| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 105/2023/0988/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/9997 |
| Огноо | 2023-07-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Очбадрах |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 2023/ШЦТ/9997
2023 07 18 2023/ШЦТ/997
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтанцэцэг,
Улсын яллагч: М.Очбадрах /томилолтоор/,
Шүүгдэгч: Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж ирүүлсэн Боржигон овогт Ц.Эт холбогдох эрүүгийн ************ дугаартай 1 хавтаст хэргийг 2023 оны 06 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2002 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Нийслэлийн ***************** оршин суудаг. Урьд ял шийтгэл эдэлж байгаагүй. Боржигон овогт Ц.Э /РД:*************/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ц.Э нь 2023 оны 06 дугаар сарын 04-ний 02 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Американо” баарны тамхины өрөөнд хохирогч А.Атэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохих зэргээр хүч хэрэглэн халдсаны улмаас биед нь дээд үүдэн 1-р шүдний хугарал, дээд уруулын дотор салстад шарх гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн, нэмж хэлэх тайлбар байхгүй ...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ц.Э нь 2023 оны 06 дугаар сарын 04-ний 02 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Американо” баарны тамхины өрөөнд хохирогч А.Атэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохих зэргээр хүч хэрэглэн халдсаны улмаас биед нь дээд үүдэн 1-р шүдний хугарал, дээд уруулын дотор салстад шарх гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч А.Аийн “...2023 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 02 цагийн орчимд Американо гэх бааранд ганцаараа орсон ба тэндээ суугаад байж байсан чинь нэг хүн тэр бааранд байсан шон дээр эргэчихээр нь адилхан болчих юм шиг санагдаад эргэчхээд буцаад суусан. Тэгсэн чинь удалгүй над дээр танихгүй цэнхэр жийнсэн яак өмссөн залуу хүрч ирснээ түрүүн чи намайг цохичихлоо шүү дээ гэхээр нь өө санаандгүй цохичихсон байна гэсэн чинь нөгөө залуу нь яваад бүжиглэж байгаад буцаж над дээр ирээд чи маргааш ирээд надтай уулзаарай гэж хэлсэн. Тэгсэн чинь хажуугаас нь нэг залуу наадах чинь яг яагаад байгаа юм хөөе гээд байсан ба цэнхэр өнгийн яактай залуу нь миний цээж хэсэгт хэд хэдэн удаа цохихоор нь би мөр лүү нь баруун гараараа түлхсэн чинь цаашаа явчихаар нь за гайгүй болчихлоо доо гэж бодоод ариун цэврийн өрөө орчхоод буцаад гараад ирсэн чинь нөгөө залуутай цуг явж байсан хар өнгийн малгайтай цамцтай залуу нь хөгшөөн гурвуулаа тамхины өрөөнд орж тамхи татъя гэхээр нь тамхины өрөө рүү дагаад ортол хар малгайтай цамцтай залуу нь миний зүүн шанаа хэсэгт баруун гараараа нэг алгадсан. Дараа нь цэнхэр өнгийн яактай залуу нь баруун гараараа нэг удаа цохитол миний хамраас цус гоожоод үүдэн шүдний тал нь хугарчихсан. Тэгэхээр нь би ах Ариунбаярыгаа дуудаад Ариунбаяр ах маань цагдаад дуудлага өгсөн. Цэнхэр өнгийн жийнсэн яак өмсөн залуу намайг цохисны улмаас миний шүд хугарсан, хамар чих хоёр хөндүүртэй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7/-р тал
Хохирогч А.Аийн дахин өгсөн “тамхины өрөөнд миний зүүн шанаа руу нэг удаа алгадсан, дараа нь цэнхэр жийнсэн яактай залуу гараа зангидаж байгаад зүүн шанаа хэсэг рүү нэг удаа бас ам уруул хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгэхэд л миний шүд хугарсан, уруулнаас цус гарсан, дотор талдаа шарх үүссэн байсан. Хар малгайтай цамцтай залуу бол намайг алгадсан. Гэхдээ тэр үед нь хацар хорсоод л өнгөрсөн. Яг гэмтэл бол учруулаагүй ээ, харин шүд хугалж язалсан залуу бол цэнхэр жийнсэн яактай залуу нь байсан. Цэнхэр жийнсэн яактай залуу нь гэнэт над дээр ирснээ чи намайг цохичихлоо гэж ирсэн, би огт хүний биед гэмтэл учруулаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8/-р тал
Гэрч Н.Пын “... Э нэг удаа баруун гараараа зүүн хацар луу нь нэг удаа алгадсан. Тэгээд хамгаалагч нар нь бид хэдийг баарнаас гаргаад би тэр залуутай баарны гадна ярилцаж байгаад чи үнэхээр уурлаад байвал 2 удаа цохичих гэсэн чинь тэр залуу зүүн талын хацар луу 2 удаа баруун гараараа цохичхоод за болчихлоо шүү хөгшөөн одоо болно биз дээ гээд баар луу ороод найз охиноо аваад машинд суулгаж байсан чинь намайг нэг хүн хувцаснаас татахаар нь яах гээд байгаа юм бэ гэсэн чинь чи буугаад ир цагдаа ирчихлээ гэхээр нь цагдаад очсон.” Гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10/-р тал
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 7295 дугаартай “...А.Аийн биед дээд үүдэн 1-р шүдний хугарал, дээд уруулын дотор салстад шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 24 цагийн дотор үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 19-20/-р тал
Яллагдагч Ц.Эийн “...хэрүүл хийгээд хэл амаар доромжлоод байхаар нь би нүүрэн дундуур нь нэг удаа гараараа цохисон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30/-р тал зэрэг болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Хэргийн үйл баримтаас үзвэл хэрэг болсон гэх өдөр шүүгдэгч Ц.Э нь А.Аийг зодож эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэх үйл баримтууд тогтоогдож байна.
Бусдыг үл хүндэтгэх, нэр хүнд, эрх чөлөө, нийгмийн болон хувийн өмчийн эрхэнд нь зөвшөөрөлгүйгээр халдах, бусдын болон нийгмийн амгалан тайван байдлыг алдагдуулах, байгууллагын болон хувь хүний эрх чөлөөнд халдах зэрэг нь танхайрах зөрчлийн шинжийг илэрхийлэхийн зэрэгцээ бусдыг үл хүндэтгэсэн аливаа доромж үг хэллэг хэрэглэхгүй байх нь ёс суртахууны болон зан заншлын хэмжигдэхүүнийг тогтоох учиртай.
Шүүгдэгч Ц.Эийн тухайд огт танихгүй, ямар нэгэн харилцаа хамааралгүй бусдыг хэл амаар доромжилж, биед нь халдаж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтас хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бүхий л нотлох баримтуудаа хангалттай нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ц.Эийн хууль бус шууд чиглэсэн санаатай үйлдлийн улмаас хохирогч А.Аийн эрүүл мэндэд хохирол учирсан нь шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Ц.Эийн хохирогчийг хэл амаар доромжилж, биед нь халдаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон байна.
Хэдий хэрүүл маргаан нэгэнт үүссэн ч бусдын бие махбодид халдаж зодохгүйгээр асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой байхад маргаан үүсгэж, улмаар А.Аийн биед халдаж зодсон үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
“...Зодох гэдэг нь хүний бие махбодид халдсан байхыг ойлгох ба хүний бие махбодид халдах үйлдэл нь алгадах, цохих, түлхэх, өшиглөх...” зэрэг хэлбэртэй байж болох бөгөөд шүүгдэгч Ц.Э нь хохирогч А.Аийн эрүүл мэндэд халдсан үйлдэл гаргасан болох нь хангалттай нотлогдон тогтоогджээ.
Иймд шүүгдэгч Ц.Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч Ц.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх...” саналыг гаргасан бол шүүгдэгчид болон хохирогчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж тус тус заажээ.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болдог.
Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгчийн тайлбар зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эт 500.000 төгрөгийн торгуулийн ял шийтгэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эт оногдуулсан 500.000 төгрөгийн торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эт шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч А.А нь цаашид өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Ц.Эээс иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.Э нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1 Шүүгдэгч Боржигон ургийн овогт Ц.Эийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эт шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 05 /тав/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э нь шүүхийн оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Шүүгдэгч Ц.Э нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч А.А нь цаашид өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Ц.Эээс иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН