Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 00152

 

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 153/ШШ2020/00152

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Ховд сум, Улаан бураа багт оршин суух, ... дугаарын регистртэй, М овогт К-ийн Дгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр  иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч К.Д нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: миний бие нь 1967 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Ховд аймгийн Ховд суманд төрсөн. Бага насаа аав, ээжийн гар дээр өнгөрөөж 1975 онд Ховд аймгийн Ховд сумын 8 жилийн дунд сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж суралцаж байгаад ар гэрийн гачигдлын улмаас 6 дугаар ангиасаа сургуулиас гарч Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 1 дүгээр бригад буюу Баянбулаг бригадад малчнаар ажилладаг аав, ээжтэйгээ хамт нэгдлийн мал малласан. Миний бие нь Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 1 дүгээр бригад буюу Баянбулаг бригадад бог мал малладаг аав Х.Көпесийн суурьт туслах малчнаар ажиллаж байгаад хүнтэй сууж 1988 оны 05 дугаар сараас Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд ногоочноор ажиллаж эхэлсэн. Миний бие нь 1987 оны 11 сарын 28-нд Буралбай овогт Женисхантай гэр бүл болсон. Ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуулийн дагуу улсаас надад 1990 оноос 2000 оныг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож өгсөн. Иймд Молхы машан овогт Көпесийн Д намайг 1982 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар, 1988 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Буянт сумын тэжээлийн аж ахуйд ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч К.Дгийн 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар, 1988 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын тэжээлийн аж ахуйд ногоочноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч К.Д нь 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар, 1988 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын тэжээлийн аж ахуйд ногоочноор тус тус ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 316 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг буюу 1 дүгээр бригадын 1982 оноос 1987 оны 70 дугаар данс,

Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйн даргын 1988 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 60 дугаартай ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын хуулбар, хавсралтын хамт,

Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйн даргын 1990 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 65 дугаартай ногоочноор ажиллуулах тухай тушаалын хуулбар, хавсралтын хамт,

Ховд аймгийн Ховд сумын Улаан бураа багийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 20 дугаартай тодорхойлолт,

Ховд аймгийн Ховд сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 11 дугаартай албан бичиг

Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1995 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1613000180 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлстийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 126/003747 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлстийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 126/003737 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,

Иргэн Х.Биргадханы ...Миний бие 1965 оны 10 дугаар сарын 29-нд Ховд аймгийн Ховд суманд төрсөн. Одоо 55 настай. Миний бие бага наснаасаа өнөөдрийг хүртэл өсөж төрсөн нутаг болох Ховд аймгийн Ховд сумандаа мал маллаж, ногоо тарьж амьдарч байна. Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэл нь мал аж ахуй эрхлэхээс гадна газар тариалан эрхэлдэг байсан. К.Д нь аав Көпесийн хамт Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байгаад гэр бүл болж Буянт сум руу шилжсэн. Миний бие К.Дг малчин ногоочин байсан гэдгийг сайн мэдэж байна... гэх тодорхойлолт зэрэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан К.Дгийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Харин хүсэлт гаргагчийн 1982 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэх шаардлага нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Молхы Машан овогт Көпесийн Дг 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар, 1988 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын тэжээлийн аж ахуйд ногоочноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. К.Д нь 1982 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан талаархи хүсэлтээ нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

  

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ц.ОЮУН-ЭРДЭНЭ