Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 221/ма2025/0756

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.А-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч А.Сарангэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэсэн шүүгч Б.Адъяасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Б.О

Нэхэмжлэгч: Ч.А

Хариуцагч: Нийслэлийн Бизнес, инновацын газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Бизнес, инновацын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/18 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 643 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ч.А

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Ч

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2025/0650/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ч.А-ээс Нийслэлийн Бизнес, инновацын газрын даргад холбогдуулан “Нийслэлийн Бизнес, инновацын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/18 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 643 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ч.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Бизнес, инновацын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/18 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

3.1. Байгууллагын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны 2025 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн дүгнэлтээр тус газрын Төсөл, хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Ч.А нь мэргэжилтэн Б.О-ийг хамт олны дунд "орк авгай, чадваргүй, танил талаараа энэ байгууллагад орсон, н.М-ыгоо дагаад зайлахгүй яасан юм, Б.Б чамаас болж явсан зэрэг байдлаар доромжилсон зөрчил гаргасныг тогтоосон бөгөөд энэхүү зөрчил нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийг зөрчсөн үндэслэлээр газрын даргын 2025 оны Б/18 дугаар тушаалаар олон нийтийн /хамт олон/ өмнө уучлалт гуйхыг үүрэг болгох гэх ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн. Уг дүгнэлтийг гаргахдаа нэр бүхий албан хаагчдаас тайлбар авсныг үндэслэсэн бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гомдол гаргагч Б.О-ээс авсан тайлбарт "... Тухайн хэрүүл маргаан гаргах үед таны хажууд хэн байсан бэ? Тухайн хэрүүл маргааныг харсан хүн байгаа юу?" гэж асуухад гомдол гаргагч Б.О "... н.Ц, н.Б, н.Б, Г.Т нар байсан. Дундаас нь А, Б өрөөнд орж ирсэн" гэж хариулсан.

Мөн гомдолд холбогдогч Ч.А-ээс 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр авсан тайлбарт "... Тухайн үед хэрүүл маргаан гаргах үед таны хажууд хэн байсан бэ? Тухайн хэрүүл маргааныг харсан хүн байгаа юу?" гэж асуухад ... Ч.А нь Т.Б, "...н.И, н.Ц, Г.Т байсныг санаж байна. Сүүлд Т.Б, Д.А хоёр орж ирсэн" гэж хэлсний дагуу хянан шалгагч гишүүн нь тухайн үйл явдлыг харсан, сонссон гэх мэргэжилтэн Г.Т, н.И, н.Ц нарын тайлбарыг авсан байдаг.

3.2. Харин шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гэрчийн мэдүүлгүүд зөрүүтэй гэх үндэслэлээр тухайн үед байгаагүй Т.Б, Д.А нарыг гэрчээр асуулгах хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс "...маргааны үед Т.Б, Д.А нар нь байгаагүй, сүүлд орж ирсэн гэдгийг гомдол гаргагч Б.О, холбогдогч Ч.А-ийн дээрх тайлбаруудад дурдсан, тухайн нөхцөл байдлыг сонсоогүй хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авах нь хуульд заасан шаардлагыг хангахгүй талаар..." тайлбарласан боловч шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч Т.Б, Д.А нарыг гэрчээр асуулгах хүсэлтийг хүлээн авсан. Улмаар шүүх хуралдааны үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гэрч гэх Т.Б, Д.А нар нь тухайн маргаан болох үед байгаагүй, сүүлд орж ирсэн гэдэг өмнөх тайлбарыг нотлох зорилгоор Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг нэг бүрчлэн гэрчүүдэд уншиж сонсгон эдгээр үгийг сонссон эсэхийг тодруулахад уг албан хаагчид нь сүүлд орж ирсэн учраас "сонсоогүй" гэдгээ хэлсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д "Хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ" гэж заасан хууль зүйн шалгуурыг эдгээр 2 хүн нь хангахгүй болох нь үүгээр нотлогдсон. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гэрч Т.Б, Д.А нараас асуусан асуултыг эш татахдаа хариуцагч өөрөө гэрчүүдээс асууж эдгээр үгийг сонсоогүй гэдгийг нь хэлүүлсэн, гэрчийн мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүтэй гэж тайлбарлан нэхэмжлэгч Ч.А нь Б.Оийг "Орк авгай" гэж хэлсэн нь нотлогдоогүй /үндэслэх хэсгийн 11-д/ гэж дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд шүүх хэргийн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх хуулийн шаардлагыг хангаагүй дүгнэлт хийсэн байна.

Нөгөөтэйгүүр анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 17-д "Нэхэмжлэгч Ч.Агийн хувьд Б. Оийг "чадваргүй", "танил талаараа энэ байгууллагад орсон, н.Мыгоо дагаад явахгүй яасан юм" гэж хэлсэн нь дээр дурдсан хууль болон ёс зүйн хэм хэмжээний холбогдох хэсгүүдийг зөрчсөн" гэж дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл маргаан бүхийн газрын даргын Б/18-р тушаалын үндэслэх хэсэгт энэхүү зөрчил нь бүхэлдээ тусгагдсан бөгөөд "Ажлын байранд зүй бус үг хэллэг, зан байдлаар бусдын нэр, төрд халдаж төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг шаардлага, хэм хэмжээг зөрчсөн Ч.А-д хариуцлага ногдуулсугай" гэсэнтэй бүрэн нийцэж байна. Гэтэл зөвхөн "Орк авгай" гэж доромжилсон нь нотлогдоогүй гэж тайлбарлан дүгнэсэн нь мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн бодит нөхцөл байдлыг тал бүрээс нь үнэлэх шаардлагыг хангаагүй байна.

3.3. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д томилох эрх бүхий албан тушаалтан Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг үндэслэн зөрчлийн шинж байдал, анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан дараах ёс зүйн хариуцлагын аль нэгийг ногдуулна гэж заасан. Үүний дагуу эрх бүхий албан тушаалтнаас маргаан бүхий 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/18 дугаар тушаалыг гаргахдаа дээрх Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан сонгох хувилбарууд болох 16.1.1, 16.1.2, 16.1.3 16.1.4 дэх заалтуудаас 16.1.1-д "гомдол гаргагчид, эсхүл олон нийтийн өмнө уучлалт гуйхыг үүрэг болгох" гэсэн хариуцлагын төрлийг сонгож хэрэглэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд заасан захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас сонгох зохицуулалтад нийцсэн байна. Өөрөөр хэлбэл томилох эрх бүхий албан тушаалтан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д заасныг сонгож хэрэглэхдээ тус сонгогдсон заалтын "... эсхүл..." гэснээс хойших "... олон нийтийн өмнө уучлалт гуйхыг үүрэг болгох" гэсний дагуу хариуцлага хүлээлгэсэн нь Захиргааны ерөнхий хуульд заасан сонгох боломжийг буруу хэрэглэсэн гэж үзэхгүй /үндэслэх хэсгийн 30-д/ байна.

Мэргэжилтэн Ч.А нь ажлын байранд чанга дуугаар орилж, хашгирах байдлаар бусад албан хаагчдын амгалан тайван байдал, төрийн байгууллагын соёл, дэг журмыг ноцтой зөрчсөн, энэ үйлдлээ гаргахдаа хамт олны дунд бусад албан хаагчийг элдэвээр доромжилж хувийн болон ажил хэргийн нэр хүндэд халдсан нь хамт олны уур амьсгалд сөрөг нөлөөлөл бий болгосон ээрэг нөхцөл байдал нотлогдсон. Улмаар энэхүү зөрчлийн бодит үр дагавар, шинж байдлыг томилох эрх бүхий албан тушаалтнаас өөрийн эрх хэмжээний хүрээнд үнэлж хуульд заасан хариуцлагa хүлээлгэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д заасанд нийцсэн /Үндэслэх хэсгийн 26, 27, 28, 29, 30/ байгааг шүүх анхаарч үзэхгүйгээр сонгох боломжийг буруу ашигласан мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Түүнчлэн энэхүү сонгох боломжийг буруу ашигласан асуудлаар шүүх хуралдааны үед хэргийн оролцогчид маргаагүй, даргалагч шүүгчээс энэ нөхцөл байдлыг мөн хуралдааны үед хариуцагчаас тодруулаагүй, хариуцагчид энэхүү нөхцөл байдлын талаар хууль зүйн үндэслэлийг тайлбарлах боломж олгогдоогүй атлаа шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт сонгох боломжийг буруу хэрэглэсэн талаар дүгнэлт хийсэн хэргийн оролцогчдын мэтгэлцэх зарчмыг хангаагүй үйлдэл байна.

3.4. Байгууллагын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны гишүүд нь нийт албан хаагчдын олонхын дэмжлэг авсан хамт олны дунд нэр хүндтэй, шударга шийдвэр гаргаж чадна гэж итгэл хүлээсэн хүмүүс байдаг /эрх зүйн мэргэжилтэй байх зэрэг шалгуур тавигддаггүй/ мөртлөө албан тушаалын үндсэн чиг үүргийнхээ хажуугаар ёс зүйн зөрчлийн асуудлыг шалгаж, эрх зүйн дүгнэлт гаргаж ажилладаг албан хаагчид бөгөөд мэргэжлийн хууль, шүүхийн байгууллагад ажилладаггүй хүмүүс байна. Мэргэжилтэн Ч.Агийн гаргасан зөрчлийг шалгах Ёс зүйн дэд хорооны үйл ажиллагаа Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийн дагуу явагдаж, гаргасан зөрчил нь нотлогдсон үндэслэлээр дүгнэлт гарсан бөгөөд энэ дагуу томилох эрх бүхий албан тушаалтнаас хариуцлага хүлээлгэсэн нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хариуцагчийн зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон үйлдэл байна. Гэтэл энэхүү нөхцөл байдлыг харгалзахгүйгээр Ёс зүйн дэд хорооны ажиллах журмын 6.13-т "Дэд хороо нь дүгнэлтийг тухайн хуралдаан болсоноос хойш ажлын 2 хоногийн дотор ... албажуулна" гэсэн хугацааг ажлын 2 хоногоор хэтрүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд хугацаа хэтрүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, эрх зүйн байдлыг хэрхэн дордуулсан талаар шүүхийн шийдвэрт дүгнэлт хийгээгүй байна.

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д "Гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш 30 хоногт багтаан шийдвэрлэх бөгөөд нэмэлт шалгалт хийх шаардлагатай бол 14 хүртэл хоногоор нэг удаа сунгаж болно" гэж, 15.5-д "Иргэний гомдол, мэдээлэл гаргахтай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад харилцааг Захиргааны ерөнхий хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу зохицуулна" гэж тус тус зааснаас үзвэл Ч.Ад ирүүлсэн гомдлыг шинээр байгуулагдсан Ёс зүйн дэд хороо 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хянан шийдвэрлэж дүгнэлт гаргасан нь дээрх хуульд нийцэж байна. Өөрөөр хэлбэл Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5-д заасан дээрхээс үзвэл өргөдөл, гомдол шийдвэрлэхтэй холбоотой уг хуульд зохицуулаагүйгээс бусад харилцааг Захиргааны ерөнхий хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулиар зохицуулна гэж ойлгохоор бөгөөд Ёс зүйн дэд хорооны ажиллах журмаар дүгнэлт, тушаал албажуулах хугацаа тогтоосон нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлд захиргааны хэм хэмжээний акт нь хуулиар эрх олгосноос бусад тохиолдолд хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх шаардлагыг хангасан байх зохицуулалтад нийцэхгүй байгаа нь шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэхээр байна.

3.5. ...Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах үүднээс Бизнес, инновацын газраас өөрсдийн албан хаагчдыг соён гэгээрүүлэх, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр төлөвлөгөө боловсруулан удаа дараагийн сургалт арга хэмжээнүүдийг зохион байгуулж ирсэн бөгөөд мэргэжилтэн Ч.А нь энэ чиглэлийн сургалтуудад бүрэн хамрагдаж ирсэн.

Ёс зүйн дэд хорооны ажиллах журамд ёс зүйн зөрчлийг шалгаж, шийдвэрлэхдээ гаргасан зөрчилдөө дүгнэлт хийх, ухамсарлаж буй хандлагыг харгалзахаар заасны дагуу Ёс зүйн дэд хорооны 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдааны үед Ч.А-д таны гаргасан зөрчлүүд нотлогдсон, энэ нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл болох талаар тайлбарлаж хэлсээр байхад гаргасан үйлдэлдээ дүгнэлт хийж ухамсарлах, гомдол гаргагчаас уучлалт гуйх, эвлэрэх үйлдэлийг огт гаргаагүй. Түүнчлэн уг мэргэжилтний удаа дараагийн үйлдэлүүд нь байгууллагын дотоод уур амьсгал, бусад албан хаагчдыг турхирах зэргээр сөрөг нөлөөг үзүүлж ирсэн, ёс зүйн хариуцлага хүлээсэн атлаа шүүхэд өгчихсөн байгаа гэх байдлаар өөрийн харилцаа хандлага, үйлдэлдээ огт дүгнэлт хийгээгүй бөгөөд дахин ёс зүйн зөрчил гаргаж хариуцлага хүлээсэн нь шүүхийн шийдвэрээр нотлогдсон байна.

3.6. Томилох эрх бүхий албан тушаалтнаас төрийн байгууллагын соёл дэг журмыг сахиулах, төрийн албан хаагчийг соён гэгээрүүлэх, ёс зүйн зөрчлүүдтэй эвлэршгүй байх зэрэг хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлсэн, мөн мэргэжилтэн Ч.А-ийн гаргасан зөрчлийн нөхцөл байдлыг үнэлж, бусад албан хаагчдад анхааруулах, цаашид ийм төрлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, давтан гаргахгүй байх зорилго зэргийг харгалзан тухайн нөхцөл байдалд нь тохирсон арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байхад анхан шатны шүүх дээр дурдсан бүхий л нөхцөл байдлыг огт анхаарч үзэхгүйгээр шийдвэр гаргасан.

Өөрөөр хэлбэл Ч.А-ийн гаргасан ёс зүйн зөрчлүүд нь нотлогдсон байхад маргаан бүхий тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь шинэ тутам хэрэгжиж байгаа Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн зорилго, зорилтод нийцэхгүй бөгөөд энэ нь дээр дурдсан төрийн албан хаагчийн ёс зүйн талаарх төрөөс барьж байгаа бодлогын баримт бичиг, хууль тогтоомжийг захиргааны байгууллагууд цаашид хэрэгжүүлэхгүй байх, томилох эрх бүхий албан тушаалтнаас эдгээрийн ард нь үүсэх хөрөнгө, мөнгөний үр дагавараас эмээж батлагдсан хууль, тогтоомжийг хэрэгжүүлдэггүй байх, нөгөө талдаа зөрчил гаргасан албан хаагч шүүхээс биднийг хамгаалдаг учраас гэсэн ойлголт авч тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг, хориглох зүйлийг зөрчих, ёс зүйн зөрчил гаргаж болдог гэх ойлголтод хүргэж байгааг анхаараагүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 643 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ч.А-ийн Нийслэлийн Бизнес, инновацын газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ч.А-ээс Нийслэлийн Бизнес, инновацын газрын даргад холбогдуулан “Нийслэлийн Бизнес, инновацын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/18 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан байна.

            3. Анхан шатны шүүхээс “...хэдийгээр нэхэмжлэгч Ч.Агийн хувьд зарим зөрчил тогтоогдсон ... боловч маргаан бүхий Нийслэлийн Бизнес, инновацын газрын даргын Б/18 дугаартай тушаал гарах үндэслэл болсон тус газрын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн дүгнэлт нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн эрх зүйн алдаатай, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн...” гэх үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

            4. Хэргийн үйл баримтын тухайд:

            4.1. Нийслэлийн Бизнес, инновацын газрын Төсөл, хамтын ажиллагааны хэлтсийн Төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Ч.А-д холбогдуулан тус газрын Захиргаа, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн Б.О нь байгууллагынхаа Ёс зүйн дэд хороонд гомдол гаргаж, Ёс зүйн дэд хорооны  2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн дүгнэлтээр Ч.А-г ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэсэн байна.

4.2. Дээрх дүгнэлт болон байгууллагын дотоод журам болон холбогдох хуулийн заалтыг үндэслэн Нийслэлийн Бизнес, инновацын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар “Ч.А-д олон нийтийн /хамт олон/ өмнө уучлалт гуйхыг үүрэг болгох ёс зүйн хариуцлага” ногдуулж, түүнд улирлын ажлын үр дүнгийн мөнгө урамшуулал олгохгүй байхыг үүрэг болгожээ.

            5. Тус байгууллагын Ёс зүйн дэд хорооны дүгнэлт болон маргаан бүхий актад Ч.А-г Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т “зан харилцаа, үг, үйлдлээрээ хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх”, 8 дугаар зүйлийн 8.1.3.”бусдын бие эрхтний онцлогийг зохисгүй үг, үйлдлээр илэрхийлэхийг цээрлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүний өөрийгөө илэрхийлэх үйлдлийг даган дуурайхгүй байх, ёс бус үг, хэллэг хэрэглэхгүй байх; 8.2.3.”хүний эмзэг болон хувийн мэдээллээр бусдыг гутаах” үйлдлийг гаргасан гэж үзэн ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн байна.

            6. Гэтэл дээрх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.”Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 8.1, 8.2-т заасныг зөрчсөн тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан Ёс зүйн хорооны, Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг үндэслэн зөрчлийн шинж байдал, анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан дараах ёс зүйн хариуцлагын аль нэгийг ногдуулна:” гэж заасан бөгөөд хариуцагчаас Ч.Аг буруутгасан уг хуулийн 8.1.3, 8.2.3-т заасан үйлдэл Ёс зүйн хорооны дүгнэлтээр тогтоогдоогүй байна.

7. Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т “Төрийн албаны тухай хуулийн 10.1.2, 10.1.4-т заасан албан тушаал эрхэлж байгаа төрийн албан хаагч, Авлигын эсрэг хуулийн 4.1.3, 4.1.5-д заасан этгээдийн ёс зүйн хэм хэмжээг энэ хуульд нийцүүлэн Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 109 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн захиргааны боон үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ”-ний 2.2.2-т “үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдлэхдээ хүний эрх болон хүн, хуулийн этгэээдийн нэр төрийг хүндэтгэх, тэдэнд учирч болох эрсдэл, сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэх”, 2.10.1-т “хамт олны дунд эерэг уур амьсгал бүрдүүлэх, саналын зөрүүтэй тохиолдолд бусдын үзэл бодол, итгэл үнэмшил, мэргэшсэн байдалд хүндэтгэлтэй хандах, зөрчилдөөнийг шударга, эв зүйгээр шийдвэрлэхэд манлайлал үзүүлэх” гэж тус тус заажээ.

8. Дээрх хууль болон ёс зүйн хэм хэмжээний холбогдох хэсэгт зааснаар Ч.А Б.О нар нь харилцан маргалдаж хэн алиндаа хүндэтгэлгүй хандсан үйлдлийг ёс зүйн зөрчилд хамааруулахаар байх боловч хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3.”бусдын бие эрхтний онцлогийг зохисгүй үг, үйлдлээр илэрхийлэхийг цээрлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүний өөрийгөө илэрхийлэх үйлдлийг даган дуурайхгүй байх, ёс бус үг, хэллэг хэрэглэхгүй байх; 8.2.3.”хүний эмзэг болон хувийн мэдээллээр бусдыг гутаах”-д заасан үйлдлийг гаргасан талаар дүгнэлтэд дурдаагүй байна.

9. Үүнээс үзэхэд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 8.1, 8.2-т заасныг зөрчсөн тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан Ёс зүйн хорооны, Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг үндэслэн зөрчлийн шинж байдал, анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан дараах ёс зүйн хариуцлагын аль нэгийг ногдуулна” гэж заасныг буруу хэрэглэсэн” гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

10. Түүнчлэн маргаан бүхий актын үндэслэл болсон Нийслэлийн Бизнес, инновацын газрын Ёс зүйн дэд хороо дүгнэлт гаргахдаа Монгол Улсын Ёс зүйн дэд хорооны 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар тогтоолоор батлагдсан “Ёс зүйн дэд хорооны ажиллах журам”-ын 6.13-т “Дэд хороо нь дүгнэлтийг тухайн хуралдаан болсноос хойш ажлын 2 хоногийн дотор ... албажуулна”, 6.16-т “Дэд хороо нь дүгнэлтийг албажсан өдөрт багтаан албан бичигт хавсарган цаасан болон цахим шуудангаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шийдвэр гаргана” гэж заасныг зөрчсөн талаар анхан шатны шүүх дүгнэсэн боловч уг дүгнэлтийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч маргаагүй тул энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй байна.

            11. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 643 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

    ШҮҮГЧ                                                А.САРАНГЭРЭЛ

 

    ШҮҮГЧ                                                Г.МӨНХТУЛГА

 

                          ШҮҮГЧ                                                Б.АДЪЯАСҮРЭН