Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2025/0707

 

 

“Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 122/ШШ2025/0016 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгсдэн төлөөлөгч Е.С-ийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэгч шүүгч Л.Одбаатар

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: “Ч” ХХК

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг дарга

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.С

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Г

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Э

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр

Хэргийн индекс: 122/2024/0018/З                                          

ТОДОРХОЙЛОХ нь:

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 122/ШШ2025/0016 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 61.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг тус тус баримтлан “Ч” ХХК-аас Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Захирамж хүчингүй болгуулах тухай” А235 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.С дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:

2.1. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 2.2-т "Энэхүү маргааны тухайд, хариуцагчаас нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгохдоо газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системээр дамжуулан шийдвэрлээгүй байна" гэж дүгнэжээ. Засгийн газрын 2020 оны 03 сарын 25-ны өдрийн 110-р тогтоолын 2-т заасан газрын цахим системээр, шийдвэрлэх бүртгэх асуудлыг хариуцах эздээр аймаг, нийслэл, сум, дүүргийн засаг дарга нарыг нэрлэн зааж, тэдэнд дээрх үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг үүрэг болгожээ. Гэтэл сумын засаг дарга нь дээрх үүргээ хэрэгжүүлээгүй, үйл ажиллагаа явуулаагүй нь тухайн сумын засаг даргын өөрийнх нь хариуцлагагүй ажиллагаа, төрийн албыг хэрхэн явуулж байсны нотолгоо гэж үзнэ. Төр буюу сумын засаг дарга нь хууль тогтоомжоо хэрэгжүүлээгүйн төлөө ямар ч үүрэг оролцоогүй, эрх мэдэлгүй, хувийн аж ахуйн нэгжийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

Нөгөө талаар Газрын тухай хуулиар газар эзэмшүүлэх, ашиглуулах бүрэн эрхийг тухайн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргад хуулиар олгосон байна. Харин сумын засаг дарга нь олгосон газраа цахим системээр дамжуулан хэрэгжүүлэх нь тухайн засаг дарга, түүний газрын даамалд өөрт нь хариуцуулсан үүрэг байна. Гэтэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа Газрын тухай хуулиас давсан журам буюу Засгийн газрын тогтоолыг илүү хүчинтэй гэж үзсэн дүгнэлтийг анхан шатны шүүх хийж цахим системээр шийдвэрлээгүй Засгийн Газрын 110 дугаар тогтоолыг зөрчсөн гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нэг үндэслэл болгосныг хүлээн зөвшөөрөхгүй.

2.2. …шүүхийн шийдвэрт цахим системээр шийдвэрлээгүй болох нь Сүхбаатар аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2024 оны 11 сарын 18-ний 1/467 дугаарт албан бичгээр цахим системээр дамжин тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, газрын цахим биржийн системээр дамжиж дуудлага худалдаагаар олгогдоогүй, Газрынкадастрын цахим системээр дамжин олгогдсон бүртгэлгүй тул манай газарт тус газартаа холбоотой хувийн хэрэг үүсээгүй байна гэсэн албан бичгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосныг мөн зөвшөөрөхгүй байна.

2.3. …Эрдэнэцагаан сумын засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/235 дугаартай захирамжид “Газрын цахим системээр шийдвэрлэгдээгүй” гэсэн ганцхан үндэслэл заасан байна. Энэхүү үндэслэл нь газар олгох тухай шийдвэр гарсны дараа Засаг дарга, түүний газрын даамлын хийж гүйцэтгэх үүрэг байтал гаргасан шийдвэрээ хүчингүй болгосныг хууль бус гэж үзнэ. Нөгөө талаар хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр газрын дуудлага худалдаа, төслийн шалгаруулалтаар олгогдоогүй, газрын гэрчилгээ олгоогүй, газар эзэмших гэрээ байгуулаагүй гэх үндэслэл тайлбар гаргасныг шүүх нотлох баримт болгож шийдвэртээ тусгасан байна.

Гэтэл Сумын засаг даргын 2023 оны А/235 дугаартай захирамжид дуудлага худалдаа, төсөл шалгаруулалтаар газрыг аваагүй, газрын гэрчилгээ олгогдоогүй, газар эзэмших гэрээ байгуулаагүй, газрын хувийн хэрэг үүсгээгүй тухай нэг ч үг үсэг, үндэслэл огт заагаагүй, тэр ч байтугай Монгол Улсын Үндсэн Хуулийн заалтыг зөрчсөн гэх ямар нэг үндэслэл тусгагдаагүй байна. Ийм байхад Засаг даргын захирамж нь хууль зүйн үндэслэлтэй гарсан эсэх, хууль тогтоомжийн ямар заалтыг баримталж уг захирамжийг гаргасан, захирамж гаргах болсон үндэслэлээ хэрхэн тодорхойлсон байна гэдгийг шалгаж дүгнэлт хийж шүүх шийдвэрээ гаргах ёстой байтал Засаг даргын захирамжид огт байхгүй үндэслэл зааж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй. Энэ нь анхан шатны шүүх нь Засаг дарга дээрх захирамжийн хууль ёсны ба үндэслэлтэй байх гэсэн хуулийн шаардлага, зарчмыг үл харгалзан шийдвэрлэсэн.

2.4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 2.3-т “Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 44 дүгээр зүйлийн 44.5-т зааснаар нэхэмжлэгч хуулийн этгээд нь газар эзэмшүүлэх шийдвэр болон маргаан бүхий захиргааны акт гарах үед гадаадын хөрөнгө оруулалттай байсан нь тогтоогдож байх тул газар эзэмших эрхгүй байна." гэж дүгнэжээ. Тухайн үед "Ч" ХХК нь хэдийгээр гадаадын хөрөнгө оруулалттай компани байсан боловч газар авах тухай хүсэлт гаргахдаа манай компанид газар эзэмшүүлэх шийдвэр гаргаж өгөх тухай хүсэлт тавиагүй, зөвхөн газар олгож өгнө үү гэдэг хүсэлт гаргаж, холбогдох баримтыг хавсаргаж өгчээ. Харин сумын засаг дарга нь захирамж гаргахдаа ашиглуулсугай гэдэг үгийг эзэмшүүлсүгэй гэж буруу алдаатай бичиж шийдвэр гаргасан нь тухайн засаг даргын ажлын хариуцлагагүйтэй холбоотой шийдвэр болсон байх тул засаг дарга өөрөө гаргасан шийдвэрээ хүчингүй болгохгүйгээр хуульд нийцүүлэн өөрчилж ашиглуулахаар гэж гаргах хууль эрх зүйн үндэслэл, бүрэн боломжтой байтал хүчингүй болгож байгаа нь хуулийн этгээдийн эрх ашгийг хохироосон шийдвэр болсон гэж үзэж байна.

2.5.  Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 2.5-т "Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т энэ хуулийн 33.1.1-т зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн аж ахуй нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны засаг дарга дуудлага худалдаа төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно." гэж тус тус заажээ. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 2.6-д "нэхэмжлэгчийн хувьд өвсний экспортын зориулалтын гаалийн хяналтын цогцолбор бүс байгуулах зориулалтаар газар олгохыг хүссэн тул энэхүү газрын зориулалт нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т зааснаас бусад зориулалтад хамаарч байх тул газар ашиглуулах асуудлыг дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэхээр байна. Тиймээс хуулийн энэхүү зохицуулалтыг зөрчиж олгосон гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна" гэж шүүх үзсэнийг зөвшөөрөхгүй байна.

2.6. Хуулиар дуудлага худалдаа, төсөл шалгаруулах замаар газар олгох асуудлыг шийдвэрлэх эрх үүргийг сумын засаг даргад олгосон байна. Сумын засаг дарга нь өөрөө дуудлага худалдаа зохион байгуулах төсөл сонгон шалгаруулах ажиллагааг өөрөө хариуцан хийж гүйцэтгэж байхаар хуульд тусгажээ. Засаг дарга дээрх үүргээ хэрэгжүүлээгүй нь аж ахуй нэгжийг буруутгах үндэслэл болохгүй гэж үзэж байна. Хэрвээ сумын засаг дарга дуудлага худалдаа зохион байгууллаа төсөл сонгон шалгаруулалт явууллаа гэсэн бол уг журмын дагуу манай компани оролцох нь тодорхой. Гэтэл энэ талаар бидэнд ямар ч мэдээлэл өгөөгүй тул бид газар олгож өгөхийг хүссэн хүсэлтээ эрх бүхий байгууллагад өгсөн болно. Харин ч манай компани Монгол Улсад урьд өмнө нь огт байгаагүй цоо шинэ өвсний экспортын зориулалт бүхий өвсний ариутгалын терминал гаалийн хяналтын цогцолбор бүс байгуулах зураг төслөө бэлэн болгож уг төслөө сумын засаг даргад гардуулан өгсөн. Иймд бид манай төслийг сонгон шалгаруулсан байна гэсэн ойлголттой байсан юм. Гэтэл дуудлага худалдаагаар аваагүй, төсөл сонгон шалгаруулаагүй гэсэн хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарыг шүүх үндэслэл болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2.7. Засаг дарга нь өөрийн гаргасан шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзсэн бол хуульд нийцүүлэн зөвтгөн өөрчлөх, засах бүрэн боломжтой байтал хүчингүй болгосон нь газар эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг ноцтой зөрчихөд хүргэсэн. Засаг даргын 2023 оны А/188 дугаартай захирамж нь "Ч" ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг огт хөндөөгүй, компанид ямар нэг хор хохирол учруулаагүй бөгөөд уг шийдвэрт нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад уг шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзнэ.

2.8. Харин Засаг даргын 2023 оны 10 сарын 31-ний А/235 дугаартай захирамж нь "Ч" ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг ноцтойгоор хохироосон. Уг газарт манай компанийн оруулсан 2,2 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтыг үнэгүйдүүлсэн шийдвэр болсон байхад шүүх уг шийдвэрийг “Захиргааны актыг хүчингүй болгосон нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхолыг зөрчөөгүй байна" гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Учир нь Засаг дарга нь А/235 дугаартай захирамж гаргаснаар манай компанийн ажилласан олон сарын хүч хөдөлмөр, их хэмжээний хөрөнгө оруулалт, Монгол Улсад өмнө нь хэрэгжиж байгаагүй цоо шинэ төсөл хөтөлбөр эд хөрөнгийг үгүйсгэж үнэгүйдэлд хүргэсэн хууль бус, аж ахуй нэгжийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хохироосон шийдвэр болсон байхад уг шийдвэрийг шүүх хүчин төгөлдөр хэвээр үлдээсэн нь нэхэмжлэгч талын эрх хууль ёсны ашиг сонирхлыг илтэд хохироосон шийдвэр болгосон гэж гомдол гаргасан.

2.9. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 2.8-т "...Нэхэмжлэгчид газар эзэмших эрх үүсэх үндэслэл байгаагүй, хуулийн дагуу үүсээгүй тул Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар 48.3-т зааснаар 5 жилийн дотор эерөг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна" гэж анхан шатны шүүхээс үзжээ. "Ч" ХХК нь 2,2 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт хийж өвсний экспортын зориулалт бүхий өвсний ариутгалын терминал гаалийн хяналтын цогцолбор бүс байгуулсан бөгөөд их хэмжээний хөрөнгө зарцуулсан өөрөөр хэлбэр 2,2 тэрбум төгрөгний шууд хохирол учирсан атал шүүхээс нэхэмжлэгчид хохирол учраагүй гэж тайлбарлаж байгаа учир дутагдалтай байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т заасны дагуу бодит нөхцөл байдлыг тогтоолгүйгээр хавтаст хэрэгт хавсаргагдсан нотлох баримтыг үнэлэлгүй шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

2.10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсгийн 65.1.3-т "Эрүү, Иргэн, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй;" гэх үндэслэлд хамаарч байх тул хэргийн ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэлтэй байхад шүүх дээрх нотлох баримтыг үнэлэхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж хэргийг түдгэлзэх үндэслэл байсаар атал хэргийн ажиллагааг түдгэлзүүлэхгүйгээр шийдвэрлэсэн нь буруу.

Давж заалдах гомдолд дурьдсан дээрх үндэслэлүүдийг үндэслэл болгож, Сүхбаатар аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 сарын 29-ний өдрийн 122/ШШ2025/0016 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

                                              ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

1. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/188 дугаар захирамжаар Эрдэнэцагаан сумын Бичигт боомтод 10 га талбай бүхий газрыг өвсний экспортын зориулалтын терминал бүхий гаалийн хяналтын цогцолбор бүс байгуулах зориулалтаар 15 жилийн хугацаатай “Ч” ХХК-д эзэмшүүлсэн.

1.1. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/235 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтуудыг үндэслэн Засгийн газрын 2020 оны 110 дугаар тогтоолын 2.1 дэх хэсгийг зөрчин газрын цахим системээр шийдвэрлэгдээгүй гэх үндэслэлээр “Ч” ХХК-д 10 га эзэмшүүлсэн 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/188 тоот захирамжийг хүчингүй болгожээ.

2. Нэхэмжлэгч “Ч” ХХК-аас Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай”  А/235 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

3. Анхан шатны шүүх шийдвэртээ: “...нэхэмжлэгч нь газар эзэмшүүлсэн шийдвэр болон маргаан бүхий акт гарах үед буюу 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани /Бүгд найрамдах Хятад ард улсын иргэн Sayinmurun 100 хувийн хувьцаа эзэмшигч/ байсан болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон, мөн хариуцагчаас тухайн маргаан бүхий газрыг эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ Монгол улсын Засгийн газрын 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн “Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системээр дамжуулан шийдвэрлээгүй, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулаагүй болох нь Сүхбаатар аймгийн Газрын харилцаа хот байгуулалтын газрын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1/467 дугаар албан бичгээр “манай газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим системээр тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, төлөвлөлтийн нэгж талбарын дугааргүй, манай газраас танилцуулсан төсөл дээр байхгүй, газрын цахим биржийн системээр дамжиж дуудлага худалдаагаар олгогдоогүй, газрын кадастрын цахим системээр дамжин олгогдсон бүртгэлгүй, хувийн хэрэг үүсээгүй” гэх тайлбараар нотлогдсон. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгоно”, 44 дүгээр зүйлийн 44.5-д “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид энэ хуулийн дагуу газрын тусгай зориулалт, болзолтойгоор ашиглуулах бөгөөд уг хугацааг Засгийн газар тогтооно” гэж зааснаар нэхэмжлэгч гадаадын 100%-ийн хөрөнгө оруулалттай хуулийн этгээд газар эзэмших эрхгүй, нэхэмжлэгчийн хувьд өвсний экспортын зориулалтын терминал бүхий гаалийн хяналтын цогцолбор бүс байгуулах зориулалтаар газар олгохыг хүссэн тул энэхүү газрын зориулалт нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтад хамаарч байх тул дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэхээр байна” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...төр буюу сумын Засаг дарга нь хууль тогтоомжоо хэрэгжүүлээгүйн төлөө ямар ч үүрэг оролцоогүй, эрх мэдэлгүй, хувийн аж ахуйн нэгжийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй, нөгөө талаар Газрын тухай хуулиар газар эзэмшүүлэх, ашиглуулах бүрэн эрхийг тухайн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргад хуулиар олгосон байна, харин сумын Засаг дарга нь олгосон газраа цахим системээр дамжуулан хэрэгжүүлэх нь тухайн сумын Засаг дарга, түүний газрын даамалд өөрт нь хариуцуулсан үүрэг байна. Сумын засаг даргын 2023 оны А/235 дугаартай захирамжид дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар газрыг аваагүй, газрын гэрчилгээ олгогдоогүй, газар эзэмших гэрээ байгуулаагүй, газрын хувийн хэрэг үүсгээгүй тухай нэг ч үг үсэг, үндэслэл огт заагаагүй. Засаг даргын дээрх захирамж хууль ёсны ба үндэслэлтэй байх гэсэн хуулийн шаардлага, зарчмыг үл харгалзан шийдвэрлэсэн хуулиар дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах замаар газар олгох асуудлыг шийдвэрлэх эрх үүргийг сумын Засаг даргад олгосон. Сумын Засаг дарга нь дээрх үүргээ хэрэгжүүлээгүй нь аж ахуйн нэгжийг буруутгах үндэслэл болохгүй. Өвсний экспортын зориулалт бүхий гаалийн хяналтын цогцолбор бүс байгуулах зураг төслөө бэлэн болгож сумын засаг даргад өгсөн, бид манай төслийг сонгон шалгаруулсан байна гэж ойлгосон учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, давж заалдах гомдол, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэж маргасан.

4. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгоно”, 44 дүгээр зүйлийн 44.5-д “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид энэ хуулийн дагуу газрын тусгай зориулалт, болзолтойгоор ашиглуулах бөгөөд уг хугацааг Засгийн газар тогтооно” гэж зааснаар Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын 2023 оны А/188 дугаартай захирамжаар 100% хувийн гадаадын хөрөнгө оруулалттай нэхэмжлэгч “Ч” ХХК-д Бичигт боомтод байршилтай 10 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 Мөн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “Энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл сонгон шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж зааснаар хариуцагч Эрдэнэцагаан сумын Засаг дарга А/188 дугаартай захирамжийг гаргахдаа нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн гадаадын хөрөнгө оруулалттай компани эсэх, өвсний экспортын зориулалтын терминал бүхий гаалийн хяналтын цогцолбор бүс байгуулах зориулалтыг үл харгалзан дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулалт явуулахгүйгээр газар эзэмших эрх олгосон нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн, харин нэхэмжлэгч талын гомдол үндэслэлгүй байна.

4.1. Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийг хэрэглээнд нэвтрүүлэх тухай” тогтоолын 2.1-т “тухайн жилд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах газрын болон газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд олон нийтийн саналыг авах, төлөвлөх болон батлагдсан төлөвлөгөөг мэдээлэх, холбогдох хууль тогтоомж, журмын дагуу газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгох асуудлыг газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системээр дамжуулан шийдвэрлэх” гэж зааснаар Эрдэнэцагаан сумын Засаг даргад Газрын тухай хуулиар газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэх бүрэн эрхийг олгосон ч аливаа этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэх бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ дээрх Засгийн газрын тогтоолыг мөрдөж ажиллахыг сумын Засаг дарга болон газрын даамалд үүрэг болгосон байх бөгөөд хариуцагч Эрдэнэцагаан сумын Засаг дарга нэхэмжлэгчид 10 га газрыг эзэмшүүлэхдээ уг тогтоолын заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй болох нь аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын лавлагаагаар тогтоогдсон байна.

4.2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд хариуцагч нь маргаан бүхий газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй талаар дурдсан нь нэхэмжлэгч тал хариуцагчийн хууль зөрчсөн үйлдлийг үгүйсгээгүйг дурдах нь зүйтэй байна. 

5. Хариуцагч Эрдэнэцагаан сумын Засаг дарга нэхэмжлэгч “Ч” ХХК-д 10 га газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн болохоо хүлээн зөвшөөрч Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл/эс үйлдэхүй/-ээрээ Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж зааснаар нэхэмжлэгч “Ч” ХХК-д  2023 оны А/188 дугаартай захирамжаар 10 га газар эзэмшүүлэхээр олгосон захирамжаа хүчингүй болгосон нь хуульд нийцсэн, энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

5.1. Нэхэмжлэгчид 2023 оны А/188 дугаартай захирамжаар олгосон 10 га газрын эзэмших эрх нь Газрын тухай хуульд зааснаар хууль ёсны дагуу үүсээгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компанийн хувьд гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани байсан учраас Монгол улсын нутаг дэвсгэрт газар эзэмших эрх үүсэхгүй, мөн маргаан бүхий 10 га газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаа огт явагдаагүй гэх зэрэг хуульд заасан журмаар газар эзэмших эрх үүсээгүй тул хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим үйлчлэхгүй юм.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 122/ШШ2025/0016 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                     З.ГАНЗОРИГ

ШҮҮГЧ                                     С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                     Л.ОДБААТАР