Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/989

 

 

 

 

2023          07          17                                       2023/ШЦТ/989

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч: М.Очбадрах,

Хохирогч: Ё.Д, Д.Н,

Шүүгдэгч: Ё.Д, Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж ирүүлсэн Боржигин ургийн овогт Ё.Д, Олонхууд ургийн овогт Д.Н нарт холбогдох эрүүгийн *************** дугаартай 1 хавтаст хэргийг 2023 оны 07 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Тэнүүн огоо” ХХК-ийн автобусны жолооч ажилтай, ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт ************** оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Боржигин ургийн овогт Ё.Д /РД:**************/,

Монгол Улсын иргэн, 1967 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Тэнүүн огоо” ХХК-ийн автобусны жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ******************* оршин суух хаягтай, Олонхууд ургийн овогт Д.Н /РД:***************/,

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн товч агуулга: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ё.Д нь “Тэнүүн огоо” ХХК-нд автобусны жолоочоор ажиллаж байхдаа 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “автобус шахлаа” гэх шалтгаанаар иргэн Д.Нтай маргалдаж улмаар түүний хоолойг боох, нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь дух, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн нүдний доод зовхинд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Д.Н нь “Тэнүүн огоо” ХХК-нд автобусны жолоочоор ажиллаж байхдаа 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “автобус шахлаа” гэх шалтгаанаар иргэн Ё.Дтэй маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:          

Шүүгдэгч Ё.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хэрэг болсон. Жуковын буудлаас эхлээд Д.Нын автобусны араас явж байсан. 16-ийн буудал дээр очоод хажуугаар нь гараад цаана нь зогсох гэсэн боловч Д.Н намайг шахаж орж ирээд манай автобусанд орж ирсэн. Би ахаа 2-лаа муудалцаад яах вэ гэж хэлсэн. 2-лаа явъя гэхэд буухгүй урд талын хаалга нь дээр цуг зогсож байсан. Эхлээд намайг заамдаад миний хамраас цус гаргасан. Би хүний урдаас хэрүүл маргаан хийгээд байдаг хүн биш. Муудалцсаны дараа хүмүүс хориод байхад сандал дээгүүр гараад намайг өшиглөсөн. Намайг ална гээд байсан. Би Д.Над хийсэн гэм буруу гэж байхгүй...” гэв.

Шүүгдэгч М.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн, нэмж хэлэх тайлбар байхгүй” гэв.

Ё.Д шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор мэдүүлэхдээ: “...би Д.Ныг боогоогүй. Д.Н эхэлж машинд орж ирээд муудалцсан. Над руу дайраад байсан. Сууж явсан зорчигч нар хүртэл хэлж зогсох газар байхгүй байна, муудалцаад яахав гэж настай эгч хэлж байсан. Тэгээд зогсож байхад 2-лаа гарч үзье гэсэн. Миний хамар луу шууд цохисон. Би хаалганы 2 дахь шат дээр зогсож байсан. Сүүлдээ хүмүүс салгаад байхад над руу жийгээд байсан. Намайг холоос өшиглөхөд өвдөөгүй” гэв.

М.Н шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор мэдүүлэхдээ: “...Бид 2 жуковоос хөдлөхөд зам ямар ч хүнгүй байсан. Би хүнгүй байсан учраас буудал дээр зогсоод явах ёстой байсан. Тэгээд 5, 6 буудал миний араас элдэж хөөгөөд байсан. Тухайн үед автобусны буудал дээр ямар ч машин байгаагүй. Тэгээд намайг яагаад хөөгөөд байгаа юм бол гэж бодоод автобусан дотор ороод яах гээд байгаа юм бэ гэж хэлээд эрх шиг зүйлээс нь татаад зодоон болсон. Намайг боогоод байсан” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ё.Д нь “Тэнүүн огоо” ХХК-нд автобусны жолоочоор ажиллаж байхдаа 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “автобус шахлаа” гэх шалтгаанаар иргэн Д.Нтай маргалдаж улмаар түүний хоолойг боох, нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь дух, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн нүдний доод зовхинд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Д.Н нь “Тэнүүн огоо” ХХК-нд автобусны жолоочоор ажиллаж байхдаа 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “автобус шахлаа” гэх шалтгаанаар иргэн Ё.Дтэй маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1-2/-р тал

Хохирогч Ё.Дгийн “...Би автобусны жолооч ажил хийдэг юм тэгээд өнөөдөр ажлаа хийгээд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороон дээр явж байтал өөр автобустай жолооч автобусны буудал дээр манай автобусыг шахаад байсан, тэгснээ гэнэт тэр жолооч автобуснаасаа бууж ирээд чи муу шахаад байна, замаараа яваач гээд намайг хэл амаар доромжлоод байхаар нь би “Замаараа явж байна, өөрөө замаараа яваач” гээд урд талын хаалганы шатан дээр зогсож байтал намайг заамдаж аваад миний нүүр болон хамар руу хэд хэдэн удаа цохисон тэгээд миний хамраас цус гараад би цагдаа дээр ирсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 7/-р тал

“...Би Ныг заамдсан бас нүүр хэсэг рүү цохисон гэхдээ олон удаа цохиогүй. Би яаж цохисноо санахгүй байна, хүзүүний зулгаралт нь заамдсанаас болсон байх гэж бодож байна...” гэсэн дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 8/-р тал

Хохирогч Д.Нын “...Баянзүрх дүүргийн 72 дугаар хотхоны буудал дээр намайг буудал хашиж дарж зогсож байсан, би ухарч байгаад тойрч гараад зүүн тийшээ яваад 16 дугаар хорооллын автобусны буудал дээр очсон тэгтэл нөгөө автобусны жолооч дахиад л намайг автобусны буудал дээр шахаад байхаар нь би тэсэлгүй автобуснаасаа буугаад тэр залуугийн автобусанд ороод чи яаж яваад байгаа юм бэ? Яагаад шахаад байгаа юм бэ? Гэж хэлтэл чи юу гээд байгаа юм бэ? Гээд намайг боож унагаад миний өмссөн байсан сорочкон цамцны эмжээрийг ураад уг эмжээрээр миний хоолойг боогоод миний нүүр рүү хэд хэдэн удаа цохисон. Надтай зодолдсон гэх Д миний хүзүүг боож унагаад миний цамцны эмжээрээр хүзүү боож хүзүүнд зулгарал үүсгэсэн, тэгээд миний нүүр рүү 3-4 удаа гараа зангидаж цохиод дух, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд зулгаралт гэмтэл үүсгэсэн. Дгийн нүүр рүү нь нэг удаа гараараа цохисон, хамар хэсэгт нь цохисон, хамраас цус гарсан, өөр зодож цохисон зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 12/-р тал

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 7517 дугаартай “Д.Нын биед дух, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн нүдний доод зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 18-19/-р тал

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 7455 дугаартай “Ё.Дгийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 22-23/-р тал

Эд зүйлд буюу Д.Нын тухайд өмсөж явсан гэх богино ханцуйтай цагаан цэнхэр өнгийн шоотой хээтэй, энгэр нь товчоор товчлогддог сорочкон цамцанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хавтаст хэргийн 47-48/-р тал

“Тэнүүн огоо” ХХК-ийн Ч:2 чиглэлийн 9-318 гражын, 9348 УНУ улсын дугаартай автобусны 2023.06.07-ны өдрийн хяналтын камерыг шүүх гэхэд автобусанд хард диск байхгүй байсан тул тухайн өдрийн бичлэгийг шүүн хуулбарлах боломжгүй байна.” гэсэн хяналтын ажилтны тодорхойлолт /хавтаст хэргийн 68/-р тал зэрэг болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Хэргийн үйл баримтаас үзвэл хэрэг болсон гэх өдөр шүүгдэгч Ё.Д, Д.Н нар нь харилцан зодолдож бие биеийнхээ эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэх үйл баримтууд тогтоогдож байна.

Бусдыг үл хүндэтгэх, нэр хүнд, эрх чөлөө, нийгмийн болон хувийн өмчийн эрхэнд нь зөвшөөрөлгүйгээр халдах, бусдын болон нийгмийн амгалан тайван байдлыг алдагдуулах, байгууллагын болон хувь хүний эрх чөлөөнд халдах зэрэг нь танхайрах зөрчлийн шинжийг илэрхийлэхийн зэрэгцээ бусдыг үл хүндэтгэсэн аливаа доромж үг хэллэг хэрэглэхгүй байх нь ёс суртахууны болон зан заншлын хэмжигдэхүүнийг тогтоох учиртай.

Шүүгдэгч Ё.Д, Д.Н нарын бие биетэйгээ тодорхой шалтгааны улмаас хэрүүл маргаан үүсгэж, бусдыг хэл амаар доромжилж, биед нь халдаж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтас хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бүхий л нотлох баримтуудаа хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ё.Д, Д.Н нарын хууль бус шууд чиглэсэн санаатай үйлдлийн улмаас бие биенийхээ эрүүл мэндэд тус тус хохирол учруулсан нь шалтгаант холбоотой байна.

 Шүүгдэгч Ё.Д, Д.Н нарын бие биенээ харилцан хэл амаар доромжилж, биед нь халдаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.  

Өөрөөр хэлбэл хэдий хэрүүл маргаан нэгэнт үүссэн ч бусдын бие махбодид халдаж зодохгүйгээр асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой байхад маргаан үүсгэж, улмаар харилцан бие биедээ халдаж зодсон үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

“...Зодох гэдэг нь хүний бие махбодид халдсан байхыг ойлгох ба хүний бие махбодид халдах үйлдэл нь алгадах, цохих, түлхэх, өшиглөх...” зэрэг хэлбэртэй байж болох бөгөөд шүүгдэгч Ё.Д, Д.Н нар нь харилцан бие биенийхээ эрүүл мэндэд халдсан үйлдэл гаргасан болох нь хангалттай нотлогдон тогтоогджээ.

Иймд шүүгдэгч Ё.Д, Д.Н нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч Ё.Д, Д.Н нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулах...” саналыг гаргасан бол шүүгдэгчид болон хохирогчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж тус тус заажээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болдог.

Шүүхээс шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгчийн тайлбар зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Д, Д.Н нарт тус бүр 450.000 төгрөгийн торгуулийн ял шийтгэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ё.Д, Д.Н нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт  хэрэг үйлдэснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Д, Д.Н нарт оногдуулсан 450.000 төгрөгийн торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Д, Д.Н нарт шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Наас хохирогч Ё.Дд учирсан хохирол болох 140,000 төгрөгийг гаргуулж, цаашид Д.Н, Ё.Д нар нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ё.Д, Д.Н нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1 Шүүгдэгч Боржигин ургийн овогт Ё.Д, Олонхууд овогт Д.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Д, Д.Н нарт тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /Дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Д, Д.Н нарт шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 04 /дөрөв/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Д, Д.Н нар нь шүүхийн оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч Ё.Д, Д.Н нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Наас хохирогч Ё.Дд нийт 140,000 төгрөгийг гаргуулан олгож, хохирогч нар нь цаашид гарах хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар   шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ё.Д, Д.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.БЭЭЖИН