Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 214

 

 

 

 

 

 

   2020            02            13                                          2020/ДШМ/214                     

                

 

Б.Э-ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ц.Оч, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Т.Мөнх-Амгалан,

            шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч А.Ганбат,

            нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 2020/ШЦТ/47 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ганбатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Э-ад холбогдох 1906062732586 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 2 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Б-ын Э, Улаанбаатар хотод 1978 оны 2 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетон арматурч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх дүү нарын хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 00 дугаар хороо, -ийн 0000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 0000000000/

Б.Э- нь 2019 оны 10 дугаар сарын 18-ны 00 цагийн үед Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Жамсран уулын энгэрт таксигаар үйлчлүүлсэн С.Т-гийн хоолойг боож Samsung J-2 загварын гар утас, 40,000 төгрөгийг нь дээрэмдэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Э-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтлон дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч А.Ганбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Б.Э- нь мөрдөн байцаалтад өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо сайн дураар төлж барагдуулсан. Монгол Улсын иргэн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй. Гэтэл хохирогч С.Т- нь согтуугаар “таксины мөнгө илүү төлүүлэх гэлээ” гэх шалтгаанаар танхайрч тээврийн хэрэгслийн улсын дугаарыг хугалж авсан байдаг. Энэхүү танхайрсан үйлдлийг шалгалгүй, зөвхөн Б.Э-ыг буруутган ялласан нь туйлын харамсалтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээнээс хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасан тул Б.Э-ад оногдуулсан ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж байна ...” гэв.

            Прокурор Т.Мөнх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Э- нь өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхдөө “ноцолдож байхдаа гар утсыг нь аваад явсан” гэсэн. Шүүхийн шатанд өмгөөлөгч аваад “ямар нэгэн хүч хэрэглээгүй” гэж зүйлчлэлийн талаар маргаж эхэлсэн тул гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж шүүх дүгнээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглээгүй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Э-ад холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Шүүгдэгч Б.Э- нь 2019 оны 10 дугаар сарын 18-ны 00 цагийн үед Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Жамсран уулын энгэрт таксигаар үйлчлүүлсэн С.Т-гийн хоолойг боож, Samsung J-2 загварын гар утас, 40,000 төгрөгийг нь хүч хэрэглэж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч С.Т-гийн “... 2019 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 00 цагийн үед ... такси бариад Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулын өвөрт Ганцийн задгайд байрлах гэрлүүгээ явсан. Гэрийн ойролцоо автомашинаас буугаад явж байтал жолооч намайг боож унаган дээр суугаад халаасанд байсан Samsung J-2 загварын гар утас бэлэн мөнгө авсан ...” /хх 6-7, 9/,

гэрч Н.Дэлгэрийн “... Дэлгэрцэцэгээс хар өнгийн Samsung J-2 загварын дэлгэц нь хагархай гар утсыг түр хэргэлэхээр авсан ...” /хх 18/,

гэрч Б.Дэлгэрцэцэгийн “... Б.Э- ахын 38-74УБА улсын дугаартай автомашины голын хайрцагт хар өнгийн гар утас байсан ...” /хх 21-22/ гэсэн мэдүүлгүүд,

эд зүйлийн үнэлгээ /хх 27-28/,

гар утсыг хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 38/,

шүүгдэгч Б.Э-ын яллагдагчаар өгсөн “... би автомашинаас буугаад нөгөөхтэй  ноцолдож байгаад гар утсыг нь авчихсан. Тэр утсыг дүүдээ өгсөн  ...” /хх 34/ гэсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Э-ын бусдын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолсон  дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэн үйлдсэн шинжийг бүрэн агуулсан байх ба энэ талаар анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Тэрээр дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрдөг боловч хүч хэрэглэж үйлдээгүй, булаан авсан гэж хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж байгаа нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. /хх 69-71/

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч, шүүгдэгч нараас өөр хүн байгаагүй бөгөөд хохирогч С.Т- нь удаа дараагийн мэдүүлэгтээ “... араас хоолой боож унаган гар утас, мөнгө авсан ...” гэж хүч хэрэглэсэн үйлдлийн талаар тодорхой, тогтвортой мэдүүлсэн нь шүүгдэгчийн “... ноцолдож байгаад гар устыг нь авсан ...” гэсэн мэдүүлгээр батлагдаж байх тул шүүгдэгч Б.Э-ын үйлдлийг дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэн үйлдсэн гэж зүйчилсэн нь зөв болжээ.

Шүүгдэгч Б.Э-ад шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байх ба шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргаж байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ганбатын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж ял хөнгөрүүлэхийг хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2020/ШЦТ/47 дугаартай шийтгэх тогтоол “... холбогдовол, хариуцалга, шүүгдэгч нарыг, шүүгдэгч нар нь, хохиролоо, довтолон, утасаа, уршигийн, тохиолдолын, хохиролыг, оногдуулаж” гэх мэт үг үсэг, утга найруулгын ихээхэн алдаатай бичигдсэн болохыг цаашид анхаарахыг зориуд тэмдэглэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 2020/ШЦТ/47 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ганбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ

 

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

 

ШҮҮГЧ                                                           М.ПҮРЭВСҮРЭН