Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/964

 

2023         07          05                                  2023/ШЦТ/964

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,

Улсын яллагч Б.Мөнхтулга /томилолтоор/,

Шүүгдэгч А.Р, Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Р, Б.Б нарт холбогдох эрүүгийн ******** дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2003 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хүмүүнлэгийн их сургуулийн 1 дүгээр курсын оюутан, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 эгч нарын хамт, Хөвсгөл аймаг Цэцэрлэг сум, 5 дугаар баг, Халбан тоотод оршин суух хаягтай боловч ***************** хаягт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******** ургийн овогт А.Р, /РД:************/,

Монгол Улсын иргэн, 2005 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт, ******************** оршин суух хаягтай *********** ургийн овогт Б.Б /РД:*****************/

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

Өсвөр насны шүүгдэгч Б.Б нь А.Ртай бүлэглэн, 2022 оны 4 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Бын эзэмшлийн Самсунг А32 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хохирогчид 585,600 төгрөгийн хохирол учруулсан,

 А.Р нь өсвөр насны шүүгдэгч Б.Бтэй бүлэглэн, 2022 оны 4 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Бын эзэмшлийн Самсунг А32 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хохирогчид 585,600 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Өсвөр насны шүүгдэгч Б.Б, шүүгдэгч А.Р нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Өсвөр насны шүүгдэгч Б.Б нь А.Ртай бүлэглэн, 2022 оны 4 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Бын эзэмшлийн Самсунг А32 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хохирогчид 585,600 төгрөгийн хохирол учруулсан,

 А.Р нь өсвөр насны шүүгдэгч Б.Бтэй бүлэглэн, 2022 оны 4 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Бын эзэмшлийн Самсунг А32 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хохирогчид 585,600 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Бын “...Би 2022 оны 04 дүгээр сарын 24-ний орой найз Алтантогосын хамт Сансарын тунел дээр байрлах караокед орж сууж байгаад 23 цагийн үед караокеноос гараад ганцаараа зам хөндлөн гараад Сансарын Баянцээлийн Сиюу руу ороод ундаа, хоол авч идчихээд дээшээ өгсөөд Сансарын Цэ пабын ар талаар ертөнцийн зүгээр зүүн тийш ороод 37А байрыг чиглээд явж байхдаа өөрийн Самсунг А32 маркийн гар утсаа гаргаж ирээд кодыг нь тайлах гээд явж байтал үл таних 2 залуу миний гар утсыг шүүрээд ертөнцийн зүгээр зүүн тийш гүйгээд явсан...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 19/-р тал

Гэрч А.Бн “...2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Тэди худалдааны төвийн 17 дугаар лангуун дээрээс ахимаг насны эрэгтэй хүнээс 410,000 төгрөгөөр худалдаж авсан...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 21/-р тал

Иргэний нэхэмжлэгч Д.Бийн “...2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороонд байрлах Тэди төв дээр 17-гийн 04 тоот лангуун дээрээ ажлаа хийгээд сууж байхад үл таних 2 залуу ирээд Самсунг галакси А32 загварын гар утсаа зарна мөнгө хэрэг болоод гэхээр нь би тухайн гар утсыг шалгаж аваад ******** тоот Хаан банкны Р гэх данс руу 360,000 төгрөг шилжүүлсэн. Тэр залуу 20-30 орчим насны залуу байсан. Би гар утас хувь хүнээс худалдаж авахаар бол бичиг баримт биеийн байцаалт бүртгэж байгаад авдаг. Бичиг баримт нь өөрийнх нь Хаан банкны данстай таарч байсан. Тийм болохоор би тухайн утсыг хулгайн утас гэж мэдээгүй худалдаж авсан. Лангуун дээрээ тавиад удаагүй байхад нэг эмэгтэй ирээд надаас тухайн гар утсыг 410,000 төгрөгөөр худалдаж авсан. 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гар утас худалдаж авсан гэх хүн маань над дээр ирээд таны зарсан гар утас хулгайн утас байна гэхээр нь би тэр хүнд мөнгө авах уу эсвэл өөр гар утас авах уу гэхэд утас авъя гээд надаас Самсунг галакси А32 маркийн гар утас шинээр нь шалгаж аваад явсан. Надад үүссэн 360,000 төгрөгийн хохирлыг Р гэх хүнээс гаргуулж өгнө гэж найдаж байна...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 23/-р тал

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 988 дугаартай “...алдсан гэх гар утсыг 585,600 төгрөгөөр үнэлсэн” шинжээчийн дүгнэлт, /хавтаст хэргийн 42-43/-р тал

Иргэний нэхэмжлэгч Д.Бийн эзэмшлийн Хаан банкны *********** тоот дансны хуулга, /хавтаст хэргийн 59/-р тал

Яллагдагч А.Ргийн эзэмшлийн *********** тоот дансны хуулга болон бичгийн бусад нотлох баримтууд /хавтаст хэргийн 37-39/-р тал зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан байх тул өсвөр насны шүүгдэгч Б.Б болон шүүгдэгч А.Р нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзлээ.

Иймд шүүгдэгч А.Р, өсвөр насны шүүгдэгч Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Энэ хэргийн улмаас хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч болон өсвөр насны шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Р, өсвөр насны шүүгдэгч Б.Бд зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, шүүгдэгч А.Рг Баянзүрх дүүргээс Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээр хязгаарлах, өсвөр насны шүүгдэгч Б.Б нь Сүхбаатар дүүрэгт оршин суудаг тул Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээр хязгаарлах саналыг гаргасан бол

шүүгдэгч А.Р шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “Би Сонгинохайрхан дүүрэгт ажилладаг, хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү.” гэсэн саналыг,

Өсвөр насны шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “...тэнсэн харгалзах ялаар шийтгэж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болдог.

Өсвөр насны шүүгдэгч Б.Б нь 2005 оны 03 дугаар сарын 11-ний өдөр төрсөн бөгөөд гэмт хэрэг гарах үед буюу 17 нас 01 сар 13 настай байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 35/

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байх тул өсвөр насны шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүхээс шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарыг хувийн байдал, эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгч нарын тайлбар зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч А.Рд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнсэн харгалзах ялаар,

Өсвөр насны шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 03 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч А.Р, өсвөр насны шүүгдэгч Б.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт  хэрэг үйлдсэнийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Р, өсвөр насны шүүгдэгч Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Р, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******** ургийн овогт А.Р, өсвөр насны шүүгдэгч ****** ургийн овогт Б.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Дээрэмдэх” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч А.Рд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэн харгалзах ялаар,

Өсвөр насны шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 03 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.Р нь тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Өсвөр насны шүүгдэгч Б.Бд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоож, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Р, өсвөр насны шүүгдэгч Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Р, өсвөр насны шүүгдэгч Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   Б.БЭЭЖИН