Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
Хэргийн индекс | 153/2020/00080/И |
Дугаар | 00147 |
Огноо | 2020-03-30 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 00147
2020 оны 03 сарын 30 өдөр | Дугаар 153/ШШ2020/00147 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Мөст сумын Хужирт багт оршин суух, ПИ65031107 дугаарын регистртэй, Балжин овогт С.Л хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Л нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: С. Л миний бие 1965 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Сосорын 5 дахь охин болж төрсөн. Ховд аймгийн Мөст сумын 8-н жилийн дунд сургуульд 1973 онд 1-р ангид орж, 1982 онд 8-р анги төгссөн. 1984 онд Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд барилгачнаар орж ажиллаж байсан. 1988 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Чимэд овогтой Доржоотой гэр бүл болж байсан. Тус нэгдэлд 1991 он хүртэл ажиллаж байсан. Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр алга болсон учраас ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд С.Л намайг Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн Туслах үйлдвэрлэлийн бригадад 1984 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч С. н 1984 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн Туслах үйлдвэрлэлийн бригадад барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч С.Л нь 1984 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн Туслах үйлдвэрлэлийн бригадад барилгачнаар ажиллаж байсан болох нь
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 05 дугаартай албан бичгээр ирүүлсэн
Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн даргын 1984 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаартай ажилд томилох тухай тушаал, хавсралтын хамт
Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн Ерөнхий хорооны даргын 1991 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 07 дугаартай барилгачдыг шилжүүлэх тухай тушаал, хавсралтын хамт,
Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн даргын 1986 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 05 дугаартай ажилд томилох тухай тушаалуудын хуулбар, хавсралтын хамт,
Хүсэлт гаргагчийн 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нээлгэсэн 0735258 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Ховд аймгийн Мөст сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дугаартай албан бичиг, Мөст сумын 8 жилийн дунд сургуулийн 8а ангийн төгсөгчдийн бүртгэл гэх хуулбар баримтын хамт,
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлстийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 126/000164 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлстийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 126/000170 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 6 дугаартай Ховд аймгийн Мөст сумын Туя нэгдэл нь 1991 о ны 12 дугаар сарын 23-нд Туяа ХК болж улсын бүртгэлд бүртгэгдсэн тухай лавлагаа,
Иргэн Ш.Пүрэвдоржийн ...С.Л бид хоёр Ховд аймгийн Мөст сумын барилгын бригадад 1984 оноос 1995 оныг хүртэл хамтдаа ажиллаж байсан нь үнэн... гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт
Гэрч Ц.Дамдинсүрэнгийн ... С.Л бид хоёр Ховд аймгийн Мөст сумын барилгын бригадад 1984 оноос 1995 оныг хүртэл хамтдаа ажиллаж байсан нь үнэн... гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан С.Л ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч нь Улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Балжин овогт С.Л 1984 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн Туслах үйлдвэрлэлийн бригадад барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ