Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 00169

 

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 153/ШШ2020/00169

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Эрдэнэбүрэн сум, Шураг багт оршин суух, дугаарын регистртэй, Х овогт Б-ын П-ын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр  иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.П

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Б.П нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бадамын П миний бие 1968 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багт Бадамын 9 дахь охин болж төрсөн.Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн дунд сургуульд 1977 онд 1 дүгээр ангид орж 1985 онд төгсөөд Эрдэнэбүрэн сумын нэгдлийн Шураг багийн бригадад эцэг эхийн хамт мал маллаж байгаад 1993 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар овогтой Цэнд-Аюуштай гэр бүл болж одоог хүртэл тус суманд мал маллаж амьдардаг. Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр алга болсон учраас ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Ийм учраас Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгаас 70 дугаар дансны лавлагаа авч хэрэгт хавсаргасан. Иймд Б.П намайг 1985 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оныг хүртэл, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Б.Пын 1985 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оныг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Б.П нь 1985 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оныг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг бригадад малчнаар ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 647 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Эрдэнэбүрэнсумын 3 дугаар бригадын 1985 оноос 1989 оны 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс

Хүсэлт гаргагчийн 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 0778766 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 844900648 дугаартай малчин мэргэжлийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлстийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 126/001973 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлстийн 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 126/001231 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Иргэдэд үйлчлэх автомат машины лавлагаа тодорхойлолт өгөх нэгдсэн маягт 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн иргэний үнэмлэхийн лавлагаа,

Иргэн Ж.Даваасүрэнгийн ...Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багийн иргэн Б.П нь 1985 онд 8 дугаар ангиа төгсөөд эцэг эхийн хамт 1990 оныг хүртэл малчнаар ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт

Иргэн Т.Доржнамжилийн ...Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багийн иргэн Б.П нь 1985 онд 8 дугаар ангиа төгсөөд эцэг эхийн хамт 1990 оныг хүртэл малчнаар ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт зэрэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б.Пын ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Хар бургууд овогт Бадамын Пыг 1985 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оныг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ц.ОЮУН-ЭРДЭНЭ