Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 37

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дамбадаржаа,  

шүүгдэгч: Б.Золбаяр, түүний өмгөөлөгч Л.Амартогос /0075/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн Алаг Адуун овогт Батбилэгийн Золбаярт холбогдох эрүүгийн 2016 2602 2611 дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1986 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, халх, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, 4 настай охины хамт Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 18 дугаар гудамж, 26 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 40 дүгээр гудамж, 2027 тоотод оршин суух, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 789 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 291 тоот захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 09 хоногийн хорих ялыг өршөөн хассан, регистрийн дугаар ЧК 86071118, Алаг Адуун овогт Батбилэгийн Золбаяр. (сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр)

 

Шүүгдэгч Б.Золбаяр нь Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр “Түшиг” хүнсний дэлгүүрийн үүдэнд О.Цэрэндолгор “Самсунг” А-7 гар утсаа гээгдүүлснийг Б.Золбаяр нь олж завшсан гэмт хэрэгт холбогджээ. (сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар)

 

        ТОДОРХОЙЛОХ НЬ: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Золбаяр мэдүүлэхдээ:

Би 2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр таксинд явж байгаад хорооллын эцсээс нэг зорчигч аваад Шинэ гэмтлийн хойд талын гэр хороолол руу өгссөн. Тэр залуу надад таксины хөлсөнд 20 000 төгрөг өгөхөөр нь би “задлахгүй” гэж хэлэхэд тэр “би энэ дэлгүүрт өртэй юм. Чи ороод энэ мөнгөөр юм аваад ир” гэсэн. Би дэлгүүрээс нөгөө залуугийн захисан нэг шил архи, нэг цэвэр усыг аваад гарахад дэлгүүрийн босгон дээр “Самсунг” А7 маркийн гар утас байсан. Би тэр гар утсыг аваад дэлгүүрээс гарч машиндаа суутал миний өөрийн утас дуугараад “охиноо ирж аваарай” гэж хэлсэн. Тэр үед охиноо айлд үлдээсэн байсан юм. Тэгээд би зорчигчоо буулгаад явсан. Тухайн үед дэлгүүрт худалдагчаас гадна үйлчлүүлж байсан өөр нэг хүн байсан. Би уг дэлгүүрийн гадаа 1-2 минут зогссон бөгөөд тухайн гар утсанд дуудлага ирэхийг 15-20 орчим минут хүлээсэн боловч дуудлага ирээгүй. Надад тэр гар утсыг зарж үрэх бодол байгаагүй. Би гар утасны эзэн нь олдвол буцааж өгье гэж бодоод өөртөө байлгаж байсан. Гэхдээ би гар утасны эзнийг олох ямар нэгэн зүйл хийгээгүй. Би тэр дэлгүүр камер суурилуулсан байсныг мэдээгүй. 2015 оны 10 дугаар сард хорооны цагдаа над руу утсаар яриад “та ирж уулзах шаардлагатай байна” гэсэн. Би хохирогчийн гар утсыг өөрт нь өгсөн. Би тэр гар утсыг ашиглаагүй, тэр утас өөрийнхөө дугаартайгаа байсан. Би гээгдэл эд зүйл авах нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг болохыг мэддэггүй байсан.  Би урьд нь шийтгүүлээд хоригдож байхдаа маш их зүйл ойлгож, эхнэр, хүүхдээ байнга боддог байсан. Дахин хэрэгт холбогдсондоо гэмшиж байна. 42-54 УНВ улсын дугаартай “Приус” машин нь миний унаж байсан машин мөн. Би хийсэн хэрэгтээ их гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулна уу гэв.

 

Хэрэг бүртгэлтэд хохирогч-О.Цэрэндолгор мэдүүлэхдээ:

...2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 19 цаг 30 минутын орчим Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, “Түшиг” хүнсний дэлгүүр дотор үүдэнд хогоо асгаад,  лангууны ард ороод гар утсаа үзтэл байхгүй байсан. Тэгээд камер шүүтэл би гар утсаа унагаасан, араас нэг залуу миний гар утсыг авч байгаа нь бичлэгт орсон байсан. “Самсунг” А-7 гар утас, 890 000 төгрөгөөр 2016 оны 01 дүгээр сард авсан, хайрцаг сав байхгүй хаячихсан. Надад гомдол, санал байхгүй тул энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Өмнө нь 1-2 удаа орж ирж байсан залуу, нас нь 30 орчим насных, хар цамцтай, хар хөх жинсэн өмдтэй байсан гэжээ. (хэргийн 12 дугаар хуудас)

 

Хэрэг бүртгэлтэд гэрч Б.Мөнхтуул-мэдүүлэхдээ:

...Би Золбаяртай 2011 оноос хойш одоог хүртэл амьдарч байна. Бид хоёр нэг охинтой. Манай нөхөр Б.Золбаяр нь гэр бүл үр хүүхдэдээ халамжтай сайн эцэг, сайн нөхөр. Урьд нэг удаа алдаж шоронд орж байсан удаа байгаа түүнээс хойш маш их өөрчлөгдөж бусад хүмүүс шиг эвдэрч зан авир нь өөрчлөгдөөгүй, харин ч их амьдралын төлөө зүтгэх болсон. Энэ хүн өөрийгөө ялан дийлэх гэж хичээж, лизингээр машин авч түүнийхээ төлбөр мөнгийг төлж ар гэрээ тэжээж явж байгаа хүн. Би гар утас олсон өдрийн оройноос нь эхлээд мэдэж байсан ийм зүйл болно гэж мэдээгүй. Гар утасны хохирол мөнгийг төлсөн гэжээ. (хэргийн 30 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст:

Б.Золбаяр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 789 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 291 тоот захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 09 хоногийн хорих ялыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар өршөөн хасч суллагдсан гэжээ. (хэргийн 21 дүгээр хуудас)

 

            ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Б.Золбаяр нь 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Түшиг” хүнсний дэлгүүрийн үүдэнд хохирогч О.Цэрэндолгор 600 000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг” А-7 гар утсаа гээгдүүлснийг Б.Золбаяр авч, уг гээгдэл буюу санамсаргүй олдсон эд хөрөнгийг завшсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч О.Цэрэндолгор, гэрч Б.Мөнхтуул нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, хэргийн талаар шалгавал зохих зүйлийг бүхэлд нь бүрэн шалгажээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Золбаярын гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-д зааснаар зүйлчилж, сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул түүнийг гээгдэл буюу санамсаргүй олдсон эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах нь зүйтэй.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх,

ялтай байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүгдэгч нь ялтай байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэн боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-д заасан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ялаас торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.