Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 191

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Н.Дамбадаржаа,

хохирогч С.Ганбатын өмгөөлөгч О.Болдсайхан,

шүүгдэгч Д.Мэндбаяр түүний өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэрс овогт Дашийн Мэндбаярт холбогдох эрүүгийн 201626020140 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Бэрс овогт Дашийн Мэндбаяр, /РД:ЦА81061216/ 1981 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1 Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулан 2 дугаар хэсэг А-107 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй.

 

Шүүгдэгч Д.Мэндбаяр нь найз Д.Батбаяртай урьдчилан үгсэн тохиролцож 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 57 дугаар байрны 58 тоот дах өөрийн түрээслэн амьдарч байсан байранд урьдчилан гар утсаар бичлэг хийхээр байрлуулан бэлтгэж хохирогч С.Ганбатыг зориуд дуудан ирүүлж, С.Ганбат, Д.Батбаяр нарын бэлгийн харилцаанд орж буй үйлдэлийг бичлэг хийн баримтжуулж, улмаар С.Ганбатын нэр хүндийг нь гутаахаар бичлэгийг олон нийтэд тараана гэж заналхийлж, 25.000.000 төгрөг буюу их хэмжээний мөнгийг авахаар далайлган сүрдүүлж, 20.000.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Мэндбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Миний анх бичлэг хийсэн учир нь Ганбат ах намайг гэртээ аваачиж 2 удаа уулзсан. Эхний удаад Цагдаагийн газрын гадаа тааралдаад юм ярьж алхаж байгаад гэртээ дагуулж очсон. Тэгээд надтай бэлгийн харьцаанд орохыг шаардахад би татгалзаад гарсан. Тэрнээс хойш надтай уулзъя гээд байнга надруу залгадаг байсан. Тэр өдрөөс арваад хоногийн дараа Шангрилагийн 10 дугаар давхарт хоолонд орсон. Тэр үед би дахиж уулзахаа болъё, би ганц бие, цаашдаа хамт байх хүнээ хайж байгаа гэж хэлж байсан. Тэндээс гараад намайг гэртээ дагуулж очоод надад дарс өгсөн. Тэр дарсыг ууснаас хойш би юу болсныг санахгүй байгаа. Шөнө намайг сэрэхэд надтай бэлгийн харьцаанд орж байгаагаа бичлэг хийсэн байсан. Тухайн бичлэгт өөрийнх нь дүрс ороогүй байсан. Тэр бичлэгээрээ намайг байнга дарамталж, тэр болгонд нь би маш их бухимдалтай амьдарч байсан. 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн мессежээр би Ганбат ахад “надад дансны дугаараа өгөөч ээ, таны өгсөн мөнгийг буцаагаад хийчихье” гэж хэлж байсан. Ганбат ах намайг эвгүй байдалд оруулах гэж төлөвлөсөн гэж би сүүлдээ бодсон. Би Ганбат ахын эхнэр рүү нь ярьж байгаагүй. Онлайнаар түүний бичлэгийг цацна гэсэн зүйл ярьж байгаагүй. Харин би таны бичлэгийг олоод авчихсан. Та надад миний бичлэгийг өг. Би таны бичлэгийг өгье. Тэгээд дахин харьцахаа болъё гэсэн шийдэлд хүрсэн байсан. Гэтэл Ганбат ах өөрөө эхнэрээ дагуулж ирсэн. Түүний эхнэр чи эгчдээ бичлэгээ өгчих. Би чамд мөнгө өгье гэж хэлсэн. Би ямар нэгэн мөнгөний тоо хэлээгүй. Би Ганбат ахад та надаас мөнгө авсан тухайгаа баримт үйлдэж өгөөчээ, би эхнэрт чинь хэлэх юм уу гэж хэлэхэд надад эхнэрт битгий хэл, би чамд эхнэрээсээ мөнгө аваад өгье гэж хэлж байсан. Ганбат ах надаас 12.000.000 төгрөг авсан. Би түүнийг нь хар хөх өнгийн тэмдэглэлийн дэвтэр дээр Ганбат ах надад би чиний бичлэгийг тараахгүй. Чамаас мөнгө авсан нь үнэн гэсэн баримтаар нотолно. 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Ганбат ах надтай уулзахдаа 2 цагдаа дагуулж ирсэн. Тэр цагдаа нар бидний яриаг сонсож байсан. Гэтэл тэр баримт хэрэгт байхгүй болсон. Би хоригдож байхдаа тус оны 2 бил үү 3 дугаар сард прокурорт хүсэлт гаргасан. Өчигдөр хэргийн материалтай танилцахад 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүсэлт явуулсан гэсэн байна лээ. Миний хүсэлтийн хариу 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр тухайн камерын бичлэгийг устгасан гэж ирсэн” гэв. 

 

Шүүгдэгч Д.Мэндбаяр нь найз Д.Батбаяртай урьдчилан үгсэн тохиролцож 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 57 дугаар байрны 58 тоот дах өөрийн түрээслэн амьдарч байсан байранд урьдчилан гар утсаар бичлэг хийхээр байрлуулан бэлтгэж хохирогч С.Ганбатыг зориуд дуудан ирүүлж, С.Ганбат, Д.Батбаяр нарын бэлгийн харилцаанд орж буй үйлдэлийг бичлэг хийн баримтжуулж, улмаар С.Ганбатын нэр хүндийг нь гутаахаар бичлэгийг олон нийтэд тараана гэж заналхийлж, 25.000.000 төгрөг буюу их хэмжээний мөнгийг авахаар далайлган сүрдүүлж, 20.000.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтууд болох:

 

Хохирогч С.Ганбатын “Би 2015 оны 7 дугаар сарын дундуур Мэндбаяртай фэйсбүүкээр танилцаж байсан. Тэгээд 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын Цагдаагийн газар Мэндбаяр гэх залуутай уулзаж байсан. Тэр үед манай гэрийнхэн хөдөө явсан байсан. Би гэртээ ганцаараа үлдсэн байсан болохоор Мэндбаяртай уулзахаар болсон. Тэгээд Мэндбаяр бид хоёр гадуур алхаж юм яриад явж байгаад манай гэрт цуг ирсэн. Тухайн үед бид хоёр алхаж явахад Мэндбаяр нь өөрийгөө хуульч, хуулийн прокурор, шүүх яаманд ер нь ажилладаг, яг одоогоор би гэртээ ажилгүй байгаа гэсэн. Манай гэрт ороод нэг шил вино хувааж уугаад хоорондоо ярилцаж суусан.

Тэгээд тэр өдрөөс хойш хоёр хоногийн дараа би Мэндбаяртай дахин уулзаж Солонгос хоолны газар уулзаж хоол идсэн. Тэгээд тэндээс гараад бид хоёр манай гэрт ирсэн. Тэгээд манай гэрт бид хоёр бэлгийн харьцаанд нэг удаа орсон. Тэгээд бэлгийн харьцаанд орж дуусаад манай гэрээс Мэндбаяр явсан. Тэгээд хоёр хоногийн дараагаас надруу 88125088 гэсэн дугаараас “Сайн уу, сайхан амарсан уу” гэсэн мессеж бичиж байсан. Тэгэхээр нь би юу хийх гэж байна гэж асуутал Мэндбаяр нь “мөнгөнийхөө асуудлаар өмгөөлөгч эгчтэйгээ уулзах гэж байна” гэж байсан. Тэр үедээ надад Герман улсруу 8 сараас эхлээд сургуульд сурах гэж байгаа надад 6000 ам доллар хэрэгтэй байна надад туслаач гэж хэлсэн. Тэгэхээр нь би “надад тийм их мөнгө байхгүй боломжоороо туслахыг хичээе” гэж хэлсэн. Тэгтэл Мэндбаяр нь “надад хэдэн ч төгрөг байсан өгөөчээ би дансныхаа дугаарыг авсан. Тэр үед надад боломж байгаагүй учраас мөнгө өгөөгүй. Тэрнээс хойш ерөөсөө мессеж ирээгүй холбогдоогүй. Би ойлгохдоо гадагшаа явсан юм байна гэж бодсон.

Тэгээд 2015 оны 11 дүгээр сарын дундаас 94151958 гэсэн дугаараас намайг ажил дээр байхад дуудлага ирсэн байхаар нь би буцаагаад залгасан боловч намайг залгах үед аваагүй. Тэгсэнээ “сайн уу уулзах уу” гэсэн мессеж явуулсан байсан. Тэгэхээр нь би “өөрөө хэн бэ” гэж асуухад фейсбүүкээр танилцсан хүн байна гэхээр нь би “ямар фейсбүүкээр” гэтэл “Болдбаатар гэсэн нэртэй фейсбүүкээр чинь танилцсан Ганаа гэж хүн байна” гэсэн. Би “ийм хүнтэй танилцаагүй” миний гар утасны дугаарыг яаж авсан талаар асуухад нөгөө 94151958 гэсэн дугаарын хүн нь “чи өөрөө надад өгсөн биз дээ, утасны дугаараа тийм олон хүнд өгсөн юм уу” гэж надаас асуусан. Би “өгөөгүй болохоор санаа зовоод гайхаад асууж байна” гэж хэлсэн. Тэгтэл нөгөө хүн “би Солонгосоос саяхан ирсэн одоо буцах гээд байна хоёулаа уулзъя” гэж олон удаа мессеж бичээд байхаар нь би өөрөө санаа зовоод айж эхэлсэн. Тэгэхээр нь би тэр хүнийг мэдэхээр болоод уулзах саналыг зөвшөөрсөн. Тэгээд 11 дүгээр сарын 29-ний  бүтэнсайн өдөр уулзахаар болж тохирсон. Тэгээд  над руу 94151958 гэсэн дугаараас “манай гэрт хүрээд ирээ би гэртээ ганцаараа байна, Баянгол дүүргинй төмөр замын 57 дугаар байрны 2 дугаар орцны 6 давхарын 58 тоотод хүрээд ир” гэсэн. Тэгээд яваад орсон чинь 30 орчим насны буржгар үстэй, шар царайтай залуу байсан. Тухайн үед ганцаараа байсан. Намайг орох үед тэр залуу ч гэсэн ганцаараа байсан. ... Тэгээд бид хоёр үнсэлцсэн тэгээд бид хоёр бэлгийн харилцаанд орох гэж байгаад тэр залуу “би бэлэн биш байна” гээд тухайн өдөр больсон. ... Тэгээд холбоо барихгүй байж байгаад ойролцоогоор 10 хоногийн дараа 94151958 гэсэн дугаараас дахин мессеж ирсэн. Утга нь гэвэл “сайн уу дахиад уулзъя” гэсэн мессеж ирсэн. ...12 дугаар сарын 14-ний өдөр 19 цаг 30 минутанд Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 57 дугаар байрны 2 дугаар орц, 6 давхарт 68 тоотод 2 дах удаагаа очихоор тохиролцсон. ...Тэгээд би 6 давхарт гараад 68 тоотод очиж хаалгыг тогшоод ороход 30 орчим насны туранхай бор царайтай залуу ганцаараа байсан. ... Тэгээд би унтлагын өрөөнд ороод би өөрөө гэрлийг нь унтраасан. Тэгтэл Зоригоо гэх залуу нь толгой хэсгээ зурагт руу харуулж бэлгийн харилцаанд оръё гэж хэлсэн. Тэр үед зурагт нь асаалттай байсан. Тэгээд би бэлгийн харьцаанд орж дуусаад хэрэглэсэн бэлгэвч, салфетка гаргаад хогийн бункерт хийсэн. ...Тэгээд би тэр Зоригоо гэх залууг Алтай хотхоны үзүүрт зам дээр буулгаж өгөөд явсан.  ...Маргааш нь 18-19 цагийн орчимд манай эхнэр Болормаа руу 94151958 гэсэн дугаараас “фейсбүүкний хаягаа өгөөч нөхрийн чинь бичлэгийг явуулах гэсэн юм” гэж мессеж ирэхээр нь эхнэр Болормаа надаас “энэ дугаартай хүнийг таних уу” гэж асуусан. Тэр үед надад мессеж ирсэн дугаараас манай эхнэрт мессеж ирсэн байхаар нь шоконд ороод “би мэдэхгүй” гэж худлаа хэлсэн. Тэгээд 12 дугаар сарын 18-ны өдөр 88125088 гэсэн дугаараас Мэндбаяр гэх хүн нь “өөрийн чинь заваарсан заваан бичлэгийг монгол орон даяар тараах гээд байна та надтай уулз” гэж мессеж ирүүлсэн. Тэгэхээр нь би “өө чи байсан юм уу, би нээрээ тэнэг хүн юм аа, уулзъя” гэж хэлсэн. ...Тэгээд уулзахдаа надад Мөнхцэцэг гэх эмэгтэй өөрийнх нь найз Дамдин гэх өмгөөлөгчид миний бичлэгийг өгөөд манай нөхөртэй бэлгийн харилцаанд орсон бичлэгийг орон даяар тараана гэж хашхирч байхыг сонсоод би харсан чинь чиний бичлэг байхаар нь танд туслах гээд бичлэгийг нь утсан дээрээ хуулаад авсан. Тэгээд хэргийн газар үлдээсэн бэлгэвчний зураг энэ байна гэж харуулсан. Тэгээд өөртэй чинь бэлгийн харилцаанд орсон гэх хүнийг цагдаа нар сейфнээс алдагдсан мөнгөний хулгайгаар бариад хорьчихсон байгаа, өөрийг чинь цагдаа нар дуудна, тэгэхээр тохирох хэрэгтэй байна гэсэн. ...Би юу болоод байгааг эхнэр Болормаад бүгдийг нь үнэн зөвөөр хэлсэн. Тэгээд Мэндбаяртай уулзахаар болоод эхнэр Болормаатай очиход Мэндбаяр ганцаараа байсан. Тэгээд бид хоёрт хэлэхдээ “шинжээчийн дүгнэлт 16 цагт гарна Мөнхцэцэг гэх эмэгтэй нь манай өмгөөлөгчөөс бичлэгний хувийг авъя гээд байна тийм учраас хурдан асуудлаа шийд гэж” зөвлөсөн. Тэгээд өмгөөлөгчөө яах вэ гэж асуухад 40.000.000 төгрөгөөр зохицуулж болох юм гэсэн. Тэгэхээр нь би тэр мөнгө чинь хаана байна 20-25 сая төгрөгөөр зохицуулж болно гэж хэлсэн. Тэгээд би бичлэгийг мэдээллийн сүлжээнд тавилгүйгээр 20.000.000 төгрөг өгөхөөр болсон. Учир  нь би мэдээллийн сүлжээнд тавихаас айсан. Тэгээд Мэндбаярт би “чамд мөнгө өгчихдөг дараа нь Мөнхцэцэг гэх эмэгтэй надаас мөнгө нэхвэл яах юм бэ, өмгөөлөгчтэй чинь уулзаад баталгаа авмаар байна гэж хэлэхэд Мэндбаяр нь “би зуун хувь өөрөөрөө баталгаа өгч чадна” гэсэн. Мөнгөө өгчихвөл манай найз өмгөөлөгч бүгдийг шийднэ гэж хэлсэн. Тэгээд маргааш нь буюу 12 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсэрт байрлах Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын тэнд уулзаж 15.000.000 төгрөг байгаагаа хэлтэл Мэндбаяр нь уурлаж “хэлсэндээ байсангүй гэж дахин эхнээс нь эхлүүлнэ найздаа болъё  гэж  хэллээ” гэсэн. Тэгэхээр нь бид 5.000.000 төгрөгийг боломжтой үедээ  өгч болох уу гэж асуухад 15 сая төгрөгөө Мэндбаяр нь “миний дансанд хийчих, би эгчээсээ 5.000.000 төгрөг аваад 20.000.000 төгрөг болгоод хүнд нь өгье, үлдэгдэл 5.000.000 төгрөгөө цагаан сарын өмнө өгөхөд болно” гэж хэлсэн. Тэгээд 15.000.000 төгрөгөө Хүүхдийн 100 дугаар дэлгүүрийн Төрийн банкны Мэндбаярын дансанд Болормаагаас бичлэгний үнэ гэж хэлээд бэлнээр өгсөн. Тэгээд 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн Мэндбаяр нь 5.000.000 төгрөгөө нэхээд “эгч мөнгөө нэхээд байна, миний мөнгийг яаралтай өг” гэж хэлсэн. Тэгээд “мөнгө олдохгүй байна, хайж байна” гэж хэлэхэд Мэндбаяр нь “хэргийг чинь дахиад эхлүүлж болно” гэж сүрдүүлж эхэлсэн. Тэгээд 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр үлдэгдэл 5.000.000 төгрөгөө бэлнээр Мэндбаярт циркийн хажуу талын 24 дүгээр байрны 5 давхарт өгсөн. Тэрнээс өмнө би “өмгөөлөгч болон Мөнхцэцэгтэй уулзаж баталгаа авмаар байна, нөгөө залуу бичлэг тараахаас санаа зовж байна” гэж хэлэхэд Мэндбаяр нь “энэ хэргийн ард олон хүн байгаа шүү, олон хүнээр өс сануулав, миний ард дээд шүүхийн хүн байгаа” гэх мэтээр сүрдүүлж байсан. /хэргийн 1 дүгээр хавтас 15-20 дугаар хуудас/

 ...Миний авч явсан Мон-Зол гол гэсэн бичигтэй тэмдэглэлийн дэвтэр дээр Мэндбаяр нь “бичлэгийг буцааж өглөө, хойшдоо ямар нэг асуудал үүсэхгүй” гэж бичиг хийж өгсөн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 22 дугаар хуудас/

 

Гэрч Ё.Болормаагийн “2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 19 цагийн үед нөхөр Ганбатын хамт явж байтал миний 95952569 дугаар руу 94151958 гэсэн дугаараас “Сайн байна уу, таньтай ярилцах зүйл байна, нөхрийн чинь талаар бичлэг үзүүлмээр байна. Намайг Мөнхцэцэг гэдэг. Манай нөхөр үгүй гээд байгаа, таныг эмэгтэй хүн болохоор ойлгох байх гэж бодсон юм. Фэйсбүүк болон yahoo месенжерийн хаягаа өгөөч” гэж мессеж явуулахаар нь би тэр дугаар руу 2 удаа залгахад миний дугаарыг аваагүй. Тэгэхээр нь би “та дугаар андуурсан байхаа” гээд явуулсан. ...Надад нөгөө дугаараас “би утас андуураагүй таныг Болормаа гэдэг нөхрийг чинь Ганбат гэдэг биз дээ” гээд мессеж ирсэн байсан. ...Тэгээд надад Ганбат нь эрэгтэй хүнтэй бэлгийн харилцаанд орсон. Энэ хүмүүс нууцаар бичлэг хийгээд намайг онлайнаар буюу олон нийтэд бичлэгийг цацлаа гээд дарамтлаад байна гэж хэлсэн. Тэгээд Ганбат “одоо яанаа” гээд шаналаад байсан. Тэгээд тэр өдрөө 14 цагийн орчим Дашчойлон хийдийн гадаа очоод Ганбатын таньдаг гэх Мэндбаяр гэх хүнтэй уулзахаар болсон. Тэгээд Ганбат Мэндбаяртай уулзсан. Би машиндаа хүлээж байсан. Тэгээд Ганбат орж ирээд  “бичлэгийн хувийг өмгөөлөгчөөс авсан гэнээ 9902 гэсэн өмгөөлөгч Дамдин гэх хүн рүү ярьж уулз гэж хэллээ” гээд хэлсэн. Тэгээд Ганбат бид хоёр хуулийн мэргэжилтэй хүнтэй уулзахаар болсон. Тэгээд Санчир гэх өмгөөлөгчтэй уулзсан. Тэгээд болсон зүйлийг нөхөр Ганбат нөгөө өмгөөлөгчид хэлсэн. Ганбатад Санчир гэх өмгөөлөгч “судлаад үзье та хохирогч юм байна” гээд эргээд уулзахаар болсон. Тэгээд 12 дугаар сарын 20-ны өдрийн 22 цагийн орчимд Ганбатын утас руу Мэндбаяр “өөрийнхөө төлөө яваач” гэсэн утгатай мессеж ирсэн байсан. Тэгээд 12 дугаар сарын 21-ний өдөр Мэндбаяртай уулзахаар болоод Дашчойлон хийдийн тэнд уулзахаар болсон. ...“Би яах ёстой юм бэ” гэж асуухад Мэндбаяр “одоо тохиролцох хэрэгтэй” гэсэн тэгэхээр нь би “тохиролцох гэж яаж тохиролцох юм бэ” гэж асуухад Мэндбаяр нь “мөнгө өгөөд тохиролцож болно, үгүй бол шүүхээр явахаас өөр аргагүй. Тэгэхгүй бол цагдаа нар таныг хорьлоо” гээд байсан. Мэндбаяр нь надад хэлэхдээ “тэднийх нялх хүүхэдтэй болохоор гэртээ камер тавьчихсан, гаднаас орж ирээд камераа шалгаж байдаг тэгж байгаад энэ бичлэгийг авсан байна лээ, тэгэхээр нь би энэ бичлэгийг нь гар утсандаа хуулж авсан. Тэгэхээр нь би “хэдэн төгрөгөөр яаж тохирох уу” гэж асуухад Мэндбаяр хүнээс асуухгүйгээр шууд “40 сая төгрөг” гэж хэлсэн. Тэгэхээр нь би санаа алдсан чинь Мэндбаяр “за яахав би таньдаг юм байна гээд 20-25 сая төгрөг” гэж хэлсэн. Тэгтэл манай нөхөр Ганбат нь “20 сая төгрөг олж өгөөд салъя” гэхлээр нь би зөвшөөрөөд Мэндбаярт “20 сая төгрөг олж өгье 2-3 хоног өгөөч” гэж хэлэхэд Мэндбаяр  “болохгүй би хугацаа хүлээхгүй, хорих хугацаа өнөөдөр дуусч байгаа шинжээчийн дүгнэлт гаргана тэгэхээр та мөнгөө хурдан ол” гэж хэлсэн. ...Тэгээд 12 дугаар сарын 22-ны өдөр 13 цагийн орчимд Мэндбаяртай уулзаж Ганбатын данснаас Худалдаа хөгжлийн банкнаас 7.500.000 төгрөг, миний Хаан банкны данснаас 8.000.000 төгрөг аваад Мэндбаярын Төрийн банк руу орж 15.000.000 төгрөгийг хийсэн. Үлдсэн 5.000.000 төгрөгийг бид хоёр өгч чадаагүй дараа өгье гэж хэлтэл Мэндбаяр “би эгчээсээ 5.000.000 төгрөг аваад та хоёрт өгч байгаа юм ... цагаан сарын үеэр өгч болно” гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 26-29 дүгээр хуудас/

 

Гэрч Л.Дуламжавын “...Тэр залуу ямар ч байсан 1 жил манай байрыг түрээслэсэн. 1 жилийн хугацаанд 2 удаа очиж үзэхэд ганцаараа амьдарч байсан. Түрээсийн мөнгөө миний данс руу гэрээний дагуу хийдэг байсан. ...Би тэр залуугаас гэр бүлтэй юу гэж асуухад гэр бүлгүй гэж байсан. Надад л лав дажгүй зантай хүүхэд байсан. Яриа хөөрөө сайтай боломжийн залуу байна гэж дүгнэсэн...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 34 дүгээр хуудас/

 

Д.Мэндбаярын яллагдагчаар өгсөн “...Маргааш нь Ганбат ах руу дахиад 94151958 дугаараас “Ганаа байна, манай нэг найз гадаадаас ирсэн. Гурвуулаа групп секс хийх үү” гэж мессеж явуулахад Ганбат нь “за тэгье” гэж хэлсэн. ...Ганбат ахыг дуудаад ирэх үед нь гэрээсээ гарсан. Мөн гэрээсээ гарахдаа том өрөөний зурагтны хажууд гар утасны камераа ор руу нь харуулаад байрлуулсан байсан. ...Тэгээд гар утсаа авахад бичлэг хийгдсэн байсан. Би Ганбатын эхнэр Болормаатай эмэгтэй хүн яриулаагүй, би дандаа 94151958 дугаараас мессеж бичсэн. Би Ганбатад бичлэгийг нь хальт үзүүлсэн. Надаас эхнэр нь хэд хэрэгтэй юм. ...мөнгө өгье гэж хэлсэн. Тэгээд би татгалзаад 9969 гэсэн дугаараас залгаад “яг хэд хэрэгтэй юм” гэхээр нь би “бодож байж хэлнэ” гээд татгалзсан. Тэгээд маргааш нь надруу ярихаар нь би Ганбат ахад зөндөө мөнгө өгсөн учраас мөнгөө олж авъя гэж бодоод уулзсан. Тэгээд Ганбат ах болон эхнэр нь 20.000.000 төгрөг өгье чи зохицуулаад өг гэхээр нь би “за тэгье” гээд зөвшөөрсөн. Тэгээд эхлээд 15.000.000 төгрөгийг миний Төрийн банкны 106900403917 гэсэн данс руу хийсэн. ...Дараа нь 5.000.000 төгрөгийг цагаан сарын дараа өгье гэж хэлэхээр нь зөвшөөрсөн. ...Тэгээд 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Ганбат ах яриад “мөнгөө ирж ав” гэхээр нь би Ганбат ахад “бүх зүйлийг мөнгөөр шийддэггүй шүү, дансныхаа дугаарыг өг, авсан мөнгөө буцаагаад данс руу чинь хийе тэгээд учраа олъё” гэсэн утгатай мессеж илгээсэн. 5.000.000 төгрөгийг өгөхөөр нь би авахгүй гэж хэлтэл тоолоод ав гэсээр байгаад өгсөн. Тэгээд удалгүй цагдаа ирээд аваад явсан. Дамдин, Мөнхцэцэг гэх 2 хүн байхгүй. Би өөрөө итгүүлэх гэж зохиож ярьсан. /хэргийн 1 дүгээр хавтас 58-62 дугаар хуудас/

Эх хувь нь миний Sony маркийн хөр өнгийн гар утасны альбом гэх дотор байгаа. Тэр бичлэг нь 25-30 минутын бичлэг байгаа. Өөр нэг хувь нь Ганбат ахад жижиг хар өнгийн мемори картанд өөрт байсан бичлэгээ таслан бэлгийн ажил эхэлснээс дуусах хүртэлх бичлэгийг хуулбарлаж өгсөн байгаа. Тэр бичлэг нь 4-5 минут байгаа байх. Би өөр зүйл хуулаагүй, надаас өөр хүнд уг бичлэг нь байхгүй. /хэргийн 1 дүгээр хавтас 63 дугаар хуудас/

Одоо 15.000.000 төгрөгнөөс 5.600.000 төгрөг нь байгаа байх, санахгүй байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 66 дугаар хуудас/

 

Гүйлгээний утга дээрээ “Болормаагаас бичлэгийн үнэ” гэж бичсэн “15.000.000” төгрөгийг Д.Мэндбаярын эзэмшлийн дансанд “Орлогын мэдүүлэг”-ээр шилжүүлсэн Төрийн банкны баримт. /хэргийн 1 дүгээр хавтас 83 дугаар хуудас/

         

Эд мөрийн баримтаар тооцож  хэрэгт хавсаргасан мессежний  47 ширхэг гэрэл зураг. /хэргийн 1 дүгээр хавтас 123-146 дугаар хуудас/

         

Д.Мэндбаярын 106900403917 дугаарын данс эзэмшдэг Төрийн банкин дах “Депозит дансны харилцагчийн монгол хуулга” гэсэн баримт. /хэргийн 1 дүгээр хавтас 179-180 дугаар хуудас/

         

Хэрэгт хураан авсан камерийн бичлэг бичиж буулгасан компакт дискэнд үзлэг хийж тэмдэглэл, гэрэл зургаар бэхжүүлсэн баримт /хэргийн 2 дугаар хавтас 40-48 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

          Шүүгдэгч Д.Мэндбаярын энэ үйлдэл нь хохирогч С.Ганбатыг ижил хүйстэнээ сонирхдог бэлгийн чиг хандлагыг нь далимдуулан эрэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд оруулж уг байдлыг нууцаар дүрс бичлэг хийж авч, уг бичлэгээ С.Ганбатын нэр хүндийг гутаах зорилгоор нийтэд тараана гэж заналхийлж 25.000.000 төгрөг буюу их хэмжээний эд хөрөнгө авахаар далайлган сүрдүүлсэн гэмт хэргийг бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.     

Иймд шүүгдэгч Д.Мэндбаярт Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.2 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Ганбатад 20.000.000 төгрөгийн хохирол учирсан, шүүгдэгч нь Д.Мэндбаярыг баривчлах үед түүнээс хурааж авсан 5.000.000 төгрөгийг С.Ганбат түүнд өгсөн нь тогтоогдсон тул уг мөнгийг хохирогчид буцаан олгосон байна. /хэргийн 1 дүгээр хавтас 8, 10 дугаар хуудас/

Мөн С.Ганбатын эхнэр Ё.Болормаагаас шүүгдэгч Д.Мэндбаярын Төрийн банкин дах 106900403917 дугаарын дансанд шилжүүлсэн 15.000.000 төгрөгнөөс үлдэгдэл 5.653.015 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож С.Ганбатад олгуулахаар зохих байгууллагад даалгах нь зүйтэй байна.

          Ингээд уг 15.000.000 төгрөгөөс төлөгдөөгүй үлдсэн 9.346.985 төгрөгийг шүүгдэгч Д.Мэндбаяраас гаргуулж хохирогч С.Ганбатад олгохоор шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар “Сони маркийн гар утас” хураан авсан байх бөгөөд /хэргийн 1 дүгээр хавтас 8 дугаар хуудас/ уг гар утсаар С.Ганбат, Б.Батбаяр нарын хурьцал үйлдэж байгаа дүрс бичлэгийг хийсэн гэж мэдүүлсэн тул уг гар утсыг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хэрэгсэл гэж үзэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар устгах нь зүйтэй гэж үзэв.

 

 Эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн бусад зүйлс болох хар өнгийн тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг , компакт диск 2 ширхэг зэргийг хэрэгт хавсаргаж,  хар өнгийн хавтас 1 ширхэг, улаан өнгийн мобикомын дугаарын үүр 1 ширхэг, юнителийн сим карт 1 ширхэг, төрийн банкны карт 1 ширхэгийг Д.Мэндбаярт, нэг ширхэг  флаш дискийг хохирогч С.Ганбатад буцаан олгохоор тус тус шийдвэрлэв.

 

Харин хохирогч С.Ганбат нь өмгөөллийн хөлсөнд төлсөн нийт 3.000.000  төгрөгийг нэхэмжилжээ. /хэргийн 2 дугаар хавтас 89 дүгээр хуудас/

Энэ төлбөр нь хохирогч С.Ганбатын хууль зүйн туслалцаа авахаар өөрсдийн сонгож авсан өмгөөлөгчтэй харилцан тохиролцож төлсөн өмгөөллийн хөлс тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлд заасан төр хариуцан гаргах “Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зардал”-д  хамаарахгүй тул хэрэгсэхгүй болгов.

 

Мөн түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хөлсийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү гэж хүсэлт гаргаж байгаа боловч тэрээр иргэний нэхэмжлэгчийн эрх, үүргийг эдлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

 

  Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Бэрс овогт Дашийн Мэндбаярыг  бусдын нэр хүндийг гутаасан мэдээ баримт тараахаар заналхийлж их хэмжээний эд хөрөнгө авахаар далайлган сүрдүүлэх гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.2 дах хэсэгт зааснаар Д.Мэндбаярыг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар Д.Мэндбаярт оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Д.Мэндбаярын цагдан хоригдсон 60 /жар/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Төрийн банкин дах Д.Мэндбаярын эзэмшлийн 106900403917 дугаарын дансны үлдэгдэл мөнгө болох 5.653.015 төгрөгийг гэмт хэргийн улмаас С.Ганбатад учирсан хохиролд төлүүлэхээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

6. Шүүгдэгч Д.Мэндбаяраас 9.346.985 төгрөгийг гаргуулж хохирогч С.Ганбатад олгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.1 дэх хэсэгт зааснаар хохирогч С.Ганбатын өмгөөллийн хөлсөнд төлсөн нийт 3.000.000  төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дах хэсэгт зааснаар  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сони маркийн мэдрэгчтэй хар өнгийн гар утас 1 /нэг/ ширхэгийг устгаж, хар өнгийн тэмдэглэлийн дэвтэр 1 /нэг/ ширхэг, компакт диск 2 /хоёр/ ширхэг зэргийг хэрэгт хавсаргаж,  хар өнгийн хавтас  1 /нэг/ ширхэг, улаан өнгийн мобикомын дугаарын үүр 1 /нэг/ ширхэг, юнителийн сим карт 1 ширхэг, төрийн банкны карт 1 /нэг/ ширхэг зэргийг Д.Мэндбаярт, 1 /нэг/ ширхэг флаш дискийг хохирогч С.Ганбатад тус тус буцаан олгосугай.

9.  Д.Мэндбаярыг Монгол Улсын хилээр зорчих эрхийг хязгаарласан 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 2/796 дугаартай албан бичгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хүчингүй болгосугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар Д.Мэндбаярт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж,  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дах хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Мэндбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.АЛТАНХУЯГ