| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00122/И |
| Дугаар | 00155 |
| Огноо | 2020-03-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 00155
| 2020 оны 03 сарын 30 өдөр | Дугаар 153/ШШ2020/00155 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 15-р хороо, Жаргалантын 31-0507 тоотод оршин суух, .. дугаарын регистртэй, М овогт Ш-н С-гийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шоовдой
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ш.С нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Шоовдойн С миний бие 1970 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймгийн Чандмань сумын эмнэлэгт төрсөн. Ховд аймгийн Зэрэг сумын найман жилийн дунд сургуулийн нэгдүгээр ангид 1978 онд элсэн орж суралцаад, 1986 онд Ховд аймгийн Дөргөн сумын найман жилийн дунд сургуулийг төгссөн. Наймдугаар ангиа төгсөөд Ховд аймгийн 1 дүгээр арван жилийн сургуулийн 9 дүгээр ангид элсэн орж суралцаад 1988 онд аравдугаар ангиа төгссөн. Аравдугаар ангиа төгсөөд 1988-1990 оны хооронд Говь-Алтай аймгийн Анагаах ухааны дунд сургуулийг сувилагч мэргэжлээр төгссөн. Төгсөж ирээд Ховд аймгийн Чандмань сумын Эмнэлэгт Ховд аймгийн Эрүүлийг хамгаалах, нийгэм хангамжийн газрын даргын 62 тоот тушаалаар 1990 оны 7 дугаар сарын 01 -ний өдөр сувилагчаар ажилд орсон. Тус газартаа 1995 оны 8 дугаар сарын 31-ний дуустал ажилласан. Хөдөлмөрийн дэвтэр дээр бичилт хийгдсэн, тамга тэмдэг дарагдсан боловч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар болон Ховд аймгийн Чандмань сумын архиваас хайж үзэхэд ажлаас орсон, гарсан тушаал олдохгүй байна. Ховд аймгийн Чандмань сумын Эмнэлгийн эрхлэгчийн 1995 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 30 дугаартай Ажилчид урамшуулах тухай тушаал олдсон. Ийм учраас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд Ш.С намайг Ховд аймгийн Чандмань сумын Эмнэлэгт 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сувилагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шоовдой нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч нь 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Ш.Сгийн 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Ш.С нь 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан болох нь
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 234 дугаартай албан бичиг,
Ховд аймаг Чандмань сумын эмнэлгийн эрхлэгчийн 1995 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 30 дугаартай ажилчид урамшуулах тухай тушаал
Хүсэлт гаргагчийн 1990 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нээлгэсэн 372183 хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1995 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр нээлгэсэн 273663 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1995 оны 08 дугаар сараас 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 2315000093 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
БНМАУ-ын шинжлэх ухаан техник дээд боловсролын улсын хорооны Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны дунд сургуулийн 1990 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн тушаалаар Шоовдой овогтой Сд олгосон 1664 дугаартай сувилагч мэргэжил олгосон тухай дипломын хуулбар, Ховд аймгийн Чандмань сумын Эрүүл мэндийн төвийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 18 дугаартай албан бичиг,
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 126/001200 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 126/001201 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 57 дугаартай Ховд аймгийн Чандмань сумын эмнэлэг нь 2001 оны 09 дүгээр сарын 27-нд Чандмань сумын хүн эмнэлэг, 2012 оны 05 дугаар сарын 11-нд Чандмань сумын Эрүүл мэндийн төв болж нэрээ өөрчилсөн тухай лавлагаа,
Иргэн Ч.Багацоожийн ... Миний бие нь Мянган овогтой Шоовдойн Стой 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хамт ажиллаж байсан бөгөөд Ш. С нь хүн эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан ... гэх тодорхойлолт,
Иргэний Б.Амаржаргалын ... Миний бие нь Мянган овогтой Шоовдойн Стой 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хамт ажиллаж байсан бөгөөд Ш. С нь хүн эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан ... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтууд болон зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ш.Сгийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Мянган овогт Шоовдойн Сг 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ