| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00128/И |
| Дугаар | 00149 |
| Огноо | 2020-03-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 00149
| 2020 оны 03 сарын 30 өдөр | Дугаар 153/ШШ2020/00149 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Зэрэг сум, Эхэн багт оршин суух, .. дугаарын регистртэй, Цэмбэл овогт Гэсэрийн М-ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цэвээнпүрэв
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.М нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Гэсэрийн М миний бие 1970 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн багт Гэсэрийн 2 дахь охин болж төрсөн. Ховд аймгийн Зэрэг сумын 8 жилийн дунд сургуулийн нэгдүгээр ангид 1979 онд элсэн орж суралцаад 1986 онд наймдугаар анги төгссөн. Наймдугаар ангиа төгсөөд 1986 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Эхэн бригадад эцэг, эхийнхээ хамт малчнаар ажиллаж эхэлсэн. Эцэг эхийнхээ хамт мал маллан амьдарч байгаад 1988 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Хасагаа овогтой Даваатай гэр бүл болж, тус нэгдлийнхээ Эхэн бригадад мал маллаж амьдарсан. Тус нэгдэл тартал малчнаар ажиллаж байсан ба нэгдэл тарж Хөдөлмөр ХК болоход малчнаар ажилласан. Би одоог хүртэл мал маллаж амьдардаг. Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч 1986-1990 оны бичилт хийгдсэн хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул шүүхээр ажиллажбайсан байдлаа тогтоолгох шаардлагатай байсан. Иймд Г.М намайг Ховд аймгий Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Эхэн бригадад 1986 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХК-д 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цэвээнпүрэв нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Хүсэлт гаргагч нь Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Эхэн бригадад 1986 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХК-д 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Г.Мийн 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Эхэн бригадад малчнаар, 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Г.М нь 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Эхэн бригадад малчнаар, 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болох нь
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 130 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн бригадын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс
0774167 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1995 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1607000102 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн эх хувь, Ховд аймгийн Зэрэг сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 19 дугаартай албан бичиг,
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлстийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 126/000985 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 48 дугаартай Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэл нь 1991 оны 12 дугаар сарын 26-нд Хөдөлмөр ХК болж улсын бүртгэлд бүртгэгдсэн тухай лавлагаа зэрэг нотлох баримтууд болон зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг Г.Мийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Харин хүсэлт гаргагчийн 1986 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэх шаардлага нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй, хүсэлт гаргагчийн нотлох баримтаар гаргаж өгсөн нэгдлийн гишүүний үнэмлэх нь овог засвартай, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгаас ирүүлсэн Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 1986, 1987 онуудын 70 дугаар данс нь хүсэлт гаргагчийн нэр зөрүүтэй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Цэмбэл овогт Гэсэрийн Мийг 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Эхэн бригадад малчнаар, 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, Г.Мийн 1986 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ