Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 00162

 

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 153/ШШ2020/00162

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Чандмань сум, Урд гол баг, ...-... тоотод оршин суух, ... дугаарын регистртэй, Б овогт Б-ийн С-ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр  иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Б.С нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Базархуягийн С 1965 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Ховд аймгийн Чандмань сумын Хөх толгой гэдэг газарт Базархуягийн 9 дэх охин болон төрсөн. 1974 оны намар Ховд аймгийн Чандмань сумын 8 жилийн сургуульд элсэн орж 1982 онд 8 дугаар ангиа төгсөөд Ховд аймгийн 10 жилийн 1 дүгээр сургуулийг 1984 оны хавар төгссөн. Сургуулиа төгсөөд ямар нэгэн сургууль соёлд явж чадаагүй гэртээ байж байгаад 1985 оны 5 сарын 15-нд Ховд аймгийн Чандмань сумын сургуулийн дотуур байрны үйлчлэгчээр ажилд орж одоог болтол ажилласан. Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр дээр бичилт хийсэн 1985 оны тушаал архиваас гарч ирэхгүй байгаа тул ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болоод байна. Иймд шүүхэд өгсөн баримтуудыг үндэслэн 1985 оны 5 сарын 15-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Чандмань сумын сургуульд гал тогооны үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Б.Сийн 1985 оны 5 сарын 15-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Чандмань сумын сургуульд гал тогооны үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Б.Сийн 1985 оны 5 сарын 15-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Чандмань сумын сургуульд гал тогооны үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 643 дугаартай албан бичиг,

Хүсэлт гаргагчийн 1985 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нээлгэсэн 161465 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 0000512553 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Иргэн Б.Баясгалангийн ...Миний бие Б.Стэй хамт 1985 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс Ховд аймгийн Чандмань сумын Ерөнхий боловсролын сургуульд өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байгаа нь үнэн... гэх тодорхойлолт

Гэрч Ж.Оюуны ... Миний бие Б.Стэй хамт 1985 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс Ховд аймгийн Чандмань сумын Ерөнхий боловсролын сургуульд өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байгаа нь үнэн. Бид хоёр тус сургуульд гал тогооны үйлчлэгчээр ажиллаж байсан... гэх тодорхойлолт зэрэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б.Сийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Баавар овогт Базархуягийн Сийг 1985 оны 5 сарын 15-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Чандмань сумын сургуульд гал тогооны үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ц.ОЮУН-ЭРДЭНЭ