Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 00151

 

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 153/ШШ2020/00151

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Зэрэг сум, Бураа багт оршин суух, ... дугаарын регистртэй, Ц овогт Д-н Уын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр  иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Д.Уа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Уа нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Дүүдээгийн Уа миний бие 1968 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Ховд аймаг Зэрэг сумын Бураа багт Дүүдээгийн 2 дахь охин болж төрсөн. Ховд аймгийн Зэрэг сумын 8-н жилийн дунд сургуульд 1976 онд 1 дүгээр ангид элсэн орж 1984 онд 8 дугаар анги төгссөн. Наймдугаар ангиа төгсөөд 1984 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бураа бригадад эцэг эхийн хамт мал маллаж байгаад 1990 онд Бямбаагийн Баянмөнхтэй гэр бүл болж тус нэгдлийнхээ Бураа бригадад мал маллаж амьдарсан. Тус нэгдэл тартал малчнаар ажилласан ба нэгдэл тарж Хөдөлмөр нэгдэл ХК болоход мөн малчнаар ажилласан. Би одоог хүртэл мал маллан амьдарч байна. Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр алга болсон учраас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд Д.Уа намайг Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бураа бригадад 1984 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Д.Уын 1984 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бураа бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Д.Уа нь 1984 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бураа бригадад малчнаар ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1490 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Зэрэг сумын 3 дугаар бригадын 1984 оны 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 960 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Зэрэг сумын 3 дугаар бригадын 1985 оноос 1986 он, 1987 оноос 1990 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс

Хүсэлт гаргагчийн 1986 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд элссэн тухай нэгдлийн гишүүний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нээлгэсэн 0733796 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1995 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1607000479 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 178546 дугаартай бүрэн бус дунд боловсролын үнэмлэхийн эх хувь, хүсэлт гаргагчид 1988 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Бураа фермийн эмэгтэйчүүдийн зөвлөлөөс олгосон баярын бичиг, 1988 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Хөдөлмөр нэгдлийн зөвлөлөөс олгосон баярын бичиг, 1989 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Хөдөлмөр нэгдлийн зөвлөлөөс олгосон гэрчилгээ, 842200523 дугаартай малчин мэргэжлийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бураа хэсгийн үхэрчин В.Дүүдээгийнх, гэргий Г.Нина, охин Д.Уа дадлага туршлагатай тэргүүний саальчин талаар сонинд бичсэн Залуу саальчин нийтлэл,

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлстийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 126/000653 дугаартай төрсний лавлагаа, Иргэдэд үйлчлэх автомат машины лавлагаа тодорхойлолт өгөх нэгдсэн маягтын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 21 дугаартай Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэл нь 1991 оны 12 дугаар сарын 26-нд Хөдөлмөр ХК болж улсын бүртгэлд бүртгэгдсэн тухай лавлагаа,

Гэрч Х.Ядамбазарын ...Би 1984 оны 07 дугаар сараас 1990 оныг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бураа багт зоо техникчээр, 1991 оноос 1996 оныг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Бураа багийн Засаг даргаар тус тус ажиллаж байсан. Намайг 1984 онд Ховд аймгийн ХАА-н техникумыг төгсөөд Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бураа багт зоо техникчээр очиход Д.Уялга нь 8 дугаар ангиа төгсөөд Ховд аймгийн Зэрэг сумын хөдөлмөр нэгдлийн Бураа бригадад саальчнаар ажиллаж байсан... гэх мэдүүлэг,

Гэрч Г.Нинагийн ...Би 1984 оны 07 дугаар сараас 1990 оныг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бураа багт зоо техникчээр, 1991 оноос 1996 оныг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Бураа багийн Засаг даргаар тус тус ажиллаж байсан. Намайг 1984 онд Ховд аймгийн ХАА-н техникумыг төгсөөд Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бураа багт зоо техникчээр очиход Д.Уялга нь 8 дугаар ангиа төгсөөд Ховд аймгийн Зэрэг сумын хөдөлмөр нэгдлийн Бураа бригадад саальчнаар ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Д.Уын ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ц овогт Д-ийн Уыг 1984 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бураа бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

  

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ц.ОЮУН-ЭРДЭНЭ