтгүй тусламжийг нэг удаа авахаар зохицуулсан. Хуульд яагаад нэг гэсэн үгийг тодруулсан бэ гэхээр энэ тэтгэмжийг төрөөс 2 удаа авах боломжгүй гэдгийг зохицуулсан байх гэж миний зүгээс ойлгож байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т ажил хүлээлгэн өгөх хугацааг тусгаагүй талаар тайлбарлаад байна. Гэтэл 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн тушаалын 3-т 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ажил хүлээлгэн өгснөөр тасалбар болгож, тооцоо бодохыг нягтлан бодогчид үүрэг болгосон. 2020 оны Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар 36 сарын тэтгэмж олгоно гэж заасан. Д.С-ийн хувьд 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажлаасаа чөлөөгдөөд 2016, 2017 онуудад өөрөө болон Аймгийн төрийн санд хүсэлтээ гаргаад хоёр удаа тэтгэмжээ авсан гэж ойлгож байгаа. Д.С нь тухайн үед тэтгэмжээ авчихаад ажлаа чөлөөлөгдөх ёстой байсан. Гэтэл Д.С эгч Аймгийн засаг дарга Г болон Төрийн сангийн хэлтсийн дарга байсан О эгч нартай ярилцаад 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ажлаасаа чөлөөлөгдөөд тэтгэмжээ авъя гэдэг байдлаар хүсэлтээ тавьсан. Харин Төрийн сангийн зүгээс Д.Сийг тэтгэмжээ авсан өдрөөс эхлэн ажлаас нь чөлөөл гэсэн үүрэг өгсөн....Миний зүгээс Д.С эгчийг дуудаж оруулж ирээд хуулийн талаар тайлбарлаад, таныг тэтгэмжээ авснаас хойш 1 жил 10 сарын хугацаанд цалинтай ажиллуулсан, таны ажлын байр, цалин хөлстэй ямар нэгэн байдлаар асуудал үүсгээгүй гэдэг шаардлагыг тавьсан. Д.С эгч хүсэлтээ надад удаа дараа амаар гаргаж байсан....Д.С эгч миний оронд 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд ээжлийн амралттай байж байгаад түр орлон гүйцэтгэгчээр миний ажлыг түр авсан. 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр миний амралтын хугацаа дуусаад ажилдаа эргэж ороод 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр туршлага судлах зорилгоор Увс аймаг руу яваад 1 хоноод буцаж ирсэн. Намайг ирэхэд Д.С эгч Улаанбаатар хот руу явах ажилтай болсон учраас ээлжийнхээ амралтыг үлдсэн хугацааг эдлээд явж ирчихээд өөрөө ажлаасаа чөлөөлөгдөх талаар хүсэлтээ замдаа явж байхда хэлсэн. Д.С эгч 2019 оны 9, 10 дугаар сар дуусахад ажилдаа ирэхгүй болохоор утсаар та 54 хоног цалинтай амралт эдэлчихлээ, хөдөлмөрийн тухай хуульд заасан амралтаа хэтрүүлсэн, ямар шалтгаанаар ажилдаа ирэхгүй байгаа юм бэ? гэж асуухад би өөрийгөө ажлаас чөлөөлөгдөж байгаа гэж ойлгосон гэж хэлсэн. Энэ талаар баримт болох цагийн хуваарийг хавтаст хэрэгт хавсаргаж өгсөн. Манай байгууллагын нягтлан бодогч Д.С эгчийг дуудаж ирүүлээд бид гурав хоорондоо ярилцахдаа амралтын хугацаа хэтэрсэн ч гэсэн хугацаан дээр асуудал үүсгэхгүй гэж хэлсэн....Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст Д.С эгчийг хүсэлт гаргаад тэтгэвэр тогтоолгосон эсэх талаар тодруулахад 2019 оны 11 дүгээр сараас тэтгэврээ тогтоолгосон гэсэн албан бичгээр хариу ирсэн.....Нэхэмжлэгч Д.С нь тэтгэвэрт гарах хүсэлтээ гаргасан, тэтгэвэртээ гарах тэтгэмж авсан, тэтгэвэртээ гарсан гэсэн үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа....Соёлын тухай хуульд зааснаар 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламж авах эрхээ эдэлсэн. Мөн байгууллагын дотоод журмаар 1 сарын цалинтэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон. Өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ахмадууддаа Соёлын тухай хууль болон байгууллагын дотоод журмаараа зохицуулж тэтгэмж олгодог. Д.С эгч энэ бүх тэтгэмжийг авсан....Д.С нь бичгээр 2016, 2017 онуудад хүсэлтээ гаргаж байсан. Харин амаар 2019 онд тэтгэвэрт гарах талаар хүсэлтээ илэрхийлж байсан....Тушаал гарсан өдөр болох 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 5 дахь өдөр байсан. Дараагийн 7 хоног буюу 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Д.С эгчид тушаал гардуулсан. Баримт үйлдээгүй....Д.С нь Ховд аймгийн Нийтийн номын сангийн Үйлдвэрчний хорооны даргаар 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан. Томилогдсон хугацааг нь мэдэхгүй. Намайг ажилд орох үед тус сонгуульт ажлаа хийж байсан....гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Сийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нь Ховд аймгийн Нийтийн номын санд холбогдуулан Ховд аймгийн Нийтийн номын сангийн захирлын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/12 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ахлах номын санч, арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат нь урьд эрхэлж байсан ахлах номын санч, арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагаа Д.Сийг Ховд аймгийн Нийтийн номын сангийн ахлах номын санч, арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай шаардлагаа 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3,362,730 төгрөг гаргуулах гэж тус тус тодруулав.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хариуцагчийн төлөөлөгч Т.Эрдэнэтуяа эс зөвшөөрч Нэхэмжлэгч Д.С нь тэтгэвэрт гарах хүсэлтээ гаргасан, тэтгэвэртээ гарах тэтгэмж авсан, тэтгэвэртээ гарсан гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн гэж, хариуцагчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг нь шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж тус тус мэтгэлцсэн болно.
Нэхэмжлэгч Д.С нь ажлаас чөлөөлсөн тухай Ховд аймгийн Нийтийн номын сангийн захирлын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/12 дугаартай тушаалыг эс зөвшөөрч 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат нь нэхэмжлэгч Д.С нь ажлаас чөлөөлсөн тушаалыг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авсан гэж, хариуцагчийн төлөөлөгч Т.Эрдэнэтуяа нь ажлаас чөлөөлсөн тушаалыг нэхэмжлэгч Д.Ст 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээлгэн өгсөн гэж тус тус тайлбарлав.
Нэхэмжлэгч Д.С нь Ховд аймгийн Нийтийн номын сангийн захирлын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/12 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авсан болох нь гэрч Ц.Ариунжаргалын шүүх хуралдаанд өгсөн ....Д.С надад 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тушаалаа гардаж авсан талаар хэлсэн. Тухайн өдөр 2 дахь өдөр байсан.... гэх мэдүүлгээр тогтоогдож байна.
Харин хариуцагчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нараас нэхэмжлэгчид түүнийг ажлаас чөлөөлсөн Ховд аймгийн Нийтийн номын сангийн захирлын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/12 дугаартай тушаалыг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гардуулан өгсөн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана.
Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. гэж, мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д жил, хагас жил, улирал, сараар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах сарын мөн өдөр дуусна гэж тус тус заажээ.
Иймээс ажил олгогчоос нэхэмжлэгч Д.С нь ажлаас чөлөөлсөн тушаалыг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гардан авч, ажлаас буруу халсан гомдлоо тус шүүхэд 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч Д.С нь Ховд аймгийн Нийтийн номын санд 1981 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ном зүйч, ахлах номын санч, арга зүйчээр ажиллаж байсан болох нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн төлөөлөгч нарын тайлбар, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 03 дугаартай хөдөлмөрийн гэрээ зэргээр тогтоогдов /хх-ийн 2-5 дугаар тал/. Энэ талаар талууд маргаагүй болно.
Зохигч харилцан тохиролцож байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр дууссан боловч тухайн үед талууд хөдөлмөрийн гэрээг цуцлах санал гаргаагүй, нэхэмжлэгч нь ахлах номын санч, арга зүйчийн ажлаа үргэлжлүүлэн хийж байсан болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Ховд аймгийн Нийтийн номын сангийн захирлын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/12 дугаартай Ажлаас чөлөөлсөн тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно гэж заасны дагуу талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээ анх байгуулсан хугацаагаар сунгагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Д.С-ийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлсөн болох нь Ховд аймгийн Нийтийн номын сангийн захирлын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/12 дугаартай Ажлаас чөлөөлсөн тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн төлөөлөгч нарын тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 26 дугаар тал/
Ховд аймгийн Нийтийн номын сангийн захирал нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/12 дугаартай тушаал гаргаж, Д.С-ийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ахлах номын санч, арга зүйчийн үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.3, 43 дугаар зүйлийн 43.2, өөрийн гаргасан хүсэлт зэргийг үндэслэжээ.
Ажил олгогч нь нэхэмжлэгч Д.С-ийг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ түүнийг ажлаас чөлөөлсөн дээрх тушаалд тусгаагүй байх тул уг тушаалд баримтласан хуулийн заалтад болон хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан тайлбар зэрэгт хууль зүйн дүгнэлт хийлээ.
Хавтаст хэрэгт авагдсан Номын сангийн захиргаанд өргөдөл бичих учир нь, 2016.04.01 гэх бичвэртэй баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөхөөр гаргасан хүсэлт биш байна. /хх-ийн 23 дугаар тал/
Иймээс ажил олгогчид нэхэмжлэгч нь өөрийн санаачлагаар хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэрт гарах тухай хүсэлтийг бичгээр гараагүй байхад өөрийн гаргасан хүсэлтийг үндэслэн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь буруу байх ба ажилтны санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцласан гэх үндэслэл хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч Д.С нь 1960 оны 3 дугаар сарын 18-ны өдөр төрсөн болох нь түүний иргэний үнэмлэхний хуулбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдлоо. /хх-ийн 7 дугаар тал/
Ажилтныг ажлаас чөлөөлсөн Ховд аймгийн Нийтийн номын сангийн захирлын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/12 дугаартай Ажлаас чөлөөлсөн тухай тушаал гарах үед нэхэмжлэгч нь 59 нас 7 сартай байсан ба ажилтанг 60 нас хүрээгүй байхад 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэх хуулийн заалтыг баримтлан ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасныг зөрчжээ.
Мөн ажилтан хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарах болзол хангасан нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар дуусгавар болгох үндэслэл болохгүй юм.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана. гэж заасныг зөрчжээ.
Ховд аймгийн Нийтийн номын сангийн захирлын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/12 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-д заасныг үндэслэсэн боловч уг тушаалдаа нэхэмжлэгч нь ямар хугацаанд ажлаа хүлээлгэн өгөх эсэх нь тодорхойгүй байна.
Мөн уг тушаалд ажил хүлээлцэхэд зориулж ямар хугацаа тогтоосон эсэх нь тодорхойгүй байх ба ажил олгогч нь уг хугацааг тооцож ажил хүлээлгэн өгөх хугацааг Ховд аймгийн Нийтийн номын сангийн захирлын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/12 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалд заагаагүй нь ажил олгогчийн буруу байна.
Нэхэмжлэгч нь 2016, 2017 онуудад тэтгэлэг авсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдлоо.
Соёлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д тэтгэвэрт гарах үед ажиллаж байсан байгууллага нь тэтгэвэр тогтооход баримталсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нэг жилийн дундажтай тэнцэх хэмжээний тэтгэлгийг тэтгэвэрт гарахад нь нэг удаа олгоно. гэж заажээ.
Ажилтан 2016, 2017 онуудад тэтгэвэрт гараагүй байхад дээрх хуулийн заалтад тусгагдсан тэтгэлгийг нэхэмжлэгчид олгосон ажил олгогчийн үйлдэл буруу байх бөгөөд тэтгэвэрт гарах тэтгэмжээ авсан гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч Д.С нь Ховд аймгийн Нийтийн номын сангийн Үйлдвэрчний хорооны даргын сонгуульт ажилтан болох нь хариуцагчийн төлөөлөгч Т.Эрдэнэтуяагийн ...Д.С нь Ховд аймгийн Нийтийн номын сангийн Үйлдвэрчний хорооны даргаар 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан. Томилогдсон хугацааг нь мэдэхгүй. Намайг ажилд орох үед тус сонгуульт ажлаа хийж байсан... гэх тайлбар, гэрч Ц.Ариунжаргалын шүүх хуралдаанд өгсөн ...Д.С нь Ховд аймгийн Нийтийн номын сангийн Үйлдвэрчний хорооны даргаар ажилладаг... гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т Үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг өөрийн болон сонгосон хамт олных нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачлагаар ажлаас халах, түүнд сонгуульт үүрэгтэй нь холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулахыг хориглоно. гэж заасан.
Ажил олгогч нь хуулийн дээрх шаардлагыг биелүүлээгүй байна. Тодруулбал, ажил олгогч нь ажилтныг ажлаас чөлөөлөхдөө нэхэмжлэгчийн болон хамт олны зөвшөөрлийг авсан эсэх нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Хариуцагчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Иймд Ховд аймгийн Нийтийн номын сангийн захирлын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/12 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг Ховд аймгийн Нийтийн номын сангийн ахлах номын санч, арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3,362,730 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар нэхэмжилжээ.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7.а.д "... ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн үеийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно" гэж заасан ба хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гарган өгсөн нэхэмжлэгчийн 2019 оны цалингийн тооцооны картаар дундаж цалин хөлсийг тодорхойлов.
/2019 оны 8 дугаар сар 1,050,362 төгрөг + 2019 оны 9 дүгээр сар 834,071 төгрөг + 2019 оны 10 дугаар сар 943,906 төгрөг = 2,828,339 төгрөг / 3 сар = 942,779.6 төгрөг / 22 хоног = 1 өдрийн 42,853.6 төгрөг х 72 хоног = 3,085,459 төгрөг/, /дундаж хоногийг тооцоход: 2019 оны 8 сард ажлын 22 хоног + 2019 оны 9 сард ажлын 21 хоног + 2019 оны 10 сард ажлын 23 хоног = 66 хоног / 3 = 22 хоног/.
Хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3,085,459 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.С-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 277,271 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор тогтов.
Иймд Ховд аймгийн Нийтийн номын сангийн захирлын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/12 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, Д.С-ийг Ховд аймгийн Нийтийн номын сангийн ахлах номын санч, арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3,085,459 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 277,271 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгахаар шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтиийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөглөгддөг болохыг дурьдаж, ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд зөвхөн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг ба хариуцагчаас тус гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3,085,459 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 64,317 төгрөг, нийт 134,517 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Ховд аймгийн Нийтийн номын сангийн захирлын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/12 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Э овогт Д-ийн С-ийг Ховд аймгийн Нийтийн номын сангийн ахлах номын санч, арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Ховд аймгийн Нийтийн номын сангаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3,085,459 /гурван сая наян таван мянга дөрвөн зуун тавин ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.С-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 277,271 /хоёр зуун далан долоон мянга хоёр зуун далан нэг/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Д.С-ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Ховд аймгийн Нийтийн номын санд даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Ховд аймгийн Нийтийн номын сангаас улсын тэмдэгтийн хураамж нийт 134,517 /нэг зуун гучин дөрвөн мянга таван зуун арван долоо/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ