| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00123/И |
| Дугаар | 00156 |
| Огноо | 2020-03-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 00156
| 2020 оны 03 сарын 30 өдөр | Дугаар 153/ШШ2020/00156 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Буянт сум, Цагаанбургас багт оршин суух, ... дугаарын регистртэй, Б овогт Н-ийн Н-ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганзориг
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганзориг нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Найдансүрэнгийн Н нь 1969 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр Ховд аймгийн Буянт суманд иргэн Найдансүрэнгийн 2 дахь охин болон төрсөн Ховд аймгийн Буянт сумын 8 жилийн дунд сургуульд 1977 онд 1 дүгээр ангид элсэн орж, 1985 онд 8 дугаар ангиа төгссөн. Ингээд 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймаг дахь Хөдөө Аж ахуйн Техникомын малын эмчийн ангид элсэн орж суралцан 1988 оны 06 сарын 10-ны өдөр төгссөн. Ховд аймгийн Хөдөө аж ахуйг удирдах газрын даргын 1988 оны 7 дугаар сарын 01- ны 79 тоот тушаалаар Ховд аймгийн Буянт суманд Соел нэгдэлд малын бага эмчээр томилогдон 1990 оны 05 сар хүртэл ажилласан. Одоо миний бие тэтгэвэрт гарах гэсэн боловч хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу, ажилд орсон тушаал олдсон боловч ажлаас гарсан тушаал олдохгүй байгаа тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд Н.Н намайг Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малын бага эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Н.Нийн 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд малын бага эмчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Н.Н 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд малын бага эмчээр ажиллаж байсан болох нь
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 205 дугаартай албан бичгээр ирүүлсэн
Ховд аймгийн Хөдөө аж ахуй, Хүнсний үйлдвэрийг удирдах газрын даргын 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 79 дугаартай ажилд томилох тухай тушаалын хуулбар,
Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн даргын 1990 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 47 дугаартай нярай хүүхдээ асрах чөлөө, тэтгэмж олгох тухай тушаалын хуулбар, 1988 оноос 1990 оны 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс,
Хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нээлгэсэн 0778471 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1603000465 дугаартай Баталгаажилтын хуудасны хуулбар, Ховд аймгийн Хөгжил политехник коллежийн захирлын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 13 дугаартай тодорхойлолт, хавсралтын хамт, 1998 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нээлгэсэн 746291 дугаартай Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэлийн хуулбар,
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлстийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 126/000909 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлстийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 126/000908 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 37 дугаартай Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэл нь 1992 оны 01 дүгээр сарын 17-нд Соёл ХК болж өөрчлөгдөн улсын бүртгэлд бүртгэгдсэн тухай лавлагаа,
Иргэн Ш.Загайн ...Миний бие Н.Нтэй Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хамт ажиллаж байсан. Н.Н нь Цагаанбургас багийн эмчээр, би нэгдлийн нягтлан бодогчоор ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт,
Иргэн Д.Даваасүрэнгийн ...Миний бие Н.Нтэй ах дүүсийн холбоотой бөгөөд Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд хамт ажиллаж байсан. Н.Н нь Цагаанбургас багийн эмчээр, би нэгдлийн сургуульд багшаар ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтууд болон зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Н.Нийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт Найдансүрэнгийн Нийг 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд малын бага эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ