| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00151/и |
| Дугаар | 00069 |
| Огноо | 2020-02-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 00069
| 2020 оны 02 сарын 19 өдөр | Дугаар 153/ШШ2020/00069 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Б багт оршин суух, Х овогт Я-ын М //-ын нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 153/2020/00151/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгч Я.М нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Я.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1967 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн. 1984 онд Эрдэнэбүрэн суманд 8 дугаар анги төгссөн. 1986 онд Увс аймгийн Техник мэргэжлийн сургуулийг Хөдөө аж ахуй малчин мэргэжлээр төгсөөд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 1 дүгээр бригадын Социлизм нэгдэлд 1991 он хүртэл малчнаар ажилласан. Тэтгэвэрт гарах гэтэл нийгмийн даатгалын дэвтэр олдохгүй байгаа учир шүүхэд хандсан.
Иймд намайг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 1 дүгээр бригадад 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Я.М нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Я.М нь нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 1 дүгээр бригадад 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох гэж тодруулав.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Я.М нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 1 дүгээр бригадад 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 422 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Баянгол бригадын 1987-1989 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, гэрч Р.Ичинхорлоогийн ....Я.М нь сургуулиа төгсөөд эцэг, эхийн хамт Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж эхэлсэн. Тэгээд нэгдэл хувьчлагдах хүртэл малчнаар ажилласан юм... гэх мэдүүлэг, гэрч Д.Нямхүүгийн ....Я.М нь эцэг, эхийн хамт Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж эхлээд 1990 он хүртэл ажилласан. Мын аав Янжив гуайнх ямаа голцуу маллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг баримтаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 5-8, 28-29, 30-31 дүгээр тал /
Я.М нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990-2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх лавлагаа тус хэрэгт авагдсан болно. /хх-ийн 9 дүгээр тал/
Хавтаст хэргийн 11-14 дүгээр хуудсанд авагдсан иргэн Р.Ичинхорлоо, Д.Нямхүү нарын иргэний үнэмлэхний хуулбар нь хэрэгт хамааралгүй, тэдгээрийн тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 15 дугаар хуудас авагдсан гэрэл зургуудийг хэзээ авхуулсан талаар огноо тодорхойгүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Х овогт Я-ын М //-ын Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 1 дүгээр бригадад 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Я.М-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ