| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00121/И |
| Дугаар | 00154 |
| Огноо | 2020-03-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 00154
| 2020 оны 03 сарын 30 өдөр | Дугаар 153/ШШ2020/00154 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Жаргалант сум, Бичигт багийн 01-07 тоотод оршин суух, .. дугаарын регистртэй, П овогт Д-ы Х-гийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэ
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Х нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Дамдин овогтой Х миний бие нь 1971 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймгийн Манхан сумын Баянгол багт Дамдины 6 дахь охин болж төрсөн. Ховд аймгийн Манхан сумын 8 жилийн дунд сургуулийн нэгдүгээр ангид 1979 онд элсэн орж суралцаад, 1982 онд ар гэрийн гачигдлаар гуравдугаар ангиасаа сургуулиас гарсан. 16 нас хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд эцэг, эхийнхээ хамт малчнаар ажиллаж байгаад 1987 онд 16 нас хүрээд тусдаа мал маллаж эхэлсэн. 1991 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Сандуй овогтой Пүрэвсүрэнтэй гэр бүл болж тус нэгдлийнхээ Баянгол бригадад мал маллаж тус нэгдэл тартал малчнаар ажиллаж байсан. Нэгдэл тарж Баясгалант амьдрал ХК болоход малчнаар ажиллаж байгаад одоо Ховд аймгийн Буянт сумын Наранхайрхан багт мал маллаж амьдарч байна. Тэтгэвэрт гарах гэсэн боловч хөдөлмөрийн дэвтрээ алга болсон учраас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд Д.Х намайг Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1987 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэ нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч нь 1987 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Д.Хгийн 1987 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Д.Х нь 1987 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 155 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Баянгол бригадын 1987 оноос 1993 оны 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс
Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1600002162 дугаартай Баталгаажилтын хуудасны хуулбар,
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлстийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 126/000760 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлстийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 126/000754 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 33 дугаартай Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэл нь 1992 оны 02 дугаар сарын 09-нд Баясгалант амьдрал ХК болж өөрчлөгдөн улсын бүртгэлд бүртгэгдсэн тухай лавлагаа,
ИргэнБ.Гунанбаатарын ...Миний бие Д.Хтэй Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хамт малчнаар ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтууд болон зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Д.Хгийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Пунцаг овогт Дамдины Хг 1987 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ