| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 105/2023/0903/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/928 |
| Огноо | 2023-06-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Саруул-ирээдүй |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 2023/ШЦТ/928
2023 06 30 2023/ШЦТ/928
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалмаа,
Улсын яллагч: Б.Саруул-Ирээдүй,
Шүүгдэгч: С.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж ирүүлсэн ******* овогт С.М холбогдох эрүүгийн ************** дугаартай 1 хавтаст хэргийг 2023 оны 06 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 2005 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Ерөнхий боловсролын Ертөнц бүрэн дунд сургуулийг 2023 онд төгссөн, ам бүл 5 , 2 дүү, ээжийн хамт *************** оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ********** овогт С.М /РД:***************/,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч С.М нь 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулах, Сайхан хүнсний дэлгүүрийн гадна Б.Атой үл ялих зүйлээр маргалдан зодож, түүний зулайн хуйханд язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн, нэмж хэлэх тайлбар байхгүй ...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч С.М нь 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулах, Сайхан хүнсний дэлгүүрийн гадна Б.Атой үл ялих зүйлээр маргалдан зодож, түүний зулайн хуйханд язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Аын өгсөн “...Би 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Сайхан хүнсний дэлгүүр орчхоод гараад явж байсан чинь ********** улсын дугаартай цагаан өнгийн машинаас А, М гэх хоёр эрэгтэй бууж ирснээ намайг “Яасан чи хараад байна уу ал минь” гэхээр нь би дугараагүй, гэтэл А гэдэг банди нь ирснээ миний зүүн хацарт 4-5 удаа гараараа алгадсан. Тэгээд дэлгүүрээс нэг ах гарч ирээд “Хөөе юу болоод байгаа юм” гэсэн тэгэхээр нь би “Юу ч болоогүй ээ” гэсэн чинь нөгөө ах буцаад орсон. Тэгсэн М, А гэх хоёр банди намайг машиндаа суучих гэхээр нь би суусан чинь намайг дагуулаад машинтайгаа хорих ангийн хажуугаар өнгөрөөд дээшээгээ уулын тэнд очоод машинаа зогсоогоод М бууж ирснээ халааснаасаа нэг шөвөг гаргаж ирээд миний сууж байсан талын хаалгыг онгойлгоод миний толгой хэсэгт 1 удаа хатгасан чинь миний толгойноос цус гарсан. Тэгсэн надад А салфетка өгсөн тэгсэн ч миний цус тогтохгүй байсан. Дараа нь М хайч барьчхаад над руу дайрсан чинь А болиулсан чинь М хайчаа хаячхаад М над дээр ирснээ миний цээж рүү 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд удалгүй би намайг явуулчих л даа гэсэн чинь М нь чи тэр цагдаа энэ тэрээ дуудаад үзэхгүй юу манай аав ээж хоёр солонгост байгаа чи яаж ч чадахгүй шүү гэсэн. А, М гэх хоёр хүнийг би сайн танихгүй манай гэрийн тэр хавиар таньдаггүй хүн байдаггүй болхоор л мэддэг. Ямар ч харилцаагүй. Намайг 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр А гэх банди миний зүүн хацар луу 4-5 удаа алгадсан. Харин М миний толгой руу 1 удаа шөвгөөр хатгасан бас миний цээж хэсэг рүү 2-3 удаа хөлөөрөө өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6 дугаар тал/,
Насанд хүрээгүй гэрч А.Аын “...Би 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Сайхан дэлгүүрийн гадна 17 цагийн үед найз Мын хамт машинтайгаа ус авах гээд зогсож байсан. Тэгээд би дэлгүүр орох гээд машинаасаа буусан чинь дэлгүүрээс гарч ирсэн Аыг өөр хүнтэй андуураад бид хоёр муудалцсан. Тэгээд би Аын зүүн талын хацар луу 2-3 удаа алгадсан. Тэгсэн А ах руугаа залгаад байсан. Тэгээд М машинаас бууж ирээд Атой ярьж байгаад машинд А суугаад бид ногоон зоорины тэнд байдаг уулархуу газар очсон. Тэгээд би урд талын жолоочийн эсрэг талд харин М, А хойно сууж байгаад бид гурав хоорондоо юм ярьж байгаад М, А хоёр хоорондоо муудалцаад М гартаа отверкны бариул гартаа атгаж байгаад Аын толгой хэсэг рүү цохихоор нь би болиулсан. Тэгээд бид гурав машинтайгаа буугаад дэлгүүрийн өмнө зогсоод дэлгүүр ороод Ат салфетка авч өгсөн. Тэгээд Аын гэрийн гадна М, А бид гурав юм ярьж байгаад гэр гэр лүүгээ явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр тал/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 6112 дугаартай “...Б.Аын биед зулайн хуйханд язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон хугацаанд учирсан байх боломжтой, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй, дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дүгээр тал/,
Өсвөр насны яллагдагч С.Мын мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дугаар тал/ зэрэг болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Хэргийн үйл баримтаас үзвэл хэрэг болсон гэх өдөр шүүгдэгч С.М нь Б.Аыг зодож эрүүл мэндэд нь хохирол санаатай учруулсан гэх үйл баримтууд тогтоогдож байна.
Бусдыг үл хүндэтгэх, нэр хүнд, эрх чөлөө, нийгмийн болон хувийн өмчийн эрхэнд нь зөвшөөрөлгүйгээр халдах, бусдын болон нийгмийн амгалан тайван байдлыг алдагдуулах, байгууллагын болон хувь хүний эрх чөлөөнд халдах зэрэг нь танхайрах зөрчлийн шинжийг илэрхийлэхийн зэрэгцээ бусдыг үл хүндэтгэсэн аливаа доромж үг хэллэг хэрэглэхгүй байх нь ёс суртахууны болон зан заншлын хэмжигдэхүүнийг тогтоох учиртай.
Шүүгдэгч С.Мын тухайд хохирогчтой хэрүүл маргаан үүсгэж, бусдыг хэл амаар доромжилж, биед нь халдаж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтас хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бүхий л нотлох баримтуудаа хангалттай нотлогдон тогтоогдсон байна.
Дээр дурдсан шүүгдэгч С.Мын хууль бус шууд чиглэсэн санаатай үйлдлийн улмаас хохирогч Б.Аын эрүүл мэндэд хохирол учирсан нь шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч С.Мын хохирогчийг хэл амаар доромжилж, биед нь халдаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл хэдий хэрүүл маргаан нэгэнт үүссэн ч бусдын бие махбодид халдаж зодохгүйгээр асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой байхад маргаан үүсгэж, улмаар Б.Аын биед халдаж зодсон үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
“...Зодох гэдэг нь хүний бие махбодид халдсан байхыг ойлгох ба хүний бие махбодид халдах үйлдэл нь алгадах, цохих, түлхэх, өшиглөх...” зэрэг хэлбэртэй байж болох бөгөөд шүүгдэгч С.М нь хохирогч Б.Аын эрүүл мэндэд халдсан үйлдэл гаргасан болох нь хангалттай нотлогдон тогтоогджээ.
Иймд шүүгдэгч С.Мын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч С.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, ялаас чөлөөлөх...” саналыг гаргасан бол шүүгдэгчид болон хохирогчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чА, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж тус тус заажээ.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болдог.
Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нь нийгмийн аюулын шинж чА, хэр хэмжээ, хохирол төлбөрөө төлсөн байдал, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгч болон хохирогчийн тайлбар зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт засныг журамлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч С.М нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1 Шүүгдэгч ******* ургийн овогт С.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч С.Мыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Шүүгдэгч С.М нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН