Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 00068

 

 

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 153/ШШ2020/00068

Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                            

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Ч дүүрэг, ...-р хороо, Хайлааст ..... тоотод оршин суух, Н овогт Н-ийн А //-ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй 153/2020/00002/и индекстэй иргэний хэргийг 2020 оны 12 дугаар сарын 26-ны  өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.А нь Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн ........ хорооны Хайлаастын ..........тоотод оршин суух, ПЮ69092401 регистрийн дугаартай, Наран овогт Нацагийн А гэдэг хүн байгаа.

Нэхэмжлэлийн шаардлагадаа 1985 оны 06 дугаар сарын 01-ээс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Эхэн бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч Н.А нь 1969 онд Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн. Ховд аймгийн Манхан сумын 8 жилийн дунд сургуульд элсэн ороод 1985 онд 8 дугаар ангиа төгссөн.

1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн эхэн бригадад эцэг, эхийгээ даган мал маллаж байсан.

Өндөр насны тэтгэвэр гарах гэсэн боловч Нацагийн А-ийн ажиллаж байсан үеийн архивын лавлагаа дутуу гарч ирсэн. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1491 дугаартай лавлагааг хэрэгт нотлох баримтаар хавсаргасан. Мөн хэрэг хянан шийдвэрлэгдэхэд ач холбогдолтой гэрчүүдээс мэдүүлэг авахад нэхэмжлэгч Н.А-ийг 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн эхэн бригадад мал маллаж, малчнаар ажиллаж байсан гэдгийг нотолсон.

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн лавлагаагаар Н.А нь тухайн үед мал маллаж байсан гэдэг нь тогтоогдсон.

Иймд Н.А-ийг Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Эхэн бригадад 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү...Нэхэмжлэгч Н.А нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан жилээ тогтоолгоод ир гэсэн хүсэлт нийгмийн даатгалаас тавьсны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа...гэв.

  

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал нь Н.А-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг Н.А-ийг Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Эхэн бригадад 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тайлбарлав.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч  Н.А нь Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Эхэн бригадад 1985 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь 1985 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 0700 дугаартай Нэгдлийн гишүүний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1491 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн эхэн бригадын 1986-1989 онуудын 70 дугаар дансны хуулбар, 1990 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Тэргүүний малчин алтан медалийн үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Б.Базарын ....Би Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Эхэн бригадад 1978 оны 7 дугаар сарын 04-ний өдөр малын эмчээр анх томилогдож, 1990 он хүртэл малын эмчээр ажилласан....Н.А нь 1985 онд Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн бригадад илгээлтээр гарч эцэг эхийн хамт мал малласан. 1985-1989 он хүртэл эцэг эхийн хамт мал малласан. Би Зэрэг сумын хөдөдмөр нэгдэлд малын эмч хийж байсан учраас Н.А-ийг малчнаар ажиллаж байсныг сайн мэдэж байна. Н.А нь малчнаас өөр ажил хийж байгаагүй. 1990 онд Н.А нь Б.Александртай гэр бүл болсон.... гэх мэдүүлэг, гэрч Н.Марушийн ....Би 1975 онд Зэрэг сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөж, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ХАА-ын техникумд элсэн орж, 1978 онд зоо техникч мэргэжлээр төгссөн. Ингээд Хөдөө аж ахуйн удирдах газрын тушаалаар Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Эхэн бригадад зоо техникчээр хуваарилагдаж ажилласан....Н.А нь 1969 онд төрж, 1985 онд Зэрэг сумын 8 жилийн дунд сургуульд сурч байхад нь ээж нь нас барсны улмаас Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Эхэн бригадад мал дээр гарсан. Ингээд Н.А нь аав Нацаг, ах Чулуунбаатар, эгч Гэрэлцэцэг, дүү Чулуундорж, Чулуунбат нартай хамт мал маллаж байсан.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 4, 7-10, 14, 15, 32-33, 34-35 дугаар тал/

Нэхэмжлэгч нь 1985 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн малчнаар ажиллаж эхэлсэн болох нь 1985 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 0700 дугаартай Нэгдлийн гишүүний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна. /хх-ийн 14 дүгээр тал/

Иймд нэхэмжлэгч Н.А-ийн Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Эхэн бригадад 1985 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Н.А нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990-2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 2312001591 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар тус хэрэгт авагдсан болно. /хх-ийн 17 дугаар тал/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Н овогт Н-ийн А //-ийн Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Эхэн бригадад 1985 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Эхэн бригадад 1985 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             С.ОЮУНЖАРГАЛ